Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01429

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01429

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01776 дугаар шийдвэртэй, Б.Т-ын нэхэмжлэлтэй П ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг, торгууль 4,235,000 төгрөг, тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 29,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн эзэмшлийн 2*-7*1У* улсын дугаартай Д /Doosan 3000/ маркийн экскаваторыг, операторын хамт 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл 1 сарын 16,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр П ХХК-тай 2021 оны 07 сарын 05-ны өдөр хүнд машин механизм түрээслэх гэрээг байгуулан, Орхон аймаг Эрдэнэт хотод Эко-400 хотхоны гадна дулааны шугам сүлжээ бохир усны трасс ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож ажлыг гүйцэтгэсэн. Гэрээ хэрэгжих явцад гэрээний хугацааг 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс 1 сараар сунгасан бөгөөд энэ тухай талууд амаар тохиролцсон юм. Миний зүгээс гэрээнд заасан ажлыг 2021 оны 11 сарын 05-ны өдөр хугацаандаа хийж дуусгавар болгосон. Гэрээ хэрэгжих явцад төлбөрийг хэсэгчлэн авсан бөгөөд гэрээ дуусгавар болох үед 22,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан. Мөн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл экскаваторыг тээвэрлэх зардлыг 2 тал 50 хувиар төлөхөөр амаар тохирсон бөгөөд Улаанбаатараас, Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар хүртэл 2 талын зардлыг би төлсөн. Тээврийн нэг талын хөлс 3,000,000 төгрөгийг нэмж гаргуулна. Түүнчлэн гэрээний 3.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүрэгт 22,000,000 төгрөгийн 1 өдрийн торгууль 11,000 төгрөг бөгөөд 2021 оны 11 сарын 05-ны өдрөөс хойш 385 хоногоор тооцоход 4,235,000 төгрөгийн торгууль болж байна. Хариуцагч талаас 42,000,000 төгрөгийг авсан бөгөөд 2021 оны 07 сарын 15-ны өдрийн 21/01 тоот Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ-г тухайн үедээ бичгээр хийгээгүй, мөнгөө өгөхгүй болохоор дараа нь нөхөж хийсэн.

Иймд гэрээний үүрэгт 22,000,000 төгрөр, торгууль 4,235,000 төгрөг, тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 29,235,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Анх машин механизм түрээслэхдээ Г.О гэдэг хүнийг таньдаг байсан. Бид хоорондоо амаар тохиролцоод тухайн техникийг түрээслэн ажиллуулсан. Төлбөрийг 16,500,000 төгрөгөөр тохирсон, 4 сар ажилласан. Түрээсийн гэрээ 3 сараар хийгдсэн боловч цааш сунгагдсан. Улаанбаатараас ирэх, зардалд 2,000,000 төгрөгийг манайх төлсөн. Техникийг ажиллуулах хугацаанд 40,000,000 төгрөгийг Г.О болон Б.Т нарын дансаар төлсөн ба баримтыг хэрэгт өгсөн. Тухайн үедээ тооцоо нийлээгүй, мөнгөө өгөхгүй удаалаа гээд 2022 оны 06 сарын дундуур 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Хүнд машин механизм түрээслэх гэрээ-г нөхөж хийсэн. Уг техникийг 2021 оны 07 сарын 05-ны өдөр ачиж авчираад наадмын амралт таарсан. Энэ хугацаанд хуанлийн 123 хоног ажиллахаас 81 хоног ажилласан, 42 хоногт цаг агаарын байдал болон бусад нөхцөлөөс ажиллаагүй нь баримтаар тогтоогдож байгаа. Гэрээний 3.3-т талууд харилцан тохиролцож түрээсийн 1 сарын хугацаанд засвар үйлчилгээнд 2 хоног, сул зогсолт 3 хоног байхаар тохирсон бөгөөд бид энэ хоногийг хасаж тооцохоор 34 хоног бусад шалтгааны улмаас сул зогссон. Үүнийг 1 сарын төлбөрт тооцож, 3 сар ажилласан гэж үзсэн. Иймд 3 сарын түрээсийн төлбөрт 49,500,000 төгрөг төлөхөөс 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 9,500,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 9,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, илүү нэхэмжилсэн 19,735,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,125 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын дунд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талууд 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 4 сарын хугацаанд гэрээний үүргийг хэрэгжүүлсэн, гэрээ хэрэгжсэн хугацааны тооцоо нийлээгүй, баримтгүй, хариуцагч гэрээний сул зогсолтыг тооцон 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж давж заалдах гомдол гаргасан.

4.1. Шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагад хууль зүйн дүгнэлт өгч, үндэслэлийг ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж, хууль хэрэглэх ёстой атал нэхэмжлэлийн зарим шаардлагад огт дүгнэлт өгөөгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний 3.1-т заасан төлбөрийн үүргээ хэтрүүлсний хоног тутмын торгууль 4,235,000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хуулийн 19 дүгээр бүлэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудыг тодорхойлж, хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.5, 232.3 дахь хэсэгт тусгасан байна. Түүнчлэн Иргэний хуулийн агуулга зарчимд гэрээ, хэлцлийг нөхөн байгуулж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд зарим төрлийн гэрээний хэлбэрийг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт гэрээ, хэлцэл байгуулах хэлбэр, хүчин төгөлдөр байх шалгуур зэргийг ойлгомжтой тодорхой тайлбарласан. Гэтэл зөвхөн дээрх үндэслэлээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхэд хүрч байна.

4.2. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа зохигч 4 сар биш 3 сар ажилласан, үлдсэн хоногт нэхэмжпэгч тал сул зогсолт хийсэн гэж дүгнэж, энэ байдлаа нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй тайлбарлах ёстой. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэйг тусгасан байхад хариуцагч талаас түрээслүүлэгчийг 34 хоног ажил хийгээгүй, сул зогсолт хийсэн мэт тайлбарлаж, энэ байдлаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байхад шүүхээс хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй байна.

4.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг шаардлагадаа түрээсийн зүйл болох техник хэрэгслийг Улаанбаатараас Орхон аймагт хүргэх, буцаан ирүүлэх тээврийн зардлын нэг талыг хариуцагч тал хариуцах ёстой гэх үндэслэлээр 3,000,000 төгрөг шаардаж, энэ тухай баримтыг гаргаж өгсөн ч шүүхээс тээврийн зардалтай холбоотой хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй болно.

4.4.Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүгч нь шүүх хуралдаан хийсэн, эсвэл шүүхийн өмнөх шатанд шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй, тодорхойлох хэсгийг 2 өөр байдлаар бичсэн, тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримталсан зэрэг хууль хэсэглээний алдаа гаргасныг дурдав.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад нэг бүрчлэн үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтуудыг тал бүрээсээ нь бодитойгоор шинжлэн судлах, үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг, торгууль 4,235,000 төгрөг, тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 29,235,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 9,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 3. Талуудын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулагдсан хүнд машин механизм түрээслэх гэрээгээр 2*-7* У** улсын дугаартай D 3000 маркийн гинжит экскаваторыг операторын хамт Орхон аймаг, Эрдэнэт хотод Эко-400 хотхоны гадна дулааны шугам сүлжээ, бохир усны трасс ухах булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр, сарын түрээсийн төлбөрийг 16,500,000 төгрөгөөр 3 сар түрээслэхээр тохиролцсон, гэрээний хугацааг талууд тохиролцон нэг сараар сунгасан, хариуцагч 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд экскаваторыг түрээсэлсэн, хариуцагч тал түрээсийн төлбөрт 40,000,000 төгрөг, тээврийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж буруу тодорхойлжээ.

 Гэрээгээр нэхэмжлэгч нь Орхон аймаг, Эрдэнэт хотод Эко-400 хотхоны гадна дулааны шугам сүлжээ, бохир усны трасс ухах булах зэрэг ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, тодорхой ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 5. Гэрээний 3.3-т түрээсийн нэг сарын хугацаанд техник ашиглалт, засвар үйлчилгээнд 2 хоног, сул зогсолтыг 3 хоног байхаар тооцож, сул зогсолтын хоногийг дараа сарын өдөрт шилжүүлэн тооцохоор заажээ. Өөрөөр хэлбэл, талууд нэг сард сул зогсолтыг 3 хоног байхаар тохирсон тул 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан 4 сарын хугацаанд нийт 12 хоног сул зогссон гэж үзэх тул 34 хоногийг сул зогсож өнгөрөөсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд гэрээний хугацаа 4 сараас сул зогссон 12 хоногийг хасахад 3 сар 19 хоног ажилласан байна. Гэрээний 2.1-д заасан нэг сарын хөлс 16,500,000 төгрөгийг ажилласан 3 сар 19 хоногоор тооцоход нийт ажлын хөлс 59,612,904 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 40,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 19,612,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ., 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 3.1-д түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.05 хувийн хэмжээтэй торгууль төлөхөөр заасан байна. Хэдийгээр гэрээнд торгууль гэж заасан хэдий ч энэ нь алдангийн талаарх тохиролцоо байх тул талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

 6.1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг заасан байна.

Ажлын хөлс төлөх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний 2.2-т түрээслэгч түрээсийн төлбөрт сарын эхэн болон сүүлд түрээсийн төлбөрийг хуваан олгоно гэж заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болно.

Гэрээний 2.3-т түрээсийн гэрээний хугацааг 3 сар байхаар заасан, талууд харилцан тохиролцож хугацааг 1 сараар сунгаж, гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 4 сарын туршид үргэлжилсэн байна.

Иймд хариуцагчийн төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 19,612,904 төгрөгөөс гэрээний хугацаа дууссан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 385 хоногоор алдангийг тооцоход 3,775,695 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Алданги гаргуулах шаардлагыг хангахгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас ажлын хөлс 19,612,904 төгрөг, алданги 3,775,695 төгрөг, нийт 23,388,599 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 8. Нэхэмжлэгч нь тээврийн зардалд төлсөн 6,000,000 төгрөгийн 50 хувийг хариуцагч төлөхөөр талууд тохиролцсон гэх үндэслэлээр тээврийн зардал 3,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тээврийн зардлыг хэрхэн төлөх талаар тусгаагүй, нэхэмжлэгч нь тээврийн зардалд 6,000,000 төгрөг зарцуулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь тээврийн зардалд нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг төлсөн байна. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шүүхээс тээврийн зардалтай холбоотой хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас 23,388,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,846,401 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...166,950... гэснийг 274,893 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,625 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН