Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/01635

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/01635

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... байрлах ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух Н.У

Хариуцагч: ... оршин суух, Н.Ө нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэт 4 388 183 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С

хариуцагч Н.Ө,

гэрч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК хариуцагч Н.Уд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 5 540 590 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Өыг оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Уд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.Өаас зээлийн үндсэн үүрэгт 4 388 183 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай байгууллага Н.Утай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авто машиныг барьцаалан зээл гэрээг байгуулж, 11 900 000 төгрөгийн зээл олгосон. Тухайн зээл авсан даруйдаа худалдан авсан Хьюндай старикс маркийн ..-.. УБӨ улсын дугаартай автомашиныг Н.Өт худалдаж, улмаар зээлийг хариуцагч Н.Ө төлөхөөр хүлээн зөвшөөрч, манай байгууллага мөн хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед зээлийн төлбөрийг хааж байж өөр этгээдэд шилжүүлэх боломжтой байсан хэдий ч Н.Ө нь уг зээлийн төлбөрөөс 2020 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар 6 656 630 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд төлбөрөө төлөхгүй байснаас Н.Өтай холбогдож зээлийн төлөлтийн талаар ярилцаж, машиныг өр төлбөрт авсан. Тухайн үед машиныг авч засаж, янзалж зарсан бөгөөд бид гарсан зардал зэргийг нэхэмжлэхээс татгалзаад одоо зээлийн үлдэгдэл төлбөр 4 388 183 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Тухайн авто машиныг 10 000 000 орчим төгрөгөөр зарсан бөгөөд уг мөнгийг нийт төлөх ёстой төлбөрөөс хасаж тооцоод, зээлийн үлдэгдлийг гаргуулахаар шаардаж байна. Харин хариуцагч Н.Угаас татгалзаж байна гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ө миний бие 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс Хьюндай старикс маркийн .... УБӨ улсын дугаартай машиныг Н/У-ийн аав/ гэх хүнээс ... ББСБ-д 11 900 000 төгрөгийг зээлийг үндэслэн урьдчилан 4 900 000 төгрөгийг өгч зээлийг цаашид төлөхөөр тохиролцож худалдан авсан. Тухайн өдрөөс буюу 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 6 656 630 төгрөгийг төлсөн. Корона вирусын улмаас ажилгүй болж зээлийг төлөх боломжгүй болсон тул зээлийг хойшлуулах болон санхүүгийн байдал тогтворгүй байсан тул 2021 оны 02 дугаар сард байх ... ББСБ-д машиныг хурааж аваад явсан бөгөөд үүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Тухайн үед машинаа өгөөд зээл бүрэн хаагдсан гэж ойлгосон тул зөвшөөрөхгүй. Мөн хуульд зааснаар барьцаа хөрөнгөө өгсөн бол үүрэг бүрэн хангагдана гэсэн заалт байдаг гэж би сонссон. 2021 оны 7 дугаар сард 10 000 000 төгрөгөөр зарж борлуулсан. Зарж борлуулсан болон үнэлгээ хийлгэхдээ мэдэгдээгүй. Тухайн үеийн зах зээлийн ханш нь 15-16 сая төгрөг байсан. Хэрвээ мэдэгдээд 10 000 000 төгрөгөөр зарж борлуулсан гэж байсан бол би өөрөө ч авах байсан. Мөн нэхэмжлэгч талыг 10 000 000 төгрөгөөр зарсан гэхэд итгэлтэй бус байна. Миний хувьд 4 000 000 төгрөг урьдчилгаанд төлсөн, 6 656 630 төгрөгийн зээлийг төлөөд, дээр нь 15 000 000 төгрөгийн үнэтэй машинаа өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2019.04.02-ны өдрийн ЗГ... дугаар зээлийн гэрээ, 2019.04.02-ны өдрийн ФД... дугаар фидуцийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.30-ны өдрийн 101/ШЗ2020/... дугаар захирамж, шилжин ирсэн тухай тодорхойлолт, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, Хас үнэлгээ ХХК-ийн 2021.03.16-ны өдрийн үнэлгээний тайлан, зээлийн төлбөрийн баримт, хариуцагч нарын гараар бичсэн өргөдөл, зарлагын баримтууд, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх.6-26, 65-67,/

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр И.Н, Б.Б нарыг асууж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК хариуцагч Н.Уд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ББСБ ХХК нь Н.Утай 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ.... тоот зээлийн, ФД... тоот фидуцийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 11 900 000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар Hyandai starex маркийн микро бус .... УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл олгосон. Тухайн зээл авсан даруйдаа худалдан авсан Хьюндай старикс маркийн ..-..УБӨ улсын дугаартай автомашиныг Н.Өт худалдаж, улмаар зээлийг хариуцагч Н.Ө төлөхөөр хүлээн зөвшөөрч, манай байгууллага мөн хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед зээлийн төлбөрийг хааж байж өөр этгээдэд шилжүүлэх боломжтой байсан хэдий ч Н.Ө нь уг зээлийн төлбөрөөс 2020 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар 6 656 630 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрт 4 388 183 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. шаардсан.

 

4. Хариуцагч ...Миний хувьд 4 000 000 төгрөг урьдчилгаанд төлсөн, 6 656 630 төгрөгийн зээлийг төлөөд, дээр нь 15 000 000 төгрөгийн машинаа өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК хариуцагч Н.У нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ.... дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 11 900 000 төгрөгийг автомашин авах зориулалтаар, 24 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, дээрх гэрээний баталгаа болгож 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, Н.Угийн өмчлөлийн хар өнгийн ...... арлын дугаартай, ..-.. УБӨ улсын дугаартай, худалдан авсан Хьюндай старикс маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх-ийн 6-9/

б. Дээрх гэрээг байгуулсан дараа буюу 2019 оны 05 сарын 05-ны өдөр зээлдэгч Н.У нь зээлээр худалдан авсан ..-.. УБӨ улсын дугаартай, Хьюндай старикс маркийн авто машиныг Н.Өт худалдсан байх ба Н.Ө нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу 2019 оны 5 сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3 217 970.23 төгрөг, хүүд 3 430 250.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 409.74 төгрөг, нийт 6 656 630 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 104-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

6. Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч ... ББСБ ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фидуцийн гэрээ зүйл болсон автомашиныг хураан авч, улмаар .... ХХК-иар ..-.. УБӨ улсын дугаартай, Хьюндай старикс маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 8 500 000 төгрөгөөр тогтоолгож, уг машиныг 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан байна.

7. Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.

8. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж зааснаар дээрх зээлийн төлбөр төлөх үүргийг хариуцагч Н.Ө шилжүүлэн авсан асуудлаар маргаагүй хэдий ч дээрх зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж маргасан.

9. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

а. Учир нь нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н.Угийн өмчлөлийн Хьюндай старикс маркийн ..-.. УНӨ улсын дугаартай, ....... тоот арлын дугаартай, хар өнгөтэй автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол тухайн хөрөнгийг захиран зарцуулах замаар шаардлагыг хангахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

б. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон өөрийн өмчлөлийн Хьюндай старикс маркийн ..-.. УНӨ улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.Өаас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хураан авч бодитойгоор гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

10. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн 2021 оны 02 сарын 06-ны өдөр машиныг хураан авахдаа хариуцагч Н.Өаас уг авто машиныг хэдэн төгрөгийн төлбөрт тооцож авч байгаа талаараа болон дээрх зээлийн гэрээний төлбөр тооцоог хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн хариуцагч Н.Өаас зээлийн гэрээний үүрэгт 4 388 183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Н.Уд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ