Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00480

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02982 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хариуцагч Н.У-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 5,540,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 5,540,590 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Н-” ХХК нь Н.У-тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулан, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 11,900,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар “хьюндай старекс” маркийн 27-20 УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалан олгосон. Зээлдэгч Н.У- нь үндсэн зээл хүүг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөх график гаргасан ч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ковидын нөхцөл байдлаас болоод орлого нь зогссон тул зээл төлөлтийг 6 сараар хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг ББСБ хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс төлж эхлэх график гаргаж баталгаажуулсан. Зээлдэгч гэрээний 3.2.2-т заасныг зөрчсөн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Ө-аас барьцааны хөрөнгийг хураан авч, “Хас үнэлгээ” ХХК-аар тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд 8,500,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны хөрөнгө болох автомашиныг Доктор авто засвараар оношлуулахад зүүн хойд хаалга гажих онгойхгүй болсон, 4 дугуй элэгдэж солих шаардлагатай болсон, рулийн аппарат эвдрэлтэй, 4 дугуйны амаротизатор муудаж солих шаардлагатай, доод өндгөн тулгуур солих шаардлагатай, урд хойд тэнцүүлэгчийн дарагч резин солих, хөндлөн татуурга солих зэрэг эд ангиуд эвдрэлтэй байсан, мөн шинээр аккумлятор авч тавьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард дээрх автомашиныг 10,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Худалдан борлуулахтай холбоотой дуудлагын машин асаалтын төлбөр 60,000 төгрөг, автомашины түлш 40,000 төгрөг, аккумляторын үнэ 245,000 төгрөг, оношилгоо 25,000 төгрөг, үнэлгээ 60,000 төгрөг, татвар, торгууль, оношилгоо 404,000 төгрөг, засвар 186,000 төгрөг нотариат 9,000 төгрөг, нийт 1,029,000 төгрөгийн зардлууд гарсан. Худалдан борлуулсан орлогоос зээл хүүний тооцооноос 9,689,700 төгрөгийн төлбөрийг төлүүлж, үлдэгдэл зээлийн тооцоог 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар харуулвал үндсэн зээлээс 7,511,817 төгрөг, хүү 8,515,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,210 төгрөг, нийт 16,346,327 төгрөг төлөгдөж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,388,183 төгрөг, хүүгийн үлдэгдэл 358,507 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71,700 төгрөг, худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718,700 төгрөг, нийт 5,537,090 төгрөгийн төлбөртэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиуд элэгдэж муудсан ч уг автомашиныг аль болох боломжийн үнээр буюу 10,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Иймд зээлдэгч Н.У-гаас үндсэн зээл 4,388,183 төгрөг, зээлийн хүү 358,507 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,700 төгрөг, худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718,700 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 5,540,590 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие аав И.Нямдоржтойгоо хамтраад “хьюндай старекс” маркийн автомашиныг нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн зээлээр худалдан авсан нь үнэн. Удалгүй нэхэмжлэлд дурдсан автомашиныг Н.Ө-т шилжүүлсэн. Шилжүүлэхдээ миний аав И.Нямдорж, машин шилжүүлж авсан Н.Ө- нар “Н-” ХХК дээр хамт очиж машинаа Н.Ө-т шилжүүлэх гэж байна, болох уу гэхэд болно гээд аль алиных нь иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад үлдсэн. “Н-” ХХК нь өөрсдөө бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн, нөгөө талаар автомашиныг 2021 оны 02 дугаар сарын эхээр өөрсдөө ирж авч явж, 10,500,000 төгрөгөөр худалдан борлуулснаар нэхэмжлэлд дурдсан бидний төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 4,818,390 төгрөг, худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718,700 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 5,540,590 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 282.1 дүгээр зүйл гэж дурдсан нь утга найруулгын хувьд алдаатай, хуулийн 2 өөр зохицуулалтыг хольж бичиж ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн манай байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.3, 282.1 дугаар  зүйлд заасан үндэслэл журмын дагуу хариуцагчид зээл олгосон нь хууль зөрчөөгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний тээврийн хэрэгслийг Н.Ө-т худалдаж ..., 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй тул “Н-” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр автомашиныг хураан авчээ гэж дүгнэсэн нь алдаатай байна. Учир нь зээлдэгч Н.У- зээлийн гэрээний 5.2-д “энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш зээлдэгч нь эдлэх эрх, хүлээсэн үүрэг, ББСБ-ын бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй” гэж заасныг зөрчин барьцааны хөрөнгө болох 27-20 УНӨ улсын дугаартай автомашиныг бусдад шилжүүлсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тухайн зээлийн төлбөр нэг ч удаа төлөгдөөгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Дээр дурдсан үндэслэлээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл мэтгэлцэх зарчмыг шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж, мөн хуулийн 107 дугаар зүйлд заасан эрхийг хангалгүй хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүх хуралдаан даргалагч “Н-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хууль зүйн дүгнэлт, тайлбар гаргах эрхийг хязгаарлан шүүх бүрэлдхүүн зөвлөлдөх тасалгаа руу орж, шийдвэрээ гаргасан нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хурлын аудио бичлэгээр тогтоогдоно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Н.У- нь Н.Ө-т автомашиныг шилжүүлсэн. Ингэхдээ хамтран зээлдэгч н.Нямдоржтой хамт очоод автомашинаа шилжүүлье гэхэд “Н-” ХХК-аас зөвшөөрсөн. Н.Ө-т автомашин байсан. Н.Ө-аас автомашиныг хураан авч “Н-” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасан нь зөв зүйтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч оролцсон бөгөөд өөрөө сайн хэргээ ойлгоогүй байх, шүүгчээс өмгөөлөгчид тайлбар байна уу гэхэд байхгүй гэж хариулснаар шүүх хуралдаан завсарласан. Тухайн үед өмгөөлөгч нь өөрөө өмгөөлөх тайлбарыг хэлэх ёстой байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Н.Ө- гэрчээр оролцсон. Автомашиныг Н.У-гаас хурааж аваагүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Н.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 5,540,590 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь 11,900,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Н.У- нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 27-20 УБӨ улсын дугаартай, “Хьюндай старекс” маркийн автомашиныг нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 6-9-р тал/

 

4.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Н.У-г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хураан авч, бусдад 10,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон автомашиныг засварлуулахад гарсан зардалд нийт 5,540,590 төгрөг шаардсан.

5.Хариуцагч татгалзалдаа “нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн зөвшөөрлөөр автомашиныг Н.Ө-т худалдаж, зээлийн үүрэг Н.Ө-т шилжсэн, нэхэмжлэгч нь автомашиныг Н.Ө-аас хураан авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэх агуулгатай тайлбар гаргасан байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н.Ө- нь “Н-” ХХК-ийн зөвшөөрлөөр Н.У-гаас автомашиныг худалдан авсан боловч нэхэмжлэгч нь автомашиныг хураан авсан, миний бие зээлд 5,000,000 гаруй төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн буюу зээлийн гэрээний үүрэг Н.Ө-т шилжсэн талаар хариуцагч болон гэрч нар тайлбарлажээ. /хх-ийн 71-р тал/.

 

7.Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг шилжсэн эсэхийг тодруулах нь зээлийн үлдэгдэл төлбөр шаардах үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой. Хэргийн 65 дугаар талд “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга” гэсэн баримт авагдсан бөгөөд тус баримтад зээлийн эргэн төлөлтөд нийт 16,346,330 төгрөг төлөгдсөн талаар заажээ. Хэрэв зээлийн үүрэг Н.Ө-т шилжсэн бол дээрх төлбөрөөс хэн нь хэдэн төгрөг төлснийг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

8.Түүнчлэн фидуцийн гэрээний зүйл болох 27-20 УБӨ улсын дугаартай, “Хьюндай старекс” маркийн автомашиныг талууд 17,000,000 төгрөгөөр үнэлж, харилцан гарын үсгээ зурсан байх боловч нэхэмжлэгч “Н-” ХХК нь тус автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан. /хх-ийн 9-р тал/

 

8а.Мөн хэргийн 20 дугаар талд авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн техникийн үнэлгээнд дээрх автомашиныг 8,500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Дээрх байдлаар талууд автомашины үнэлгээний талаар өөр байр суурийг илэрхийлсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг шууд үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. /хх-ийн 72-р тал/.

 

Фидуцийн гэрээний зүйл болох автомашины үнэлгээ болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр тодорхой бус буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

                                               

                                      ШҮҮГЧИД                             Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ