Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02072

 

 

 

 

 

2023 06 23

181/ШШ2023/02072

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.У, А.О нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.У , С.Н нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 57,808,360 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг нийт 62,679,765.81 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай,

хариуцагч С.Н гаас нэхэмжлэгч А.О д холбогдуулан гаргасан хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О , нэхэмжлэгч Т.У гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч С.Н , Г.У , тэдгээрийн өмгөөлөгч Н.Ж нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О , Т.У нар нь хариуцагч С.Н , Г.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,808,360 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг нийт 62,679,765.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...А.О нь Солонгос Улсад ажиллаж байх үед 10-н жилийн ангийн охин болох С.Н нь би чацарганы тос шүүс гаргаж авч байгаа, миний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учраад байна, мөнгө зээлээч ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж гуйсны дагуу зөвшөөрч, Монгол Улсад байгаа өөрийн охин Т.У гаар дамжуулан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,660,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 болон 3,200,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 230,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон.

Мөн С.Н гийн гуйлтын дагуу түүний хүү Г.Төгөлдөрт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125,000 төгрөгийн зээлийг олгож, нийтдээ 17,965,000 төгрөгийг С.Н гийн заасан этгээдүүдийн дансанд шилжүүлсэн байдаг.

Энэ хугацааны явцад А.О , С.Н нар анх тохиролцсон нөхцлөөр олгох зээлийг баталгаажуулж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээг өөрсдийн охин Т.У , Г.У нарын хооронд байгуулуулсан.

Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 7,000 ам.долларыг хүүгүйгээр, 13 сарын хугацаанд олгох, зээлдэгч нь зээлийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, нотариатчаар гэрчлүүлсэн.

Гэвч С.Н , Г.У нар нь нэг төгрөгийн ч төлөлт хийгээгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийг алданги 8,982,500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Түүнчлэн А.О г Монгол Улсад ирсний дараа 2017 оны 12 дугаар сарын сүүлээр С.Н нь охин Г.У тай хамт Япончуудтай хоолонд орж байна, Япончууд 100 литр чацарганы тос авахаар боллоо, миний олон жилийн ажлын үр дүн одоо л гарах гэж байна, дахиад мөнгө зээлээч гэж гуйгаад араас хөөцөлдөөд байхаар нь итгэж 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд түүний заасан этгээдүүдийн дансанд нийт 30,861,360 төгрөгийг шилжүүлсэн.

С.Н нь дээрх мөнгийг өөрөө болон гэр бүл, төрөл садан, бизнесийн хамтрагч зэрэг хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан авч ашигласан.

Өнгөрсөн хугацаанд А.О нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөө ийнхүү бусдад шилжүүлснээс амжиргааны эх үүсвэргүй болж, улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч амжиргаагаа залгуулж байсан тул эдгээр байгууллагуудад төлсөн хүү болох 4,871,405.81 төгрөгийг нэмж, нийтдээ 62,679,765.81 төгрөгийг С.Н , Г.У нараас гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч С.Н , Г.У нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. Хариуцагч С.Н гаас: ...миний бие чацарганы үрсэлгээ хийх, чацаргана жимс боловсруулах ажил хийдэг. А.О бид хоёр нэг байранд амьдарч, нэг ангид сурч байсан эртний танил. А.О чацарганы үйл ажиллагаа явуулдаг гэж материал бүрдүүлэн АНУ-руу явах визинд орох гэсэн юм гэснээр анх энэ ажлыг мэдэх болсон.

Миний бие А.О г ятгаж гуйгаад хөөцөлдөж холбогдож байгаагүй. А.О Солонгос Улсаас холбогдон хамтарч чацарганы үрсэлгээ хийе, АНУ-д амьдардаг өөрийн үеэл дүү Я хөрөнгө оруулахаар болсон, эхлье гэсэн. Ингээд энэ хамтын ажил эхэлсэн.

А.О гийн охин Т.У ажилд хэрэглэдэх зүйлд мөнгө гарган ажил явагдаж байсан. Энэ үед авсан мөнгийг баримтжуулах гарын үсэг хэрэгтэй байна гэхээр нь миний бие бүх ажлыг зааварчлан явуулж байгаа, ажлын талбайгаас холдох боломжгүй байгааг хэлэхэд охин чинь байж болно гэсний дагуу охин Г.У ыг мөнгө авсан гээд очоод гарын үсэг зурчих гээд гуйсан. Т.У , Г.У хоёр ээж нарынхаа гуйлтаар л гарын үсэг зуралцсан. Бие биедээ 7,000 ам.доллар өгч авалцаагүй. Дансаар ажилд шаардлагатай мөнгийг шилжүүлснээс өөр оролцоогүй. Бүх тооцоог А.О бичиж тэмдэглэж, Я д тайлагнаж байгаа гэдэг байсан учир надаас илүү А.О зардлын тооцоог мэднэ.

Ажлын үр дүнд 2 наст суулгацтай болсон. Суулгацыг миний 10 гаруй жил хамтран ажилласан түнш байгууллагад борлуулсан. А.О намайг ажиллуулаад, Я гаар мөнгө гаргуулаад, хамтарч ажиллая гэснээрээ ажил хийхгүйгээр ашгийг 3 хуваан авах зорилготой болох нь надад таалагдаагүй.

Иймээс А.О д мөнгө өгөөгүй, мөнгөний эзэн Я д үрсэлгээ борлуулсан мөнгө очилгүй үрэгдэхээс болгоомжилж Я г холбогдохыг хүлээсэн. Удалгүй Я 2018 оны 10 сард надтай холбогдсон. Борлуулалтын орлого 10,000,000 төгрөгийг өгье гэхэд Ц.П ид шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн.

Цаашид А.О гийн оролцоогүйгээр Я тай Батсүмбэрийн газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар тохиролцон мөнгөний тооцоог дуусгавар болгохоор миний бие ажиллаж байна.

А.О , Т.У нараас 30,861,360 төгрөг зээлж аваагүй. Чацаргана жимс авч боловсруулан цэвэр тос, шүүс гаргаж борлуулан ашгийг А.О , Я (А.О гийн үеэл дүү), С.Н бид гурав тэнцүү хуваан хүртэх хамтын ажил байсан.

Санхүүгийн эх үүсвэрийг Я гаргаж, зарцуулалт, зохицуулалтыг А.О биечлэн хариуцахын хамт борлуулалтыг хариуцах болсон. Миний бие чацаргана жимс боловсруулан шүүс, тос гаргах, савлаж борлуултад бэлэн болгох ажлыг А.О гийн хяналтанд гүйцэтгэсэн.

Ингэж энэ ажил хугацаандаа үр дүнтэй хийгдэж чадсан боловч борлуулалт амжилтгүй болсноос эрсдэл бий болсон. ... гэжээ.

 

2.2. Хариуцагч Г.У ас: ...миний бие ээж С.Н гийн хэлсний дагуу А.О гийн охин Т.У тай хамт нотариат дээр очиж Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 7,000 ам.доллар гэж бичсэн байсан. Гэвч миний бие энэ мөнгийг Т.У гаас аваагүй. Ээж ажлын талбайд ажил ихтэй, холбогдох боломжгүй байсан тул миний дансаар мөнгө өвч авалцсан. Өөрөө энэ асуудалд би оролцоогүй. ... гэжээ.

 

3. Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч А.О д холбогдуулан хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...А.О нь надтай хамтарч чацаргана жимсийг боловсруулж чацарганы шүүс, чацарганы тос гарган авах, түүнчлэн чацарганы үрслэгээг хүлэмжинд ургуулж суулгац болгон цааш миний 2012 оноос хойш гэрээгээр тасралтгүй нийлүүлдэг байсан харилцагч "Ногоон-Ази" ТББ-д борлуулахаар төлөвлөж үрслэгээгээ суулгах хөрс, хүлэмжүүд бэлдэж нийт 240 метр квадрат талбайд 40,000 орчим ширхэг жимсний модны үрслэгээ суулгаснаас сүүлд 2018 оны намар "Ногоон-Ази" ТББ-д 7,000 орчим ширхэг суулгацыг 1 ширхэгийг нь 1500 төгрөгөөр тооцож 10,000,000 төгрөгөөр борлуулсан. Энэ мөнгийг би өөрийн Хаан банкны дансаар авч охин Г.У руу шилжүүлэн, Г.У ас Ц.П руу шилжүүлсэн байдаг.

А.О тай хамтарч тарьсан дээрх 40,000 ширхэг үрслэгээнээс 3/1 нь хорогдол, гологдол болсон гэж үзэхэд үлдсэн 30,000 ширхэг суулгацыг борлуулахад 45,000,000 орчим төгрөгийн орлого олж үүнээс зарлагаа хасахад цэвэр ашиг 30,000,000 төгрөг олох бүрэн боломжтой юм.

Гэтэл А.О "Ногоон-Ази"ТББ-ын удирдлагуудтай миний нэрийг барьж очиж уулзах нэрийдлээр хэл ам үүсгэж улмаар миний 7-8 жилийн турш тасралтгүй харилцаж жимсний модны суулгац нийлүүлж олдог орлогын эх үүсвэрийг маань үгүй хийсэн.

Үүнээс үүдэн 2018 оноос хойш би жил бүрийн хавар, намартаа "Ногоон-Ази" ТББ-д жимсний суулгац борлуулж олдог байсан орлогоо алдсан. Өөрөөр хэлбэл миний санхүүгийн хамгийн том эх үүсвэр, харилцагчаас маань холбоо тасласан.

Би "Ногоон-Ази" ТББ-д 1 жилд дунджаар 30,000 ширхэг суулгац нийлүүлж 40,000,000 гаруй төгрөгийн орлого олдог байснаас гарсан зардлыг хасвал цэвэр ашиг маань 30,000,000 төгрөг болно.

Дээрх байдлын улмаас би даруй 2019, 2020 онд жимсний модны суулгаж борлуулж олох байсан ашиг буюу 1 жилд 30,000,000 төгрөг гэж үзвэл 2 жилд 60,000,000 төгрөг, үүн дээр 2018 онд борлуулж чадалгүй үхүүлж устгалд оруулсан 20,000 ширхэг жимсний модны суулгацны борлуулснаас олох ашгийн надад ногдох 3/1 хувь буюу 10,000,000 төгрөгийг нэмэхэд 70,000,000 төгрөг болж байна.

Иймд А.О тай хамтран ажиллах явцад миний хүртэх ёстой байсан ашгийн 10,000,000 төгрөг, мөн 2019, 2020 онд миний олох байсан орлого 60,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг надад учруулсан хохирол гэж үзэн түүнээс нэхэмжилж байна. ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч А.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...С.Н нь 2017 оны 8 дугаар сард өндөр ашигтай бизнес эрхэлж байгаа, мөнгө зээлээч ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж гуйсны дагуу хар багаасаа найзалж явсан учир итгэн мөнгөө зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. С.Н нь одоо үүнийгээ хамтын ажиллагаа байсан мэтээр зээлсэн мөнгөө өгөхгүй байх арга саам хийж, шүүхийг төөрөгдүүлэх, өөртөө ашигтайгаар хугацаа хожихоор санаархаж байна.

С.Н сөрөг нэхэмжлэлдээ дурдсан тэр өндөр ашиг нь хүн хуурахдаа хэрэглэдэг, нотлох батлах баримтгүй арга юм. Хэрвээ тэр жил бүр 30,000,000 төгрөгийн ашиг олдог байсан бол надаас мөнгө зээлэхгүй байх байсан. ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т.У , Г.У нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, А.О гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк дахь Т.У гийн эзэмшлийн 5429391569 дугаартай дансны /2017.06.01-2017.09.30, 2017.08.01-2018.12.31 хүртэл хугацааны/ дэлгэрэнгүй хуулга, тус банк дахь А.О гийн эзэмшлийн 5029202920 дугаартай дансны /2017.10.04, 2018.01.03-2018.02.10 хүртэл хугацааны/ дэлгэрэнгүй хуулга, А.О гийн гадаад паспортын хуулбар, Арвайн үр ХЗХ-ноос авсан зээлийн эргэн төлөлтийн тооцоо, хүснэгт /1хх 3-9, 27, 29-32, 60-61, 115, 178, 185-188, 2хх 38-39/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк дахь Г.У ын эзэмшлийн 5031408520 дугаартай данснаас Ц.П ийн эзэмшлийн 5063342231 дугаартай данс руу гүйлгээ хийсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн гэх гар бичвэр, Увсын 100% чацарганы цэвэр шүүс гэсэн нэртэй бүтээгдэхүүний шошго, Ногоон Ази ТББ-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 24, 2013 оны 05 дугаар сарын 08, 12, 2015 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 03, 2016 оны 09 дүгээр сарын 24, 2017 оны 04 дүгээр сарын 26, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээнүүд, Хаан банк дахь С.Н гийн эзэмшлийн 5007771436 дугаартай дансны /2013.04.01-2013.09.01, 2014.05.01-2016.10.01, 2016.10.02-2018.12.31, 2018.08.01-2018.12.01, 2018.08.15-2018.08.31, 2019.01.01-2019.12.31, 2020.01.01-2020.12.31 хүртэлх хугацааны/ дэлгэрэнгүй хуулга, С.Н , Г.У нарт хаягласан шуудан /1хх 19, 23, 56, 117, 120-121, 124-152, 155-173, 189-191, 174-175/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр: Х.Б, Д.Г, Г.Т, Д.О, Т.Б, Т.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банк дахь С.Н гийн эзэмшлийн 5007771436 дугаартай дансны /2017.08.03-2021.11.11 хүртэлх хугацааны/ дэлгэрэнгүй хуулга /1хх 99-106, 107-111, 197-214, 244-246/ зэргийг,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Ц.П , Б.Э, Г.Б, Ү.Т, Ц.Д, У.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банк дахь А.О гийн эзэмшлийн 5029202920 дугаартай дансны /2017.07.20-2018.10.31 хүртэл хугацааны/ дэлгэрэнгүй хуулга, С.Н гийн Narantuya Surenkhor гэсэн нэртэй хаягаас А.О гийн Аrslan Hulan гэсэн нэртэй хаягтай харилцсан цахим зурвас /facebook chat/-т үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-111, 234-236, 2хх 3-4, 7-12, 16-17, 31-33/ зэргийг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, талууд Я.Г, С.Г, Д.У нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ тус тус татгалзсан болно. /1хх 248-249, 2хх 28, 34/

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

8. Нэхэмжлэгч А.О , Т.У нар нь хариуцагч С.Н , Г.У нараас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөг, алдангид 8,982,500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шилжүүлсэн зээлд 30,861,360 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг нийт 62,679,765.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн гэж маргасны гадна, хариуцагч С.Н нь нэхэмжлэгч А.О гаас хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 57,808,360 төгрөгийг хангаж, үлдэх 4,123,878.81 төгрөг болон хариуцагч Г.У д холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. А.О нь 2017 оны 06-09 дүгээр сарын хооронд БНСУ-д байх хугацаандаа, мөн Монгол Улсад ирснийхээ дараа Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5029202920 дугаартай дансаар болон охин Т.У гийн эзэмшлийн 5429391569 дугаартай дансаар дамжуулан урьдны танил С.Н гийн нэрлэн заасан этгээдүүдийн дансанд 2017 оны 08 дугаар сарын 03-наас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17,965,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30,861,360 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

А.О гийн охин Т.У , С.Н гийн охин Г.У нар нь А.О , С.Н нарын хоорондын тохиролцоо, тооцоог баталгаажуулах үүднээс тэдгээрийн зөвшөөрлөөр 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зээлийг гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлжээ.

Уг гэрээгээр зээлдүүлэгч Т.У нь 7,000 ам.долларыг 13 сарын хугацаатай, хүүгүй шилжүүлэх, зээлдэгч Г.У нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн ба зээлдэгч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг зээлдүүдэгчид төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

11. Хариуцагч нар дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд С.Н гийн хувьд энэ мөнгийг өөрийн болон гэр бүл, садан төрөл, бизнесийн хамтрагч зэрэг хамаарал бүхий эдгээдүүдийнхээ данс руу шилжүүлүүлж, үйл ажиллагаандаа ашигласнаа хүлээн зөвшөөрсөн, гагцхүү энэ мөнгө нь А.О гийн үеэл дүү н.Я гаас олгосон санхүүжилт байсан гэх бөгөөд бид гурав чацаргана жимс боловсруулж, борлуулах зорилгоор хамтран ажиллаж, ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон, А.О гийн хувьд санхүүгийн зарцуулалтыг хариуцаж ажилласан гэж маргадаг.

12. Гэвч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу өөрийн дээрх тайлбараа нотолж чадаагүйн гадна, мөнгө зээлэх болсон шалтгаан нөхцөл, түүний дараах үйл баримтын талаар өгсөн нэхэмжлэгч А.О гийн ...Солонгос Улсад ажиллаж байх үед С.Н нь би чацарганы тос шүүс гаргаж авч байгаа, миний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учраад байна, мөнгө зээлээч гэж гуйсны дагуу зөвшөөрч, Монгол Улсад байгаа охин Т.У гаар дамжуулан өөрийн нэрийн өмнөөс зээл олгож эхэлсэн. Энэ явцдаа түүнтэй анх тохиролцсон нөхцөлөөр 7,000 ам.долларын зээлийг баталгаажуулахаар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээг өөрсдийн охидын хооронд байгуулуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Гэвч нэг төгрөгийн ч төлөлт хийгээгүй ба намайг Монгол Улсад ирсний дараа дахин мөнгө зээлээч гэж гуйгаад, араас хөөцөлдөөд байхаар нь итгээд зээлсэн. ... гэх тайлбарыг няцаан үгүйсгэж чадаагүй болно.

13. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасан.

Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч А.О , хариуцагч С.Н нар нь Иргэний хуулийн 39, 40 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, уг илэрхийллийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бичгээр байгуулагдсан Зээлийн гэрээний 2.4-т заасан хугацаа дуусч, зээлдэгч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээл 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгч А.О 17,965,000 төгрөгийг алдангийн хамт шаардах эрхтэй.

Уг гэрээний 3.5-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги 8,982,500 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Зохигч 30,861,360 төгрөгт холбогдох зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч А.О гаас хариуцагч С.Н гийн заасан дансанд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх байх ба амаар байгуулагдсан зээлийн гэрээний агуулгыг олгосон мөнгөн дүнгээр тодорхойлно.

Зээлийн эргэн төлөлтийн хугацааг харилцан тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан тул нэхэмжлэгч А.О нь шилжүүлсэн 30,861,360 төгрөгөө хариуцагч С.Н гаас шаардах эрхтэй.

  Харин зээл хүссэн хүн уг зээлийн мөнгийг шилжүүлэхэд хүлээн авах этгээдийг заах нь зээлдэгчийг тодорхойлох нөхцөл биш бөгөөд Г.У ын хувьд зохигчийн хооронд зуучлагчийн, эсхүл зээлдэгчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх, түүнчлэн Т.У гийн хувьд зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

14. Дээрх зээлийг буцаан өгөөгүйгээс нэхэмжлэгч нар амьжиргааны эх үүсвэргүй болж, улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч амьжиргаагаа залгуулж байсан гэж үзэхэд учир дутагдалтайн сацуу, эдгээр байгууллагуудад төлсөн гэх хүү 4,871,405.81 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

15. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч А.О тай хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн, түүний гэм буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2019 онд хүртэх байсан ашиг, 2019, 2020 онд олох байсан орлого болох 70,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхэд гаргаж өгсөн Ногоон Ази ТББ-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 24, 2013 оны 05 дугаар сарын 08, 12, 2015 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 03, 2016 оны 09 дүгээр сарын 24, 2017 оны 04 дүгээр сарын 26, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээнүүд, Хаан банк дахь эзэмшлийн 5007771436 дугаартай дансны /2013.04.01-2013.09.01, 2014.05.01-2016.10.01, 2016.10.02-2018.12.31, 2018.08.01-2018.12.01, 2018.08.15-2018.08.31, 2019.01.01-2019.12.31, 2020.01.01-2020.12.31 хүртэлх хугацааны/ дэлгэрэнгүй хуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.

Сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь талууд хамтран ажиллахаар тохиролцсон, А.О гийн буруутай үйлдлийн улмаас буюу С.Н гийн нэрийг барьж холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, хэл ам үүсгэж, орлогын эх үүсвэрийг үгүй хийж, 70,000,000 төгрөгийн ашиг, орлого олох боломжийг алдагдуулсан, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

16. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.Н гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 57,808,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,123,878.81 төгрөг болон хариуцагч Г.У д холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О гийн төлсөн 697,837 төгрөг, хариуцагч С.Н гийн төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н гаас 604,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Н гаас 57,808,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,123,878.81 төгрөг болон хариуцагч Г.У д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.О д холбогдуулан гаргасан хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Н гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О гийн төлсөн 697,837 төгрөг, хариуцагч С.Н гийн төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н гаас 604,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О д олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН