Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01855

 

 

 2023 оны 10 сарын 11 өдөр Дугаар 210/МА2023/01855

 

Т.Ундраа, А.Оюунхулан нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.У..., А.О... нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У..., С.Н... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57,808,360 төгрөг, хохирол 4,871,405.81 төгрөг, нийт 62,679,765.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Н...ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О..., нэхэмжлэгч Т.У..ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж., тэдгээрийн өмгөөлөгч Г.Б..., хариуцагч С.Н.., түүний өмгөөлөгч Н.Ж..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээл 7,000 ам доллар буюу 17,965,000 төгрөг, алданги 8,982,500 төгрөг, нийт 26,947,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бэлэн болон дансаар нийтдээ 33 удаагийн үйлдлээр 30,661,360 төгрөгийг зээлж авсан.

1.2. Нийт 57,808,360 төгрөгийг хариуцагч нар зээлж авахдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай охин, хүү, бэр, найз, бизнесийн хамтрагч нарынхаа дансаар дамжуулж авсан.

1.3. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллага ломбардад 4,871,405.81 төгрөгийн хүү төлсөн байгаа

Нэхэмжлэгч Т.У... нь А.О...гийн төрсөн охин юм. Тухайн зээлийн гэрээ байгуулах үед миний эх А.О... нь Солонгос улсад ажиллаж байсан надтай 2017 оны 08 дугаар сарын эхээр фейсбүүкээр холбогдож, ээжээс нь 10 жилийн ангийн охин болох С.Н. эгч нь.. зээл гуйсан, миний охин 7,000 ам долларыг С.Н...эгчдээ зээлчих..." гэж хэлсэн. Үүний дагуу би С.Н...тай холбогдож түүний охин болох Г.У...д 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдөр 1,660,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, мөн өдрөө 3,200,000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөгийн, 08 дугаар сарын 08-ны өдөр 230,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг зээлийг ээжийн нэрийн өмнөөс С.На... эгчийн охин Г.У...д тус тус олгосон.

1.4. Нэхэмжлэгч А.О...нь зээлдэгч С.Н...ийн гуйлтын дагуу түүний хүү Г.Т...ийн ХААН банкны данс руу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125,000 төгрөгийн зээлийг олгосон.

Дээрх нийт мөнгөн дүн нь 17,965,000 төгрөг болох бөгөөд үүнийг баталгаажуулж талуудын анх тохиролцсон нөхцөлөөр 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 7,000 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан.

1.5. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид 7,000 ам.долларын зээлийг хүүгүйгээр олгох, хэрэв зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 57,808,360 төгрөг, хохирол 4,871,405.81 төгрөг, нийт 62,679,765.81 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Н...ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А.О... Солонгосоос холбогдон хамтарч чацарганы үрсэлгээ хийе, Америкийн нэгдсэн улсад амьдардаг өөрийн үеэл дүү Я... хөрөнгө оруулахаар болсон гээд энэ хамтын ажил эхэлсэн. А.О...гийн охин Т.У... ажилд хэрэглэгдэх зүйлд мөнгө гарган ажил явагдаж байсан. Энэ үед авсан мөнгийг баримтжуулах гарын үсэг хэрэгтэй байна гэхэд С.Н... миний бие бүх ажлыг зааварчлан хийлгэж байсан тул ажлын талбайгаас холдох боломжгүй байгааг хэлэхэд охин чинь байж болно гэсний дагуу охиноо (Г.У...) мөнгө авсан гээд очоод гарын үсэг зурчих гээд гуйсан.

Т.У.., Г.У... 2 ээж нарынхаа гуйлтаар л гарын үсэг зуралцсан. Бие биедээ 7,000 доллар өгч авалцаагүй. Дансаар ажилд шаардлагатай мөнгийг шилжүүлснээс өөр оролцоогүй.

2.2. Нэхэмжилсэн мөнгө миний санаж байгаагаар дараах байдлаар зарцуулагдсан. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг (нугалж бэлтгэсэн 50 см өндөр 200 м урт лист төмөр, гадас төмөр), 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,660,000 төгрөг (хүлэмжид орох элс 58м3), 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 08 дугаар сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөг (2ш - "М..." ХХК-ийн хүлэмжийн үнэ), 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 230,000 төгрөг (ажлын хөлс), 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг (40,000 ширхэг суулгац 200 төгрөг нийт 8,000,000 төгрөг, ариутгалын бодис, усалгааны систем), 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125,000 төгрөг (цахилгааны төлбөр) зэрэг болно.

Бүх тооцоог А.О... бичиж тэмдэглэж А.Явуухуланд тайлагнаж байгаа гэдэг байсан учир надаас илүү А.О... зардлын тооцоог мэднэ. Ажлын үр дүнд 2 наст суулгацтай болсон. Суулгацыг миний 10 гаруй жил хамтран ажилласан түнш байгууллагад борлуулсан.

2.3. Суулгацыг сугалж, борлуулах ажилд А.О... биечлэн оролцсон. Улмаар миний өмнөөс түнштэй холбогдон намайг оролцуулахгүйгээр борлуулалтын орлогыг өөрийн нэрээр авах оролдлого хийсэн нь түншийн харилцааг үгүй хийсэн. Энэ нь эрсдэл дотроос хамгийн том нь байсан. А.О... намайг ажиллуулаад А.Я...гаар мөнгө гаргуулаад, хамтарч ажиллая гэснээрээ ажил хийхгүйгээр ашгийг 3 хуваан авах зорилготой болох нь надад таалагдаагүй.

Иймээс А.О...д мөнгө өгөөгүй, мөнгөний эзэн А.Я...д үрсэлгээ борлуулсан мөнгө очилгүй үрэгдэхээс болгоомжилж, А.Я..г холбогдохыг хүлээсэн. Удалгүй А.Я.. 2018 оны 10 сард надтай холбогдсон. Болсон үйл явдлыг ярьж өөрийг чинь холбогдохыг хүлээж байснаа хэлсэн. Борлуулалтын орлого 10 сая төгрөгийг өгье гэхэд Ц.П...ид шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. А.О..ийн оролцоогүйгээр А.Я...тай Батсүмбэрийн газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар тохиролцон мөнгөний тооцоог дуусгавар болгохоор С.Н... миний бие ажиллаж байна. А.Я.. Батсүмбэрт байгаа ангийнханыгаа ажлын байртай, ажил орлоготой болгох зорилготой байгаагаа хэлсэн. Ингээд өнгөрсөн зун Батсүмбэрийн газарт манаач, гүний худаг, тогтой болох асуудал шийдэгдэж 4 хүлэмж байрлуулахаас (хүлэмж байрлуулах хөрс боловсруулж амжаагүй) 2 хүлэмж байрлуулаад огурцы, помидор тариалагдсан.

Үлдсэн 2 хүлэмжийг хөрсөө бэлтгэсний дараа хэдийд ч байрлуулахад бэлэн байгаа.

Шүүхийн мэдэгдэх хуудас авахаас хэдхэн хоногийн өмнө Ц.П... үлдсэн 2 хүлэмжийг хэдийд авч болох вэ? А.Я... асуулгаж байна гэж утсаар ярьсан. Хэдийд ч авч болно эхлээд хөрсөө бэлдээд хүлэмжээ зөөе гэж хариу өгсөн. Энэ мэтээр мөнгө гаргасан А.Я...тай С.Н... миний бие энэ зун 4 хүлэмжид мод үржүүлгийн ажил хийлгэхээр хичээн нөхцөлөө бүрдүүлэн ажиллаж байна. 4 хүлэмжид үрээр болон ногоон мөчрөөр чацаргана, үхэр нүд, хайлаас, долоогоно, монос гэх мэт мод үржүүлгийн үрсэлгээ хийхээр бэлтгэлээ базааж байна.

2.4. С.Н... миний бие чацаргана жимс боловсруулан шүүс, тос гаргах, савлаж борлуулалтад бэлэн болгох ажлыг А.О...гийн хяналтад гүйцэтгэсэн.

Ажил хугацаандаа үр дүнтэй хийгдэж чадсан боловч борлуулалт амжилтгүй болсноос эрсдэл үүссэн. Шаргуу хөдөлмөр, тууштай, хариуцлагатай байж үр дүнд хүрэх ажил байсан. Мөнгө санхүүгийн асуудалд С.Н... миний бие оролцдоггүй ажлын гүйцэтгэлийг хариуцан ажилласан. Тиймээс нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Г.У...н тайлбар, татгалзлыг агуулга:

3.1. Миний бие ээжийн хэлсний дагуу А.О...гийн охин Т.У...тай нотариат дээр очиж Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 7,000 ам.доллар зээлсэн гэж бичсэн байсан. Гэвч миний бие Т.У...гаас доллар аваагүй. Ээж ажлын талбайд ажил ихтэй холдох боломжгүй байсан тул миний дансаар мөнгө өгч авалцсан.

3.2. А.О.., Т.У... нарын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Энэ шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ асуудалд би холбоогүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч С.Н...гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1. А.О... нь С.Н... надтай хамтарч чацаргана жимсийг боловсруулж чацарганын шүүс, чацарганын тос гарган авах, түүнчлэн чацарганы үрсэлгээг хүлэмжид ургуулж суулгац болгон цааш миний 2012 оноос хойш гэрээгээр тасралтгүй нийлүүлдэг байсан харилцагч "Н... "ТББ-д борлуулахаар төлөвлөж үрслэгээгээ суулгах хөрс, хүлэмжүүд бэлдэж 40,000 орчим жимсний модны үрсэлгээ суулгаснаас сүүлд 2018 оны намар "Н... "ТББ-д 7,000 орчим ширхэг суулгацыг 1 ширхгийг нь 1,500 төгрөгөөр тооцож 10,000,000 төгрөгөөр борлуулсан. Энэ мөнгийг би өөрийн ХААН банкны дансаар авч охин Г.У... руу шилжүүлэн Г.У... н.П... руу шилжүүлсэн байдаг.

4.2. А.О...нтай хамтарч тарьсан дээрх 40,000 ширхэг үрслэгээнээс 3\1-нь хоргодол, гологдол болсон гэж үзэхэд үлдсэн 30,000 ширхэг суулгацыг борлуулахад 45,000,000 орчим төгрөгийн орлого олж үүнээс зарлагаа хасахад цэвэр ашиг 30,000,000 төгрөг олох бүрэн боломжтой юм.

Гэтэл А.О... "Н..." ТББ-ын удирдлагуудтай уулзах нэрийдлээр хэл ам үүсгэж улмаар миний 7-8 жилий турш тасралтгүй харилцаж жимсний модны суулгац нийлүүлж олдог орлогын эх үүсвэрийг маань үгүй хийсэн.

Үүнээс үүдэн 2018 оноос хойш би жил бүрийн хавар, намартаа "Н... "ТББ-д жимсний суулгац борлуулж, олдог байсан орлогоо алдсан. Өөрөөр хэлбэл миний санхүүгийн хамгийн том эх үүсвэр, харилцагчаас маань холбоо тасалсан.

4.3. Дээрх байдлын улмаас би даруй 2019, 2020 онд жимсний модны суулгаж борлуулж олох байсан ашиг буюу 1 жилд 30,000,000 төгрөг гэж үзвэл 2 жилд 60,000,000 төгрөг, үүн дээр 2018 онд борлуулж, чадалгүй үхүүлж устгалд оруулсан 20,000 ширхэг жимсний модны суулгац борлуулснаас олох ашгийн надад ноогдох 3\1 хувь буюу 10,000,000 төгрөгийг нэмэхэд 70,000,000 төгрөг болж байна.

А.Оюунхулантай хамтран ажиллах явцад миний хүртэх ёстой байсан ашгийн 10,000,000 төгрөг, мөн 2019, 2020 онд миний олох байсан орлого 60,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг надад учруулсан хохирол гэж үзэн хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Н... нь 2017 оны 8 дугаар сард өндөр ашигтай бизнес эрхэлж байгаа мөнгө зээлээч ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж гуйсны дагуу хар багаасаа найзалж явсан учир итгэн мөнгөө зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

5.2. Өндөр ашигтай гэж надад итгүүлэн мөнгө зээлсэн одоо үүнийгээ хамтын ажиллагаа байсан мэтээр зээлсэн мөнгөө өгөхгүй арга саам хийж, шүүхийг төөрөгдүүлэх, өөртөө ашигтайгаар хугацаа хожихоор санаархаж байна.

5.3. Хэрвээ тэр жил бүр 30 сая төгрөгийн ашиг олдог байсан бол надаас өмнө бас л хүмүүсийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө авч шүүхээр орж дансаа хаалгуулан ямар ч мөнгөгүй болж, надаас мөнгө зээлэхгүй байсан. Иймээс С.Н...гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Н... 57,808,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О...д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,123,878.81 төгрөг болон хариуцагч Г.У...д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.О...д холбогдуулан гаргасан хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Н...йн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О...гийн төлсөн 697,837 төгрөг, хариуцагч С.Н...ийн төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н..аас 604,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О..д олгож, шийдвэрлэжээ.

7. Хариуцагч С.Н...ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бичгээр байгуулалдсан Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хугацаа дуусаж, зээлдэгч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээл 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгч А.О.. 17,965,000 төгрөгийг алдангийн хамт шаардах эрхтэй" гэж дүгнэн "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6. 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Н..аас 57,808,360 төгрөгийн гаргуулж, нэхэмжлэгч А.О...д олгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.

7.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.О.. хариуцагч С.Н...ийн өмчлөлд мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдож, зээлийн гэрээний харилцаа үүснэ. Хариуцагч С.Н... нь анхнаасаа мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн мөнгө А.О...аас шилжүүлж аваагүй, зөвхөн А.О...тай хамтран ажилласан гэдэг тайлбарыг шүүхэд өгсөн байна. Нөгөө талаас нэхэмжлэгч А.О... нь С.Н...ийн өмчлөлд зээлээр мөнгө шилжүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч А.О...аас хариуцагч С.Н...ийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн нотлох баримт байхгүй байхад зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн 57,808,360 төгрөгийг хариуцагч С.Н...гаас гаргуулан А.О...д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн заалтад нийцээгүй.

7.3. Нэхэмжлэгч тал 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх боловч зээлийн гэрээ байгуулагдаагүй. А.О..., С. Н... нарын хамтран хийж байгаа ажлын тооцоог баталгаажуулахаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус байна.

7.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.О..., хариуцагч С.Н... нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй байхад 8,982,500 төгрөгийн алдангийг хариуцагч С.Н...аас гаргуулан А.О...д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтад нийцээгүй.

7.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 30,861,360 төгрөгөөр ихэсгэж, нэмэгдүүлсэн ба анхан шатны шүүх ч 30,861,360 төгрөгт холбогдох зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч А.О...аас хариуцагч С.Н...йн заасан дансанд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзээд 30,861,360 төгрөгийг хариуцагч С.Н....аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.6. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шууд үнэн зөв мэтээр дүгнэж, хэт нэг талыг барьсан, шударга бус шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэжээ.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолд заасан нөхцөл байдлын гол үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн С.Нарантуяагийн дансанд мөнгө шилжүүлээгүй учраас зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх агуулгаар гомдол гаргасан.

8.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 7,000 долларын зээлийн гэрээ авагдсан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн учраас Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх шаардлагуудаа нэгтгээд шинэ зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн учраас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8.3. Мөн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргаагүй буюу энэ талаар өөрсдөө зөвшөөрч байсан.

8.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, эрсдэл бий болсон талаар нөхцөл байдал тогтоогдохгүй. Эдгээр бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дүгнээд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бий болсон гэж үзсэн.

Түүнчлэн 30,000,000 төгрөгийн талаар гомдолд дурдсан. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн жимсийг А.О... өөрөө хүлээж авдаг байсан нь тогтоогдсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч С.Нарантуяагийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Т.У..., А.О... нар нь хариуцагч Г.У..., С.Н...нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,808,360 төгрөг, 4,871,405.81 төгрөг, нийт 62,679,765.81 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах явцад хүртэх ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1-р хх. 1-2, 16-17, 38, 58-59, 116, 176, 184/

3. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажилласан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. Маргаантай байгаа асуудлын талаар талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, маргаантай асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

Талуудын хооронд зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний харилцааны аль нь үүссэн эсэх талаар дүгнэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Ц.Пүрэвдоржид 10,000,000 төгрөг шилжүүлсэн эсэх, мөн 2 хүлэмжийн талаарх асуудлуудыг тодруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 471,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ

Ш.ОЮУНХАНД