Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01130

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00918 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.О, Ц.Нн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: НГаас үл хөдлөх эд  хөрөнгүүдийг Д ХХК-иар үнэлүүлсэн. Үнэлгээг 2018.10.29-ний өдөр танилцуулж, мэдэгдлийг гардуулан.Хөрөнгийг үнэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох  журмыг ноцтой зөрчиж,дүгнэлт гаргасан. Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт байхгүй буюу үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээ хийн дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэг байхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан. Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй дүгнэлт гаргасан. Үнэлгээний 2 аргыг хэрэглэх ёстой байтал зөвхөн зах зээлийн жиших аргыг хэрэглэж зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Зах зээлийн үнэ гэж гаргаж байгаа боловч харьцуулалт хийсэн эх сурвалжуудаа бичээгүй тул бодитой үнэлгээ гараагүй гэж үзэж байна. Мөн үйлчилгээний талбайг орон сууц гэж үнэлсэн байгаа бөгөөд хуульд нийцүүлж үнэлгээг тогтоох ёстой. Үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг заавал хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргах ёстой. Иймд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай тайлбайг үнэлсэн үнэлгээ, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.9.22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.4.13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 360 230 464 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг 2018.8.15, 2018.8.30, 2018.9.26-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн. Ү-2202011803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч нар 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 197 600 000 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 569 800 000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа ирүүлсэн. Төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч орон сууцыг 117 887 368 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 254 456 140 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч нарт 2018.10.29-ний өдрийн 4/17942 дугаартай албан бичгээр мэдэгдэж үнэлгээний тайланг танилцуулсан. НГ үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас 2 хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлсэн ба уг үнийн санал нь зах зээлийн үнээс хэтэрхий өндөр, үндэслэлгүй байсан учир төлбөр авагч банк 2018.10.19-ний өдөр шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг гаргуулан албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу НГаас 2018.10.22-ны өдөр шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явагдсан ажиллагаа юм. Хөрөнгийн үнэлгээчин Ц.Т нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ тайландаа хавсаргаж өгсөн, шинжээчид эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Үнэлгээний тайланд Д ХХК-ийн хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан тул шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан, хуулийн шаардлага хангасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 254 456 140 төгрөгөөр үнэлсэн. Тайланд 1 м.кв нь 1 652 312 төгрөгөөр үнэлэгдсэн нь хуучин байрны зах зээлийн үнээс доош багаар үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 2 өрөө орон сууцыг 117 887 368 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосныг зах зээлийн дундаж үнэлгээ гэж үзэж байна. Банкны дотоод үнэлгээгээр үйлчилгээний талбай нь 215 600 000 төгрөгөөр , орон сууц нь 87 120 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ба энэ үйлчилгээний талбайг 215 600 000 төгрөгийн үнэлгээгээр төлбөртөө тооцож өгөхийг зээлдэгч нарт санал болгож байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд  гурван аргаас аль тохирохыг нь үнэлэх гэж буй хөрөнгөдөө тохируулж, уг хуулийн 8.2-т заасан аргачлалаар тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Тухайн хоёр үл хөдлөх эд хөрөнгийн  м.кв нь 2 сая болон 2,2 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгээ нотолсон баримт алга. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351 671 727 төгрөг, Б.Оаас 6 350 476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2 081 261 төгрөг, нийт 360 103 464 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд мэдүүлэг өгсөн шинжээч Ц.Т нь хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээний эх сурвалж, харьцуулалт хийсэн тухай тайланд тусгаагүй зэргээр мэдүүлдэг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн байтал биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.О, Ц.Н нар нь хариуцагч НГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 46,47 /

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351 671 727 төгрөг, Б.Оаас 6 350 476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2 081 261 төгрөг, нийт 360 103 464 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 50-63/

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 154 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18280659 тоот тогтоолоор битүүмжилж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18280659/02 тоот тогтоолоор битүүмжилж, дээрх эд хөрөнгүүдийг 2018 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 18280659/04, 18280659/02 тоот тогтоолоор тус тус хурааж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 259 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх 49, 68, 71, 74-75, 80,81/

 

Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, 154 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 569 800 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцыг 197 600 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч “Х” ХХК 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарсан, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-68-81/

 

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, үнэлгээний талаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцэх юм. /хх-107/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хөрөнгийг бодит үнээс хэт доогуур үнэлсэн ” гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар хариуцагч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Хэргийн 83-84 дүгээр талд авагдсан баримтаар үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан, дээрх шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан тогтоосон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч үгүйсгэх баримтаа шүүхэд гаргаагүй. Үнэлгээний тайланд үнэлгээний байгууллагын хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан, шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. /хх-83, 86-105/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД