Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/00918

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/00918

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.О,

Нэхэмжлэгч: Ц.Н нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, гэрч Ц.Т, нарийн бичгийн даргад Ч.Түмэнбаяр нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02342 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0108 дугаартай магадлал,Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 0591 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нараас 353.689.988 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай тайлбай болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот, 76 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцааар хангуулахаар шийдвэрлэсэн.

            Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж дээрх хөрөнгүүдийг Дамно ХХК-иар үнэлүүлсэн байх бөгөөд үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр танилцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17492 дугаартай мэдэгдлийг мөн өдөртөө бидэнд гардуулан өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд нь шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

            Дамно ХХК ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох тухай журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.,42.2. дах хэсгийг зөрчиж дүгнэлт гаргасан байна.

            Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт байхгүй буюу үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээ хийн дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэг байхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан гэж үзэхээр байна.

Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй.

            Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй дүгнэлт гаргасан байна.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1.,9.2 дах заалтыг зөрчсөн байна.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1.,8.2-т зааснаар бол дор хаяж үнэлгээний 2 аргыг хэрэглэх ёстой байтал зөвхөн зах зээлийн жиших аргыг хэрэглэж зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэ гэж гаргаж байгаа боловч харьцуулалт хийсэн эх сурвалжуудаа бичээгүй тул бодитой үнэлгээ гараагүй гэж үзэж байна. Үнэлгээ гаргасан эх сурвалжууд нь тодорхой байх ёстой юм. Мөн үйлчилгээний талбайг орон сууц гэж үнэлсэн байгаа бөгөөп хуульд нийцүүлж үнэлгээг тогтоох ёстой. Хөрөнгийн үнэлгээний тайланг хэрхэн бичих талаар мөн адил энэ хуульд тодорхой заасан байдаг. Үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг заавал хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргах ёстой.

            Үл хөдлөх хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ч үнэлгээ нь бодитой байх ёстой гэж үзэж байна. Бид үйлчилгээний зориулалтай талбайг хамгийн багадаа 1 м.кв талбайг нь 2.000.000 төгрөг, орон сууцны 1 м.кв талбайг нь хамгийн багадаа 2.200.000 төгрөг гэж үнэлж байна. Хас банк ХХК анх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авахдаа үйлчилгээний зориулалттай талбайг 290.000.000 гэж үнэлж байсан. Энэ үнээрээ авахыг зөвшөөрнө.

            Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай тайлбайг үнэлсэн үнэлгээ,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 360.230.464 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.О, Ц.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийн 2018 оны 8 дугаар сарын 15, 2018 оны 8 дугаар сарын 30, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн. Ү-2202011803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авсан.

Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 197.600.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 569.800.000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа ирүүлсэн ба төлбөр авагч төлбөр төлөгч нарын үнийн саналыг зөвшөөрөхгүй байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19/6400 тоот хүсэлтийг үндэслэн хөндөлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Шинжээч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 117.887.368 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн. Ү-2202011803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 254.456.140 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч нарт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17942 дугаартай албан бичгээр мэдэгдэж үнэлгээний тайланг танилцуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351.671.727 төгрөг, Б.Оаас 6.350.476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2.081.261 төгрөг, нийт 360.103.464 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас 2 хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлсэн ба уг үнийн санал нь зах зээлийн үнээс хэтэрхий өндөр, үндэслэлгүй байсан учир төлбөр авагч банк 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг гаргуулан албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг гаргасан.

Хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газааас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилох тогтоол гаргасан нь Ирггэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явагдсан ажиллагаа юм:

Хөрөнгийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ тайландаа хавсаргаж өгсөн, шинжээчид эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Үнэлгээний тайланд Дамно ХХК-ийн хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагадсан тул шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан, хуулийн шаардлага хангасан.

Хөрөнгийн үнэлгээний тайланд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 154 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 254.456.140 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч нар нь уг хөрөнгийг өөрсдөө 300.000.000 төгрөөр худалдан борлуулахаар 3 жилийн хугацаанд зар тавьж байсан ба одоог хүртэл зарагдаагүй байна. Энэ нь уг хөрөнгийн худалдан борлогдох чадвар муу, зах зээлийн үнэлгээ доогуур байгааг баталж байна.

Мөн уг хөрөнгийн хувьд ашиглалт байхгүй 3-4 жил болсон, маш олон жижиг өрөө гаргаж засвар хийгдээгүй, засварын зардал маш өндөр гаргах тул зах зээлд өрсөлдөх чадваргүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд 1 м.кв нь 1.652.312 төгрөгөөр үнэлэгдсэн нь хуучин байрны зах зээлийн үнээс доош багаар үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөрөнгийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 2 тоот 76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 117.887.368 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосныг зах зээлийн дундаж үнэлгээ гэж үзэж байна. Уг орон сууцны гадна талд зогсоол, тоглоомын талбай, лифт байхгүй, 2006 онд ашиглалтанд орсоноос хойш 13 жил болсон, орон сууцны дотоод засал маш хуучирсан, засвар шаардлагатай байгаа.

Банкны дотоод үнэлгээгээр үйлчилгээний талбай нь 215.600.000 төгрөгөөр , орон сууц нь 87.120.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ба энэ үйлчилгээний талбайг 215.600.000 төгрөгийн үнэлгээгээр төлбөртөө тооцож өгөхийг зээлдэгч нарт санал болгож байсан. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-дэх хэсгийг яриад байна.            Тухайн заалтад энэ гурван аргаас аль тохирохыг нь үнэлэх гэж буй хөрөнгөндөө тохируулж, уг хуулийн 8.2-т заасан аргачлалаар тодорхойлно гэж заасан байна.

Түүнээс биш энэ гурван аргыг заавал гурвууланг нь ашиглана гэсэн хуулийн заалт алга. Мөн мэргэшсэн үнэлгээчдийн холбооноос тухайн аргуудыг зэрэг ашиглаж байж үнэлгээ зөв болно гэсэн зүйл байхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Шинжээчийн үнэлсэн дүнгээс үнэтэй, тухайн хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь мкв нь 2 сая болон 2,2 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгээ нотолсон баримт алга. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.О, Ц.Н нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351.671.727 төгрөг, Б.Оаас 6.350.476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2.081.261 төгрөг, нийт 360.103.464 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 556 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 49-63 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01, 02, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 04, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9/06 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17942 тоот мэдэгдлээр Б.О, Ц.Н нарт мэдэгджээ. /х.х-ийн 64,65,69,70,72,73,77,107,108-р хуудас/

Мөн тус мэдэгдэлээр Б.О, Ц.Н нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээний үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргах эрхэйг мэдэгдсэн байна.

2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 18280659 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол,2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 18280659/02 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18280659/04, 18280659/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 68,70,71,73,74,75,76-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Б.О, Ц.Н нар

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, 154 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кь талбайг 3.700.000 төгрөг буюу нийт 569.800.000 төгрөгөөр,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040119361 дугаартай, 2 өрөө орон сууцын 1 м.кв талбайг 2.600.000 төгрөг буюу нийт 197.600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичгээр ирүүлжээ./хх-ийн 78-р хуудас/

Төлбөр авагч Хас банк ХХК нь төлбөр төлөгч нарын өгсөн дээрх үнэлгээг үл зөвшөөрч, шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19/6400 дугаартай албан бичгээр ирүүлжээ./хх-ийн 79-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилох тухай 259 дугаартай тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх-ийн 80-106-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 117.887.368 төгрөгийн 70 хувиар тооцон 82.521.157 төгрөгөөр, 254.456.140 төгрөгийн 70 хувиар тооцон 178.119.298 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Б.О, Ц.Н нарт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17942 дугаартай мэдэгдэлийг мөн өдөрт нь түүнд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 107,108-р хуудас/

Төлбөр төлөгч Б.О, Ц.Н нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351.671.727 төгрөг, Б.Оаас 6.350.476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2.081.261 төгрөг, нийт 360.103.464 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.О, Ц.Н нар нь ... шинжээч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, 154 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байр, 2 тоот 76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.О, Ц.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 15 цагт болох шүүх хуралдааны товыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдэж шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар түүний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул тэдний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2342 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор Б.О, Ц.Н нараас 351.671.727 төгрөг, Б.О-аас 6.350.476 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2.081.261 төгрөг, нийт 360.103.464 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО