Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0441

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаарh221/МА2017/0441 

Улаанбаатар хот

 

 

  М.Мартебегийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Х.Мягмаржав, гуравдагч этгээд Е.Өмирбек нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Мартебегийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.6.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мартебегээс Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид болон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хэлэлцэх хуралдааныг зарлан хуралдуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Мягмаржав, гуравдагч этгээд Е.Өмирбек нар давж заалдах гомдолдоо: “...Е.Өмирбек намайг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлж, Багийн Засаг даргад өрсөлдсөн нэр дэвшигчид дотроос нийт санал хураалтад оролцсон 288 иргэдийн 147 буюу 57 хувийн санал авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын Засаг даргад томилуулах санал хүргүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан заалтад бүрэн нийцэж байна.

Уг тогтоолыг үндэслэн Буянт сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилогдсон. Тус Буянт сумын багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнгийн талаар ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт зөв үнэлсэн.

Нэхэмжлэгч М.Мартебе нь гуравдагч этгээд Е.Өмирбек намайг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн мөчид өр зээлтэй байсан хэмээн үзэж, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан “Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байна” гэдгийг зөрчсөн хэмээн үзэж, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хангаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд:

А/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д “Багийн засаг даргад нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоосон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх” гэжээ. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшин санал хураалтад оролцож, улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу иргэдийн 50-аас дээш хувийн санал авч нэр дэвшигчийг томилуулах саналыг томилох эрх бүхий этгээд болох сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасан мөчөөс эхэлж “нэр дэвшигч” болж байна. Нэр дэвшигч Е.Өмирбек намайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан болзлыг хангаагүй гэж үзвэл томилох эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан эрх хэмжээний хүрээнд хянаж томилохоос татгалзах эрхтэй.

Анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 17-нд 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэр гаргахдаа хуулийн тэрхүү заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Б/ Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар цорын ганц багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний асуудал юм. Тийм учраас багийн Засаг даргад нэр дэвших, урьдчилан бүртгэх, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан болзлыг /өр зээлтэй байгаа, татварын өртэй, ялтай эсэх/ хангаж байгаа эсэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлаас урьдчилан шалгах боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй учир багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн нэр дэвшүүлсэн хүнийг санал хураалтад оролцуулахаас татгалзах эрх багийн иргэдийн Нийтийн Хуралд олгогдоогүй гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй.

Баг, хорооны хурлын бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд хуулийн 17.1.2-т багийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй болохоос багийн иргэдийн Нийтийн Хуралд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан эрхийг олгоогүй гэдгийг анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолд хурлын дарга гарын үсэг зурах ёстой. Гэтэл хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Учир нь, Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлыг хамтын зарчмаар олонхийн саналаар хуралдаан даргалагчаар Б.Батнасанг сонгосон бөгөөд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох тухай зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн.

Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагааг эхний сонголтоор санал хураалт 50% хүрээгүй тул үргэлжлүүлэн хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчид дахин санал хураалт явуулсан учир нэг удаагийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар санал авсан учир Б.Батнасанг хуралдаан даргалагчаас чөлөөлсөн эрхийн акт багийн иргэдийн Нийтийн Хурлаас гараагүй учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагчаар сонгогдсон Б.Батнасан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолд гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй болно. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Е.Өмирбек миний бие багийн иргэдийн Нийтийн Хурал болсон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сум хөгжүүлэх санд төлбөл зохих 3.693.000 төгрөгийн зээлтэй боловч нэр дэвшсэнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд төлж барагдуулсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Гэтэл багийн Засаг даргад нэр дэвшигч Е.Өмирбек намайг багийн Засаг даргаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг дарга Б/03 дугаар захирамж гаргах мөчид ямар ч өр зээлгүй байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1 дэх заалт зөрчигдөөгүй.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч М.Мартебегийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан “Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрх зөрчигдсөн” гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь, М.Мартебе 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэр дэвшин оролцож, олонхийн санал авч чадаагүй болохоос түүний сонгогдох, сонгох эрх зөрчигдөөгүй. М.Мартебег иргэн сонгоогүй тул багийн Засаг даргаар томилогдоогүй. Энэ талаарх шүүхийн шийдвэрийн үндэслэл нь илт буруу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасныг буруу тайлбарласан.

Хурлын дэгийн 3.11-д багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарах эрхийн актад хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулахаар заасан учир хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь буруу гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлснийг давхар илтгэж байна.

Иймд энэхүү давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Мартебе Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх маргаан бүхий тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 51,04 хувь /147 хүн/-ийн санал авсан Е.Өмирбекийг 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар Буянт сумын Засаг даргад санал болгосон байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тухайн өдөр багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт зэрэг явагдахад иргэдийн Нийтийн Хурлын даргаар Х.Мягмаржав сонгогдсон. Дараа нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахад хуралдааныг иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Х.Мягмаржав удирдан явуулах ёстой байтал удирдаж явуулаагүй, мөн Е.Өмирбек зээлийн өртэй болох нь нотлогдсон байхад багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгосон зэргээр хууль зөрчсөн” гэж тодорхойлон маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 26.6.1-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж заажээ.

Гуравдагч этгээд Е.Өмирбек нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Буянт сумын Сум хөгжүүлэх сангаас зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3693700 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2874 дүгээр захирамжаар баталгаажуулсан байна.

Улмаар дээрх эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд Е.Өмирбекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоогдсон байх тул түүнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс гуравдагч этгээд Е.Өмирбекийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, Е.Өмирбек нь 2 дахь удаагийн санал хураалтаар хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 51,04 хувийн саналыг авснаар түүнийг тус хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцжээ.

Түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч Е.Өмирбек нь зээлийн төлбөр 3693700 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу “Эвлэрлийн гэрээ”-ээр тогтоосон хугацаанаас өмнө төлж барагдуулсан нь тогтоогдсон, улмаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Е.Өмирбекийг 2 дугаар багийн Засаг даргаар томилсныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй этгээдийг томилж, хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Ийнхүү Е.Өмирбек нь Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвших үед хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасны дотор 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ...саналыг хэлэлцэн, сумын Засаг даргад уламжлах”-аар зохицуулжээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн саналаар хуралдааныг Б.Батнасан даргалж, тухайн Хурлын даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал зэрэг хэлэлцэгдсэн байх бөгөөд уг санал хураалтын дүнгээр Х.Мягмаржав олонхийн санал авч, 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх 2 дахь санал хураалтын үр дүнгээр Е.Өмирбек нь олонхийн санал авч, 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн, дээрх тогтоолд хуралдаан даргалагч Б.Батнасан гарын үсэг зурсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

            Өөрөөр хэлбэл, 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн Е.Өмирбек нь 147 хүний буюу хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, түүнчлэн Засаг даргыг санал болгосон тогтоолд хуралдаан даргалагч Б.Батнасан гарын үсэг зурсан байхад зөвхөн тухайн өдөр иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Х.Мягмаржав дээрх тогтоолд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгч М.Мартебегийн сонгогдох эрх зөрчигдөөгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мартебегийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                    

шүүгч Э.Халиунбаяр

шүүгч Н.Хонинхүү

шүүгч Б.Тунгалагсайхан