Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01507

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01507

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. байранд байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.............. байрлах, Б ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 877 771 207 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, Ө.Ц, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

хариуцагчийн төлөөлөгч Т.М,

гэрч  Г.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК  хариуцагч Б ХХК-нд холбогдуулан 1 045 795 927 төгрөг гаргуулахаар шаардсаныг, шүүх хуралдаанд нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй хөрөнгөжсөн 38 664 720 төгрөг, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 129 360 000 төгрөг, нийт 168 024 000 төгрөг гаргуулах шаардлагаар багасгаж,

 

а/ 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 сарыг дуусталх түрээсийн төлбөр 581 276 000 төгрөг, алданги 278 560 000 төгрөг, 2019 оны цахилгааны төлбөр 17 935 207 төгрөг, нийт 877 771 207 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

б/ Хариуцагч  Б ХХК талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А ХХК, Б ХХК нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу А ХХК нь өөрийн өмчлөлийн .................. байрлах А ХХК-ийн конторын барилгын 1 дүгээр давхарт байрлах 160 м.кв талбайтай конторын зориулалттай 5 өрөөг, 3 дугаар давхарт байрлах 100 м.кв талбайтай ажилчдын амьдрах байрны зориулалттай өрөөг, цехийн барилгын 1 дүгээр давхрын 2206 м.кв цехийн талбайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон. Түрээсийн төлбөр нь нэг сарын 16 423 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн талууд түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, конторын барилгын 1 дүгээр давхарт 192 м.кв талбайтай 6 өрөөг, 2 дугаар давхарт 90 м.кв талбайтай 3 өрөөг нэмж түрээслэхээр болж, сарын түрээсийн төлбөрийг 18 436 000 төгрөг болгож, нэг жилийн хугацаагаар сунгасан. Түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сунгаж, нэг сарын түрээсийн төлбөр 15 301 000 төгрөг байхаар тохирсон. Ингээд гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч Б ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар, гэрээ үргэлжлэн хэрэгжиж байгаад 2020 оны 4 дүгээр сард талбай, оффисыг чөлөөлж өгсөн. Түрээсийн гэрээний хугацаанд А ХХК-ийн зүгээс Б ХХК-д удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, нэхэмжлэх хүргүүлсэн боловч Б ХХК нь түрээсийн төлбөрт 581 276 000 төгрөг, алданги 278 560 000 төгрөг, цахилгааны төлбөрт 17 935 207 төгрөгийг төлөхгүй байсаар өдий хүрсэн. Иймд хариуцагч Б ХХК-иас конторын талбай түрээсэлсэн төлбөрт 581 276 000 төгрөг, алданги 278 560 000 төгрөг, цахилгааны төлбөрт 17 935 207 төгрөг нийт 877 771 207 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэдийгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй ч уг гэрээний дагуу дээрх хугацаанд түрээсийн байрыг ашиглаж, эзэмшсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 болон 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар түрээсийн төлбөрөө шаардаж байна. Хариуцагч талын яриад Төлбөр барагдуулах гэрээ нь энэ нэхэмжлэлд хамааралгүй бөгөөд тусдаа асуудал гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоно гэв.

  2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ээр иргэн, аж ахуй нэгжүүдээс, хамтран төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн авсан зээлийг эргүүлэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу А ХХК нь нийт 1 513 193 961 төгрөгийг хариуцан барагдуулахаар болж, үүнд нь Б ХХК-иас А ХХК-д төлөх 484 000 000 төгрөгийг хамааруулсан болно. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хугацаанд хамаарах буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг А ХХК өөрөө хариуцахаар тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд Б ХХК-ийн үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл конторын байрыг тодорхой хугацаанд зөвхөн түрээсийн төлбөргүйгээр ашиглуулах, ус, цахилгаан, дулааны үнэ хамаарахгүй. А ХХК-ийн байрыг үйлдвэрийн явцад түрээсээр эзэмшихэд гарах түрээсийн төлбөрийн зардлын дүнг Б ХХК-ий 45 хувийн хувьцааны үнэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцохоор тохиролцсон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж  заасан. Иймээс нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/..... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ..... дугаар магадлалаар 525 311 928 төгрөгийг Б ХХК, А ХХК нараас гаргуулан Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Б ХХК болон А ХХК нь Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, энэхүү гэрээний 1.3-т дурдсан Х ХХК-д төлөх 525 311 928 төгрөгийг Б ХХК хариуцан төлж, үүнээс 425 311 928 төгрөгт автомашин шилжүүлж, үлдэх 100 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б ХХК, А ХХК болон Х ХХК нар гурван талт Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр дээр дурдсан 525 311 928 төгрөгийг хэрхэн төлөх талаар зааж, энэ төлбөр төлөгдсөн даруйд Х ХХК нь А ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, А ХХК-ийн байранд хадгалагдаж буй Б ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг А ХХК-иас Б ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон юм. Дээрх Төлбөр барагдуулах гэрээ, Эвлэрлийн гэрээ-ний аль алинд нь Х ХХК-д шилжүүлэн өгч буй автомашины НӨАТ-ыг хэн шивэх талаар тусгаагүй, энэ талаар талууд харилцан тохиролцоогүй байсан. А ХХК-ийн хувьд өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд сайн дураараа НӨАТ-ын төлбөрт 38.664.720 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 сарын 01-ний өдөр, 2017 оны 11 сарын 01-ний өдөр, 2018 оны 11 сарын 01 өдөр тус тус байгуулсан Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Аливаа гэрээ нь талуудын хүсэл зорилгын илэрхийлэл байх учиртай. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад заасан түрээсийн гэрээнүүд нь тасралтгүй үргэлжилж байгаа буюу сунгалт хийгдсэн гэрээнүүд биш бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн түрээсийн гэрээнүүдийн гол нөхцөл өөр өөр байгаагаас тодорхой харагдана. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримаар түрээсийн гэрээнүүдийг гарган үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж байгаа боловч тухайн гэрээнүүд нь Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Б ХХК нь А ХХК-тай хэд хэдэн төсөл дээр хамран ажиллахаар тохиролцож, талууд хөрөнгө оруулалтаа мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр гаргахаар тохирсон. Үүний дагуу А ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын хэлбэрийг мөнгөөр бус өөрийн эзэмшлийн объектод үйл ажиллагаа нөхцөлөөр хангах байдлаар хийсэн. Энэ нь тухайн үед Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд орсон өөрчлөлт, маргаан бүхий хугацаанд талууд хамтран арилжааны зээл авч байсан нөхцөл зэргээр тогтоогдоно. Мөн дээр дурдсан түрээсийн гэрээнүүд нь агуулгын хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ боловч уг гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж байгуулсан гэрээ байсан учир мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаагаар тодорхой нотлогдож байгаа. Мөн талуудын хооронд түрээсийн гэрээ бодитоор байгуулагдаагүй болох нь хөөн хэлэлцэх хугацаанд нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн үйл баримтаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гээд байгаа хамтран ажиллаж байсан нөхцөл байдал байхгүй. Иргэний хуульд зааснаар компани өөрийн нэр болон өөрийн хуулийн этгээдийн бүртгэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. А ХХК нь ганцхан хувьцаа эзэмшигчтэй байсан бол Б ХХК нь олон хувьцаа эзэмшигчтэй байсан. 45 болон 55 хувийн хувьцаа эзэмшигчтэй байсан. 45 хувь нь түрээсийг хариуцах ёстой байсан гэж яриад байгаа нь А ХХК-тай огт холбоогүй. Энэ нь Б ХХК-ийн дотоод асуудал. Бид энэ компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигчидээс нь шаардана гэсэн үндэслэл байхгүй. Зөвхөн Б ХХК-тай гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ дагуу шаардаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.

  5. Нэхэмжлэгчээс Б ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ, А ХХК-ийн Нэхэмжлэх, Түрээсийн авлага, Б ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ..... дүгээр Хүсэлт гаргах тухай, А ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 44/.... дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Кассын орлогын ордер, Х ХХК-ийн Нягтлан бодогчийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээний НӨАТ-ын асуудлаар төлбөр төлөх хэлцэл, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, Төлбөрийн даалгавар, Төлбөрийн нэхэмжлэх, Шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордер гэсэн баримтууд, 2018.04.20-ны өдрийн, 2019.07.19-ний өдрийн А ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2019.07.18-ны өдрийн, 2019.12.23-ны өдрийн А ХХК болон Б ХХК-ийн тооцоо нийлсэн акт, А ХХК-ийн дансны хуулга зэрэг, Харуулын ээлж хүлээлцэх рапортын дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлсэн./1-р хх-ийн 6-10, 14-95, 115,116, 2-р хх-ийн 41-45, 59/

6. Хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.07.01-ний өдрийн 001/ХТ2021/..... дугаар тогтоол,Түрээсийн төлбөрийн тооцоо, Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол №....., сөрөг нэхэмжлэл, тооцоо нийлсэн акт №..., Б ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн .....дугаар тогтоол, Б ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн ..... дугаар шийдвэр, Б ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2016 оны 10 сарын 17-ны өдрийн ........ дугаар шийдвэр, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 04 сарын 09-ний өдрийн №...... тэмдэглэл, Б ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.04.09-ний өдрийн .... тогтоол, Хөдөлмөрийн контракт, Б ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн ...... дугаар шийдвэр, Б ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2018 оны 04 сарын 09-ний өдрийн ...... дугаар шийдвэр, 2019.11.22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, Б ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.03.16-ны өдрийн ..... шийдвэр, Б ХХК Түрээсийн төлбөрийн тооцоо, Б ХХК өглөгийн бүртгэл-барилгын ажилд зарцуулсан санхүүжилтээс төлөгдөх хүснэгт№4, 2019.11.08-ны өдрийн ТУЗ-ийн өргөтгөсөн хурлын протокол, хувь хүнээс авсан бусад зээлүүд/2017, 2018, 2019/, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн ..... дугаар Б ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1-р хх-ийн 205-226,249, 2-р хх-ийн 7-33/

7. Хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 сарын 22-ны өдрийн .........дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолыг шүүхийн журмаар хэрэгт авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Гг, хариуцагчийн хүсэлтээр гэрч Э.Мыг асууж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан ба нэхэмжлэгч нь гэрч Р.Эыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно./1-р хх-ийн 201-202, 2-р хх-ийн 39-40/

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 397 345 538 төгрөгийг хангаж, үлдэх 480 425 669 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 581 276 000 төгрөг, гэрээнд зааснаар үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид 278 560 000 төгрөг, цахилгааны төлбөрт 17 935 207 төгрөг, нийт 877 771 207 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдээгүй хэдий ч уг хугацаанд түрээсийн байрыг ашиглаж, эзэмшсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар түрээсийн төлбөрөө шаардаж байна. гэж тайлбарласан.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул  хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймээс уг гэрээний үүргийг А ХХК нь шаардах эрхгүй юм. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 484 000 000 төгрөгийг А ХХК өөрөө хариуцахаар тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээ-ээр Х ХХК-д төлөх 525 311 928 төгрөгийг Б ХХК хариуцан төлж, үүнээс 425 311 928 төгрөгт автомашин шилжүүлж, үлдэх 100 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б ХХК, А ХХК болон Х ХХК нар гурван талт Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 525 311 928 төгрөгт ногдох НӨАТ-ыг Б ХХК төлнө гэж тохиролцоогүй, нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. гэж маргажээ.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Түрээсийн гэрээнүүд нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Б ХХК нь А ХХК-тай хэд хэдэн төсөл дээр хамран ажиллахаар тохиролцож, талууд хөрөнгө оруулалтаа мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр гаргахаар тохирсон. Үүний дагуу А ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын хэлбэрийг мөнгөөр бус өөрийн эзэмшлийн объектод үйл ажиллагаа нөхцөлөөр хангах байдлаар хийсэн. Энэ нь тухайн үед Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд орсон өөрчлөлт, маргаан бүхий хугацаанд талууд хамтран арилжааны зээл авч байсан нөхцөл зэргээр тогтоогдоно. Мөн дээр дурдсан түрээсийн гэрээнүүд нь агуулгын хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ боловч уг гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж байгуулсан гэрээнүүд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож өгнө үү гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчилсан болон дүр үзүүлсэн байдлаар хийгдээгүй бөгөөд талуудын хооронд хамтран ажилласан болон хөрөнгө оруулсан нэг ч зүйл байхгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өөр гуравдагч компанитай холбоотой асуудлаар эвлэрсэн. Уг эвлэрэлд энэ түрээсийн гэрээний талаар ямар ч хамаарал байхгүй. гэж маргажээ.

  6. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6.а. Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч А ХХК нь ..................  байрлах барилгын 1 давхарт байрлах 160 м.кв талбайг конторын зориулалтаар, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 16 423 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

  6.б. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч А ХХК нь ....................... байрлах барилгын 1 давхарт байрлах 192 м.кв талбайг конторын зориулалтаар, 2 давхарт байрлах 90 м.кв талбайг конторын зориулалтаар, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 18 436 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

  6.в. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч А ХХК нь .................... байрлах барилгын 1 давхарт байрлах 192 м.кв талбайг конторын зориулалтаар, 2 давхарт байрлах 90 м.кв талбайг конторын зориулалтаар, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 15 301 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

  6.г. Түүнчлэн дээрх гэрээнүүдийн 1.4-т түрээслэгч нь түрээсийн талбайд ногдох сар бүрийн дулаан, цахилгааны төлбөрийг суурилуулсан тоолуурын заалтын дагуу хэрэглэсэн хэмжээгээр төлнө гэж тус тус тохиролцжээ.

6.д. Хариуцагч Б ХХК нь дээрх түрээсийн байрыг 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарыг дуустал түрээсэлсэн болох нь хэрэгт авагдсан харуулын ээлж хүлээлцэх рапортын дэвтэр болон гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.

  7. Талуудын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээг байгуулсан хэдий боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар дээрх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар Б ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

7.а. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн түрээсийн талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон.

7.б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д ...бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж заажээ.

8. Нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул хариуцагч нь хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх ба 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 сарыг дуусталх хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 384 200 000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлөгдөөгүй цахилгааны төлбөрт 13 145 538 төгрөгийг, нийт 397 345 538 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгох үндэслэлтэй.

8.а. Харин 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 1.2-т түрээслүүлэгч нь зөвхөн байрны түрээсийн төлбөрийг түрээслэгч компанийн ажиллагаа жигдэртэл буюу 1 жилийн хугацаанд авахгүй байхаар харилцан тохиролцов. гэсэн байх тул дээрх хугацааны түрээсийн төлбөрт 197 076 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

8.б. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул нэхэмжлэлээс алдангийн 278 560 000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас шаардах эрхгүй юм.

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

9.а Хариуцагч Б ХХК нэхэмжлэгч А ХХК-нд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Түрээсийн гэрээнүүд нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Б ХХК нь А ХХК-тай хэд хэдэн төсөл дээр хамран ажиллахаар тохиролцож, талууд хөрөнгө оруулалтаа мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр гаргахаар тохирсон. Үүний дагуу А ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын хэлбэрийг мөнгөөр бус өөрийн эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах байдлаар хийсэн. гэж тайлбарлаж, Б ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүд болон компанийн холбогдох шийдвэр, баримтуудыг ирүүлсэн байна.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлэх ба мөн хуулийн 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр хариуцагч нь энэ талаараа нотлоогүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгч нь гэрч Р.Эыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдав. /хүсэлтийг хэрэгт хавсаргасан./

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас төлбөрт 397 345 538 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 480 425 669 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 386 929 төгрөгийг, хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 163 976 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 144 678 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ