Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01505

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01505

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: .................. хаягт оршин суух М.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............. хаягт оршин суух Г.Ч,

Хариуцагч: ............... хаягт оршин суух Б.Г нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 194 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүйгээр тооцож авсан 87 100 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б/цахимаар/

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, 

хариуцагчийн төлөөлөгч Л.С, 

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Н хариуцагч Г.Ч, Б.Г нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 249 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад багасгаж, 194 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч хариуцагч Г.Ч, Б.Г нар 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүйгээр тооцож авсан 87 100 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Г.Ч, Б.Г нартай 2017.12.27-ны өдөр 2017/*****-01 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд уг зээлийг олгохдоо ............ ХХК-иас мөн өдөр зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг зээл авч олгосон. Тухайн үед хариуцагч нар нь үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөхөө илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг худалдан борлуулсан байна. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл зээлийн хүүг огт төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсаны эцэст орон сууцыг 111 000 000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Үүнээс өөрөөр зээл, хүүгийн төлбөр хийгээгүй тул залилан мэхлэх үйлдэл хийсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 120 000 000 төгрөг, нийт 360 000 000 төгрөг төлөх ёстойгоос 111 000 000 төгрөгийг хасаж, нийт 249 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин хэрэгт авагдсан ............. ХХК-ны дансны хуулгаас үзэхэд хариуцагч Г.Ч нь 47 000 000 төгрөгийг, Б.Г нь 8 000 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргахгүй тул эдгээр төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж, зээлийн үлдэгдэл төлбөрт 194 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарын төлөөлөгч Л.С хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Ч, Б.Г нартай 2017/*****-01 тоот зээлийн гэрээг байгуулж 200 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээл хүү, алдангид 249 000 000 төгрөгийг гаргуулна гэжээ. Бодит байдал дээр Б.Г, Г.Ч нар нь М.Ноос тус бүр 73 500 000 төгрөг, нийтдээ 147 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Мөнгийг зээлж авах үедээ ямар нэгэн хүү алданги төлөх талаар тохиролцоогүй, харин хамтын ажиллагаатай танил найзууд байсан учир боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр амаар тохиролцсон байдаг. Дээрх мөнгийг зээлснээс хойш хариуцагч нар нь өөрсдийн боломжит хэмжээгээр М.Нын Голомт банк ХХК дахь ............. тоот дансанд болон ............. ХХК-ийн Хаан банк ХХК дахь ............. тоот дансанд 2018.03 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл бэлэн болон бэлэн бусаар нийтдээ 67 000 000 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгчийн зүгээс зээлээ хурдан хугацаанд бөөнд нь төлж дуусгахыг удаа дараа шаардаж, хариуцагч нарын нэр хүндэд халдана, цагдаа шүүхэд өгнө гэх зэргээр дарамталж, баримт үйлдэнэ гарын үсэг зур гэсэн учир 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр очиж гэрээнд гарын үсэг зурсан. Талууд 2020 оны 8 дугаар сард зээл төлбөрөө дуусгахаар тохиролцож Хан-Уул дүүрэгт байрлалтай 74 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2 150 000 төгрөгт, нийт 159 100 000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Тус орон сууцыг шилжүүлж өгснөөс хойш тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт үйлдэхээр М.Нтой уулзах гэсэн боловч холбоо сураггүй, таг чиг байж байгаад 2021 оны сүүлээр, хүү алданги төлөхийг шаардаж, цагдаад гомдол гаргасан. Мөн нэхэмжлэгч нь зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 120 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан талуудын хооронд хүү алданги төлөх талаар талууд тохиролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгө нь нийт 147 000 000 төгрөг, нөхөж байгуулсан зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий байгуулагдсан, төлбөрт бэлэн бусаар 159 100 000 төгрөгийн эд хөрөнгө, 67 000 000 төгрөг, нийт 226 100 000 төгрөгийн төлбөрийг буцааж төлсөн байхад 200 000 000 төгрөг зээлсэн , огт төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж дээрх мөнгөнөөс хүү, алданги тооцож байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн 200 000 000 төгрөг зээлсэн, хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүүг огт төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нар нь зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Г.Ч, Б.Г нар нь 2017.12.28-ны өдөр иргэн М.Ноос 147 000 000 төгрөгийг зээлж боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Талууд харилцан тохиролцох үед ямар нэгэн хүү алданги төлөх талаа ярилцаагүй байдаг бөгөөд харин хамтын ажиллагаатай танил найзууд байсан учир боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр амаар тохиролцсон. ...Нэхэмжлэгч нарын зүгээс 234 100 000 төгрөгийг төлснөөс хойш буюу 2020.08 дугаар сараас хойш тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт үйлдэхээр М.Нтай уулзах гэсэн боловч зээлдүүлэгч нь утсаа авахгүй, холбоо сураггүй алга болсон байдаг. Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас анхны зээлдүүлсэн 147 000 000 төгрөг дээр 87 100 000 төгрөгийг нэмж шаардан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учир М.Ноос дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Дээр дурдсанаар зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарын олны танил, олон нийтэд нэр хүндтэй ажил хийдэг гэх нөхцөл байдлыг ашиглаж цагдаа шүүхэд өгнө, нэр хүндэд халдана, гэж удаа дараа дарамталж 2018.03.27-ны өдөр баримтад ирж гарын үсэг зур, зурахгүй бол нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, нэр төрд нь халдана гэж дарамталж зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх бичгээр байгуулсан 2017/*****-01 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэлт зоригийн үндсэнд байгуулагдаагүй бөгөөд зээлдүүлэгчийн дарамт шахалт, сүрдүүлэгт үндэслэгдэн байгуулагдсан байна. Иймд дээрх байдлаар байгуулагдсан гэх 2017/*****-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүйгээр тооцож авсан 87 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нартай найз нөхдийн холбоо байсан учраас 200 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нар тохирсон тохиролцоо, гэрээнийхээ дагуу төлбөрөө хийгээгүй. Гэрээг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн байдаг. Гэрээ байгуулснаас хойш сар болгон 8 000 000 төгрөгийн хүү өгөх ёстой байсан. Ерөөсөө хүү өгөхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 4 000 000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш 1 000 000 төгрөгөөр орж ирдэг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсан. Ингээд нийтдээ 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 75 000 000 төгрөг төлсөн гэж байгаа. Б.Гын тухайд 47 000 000 төгрөг төлсөн баримт байгаа. Г.Чын тухайд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр нийтдээ 8 000 000 төгрөг төлсөн байдаг. Нийтдээ хариуцагч нарын төлсөн мөнгө нь 55 000 000 төгрөг төлсөн нь баримтаар харагддаг. 67 000 000 төгрөг төлсөн зүйл байхгүй. 2020 оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах 74 м.кв 3 өрөө байрыг м.кв-ын 2 150 000 төгрөгөөр тооцож 159 100 000 төгрөгөөр шилжүүлсэн гэж байгаа. Энэ тухай баримт байдаггүй. ............. ХХК-ийн захирал н.Цэнд гэдэг хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаад хүсэлтээсээ татгалзсан байна. Энэ хүн энэ маргааныг таслах байсан. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгаа. Энэ гэрээнд 127 440 000 төгрөгөөр орон сууцыг захиалах гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч 159 100 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн гээд байдаг. Хүү, алдангиа төлөхгүй бол цагдаад хандана гэж дарамталсан зүйл байхгүй. Гэрээг нотариатаар батлуулж хийсэн учир хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар нэгэн үндэслэл байхгүй. Нэр хүндэд халдаж, дарамт шахалт үзүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх нь үндэслэлгүй. Нотариатаар 3 хүн хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийгдсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 Зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн прокурорын газрын 2022.05.20-ны өдрийн 482 дугаар албан бичиг, 2020.04.15-ны өдрийн А2/2020/08/..... дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-8, 58-64/

 

6. Хариуцагчаас Баянгол дүүргийн прокурорын газрын 2022.09.26-ны өдрийн 2/..... тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Г, Г.Ч нараас зээлийн төлбөр төлсөн тооцны баримт, 2020.04.15-ны өдрийн А2/......... дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.09.14-ний төлбөрийн баримт, дансны хуулга, 2021.11.02-ны өдрйн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 Зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 34-35, 38-56, 128-130/

 

7. Талуудын хүсэлтээр 2022.10.10-ны өдрийн 1741 дугаар албан бичиг, 2020.08.25-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөрийн баримт, Ти энд эс эн эйч ХХК-ийн албан бичиг, 2020.04.15-ны өдрийн А2/.........дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.04.02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.04.01-ний өдрийн .... дугаар худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.03.15-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.06.30-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.06.23-ны өдрийн ..... дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2021.06.30-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.06.30-ны өдрийн БГҮ/***** дугаар барьцааны гэрээ, 2021.06.30-ны өдрийн ЗГ/202146500704 дугаар ипотекийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, Хан-Уул дүүргйн прокурорын газрын 2022.10.12-ны өдрийн 1/..... тоот албан бичиг, Архивын газрын 2022.10.17-ны өдрийн 04/.....тоот албан бичиг, Ж.Н өмгөөлөгчийн 2021.10.01-ний өдрийн .. дугаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай хүсэлт, 2021.10.24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.02.16-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Хаан банк ХХК-ийн .............тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг хэрэгт хавсаргаж, хариуцагч нарын төлөөлөгч Л.Соёмбо гэрчээр Г.Цэндийг асуулгах хүсэлтээсээ татгалзав. /хх-ийн 74-123, 127, 136-155/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Г.Ч, Б.Г нартай 2017.12.27-ны өдөр 2017/*****-01 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд уг зээлийг олгохдоо ............. ХХК-иас мөн өдөр зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг зээл авч олгосон. Тухайн үед хариуцагч нар нь үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөхөө илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг худалдан борлуулсан байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 120 000 000 төгрөг, нийт 360 000 000 төгрөг төлөх ёстойгоос 111 000 000 төгрөгийг, мөн Г.Ч нь 47 000 000 төгрөгийг, Б.Г нь 8 000 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргахгүй тул эдгээр төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж, зээлийн үлдэгдэл төлбөрт 194 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч тал ...Б.Г, Г.Ч нар нь М.Ноос тус бүр 73 500 000 төгрөг, нийтдээ 147 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгөнөөс М.Нын Голомт банк ХХК дахь ............... тоот дансанд болон ............. ХХК-ийн Хаан банк ХХК дахь .............тоот дансанд 2018.03 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл бэлэн болон бэлэн бусаар нийтдээ 67 000 000 төгрөгийг төлсөн. Талууд 2020 оны 8 дугаар сард зээл төлбөрөө дуусгахаар тохиролцож, ............... байрлалтай 74 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2 150 000 төгрөгт, нийт 159 100 000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Талуудын хооронд хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй. Зээлийн мөнгөн хөрөнгө нь нийт 147 000 000 төгрөг, нөхөж байгуулсан зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий байгуулагдсан, төлбөрт бэлэн бусаар 159 100 000 төгрөгийн эд хөрөнгө, 67 000 000 төгрөг, нийт 226 100 000 төгрөгийг төлбөрийг буцааж төлсөн байхад 200 000 000 төгрөг зээлсэн, огт төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Ноос 147 000 000 төгрөгийг зээлж боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Дээрх мөнгийг зээлснээс хойш хариуцагч нар нь М.Н болон ............. ХХК-ийн Хаан банк дахь .............тоот дансанд 2018.03.27-ны өдрөөс 2019.09.14-ний өдрийг хүртэл бэлэн болон бэлэн бусаар нийтдээ 67 000 000 төгрөгийг төлсөн. Мөн 2020 оны 8 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлалтай 74 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2 150 000 төгрөгт, нийт 159 100 000 төгрөгт тооцон шилжүүлж нийт 226 100 000 төгрөг төлсөн. Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас анхны зээлдүүлсэн 147 000 000 төгрөг дээр 87 100 000 төгрөгийг нэмж шаардан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учир М.Ноос дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2017/*****-01 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэнд байгуулагдаагүй бөгөөд зээлдүүлэгчийн дарамт шахалт, сүрдүүлэгт үндэслэгдэн байгуулагдсан байна. Иймд дээрх бичгээр байгуулсан гэх 2017/*****-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүйгээр тооцож авсан 87 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч татгалзлын үндэслэлээ Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээгээр мөнгө өгөөгүй хэдий ч талууд өөрсдөө очиж гэрээг байгуулсан. гэж тайлбарласан.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6.а. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 200 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд, сарын 4 хувийн хүү буюу 8 000 000 төгрөгийг сар бүр тогтсон хугацаанд төлж байхаар тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байр, 3 дугаар давхрын үйлчилгээний хэсгийн Ү-............. үл хөдлөх хөрөнгийн дугаартай 161.5 м.кв талбайг барьцаалсан гэрээг хэрэгт ирүүлжээ.

6.б. Нэхэмжлэгч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээний дагуу шаардаж байх боловч уг гэрээгээр 200 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн, түүнчлэн уг гэрээний дагуу талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан асуудлаар болон уг гэрээг 2018 оны 03 сарын 18-ны өдөр нөхөн байгуулж, мөн өдрөө нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримтын тухайд маргахгүй байна.

7. Нэхэмжлэгч М.Н нь ............. ХХК-иас зээл авч, дээрх гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн гэж, мөн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нарыг төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.

7.а. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарыг зээлийн төлбөрт 58 000 000 төгрөгийг, орон сууцыг 111 000 000 төгрөгт тооцож авсан талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа 194 000 000 төгрөг болгож багасгасан.

8. Хариуцагч Г.Ч, Б.Г нар нь 2017.12.28-ны өдөр иргэн М.Ноос тус бүр 73 500 000 төгрөгийг өөр өөрсдийн дансаар шилжүүлэн авсан асуудлаар маргаагүй байх ба 147 000 000 төгрөгийг зээлж боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан байна.

9. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Г.Ч, Б.Г нарт холбогдуулан 183 550 000 төгрөгийг залилсан үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байх ба ............. дугаартай хэргээс нэхэмжлэгч М.Н хохирогчоор, гэрчээр өгсөн мэдүүлгүүд авагдсан байх ба уг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан талаар 2022.05.20-ны өдрийн 482 дугаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар гомдлын хариуг өгсөн байна./хх-ийн 7/

9.а. Дээрх прокурорын хариу мэдэгдэх хуудас болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч М.Н хариуцагч Г.Ч, Б.Г нар нь 2016 оноос найз нөхдийн харилцаатай байж, улмаар мөнгө төгрөг зээлдүүлж байсан асуудлаар маргаагүй хэдий ч 2017.12.27-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлсэн, түүнчлэн уг гэрээний дагуу зээлийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

10. Хариуцагч Г.Ч, Б.Г нар нь 2018.03.27-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018.04.05-нд 4 000 000 төгрөг, 2018.05.01-нд 4 000 000 төгрөг, 2018.08.22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018.12.14-нд 1 000 000 төгрөг, 2018.12.17-нд өдөр 1 000 000 төгрөг, 2019.01.22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019.02.22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019.02.27-нд 2 000 000 төгрөг, 2019.09.16-нд 30 000 000 төгрөгийг тус тус ............. ХХК-ийн Хаан банкны .............тоот дансанд нийт 58 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Нын Голомт банкны ................. тоот дансанд 2019.09.14-нд 30 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 46-52/

 

10.а. Түүнчлэн хариуцагч Г.Ч нь 2020.04.15-ны өдөр Ти энд эс эн эйч ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр .................... хаягт байрлах, 74 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж авсан хэдий ч нэхэмжлэгч М.Нтой 2020 оны 8 дугаар сард зээлийн төлбөртөө тооцож, төлж дуусгахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Нод уг орон сууцыг шилжүүлэн өгч, М.Н нь тус байрны хууль ёсны өмчлөгч болсон байна. /хх-ийн 85/

11. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талууд энэ асуудлаар маргаагүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээний дагуу /2018 оны 03 сарын 18-ны өдөр нөхөн байгуулсан/ зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн гэх үндэслэлгүй тул хүү, алданги шаардах эрхгүй юм.

12. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Г.Ч, Б.Г нар нь 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 87 100 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэх 2017.12.27-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлсэн, түүнчлэн уг гэрээний дагуу зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй тул дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн зээлийн төлбөрт мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч М.Н нь хариуцагч нарт анх хэдэн төгрөгийг зээлдүүлсэн талаараа баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарыг биелүүлээгүй гэж, түүнчлэн илүү төлсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг нь 2020 оны 08 сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг М.Нын өмчлөлд шилжүүлснээр дууссан гэж үзэхээр байх ба дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ шаардаж байсан баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

13. Хариуцагч нарын төлөөлөгч нь ............. ХХК-ийн захирал Г.Цийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно./хүсэлтийг хавсаргав./

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ч, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 194 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Ч, Б.Г нарын 2017.12.27-ны өдрийн 2017/*****-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, илүү төлсөн 87 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 402 950 төгрөгийг, хариуцагч Г.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663 650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ