Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/Ма2023/01329

 

 

  

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01329

 

  

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01505 дугаар шийдвэртэй, М.Н-ын нэхэмжлэлтэй Г.Ч, Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 194,000,000 гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Г.Ч, Б.Г нартай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2017/1227-01 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд уг зээлийг олгохдоо Э ХХК-иас мөн өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг зээл авч олгосон. Тухайн үед хариуцагч нар нь үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөхөө илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг худалдан борлуулсан байна. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл зээлийн хүү төлөөгүй, удаа дараа шаардсаны эцэст орон сууцыг 111,000,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Үүнээс өөр төлбөр хийгээгүй тул залилан мэхлэх үйлдэл хийсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 40,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөг төлөх ёстойгоос 111,000,000 төгрөгийг хасаж, нийт 249,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин хэрэгт авагдсан Э ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч Г.Ч нь 47,000,000 төгрөгийг, Б.Г нь 8,000,000 төгрөгийг төлсөн асуудлаар маргаагүй, эдгээр төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж, зээлийн үлдэгдэл төлбөрт 194,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Ч, Б.Г нартай 2017/1227-01 тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээл хүү, алдангид 249,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Бодит байдалд Б.Г, Г.Ч нар нь М.Н-оос тус бүр 73,500,000 төгрөг, нийт 147,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Мөнгө зээлж авах үедээ ямар нэгэн хүү алданги төлөх талаар тохиролцоогүй, харин хамтын ажиллагаатай танил найзууд байсан учир боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр амаар тохиролцсон байдаг. Дээрх мөнгийг зээлснээс хойш хариуцагч нар нь М.Н-ын Голомт банк ХХК дахь 2705108661 тоот дансанд болон Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь 572206**** тоот дансанд 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл бэлэн болон бэлэн бусаар нийт 67,000,000 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгчийн зүгээс зээлээ хурдан хугацаанд бөөнд нь төлж дуусгахыг удаа дараа шаардаж, хариуцагч нарын нэр хүндэд халдана, цагдаа шүүхэд өгнө гэх зэргээр дарамталж, баримт үйлдэнэ гарын үсэг зур гэсэн учир 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр очиж гэрээнд гарын үсэг зурсан. Талууд 2020 оны 08 дугаар сард зээл төлбөрөө дуусгахаар тохиролцож Хан-Уул дүүрэгт байрлалтай 74 м.кв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2,150,000 төгрөгт, нийт 159,100,000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Уг орон сууцыг шилжүүлсэнээс хойш тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт үйлдэхээр М.Н-той уулзах гэсэн боловч холбоо сураггүй, таг чиг байж байгаад 2021 оны сүүлээр, хүү алданги төлөхийг шаардаж, цагдаад гомдол гаргасан. Мөн нэхэмжлэгч зээлийн хүү 40,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан талуудын хооронд хүү алданги төлөх талаар талууд тохиролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгө нийт 147,000,000 төгрөг, нөхөж байгуулсан зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий байгуулагдсан, төлбөрт бэлэн бусаар 159,100,000 төгрөгийн эд хөрөнгө, 67,000,000 төгрөг, нийт 226,100,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байхад 200,000,000 төгрөг зээлсэн, төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 200,000,000 төгрөг зээлсэн, хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүүг огт төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нар нь зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл түүний үндэслэлийн агуулга: Г.Ч, Б.Г нар нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Н-оос 147,000,000 төгрөгийг зээлж боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Талууд харилцан тохиролцох үед ямар нэгэн хүү алданги төлөх талаа ярилцаагүй байдаг бөгөөд харин хамтын ажиллагаатай танил найзууд байсан учир боломжит хугацаанд эргүүлж төлөхөөр амаар тохиролцсон. Нэхэмжлэгч нарын зүгээс 234,100,000 төгрөгийг төлснөөс хойш буюу 2020 оны 08 дугаар сараас хойш тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт үйлдэхээр М.Н-той уулзах гэсэн боловч зээлдүүлэгч нь утсаа авахгүй, холбоо сураггүй алга болсон. Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас анхны зээлдүүлсэн 147,000,000 төгрөг дээр 87,100,000 төгрөгийг нэмж шаардан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, М.Н-оос дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээр дурдсанаар зээлдүүлэгчээс зээлдэгч нарыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр баримтад гарын үсэг зур, зурахгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, нэр төрд нь халдана гэж дарамталж зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, бичгээр байгуулсан 2017/1227/01 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаагүй, зээлдүүлэгчийн дарамтанд үндэслэн байгуулагдсан.

Иймд дээрх байдлаар байгуулагдсан гэх 2017/1227-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүйгээр тооцож авсан 87,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нартай найз нөхдийн холбоо байсан учраас 200,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нар тохирсон тохиролцоо, гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Гэрээг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн. Гэрээ байгуулснаас хойш сар болгон 8,000,000 төгрөгийн хүү өгөх ёстой, хүү өгөхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 4,000,000 төгрөг өгсөнөөс хойш 1,000,000 төгрөгөөр орж ирдэг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Нийт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 75,000,000 төгрөг төлсөн гэж байгаа. Б.Г нь 47,000,000 төгрөг төлсөн, Г.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр нийт 8,000,000 төгрөг төлсөн байдаг. Хариуцагч нар нийт 55,000,000 төгрөг төлсөн. 2020 оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах 74 м.кв 3 өрөө байрыг м.кв-ын 2,150,000 төгрөгөөр тооцож, 159,100,000 төгрөгөөр шилжүүлсэн гэж байгаа ч энэ талаар баримт байдаггүй. Э ХХК-ийн захирал Н.Ц-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаад хүсэлтээсээ татгалзсан байна. Энэ хүн маргааныг таслах байсан. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг 127,440,000 төгрөгөөр байгуулсан. Гэтэл хариуцагч 159,100,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн гэдэг. Хүү, алданги төлөхгүй бол цагдаад хандана гэж дарамталсан зүйл байхгүй. Гэрээг нотариатаар батлуулсан тул хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй. Нэр хүндэд халдаж, дарамт шахалт үзүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үндэслэлгүй. Хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ч, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 194,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Ч, Б.Г нарын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/1227-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, илүү төлсөн 87,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,402,950 төгрөгийг, хариуцагч Г.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Шийдвэрт талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2017/1227-01 тоот зээлийн гэрээний 11 дүгээр зүйлд М.Н миний бие "Э" ХХК-тай мөн өдөр байгуулсан ЗГ-4171201 тоот зээлийн гэрээг уг гэрээний салшгүй хэсэг болохыг дурдсан байхад энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

6.2. Шүүх талууд зээлийн гэрээг 2018 ны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөн байгуулж мөн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан талаар тайлбарлаж мэтгэлцэж байхад талууд энэ талаар маргаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.

6.3. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2017/1227-01 тоот зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөг өгсөн талаараа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд "Э" ХХК-иас зээл авч хариуцагч нарт өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн байхад шүүхээс дээрх баримтуудаар 200,000,000 төгрөг өгсөн болох нь тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй болжээ. Миний бие 147,000,000 төгрөгийг дансаар 53,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарласан, хариуцагч нар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байхад шүүхээс түүнийг үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч нар "Э" ХХК-ийн дансанд мөнгө төлж байсан баримтуудаар 200,000,000 төгрөг хүүтэй зээлж авсныг хүлээн зөвөөрч байгаа нь давхар нотлогдож байхад шүүхээс үүнийг үнэлээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

6.4. Хариуцагч нар гэрээний төлбөрт 3 өрөө орон сууц өгсөн бөгөөд уг орон сууцны үнийг нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээнд заасан үнээр буюу 111,000,000 төгрөгөөр тооцсон байхад хариуцагч нар нь миний гарын үсгийг дууриалган зурсан хуурамч гэрээг хавтас хэрэгт гаргаж өгсөн бөгөөд үнийн дүнг 159,100,000 төгрөг гэж хуурамчаар өсгөж бичсэн байхад шүүхээс мөн энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нараас 194,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

7.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоохдоо "талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн зээлийн төлбөрт мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна" /үндэслэх хэсгийн 12/ гэж маш тодорхой дүгнэсэн. Харин хэрэгт авагдсан талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээгээр эрх зүйн харилцаа үүссэн буюу шаардах эрх үүссэн эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Учир нь дээрх гэрээг хэлбэрийн төдий нөхөж байгуулсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд маргаагүй, тус бичгээр байгуулсан гэх гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, баримтаа шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

7.2. Хариуцагч нарын зүгээс дээрх байдлаар 53,000,000 төгрөгийг бэлнээр авсан талаар буюу 200,000,000 төгрөг зээлж авсан талаар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь худал тайлбар гаргаж шүүгч, шүүхийг төөрөгдүүлэх арга хэрэглэсэн байх ба эрүүгийн хэрэгт авагдсан баримт нь иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох шууд нотлох баримт болохгүй ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад дурдсанчлан талууд хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгө нь нийт 147,000,000 төгрөг, нөхөж байгуулсан зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий байгуулагдсан, төлбөрт бэлэн бусаар 159,100,000 төгрөгийн эд хөрөнгө, 67,000,000 төгрөг, нийт 226,100,000 төгрөгийн төлбөрийг буцааж төлсөн байхад 200,000,000 төгрөг зээлсэн, огт төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж дээрх мөнгөнөөс хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй. Хариуцагч нараас үндэслэлгүйгээр илүү төлбөр шаардсан нэхэмжлэгчийн үйлдэл хуульд нийцэхгүй бөгөөд маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөг шилжүүлсэн, түүний дагуу хүү, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Б.Г, Г.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 194,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/1227-01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр авсан 87,100,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 3. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/1227-01 тоот зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 4 хувийн хүү буюу 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** дугаар давхрын үйлчилгээний хэсгийн Ү-220303**** үл хөдлөх хөрөнгийн дугаартай 161.5 м.кв талбайг барьцаалжээ.

 Хариуцагч нар дээрх гэрээг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөн байгуулсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт 147,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар нэхэмжлэгчид 30,000,000 төгрөг, Э ХХК-д 58,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Б хороолол, Сонсголонгийн зам гудамж, ***-** тоот, 74 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сард шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талууд зээлийн гэрээг хэзээ ямар хэлбэрээр байгуулсан, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээ, үүнээс буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар талууд маргасан байна.

4. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 147,000,000 төгрөг зээлсэн, хариуцагч нар 217,500,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль зүйн дүгнэлт өгөх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ч, Б.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан байх ба эдгээр мэдүүлэгт 2017 оны 12 дугаар сард хариуцагч нар М.Н-оос хувийн хэрэгцээндээ ашиглах гэж 6 сарын хугацаатай ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр 147,000,000 төгрөгийг зээлж авсан талаар мэдүүлсэн байна. Иймд хариуцагч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө 200,000,000 төгрөг зээлж авсанаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байхад шүүхээс үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол нотлох баримт болохоос бус эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг шууд нотолгоо болохгүйг дурдах нь зүйтэй.

5.2. Зээлийн гэрээний 11-д Энэхүү гэрээний салшгүй хэсэг нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-4171201 тоот зээлийн гэрээ болно гэж дурдсан хэдий ч уг гэрээг талуудын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар шүүхэд гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас авсан орон сууцыг 111,000,000 төгрөгт тооцон авсан гэж, хариуцагч нар 159,100,000 төгрөгт тооцон өгсөн гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх хэрэгт авагдсан Ти энд Эс эн эйч ХХК болон М.Н- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан А2/2020/08/18 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнд орон сууцны үнийг 129,500,000 төгрөг гэх үнэлгээг үндэслэн орон сууцны үнийг 129,500,000 төгрөг гэж дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо уг гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэсэн байх боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах замаар дээрх үйл баримтыг нотлуулах талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх гарын үсэгний үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүх хуурамч гэрээг үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн 147,000,000 төгрөгөөс хариуцагч нар нийт 88,000,000 төгрөгийг дансаар, 3 өрөө орон сууцыг 129,500,000 төгрөгөөр тооцон тус тус шилжүүлсэнээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6. Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,127,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН