Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01129

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Цд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 84 041 656 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрэээний үүрэгт илүү төлсөн 31 393 494 төгрөгийг буцаан гаргуулж, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-2015125 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг  дуусгавар болсоныг тогтоолгох, барьцаанаас хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, В.Б, хариуцагч Ц.Ц, түүний өмгөөлөгч Г.Х, Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017.11.29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 31 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот, 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Нордбенз маркын таван автомашин, таван чиргүүлийг тус бүр барьцаалан 152 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэрээний хугацаа 2018.05.29-ний өдөр дууссан, гэрээний үүрэг биелэгдээгүй. Зээлийн үлдэгдэл 66 678 560 төгрөг, хуримтлагдсан хүү 14 469 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 893 850 төгрөг, нийт 84 041 656 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцуудыг албадан худалдаж үнийн дүнгээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2015.07.09-ний өдөр 100 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээл 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байсан. Уг зээлийг төлж байгаад 2017.11.29-ний өдөр нийт 150 000 000 орчим төгрөг төлсөн. Зээлдэгчээс барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэснээр барьцаа хөрөнгөө нэмэгдүүлж, нэмж зээл авсан. Уг зээлийг авахдаа 2015.07.09-ний өдрийн зээлийн үлдэгдэл мөнгийг төлж, 40 000 000 төгрөгийг өмчлөлдөө авсан. Нэхэмжлэгч 2 удаа нийт 140 000 000 төгрөгийн зээл авч, 280 000 000 төгрөг төлсөн.Нэхэмжлэгч нь 2017.11.29-ний өдөр бодитоор гар дээрээ 152 000 000 төгрөг аваагүй.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчтэй байгуулсан 2017.11.29-ний өдрийн, 2015.7.9-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн  үлдэгдэл төлбөр болох 111 494 951 төгрөг дээр нэмж, 40 505 049 төгрөгийг  авсан. Гэтэл 152 000 000 төгрөгийг зээлж авсан мэтээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч 40 505 049 төгрөгийг зээлж авахдаа өөрийн Норд бенз маркийн ачааны автомашины 5 чиргүүлийг нэмж барьцаалсан. 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 40 505 049 төгрөгийг төлөхдөө нийт 3 удаагийн гүйлгээгээр 115 198 931 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн төлбөр 40 505 049 төгрөг, зээлийн хүү 6 336 709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405 564 төгрөг буюу нийт 47 247 322 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан боловч илүү 67 951 609 төгрөг шилжүүлсэн. 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 4 удаагийн гүйлгээгээр 140 967 150 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох дүрэм, журам, аргачлалын дагуу тооцоход уг зээлийн гэрээний дагуу 177 525 265 төгрөг төлөх ёстой байсан боловч 36 558 115 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн. Зөрүү мөнгөн дүнг тооцохоор 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээгээр илүү төлсөн 67 951 609 төгрөгөөс 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дутуу төлсөн 36 558 115 төгрөгийг хасахад 31 393 494 төгрөг болж байна. Иймд АХХК-иас илүү төлсөн 31 393 494 төгрөгийг гаргуулж, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот, 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээнүүдийг  дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017.11.29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 152 000 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээний дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр, мөн гэрээний 2.1.3.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр зээлдэгчийн Хаан банкны 5003239585 дугаар дансанд 151 500 000 төгрөгийг шилжүүлж, 500.000 төгрөгийг зээлийн шимтгэлд авч, гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгох боломжгүй юм. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү гэрээний үүргийг зээлдэгч зөрчиж, хугацаа хэтрэлттэй зээлд орсон. Улмаар зээлдүүлэгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөө нэмж, 152 000 000 төгрөгийг зээлж, 2017.11.29-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөрөө шилжүүлэн аваад 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон. Иймд талуудын хүсэлтээр дуусгавар болсон, эрх зүйн үйлчлэл үүсгэхгүй болсон 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар дуусгавар болгох боломжгүй юм. Талуудын хооронд байгуулсан 2017.11.29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрх зүйн боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад 917 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад 657 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь талуудын тохиролцоо, гэрээний чөлөөт байдалд үндэслэн хийгдсэн, хариуцагчийн 31 393 494 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цаас 84.041.656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, ргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч АХХК-иас 31.393.494 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цид олгож, 2015 оны 07 дугаар сарын 09-нйи өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Талхны 20 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо , 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 648 358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д, нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 314 917 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс 40 505 049 төгрөгийг авч ашигласан байхад шүүх 152 000 000 төгрөгийн зээл авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 31 393 494 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилсэн байхад шүүх зээл тус бүрээр нь дүгнэж нэхэмжлэгчийн илүү төлүүлж үндэслэлгүй авсан 74 936 836 төгрөгт хүү тооцон төлөх, мөн 36 689 924 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү цаашид хүү тооцуулан төлүүлэхээр шийдвэрлэж, нийт 140 505 049 төгрөгийн зээлд 340 207 737 төгрөг төлүүлэхээр болсон нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч А.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын гэрээгээр хүлээсэн тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар 453.1 дэх хэсгийг зөрчиж  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 31 393 494 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ц.Цд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-00-2017231 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 66 678 560 төгрөг, хүү 14 469 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 893 850 нийт 84 041 656 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээний үүрэгт бодитоор 152 000 000 төгрөг шилжүүлж аваагүй, 40 505 049 төгрөг л авсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлж дууссан, илүү төлсөн 31 393 494 төгрөгийг буцаан гаргуулж, барьцаа хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлнэ” гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-1-2, 22, 83, 95-96/

 

Хариуцагч Ц.Ц нь “А” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-2015125 тоот гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн,мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 152 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн ба  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Талхны 20 дугаар байрны 31 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо , 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Норд бенз маркийн 2 автомашин, 5 ширхэг чиргүүлийг тус тус барьцаалсан болох нь зээл, барьцаа, фидуцийн гэрээгээр тус тус тогтоогджээ. /хх 8-17,28-31, 59-68/

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна. /хх-3, 41-43/

 

Талууд дээрх зээл, барьцаа, фидуцийн гэрээ байгуулагдсанд, гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Харин зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, үүрэг дуусгавар болсон эсэхэд маргаж байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчиж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болсон. /хх-103-106/

 

Талууд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 100 000 000 төгрөгийн зээл авсан үйл баримт, 2017оны 11 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгөө нэмэгдүүлж ЗГ-01-002017231 тоот зээл, БГ-01-00-2017231 тоот барьцааны гэрээ байгуулж 152 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч шимтгэлд 500 000 төгрөг авч үлдэж, 151 500 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтад маргаангүй. /хх-97/

 

Мөн хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 27 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 95 000 000 төгрөг нийт 140 927 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг нэхэмжлэгч няцааж чадаагүй.

 

Түүнчлэн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр зээлсэн 100 000 000 төгрөгийн зээл хугацаа хэтрэлтэд орсон байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлсэн 151 500 000 төгрөгөөс 111 494 951 төгрөгөөр өмнөх зээлээ хаасан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 3 удаагийн гүйлгээгээр 115 198 931 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагчийн “2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бодитоор 152 000 000 төгрөг гар дээрээ аваагүй” гэх татгалзал, дансны шилжүүлгийн баримт, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгнө” гэж тус тус зааснаар үгүйсгэгдэж байна. /хх-44/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг тооцооллын хувьд шалгаж үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээл 100 000 000 төгрөг, 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авсан бөгөөд хүүд сард 5 000 000 төгрөг/ 100 000 000х5:100=5 000 000 төгрөг/ нийт 5 сард ногдох хүү 25 000 000 төгрөг болж байна. /5 000 000х5= 25 000 000 төгрөг/

 

Хариуцагч нь зээл 100 000 000 төгрөгийн 5 хувийн хүүд сард 5 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 27 033 150 төгрөг төлжээ. Иймд хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд зээл 72 966 850 /100 000 000 – 27 033 150=72 966 850/ төгрөг, хүүгийн үлдэгдэл 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 5 000 000 төгрөг, нийт 77 966 850 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Дээрх өдрөөс хойш дараагийн төлөлт хийсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үлдэгдэл 77 966 850 төгрөгийн 5 хувийн хүү 3 648 342 төгрөгийг үүрэг гүйцэтгээгүй хугацаа буюу 11 сарын хугацаанд бодож үзвэл нийт 40 131 767 төгрөгийн хүү , мөн 2016 оны 1 сарын 9 хүртэл бодсон хүү 5 000 000 төгрөг үлдсэн байсан. Үүнээс гэрээний хугацаа хэтрүүлэн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 95 000 000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг 72 966 850 төгрөгийг хасахад /95 000 000-72 966 850 /нийт зээл 22 033 150 төгрөг, хүү 45 131 767 төгрөг /40 131 767+5 000 000/ нийт 67 164 917 төгрөг үлдэж байна.

 

Дараачийн төлөлт хийсэн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг /2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ногдох зээл 17 033 150 төгрөг /22 033 150 – 5 000 000= 17 033 150 /хүү 6 609 942 төгрөг/ 22 033 150 төгрөгийн 5 хувь=1 101 657, 1 101 657х6=6 609 942/, өмнөх үлдэгдэл хүүгийн төлбөртэй нийлж нийт хүү 51 741 709 төгрөг /6 609 942+40 131 767+5 000 000= 51 741 709/ нийт 68 774 859 /51 741 709+17 033 150= 68 774 859/ төгрөгийн үүрэг үлдсэн.

 

Мөн хариуцагчийн үүргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр буюу 8 000 000 төгрөгийн төлөлт хийсэн өдрөөр тооцвол зээл 9 033 150 төгрөг, хүү 2 554 971 төгрөг /17 033 150 төгрөгийн 5 хувь= 851 657, 851 657х3= 2 554 971 төгрөг, нийт зээл 9 033 150 төгрөг, хүү өмнөх үлдэгдэлтэй нийлж 54 296 680 төгрөг / 2 554 971+6 609 942+40 131 767+5 000 000/,  

 

Хариуцагчийн үүргийг дараачийн төлөлт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тооцвол зээл 9 033 150 төгрөг, хүү 902 330 төгрөг / 9 033 150 төгрөгийн 5 хувийн хүү 451 165, 451 165х2= 902 330/, өмнөх хүүгийн үлдэгдэлтэй нийлж, хүү 55 199 010 /902 330+54 296 680/ нийт 64 232 160 төгрөг байсан. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч нь 111 494 951 төгрөгийг суутгаж авснаар хариуцагчийн илүү төлөлт 45 161 145 төгрөг болсон байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. Хүү гэдэг нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр юм.

 

Илүү суутгаж авсан өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид ашиглуулаагүй 45 161 145 төгрөгт хүү тооцох, мөн уг мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх ч боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг өмнөх зээлийн гэрээний үүрэгт тооцож авахдаа 45 161 145 төгрөгийг илүү тооцож авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 152 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 106 838 855 /152 000 000- 45 161 145=106 838 855/ төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь бодитоор шилжүүлсэн 106 838 855 төгрөгийн хэмжээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардлага гаргах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээрх 106 838 855 төгрөгөөс хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үүргийг тооцож үзвэл, хүү 22 436 160 төгрөг /106 838 855 төгрөгийн 3,5 хувь =3 739 359х6=22 436 160 / , нэмэгдүүлсэн хүү 4 487 232 төгрөг /22 436 160 төгрөгийн 20 хувь= 4 487 232/ нийт 156 198 407 төгрөг болж байна. Хэргийн материалаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө төлснөөс хойш хариуцагч Ц.Цийн хувьд бодитойгоор шилжүүлсэн 115 198 931 төгрөгийг хасч 40 999 473 /156 198 404-115 198 931= 40 999 473/ төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж үзэж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шаардаж байгаа мөнгөн дүнг 152 000 000 төгрөгийн зээлийн илүү төлөлт хийсэн мөнгөн дүнгээс хасч бодитой аваагүй мөнгө гэж үзэж шийдсэн учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  Өмнө авсан зээлийн үлдэгдэлд сүүлд авсан зээлийн мөнгөн хөрөнгийг  шилжүүлэн өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгосон нь дараагийн гэрээний үүргийг мөн адил дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй.

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 2.1.6-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-8-10/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Цаас 40 999 476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 042 180 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 362 947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД