Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00658

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 377 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 84,041,656 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 31,393,494 төгрөгийг гаргуулж, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-2015125 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг тус тус дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, Л.Насантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 66,678,560 төгрөг, хүү 14,469,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,893,850 төгрөг, нийт 84,041,656 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэл гаргасан, хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, илүү төлөгдсөн 31,393,494 төгрөгийг гаргуулан, зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 84,041,656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-аас 31,393,494 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Талхны 20 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,358 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,117 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 648,358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 314,917 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 377 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 2, 3 дахь заалттай нэгтгэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 42,897,155 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Талхны 20 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 41,144,501 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,358 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,117 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 372,435 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5 гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 31,393,494 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсныг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн 377 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрээр талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан, харин давж заалдах шатны шүүх 377 дугаар магадлалаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэснийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн Улсын дээд шүүхийн 2006.12.31-ний өдрийн 53 тогтоолыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн 2006.12.31-ний өдрийн 53 тогтоол, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 дугаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 2017.11.29-ний өдөр ЗГ-01-00-2017231 дугаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн дэх хэсэгт хамаарч байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хангаж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан зээлийн гэрээний тооцооллыг хийж, зээлдэгчийн үүргийг гэрээгээр тохирсон нөхцөлөөс өөрөөр тооцоолон, хууль болон дээд шүүхийн тогтоолыг өөр өөр байдлаар тайлбарлаж дүгнээд байна. Мөн зээлийн гэрээний үүргийг тооцохдоо Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид зааснаас өөрөөр тооцоод байна. Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зээлийн гэрээний үүргийг тус бүрт нь тооцон нэхэмжилсэн болно.

******* нь *******-аас 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 дугаар зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, улмаар гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 451.1-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар дараах хугацаагаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. *******тай 2015.07.09-ний өдөр байгуулсан ЗГ01002015125 тоот зээлийн гэрээний үүрэг 2017.11.29 өдөр дуусгавар болсон. 2015.07.09-2017.11.29 хүртэл хуанлийн 874 хоногоор хүү тооцож авсан ба зээлийн графикийн дагуу сар бүрийн 10-нд төлөлт хийх байсан боловч 2015.09.10 өдрөөс графикийн дагуу төлөлт хийгдээгүй мөн зээлийн гэрээний үүрэг 2015.12.09 өдөр дуусгавар болсон тул нийт 2015.09.10-2017.11.29 хүртэл 811 хоногийн нэмэгдүүлсэн хүү тооцож авсан. Төлөлт хийсэн өдөр зээлээс хасагдсан тохиолдолд хүү нэмэгдүүлсэн хүүг анх авсан 100,000,000 төгрөгөөс бус зээл хасагдсан дүнгээс тооцож боддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 2015.07.09-ний өдрөөс 2017.11.29-ний өдрийг хүртэлх зээлдэгчийн гэрээгээр тохирсон хугацааг зөрчиж төлсөн 2015.08.12-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2015.08.13-ны өдрийн 1,934,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 2015.12.31-ний өдрийн 27,033,150 төгрөг, 2016.12.01-ний өдрийн 95,000,000 төгрөг, 2017.06.12-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2017.09.08-ны өдрийн 8,000,000 төгрөгийг үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс хасахгүйгээр үндсэн зээлийн төлбөрийн үүргийг 125,000,000 төгрөг гэж хассан нь Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн 2006.12.31-ний өдрийн 53 тогтоол, 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг өөрөөр тайлбарласан гэж үзэж байна.

******* нь *******-тай 2017.11.29-ний өдөр ЗГ-01-00-2017231 дугаартай зээлийн гэрээ, БГ-01-00-2017231 дугаар барьцааны гэрээ байгуулж 152,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, улмаар гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 451.1-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2.2, 2.4.3 дах хэсэг зааснаар дараах байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэлийг гаргасан юм. *******тай 2017.11.29 өдөр байгуулсан ЗГ01002017231 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул 2018.11.06 өдөр шүүхэд өгсөн. 2017.11.29-2018.11.06 хүртэл хуанлийн 342 хоногоор хүү тооцож авсан ба зээлийн графикийн дагуу сар бүрийн 07 өдөр төлөлт хийх байсан боловч 2018.02.07 өдрийн графикт төлөлтөд 2018.04.25 өдөр орсон ба үүнээс хойш графикт төлөлтөд ороогүй мөн зээлийн гэрээний үүрэг 2018.05.29 өдөр дуусгавар болсон тул нийт 2018.02.07-2018.11.06 хүртэл 272 хоногийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно. Төлөлт хийсэн өдөр зээлээс хасагдсан тохиолдолд хүү нэмэгдүүлсэн хүүг анх авсан 152,000,000 төгрөгөөс бус зээл хасагдсан дүнгээс тооцдог. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 дугаар зээлийн гэрээний үүргээс зээлдэгчийн гэрээгээр тохирсон хугацааг зөрчиж төлсөн төлбөрийг буруугаар тооцон гаргаж улмаар зээлийн гэрээнүүдэд заасан үндсэн хугацаагаар зээлийн хүүг бодож, зээлдэгчийн төлсөн төлбөрөөс хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг хасахгүйгээр шууд үндсэн төлбөрөөс хасах зэргээр тооцооллыг буруу гаргаж, зохигчдын хооронд гэрээгээр тохирсон болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зээлийн гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохгүйгээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн 377 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний хэргийг шийдвэрлэхэд нэг шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хуулийг баримтлах нь зүйн хэрэг байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.17-ны өдрийн 1129 дугаартай магадлалаар энэхүү хэргийг хэлэлцээд 2021.02.26-ны өдрийн 377 дугаартай магадлалд дурдсанаар өөр тооцоолол гаргаж, өөр хуулийн зохицуулалтыг хэрэглэж байсныг анхаарч үзнэ үү гэжээ.

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн 377 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэн ******* нь "*******-аас 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээгээр авсан 100,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 2017.09.08-ны өдөр хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 140,967,150 төгрөг төлснөөс 36,558,115 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн байсан. Гэтэл 2017.11.29-ний өдөр 111,494,951 төгрөгөөр тооцон төлүүлснийг хуульд нийцээгүй, харин 74,936,836 /111,494,951 төг-36,588,115 төг/ төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн ч 2017.11.29-ний өдрийн зээлийг бүхэлд нь зөвшөөрсөн нь шийдвэр хуулийн дагуу маргаангүй, үнэн зөв гараагүй байх эхлэлийг тавьсан. Нийслэлийн шүүх тооцооллыг хийхдээ 2017.11.29-ний өдөр 151,500,000 төгрөг 6 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авахаар гэрээ байгуулсан, үүнээс өмнөх зээлийн үлдэгдэлд 111,615,282 төгрөг суутган авсан нь буруу гэж дүгнэсэн боловч /111,615,282 биш 111,494,915 төгрөг/, 151,500,000 төгрөгийн зээлээс өмнөх гэрээний дагуу төлөх ёстой 27,977,817 төгрөгийг хасч 123,522,183 төгрөг зээлдүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн хэрэг болж байна. Мөн 123,522,183 төгрөгийн зээл авсан нь 6 сарын хугацаанд хүүнд 25,939,656 төгрөг, нийт 149,461,839 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь өмнөх зээлийн үлдэгдлийг олгосон зээлээс хассан нь ашигласан гэсэн ойлголт байх ёстой байтал бүр хасаад алга болгосон нь ойлгомжгүй байна. Зүй нь 151,500,000 төгрөгийн зээлээс суутгасан 111,494,915 төгрөгөөс 27,977,817 төгрөгийг хасч 83,517,098 төгрөгийг зээл аваагүй буюу авсан өдрөө буцаан төлсөн гэж тооцон зээлийн үлдэгдлийг 67,862,535 төгрөг гэж үзэх ёстой байсан. Гэтэл шүүх тооцоолол хийхдээ аваагүй 83,517,098 төгрөгийг авч ашигласан гэсэн тооцоо хийж төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалттай шууд утгаараа зөрчилдөж аваагүй мөнгөнд зээл, хүү тооцож төлөх байж боломгүй шийдвэрийг гаргасан хэрэг боллоо. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нотлох баримт болгон өгсөн дээрх 2 зээлийн тооцооллууд нь *******-ийн энэхүү 2 зээлд гаргаж өгсөн хуулгаас зөрүүтэй байгаа шалтгаан нь Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг хариуцагч зөрчсөнөөс ийм байдалд хүрээд байгаа юм. Анхан шатны шүүх хүүнд төлөгдсөн 36,558,924 төгрөгийг зээл гэж үзэж шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх 27,977,817 гэж тооцсон боловч ойлгомжгүй байдлаар алга болгосон. Гэтэл 2015.07.09-ний өдрийн зээл хугацаа дуусахад буюу 2015.12.10-ны өдөр үндсэн зээл 99,819,425 төгрөг, хүү 19,526,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 119,345,745 төгрөг. Хугацаа дууссанаас хойш 2015.12.31-ний өдөр үндсэн зээл 99,819,425 төгрөг, хүү 22,972,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689,164 төгрөг байснаас 27,033,150 төгрөг төлөхөд үндсэн зээл 72,786,275 төгрөг, хүү 22,972,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689,164 төгрөг үлдсэн. Ингээд 2016.12.01-ний өдөр үндсэн зээл 72,786,275 төгрөг, хүү 63,064,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,707,587 төгрөг байснаас 95,000,000 төгрөг төлөхөд үндсэн зээл 72,786,275 төгрөг төлөгдөж дууссан ба үлдсэн 22,213,725 төгрөг нь /63,064,254- 22,213,725/ хүүгээс хасагдсанаар хүү 40,850,528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,707,587 төгрөг, нийт 49,558,115 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн. Энэ дүнгээс 2017.06.12-нд 5,000,000 төгрөг, 2017.09.08-ны өдөр 8,000,000 төгрөг төлж нийт хүү, нэмэгдүүлсэн хүү /49,558,115-5,000,000-8,000,000/ 36,558,115 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байсан. Үүний дараа 2017.11.29-ний өдрийн ЭГ-01-00-2017231 тоот зээлийн гэрээгээр 152,000,000 төгрөгийн зээл олгосон боловч 111,494,951 төгрөгийг өмнөх зээлэнд гэж суутгасан. Гэтэл өмнөх зээлийн үлдэгдэл 36,558,115 төгрөгийн хүү байсан бөгөөд 74,936,836 төгрөг /анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн/ үндэслэлгүй суутгасан. Үүнийг үндсэн зээлээс хасч 36,558,115 төгрөгийг зээл гэж үзвэл 2017.11.29-ний өдрийн гэрээгээр нийт 152,000,000 төгрөгийн зээл авсан ч 111,494,951 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл хэмээн төлснөөр /152,000,000-111,494,591/ 40,505,049 төгрөг үлдсэн. Харин Нийслэлийн шүүхийн дүгнэж шийдвэрлэснээр өмнөх зээлийн үлдэгдэлд төлөгдөөгүй үлдсэн хүүгийн төлбөрийн үлдэгдлээс дараагийн зээлд капиталжуулна /хөрөнгөжүүлнэ/ гэж үзвэл /36,558,115+40,505,049/ 77,063,164 төгрөгийн зээл авсан гэсэн тооцоолол гарч байна. Анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тооцоололд 67,951,609 төгрөгийг илүү төлж өмнөх зээлээс төлөгдөөгүй үлдсэн 36,558,115 төгрөгийн зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг хасаж тооцсоноор /67,951,609-36,558,115/ 31,393,494 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилсэн билээ. Харин дээрх тооцооллоор өмнөх зээлээс төлөгдөөгүй үлдсэн хүүг калиталжуулснаар Алтан-Эг БББС ХХК авсан нийт зээлдээ 24,626,701 төгрөг илүү төлсөн харагдаж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн 377 дугаар магадлал нь бодит байдлаас хэт зөрүүтэй асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй тул тус шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн дагуу зөв тооцоолж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах, эсвэл анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн үндэслэлийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00151 дүгээр тогтоол гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

2. Маргааны үйл баримт, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлийн талаар:

Талууд 2015.07.09-ний өдөр 5 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн 2017.11.29-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 151,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүрэгт улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн III хороо, XIX хороолол, Талхны XX байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн X хороо, VII хороолол, XVIII байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг, Норд бенз маркийн 2 автомашин, 5 ширхэг чиргүүлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2017.11.29-ний өдрийн ззэлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан, хариуцагч нь 2015.07.09-ний болон 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, илүү төлсөн мөнгийг буцааж гаргуулна, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд зохигч зээлийн тооцоолол, гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээнд маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцох ёстой гэсэн боловч маргааны үйл баримтад хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн боловч мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглээгүй, үндсэн нэхэмжлэлээс хангахдаа хийсэн дүгнэлт нь ойлгомжгүй байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

3.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд үүссэн маргаанд хамаарах 2015.07.09, 2017.11.29-ний өдрийн хоёр зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлага хангасан хуулийн хувьд хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй. Шүүх энэ хоёр гэрээний үүрэгт дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх ёстой.

Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн Иргэний хуулийн 44,45,46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ.

Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ. гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын ...төлөх хугацаа болсон өр гэдэгт талуудын тохиролцсон гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр аль аль нь хамаарна.

Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах нь гэрээний талуудын хэн алинд нь давуу байдал үүсгэхгүй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.4.3-т нийцнэ.

3.2. Хэргийн баримтаас үзэхэд 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээ нь 5 сарын хугацаатай 2015.12.09-ний өдөр хүртэл, нэг сарын 5 хувийн хүүтэй, 100,000,000 төгрөгийг анх зээлсэн ба хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 2015.08.12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015.08.13-ны өдөр 1,934,000 төгрөг, нийт 5,934,000 төгрөг төлсөн. Харин уг гэрээний хугацаа дууссанаас хойш 2015.12.31-ний өдөр 27,033,150 төгрөг, 2016.12.01-ний өдөр 95,000,000 төгрөг, 2017.06.12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.09.08-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймээс зээлдэгчийг үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүүнд 25,00,000 төгрөг, нийт 125,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд үүнээс гэрээний хугацаанд төлсөн 5,934,000 төгрөгийг хасахад үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 19,066,000 төгрөгийн үүрэг үлджээ.

Зээлдэгчийн хугацаа хэтрүүлж буюу 2015.12.31-ний өдөр төлсөн 27,033,150 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 100,000,000 төгрөгөөс хасахад 72,966,850 төгрөгийн үндсэн зээлийн үүрэг үлджээ. Энэ хэмжээнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон хүүг тооцох ба 2015.12.31-ний өдрөөс хойш нэг жилд 43,786,110 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлдэгчийн дараагийн төлөлт хийсэн 2016.12.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар 11 сарын хүүг тооцвол 40,131,767 төгрөг төлөхөөр байна.

Зээлдэгч нь 2016.12.01-ний өдөр 95,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс дээр дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл 72,966,850 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар тооцоход үндсэн зээлийн төлөлтөөс 22,033,150 төгрөг илүү гарч байна.

Хариуцагч нь гэрээний үндсэн хүүгийн үлдэгдэл 19,066,000 төгрөг болон 3,813,200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2015.12.31-ний өдрөөс 2016.12.01-ний хооронд тооцогдсон зээлийн хүү 40,131,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,026,353 төгрөгийг нэмэхэд нийт 71,037,320 төгрөгийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Дээрхээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар хариуцагчийн төлбөрийг тооцоход тэрээр үндсэн зээлийн үлдэгдэлгүй, харин 2016.12.01-ний өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 71,037,320 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас үндсэн зээлд илүү төлсөн гэж дүгнэсэн 22,033,150 төгрөг, түүнчлэн 2017.06.12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.09.08-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хасч тооцох бөгөөд хариуцагчийг 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээнээс 36,004,170 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байсан гэж үзнэ.

3.3. Талууд 2017.11.29-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 151,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 111,615,282 төгрөгийг 2017.11.29-ний өдөр суутган авсан тухай баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч нь 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээнээс 36,004,170 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй үлдэгдэлтэй боловч тэрээр 111,615,282 төгрөгийг өмнөх зээлдээ тооцож зээлдүүлэгчид төлжээ. Энэ нь гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн төлбөрт нэхэмжлэгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлаагүйтэй холбоотой байна.

Иймээс өмнөх зээлдээ тооцон авсан 111,615,282 төгрөгөөс зээлдэгчийн төлөх ёстой үлдэгдэл 36,004,170 төгрөгийг хасвал 75,611,112 төгрөгийг илүү суутгасан буюу нэхэмжлэгч 151,500,000 төгрөгийн зээл бус харин 75,888,888 төгрөгийн зээлийг 2017.11.29-ний өдөр олгосон гэж үзнэ.

Иймээс зээлдэгч 75,888,888 төгрөгийн үндсэн зээл, гэрээний хугацааны хүү 15,936,666 төгрөг, нийт 91,825,554 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 115,198,931 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс түүний гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үндсэн зээл, хүүгийн үүрэг 91,825,554 төгрөгийг хасахад 23,373,377 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, *******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23,373,377 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 8,020,117 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот, 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг тус тус дуусгавар болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

3.4. Нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн Зээлийн дансны хуулга гэсэн баримтад 2017.11.29-ний өдрөөс 2018.09.30-ны хооронд зээл олголт баганад нийт 285,357,120 төгрөг, харин төлөлт баганад 218,678,560 төгрөг гэсэн нь 2017.11.29-ний өдрийн 152,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс зөрүүтэй бөгөөд энэхүү баримтад бичигдсэн үнийн дүнгээс нэхэмжлэлд заасан үндсэн зээлийн үлдэгдэл 66,678,560 төгрөг, хүү 14,469,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,893,850 төгрөг, нийт 84,041,656 төгрөгийн тооцоо гарсан нь ойлгомжгүй, хариуцагчийн гаргасан эргэн төлөлтийн тооцоог нэхэмжлэгч няцаагаагүй, эсрэг тайлбар хийгээгүй байна. Түүнчлэн 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний зээлийн дансны хуулгад 2015.07.09-ний өдрөөс 2017.11.29-ний өдрийн хооронд нийт 416,596,003 төгрөгийн зээл олгож, мөн хэмжээний зээлийг эргэн төлж, мөн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлсөн талаар бичигдсэн нь зохигчийн тайлбар болон бусад баримтуудаас эрс зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй бөгөөд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. /xx-7,8-10,69,59-63/

3.5. Энэ тогтоолын 3.1-3.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шүүх Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн 2006.12.31-ний өдрийн 53 тогтоол, 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг өөрөөр тайлбарласан, ...шүүхүүд 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний үүргээс зээлдэгчийн гэрээгээр тохирсон хугацааг зөрчиж төлсөн төлбөрийг буруугаар тооцон гаргаж, ...хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. ... хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 377 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан 84,041,656 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтан-Эг ББСБ ХХК-аас 23,373,377 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, үлдэх 8,020,117 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээ болон 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн III хороо, XIX хороолол, Талхны XX байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн X хороо , VII хороолол, XVIII байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч *******-д даалгасугай гэж, 4 дэх заалтын хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 648,358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 314,917 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгосугай гэснийг нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-аас 274,816 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200+520,640=590,840 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 363,672.51 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН