Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 23

 

 

 

           

   Б.А, Б.Н нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжтай, Б.А, Б.Н нарт холбогдох, 2135000000027 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.А /цахимаар/ нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугар сарын .....-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ...... хамт амьдардаг, .......... тоотод оршин суудаг, урьд 2019 онд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан, Б ургийн овогтой Б-ын А /РД:.........../.

Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,ам бүл ..., ...... хамт амьдардаг, ........... оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогтой Б-ын Н /РД: ............./

 

Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь бүлэглэн өөрийн гэртээ буюу Увс аймгийн Улаангом сумын ..... дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу "...." нэртэй фейсбүүк хаяг ашиглаж, ашиг олох зорилгоор Хаан банкны ......... тоот дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын А, Т ургийн овогт Б-ын Н нарт холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 116 дугаартай шүүгчийн захирамжаар Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Шүүгдэгч Б.А, Б.Н нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 116 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлгүй болжээ.

1. ..шүүгдэгч нар шагнал болон буцаан олголт гэж тоглогч нарт 1.050.000 буцаан олгож, 4.582.000 төгрөгний ашиг олсон байна. Гэтэл шүүгдэгч нар нь дээрх

үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх" гэх шинж байгаа эсэхийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан" эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд мэдээллийн технологи ашиглан өөрийн болон бусдын банкны дансаар бооцоо тавьж ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь "ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэх шинжээр илэрдэг бөгөөд тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулж бусдыг уриалан оролцуулж буй этгээд болон уг тоглоомд оролцон тоглож байгаа хүмүүсийн хувьд хэн нь азтан болохыг урьдчилан мэддэггүй, түүнчлэн тоглож буй этгээд нь ямар нэгэн үр дүнг заавал хүлээдэггүй, өөрсдийн аз хийморь, ёндоонд итгэж өөрөөр хэлбэл уг тоглоомд оролцож тоглосоноор азтан болж болно, эсхүл азтан болж чадахгүй гэдгээ мэдэж ухамсарлаж, тухайн тоглолтонд өөрийн сайн дурын үндсэн дээр мөнгө тавьж тоглодог тоглоом юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Залилах" гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг”  бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд буюу тоглоом зохион байгуулагч нь ашиг олох зорилготой, харин тоглогч нь аз туршиж, өөрөөр хэлбэл ямар нэгэн үр дүнг заавал хүлээдэггүй, өөрийн аз хийморь, ёндоонд итгэж, уг тоглоомд оролцож тоглосоноор азтан болж болно, эсхүл азтан болж чадахгүй гэдгээ мэдэж ухамсарлаж, тухайн тоглолтонд өөрөө хүсэж мөнгө тавьж тоглодог тоглоом юм. Хэрэв тоглогч азтан болсон бол тоглуулагчийн дүрмийн дагуу мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой, азтан болоогүй бол мөнгөө буцааж авах боломжгүй, өөрөөр хэлбэл үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй байдаг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь бүлэглэн өөрийн гэртээ буюу Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу “.........” нэртэй фейсбүүк хаяг ашиглаж, ашиг олох зорилгоор Хаан банкны .......... тоот дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шүүх шүүгдэгч нар шагнал болон буцаан олголт гэж тоглогч нарт 1.050.000 буцаан олгож, 4.582.000 төгрөгний ашиг олсон нь тухайн тоглоомд оролцогч нарыг төөрөгдөлд оруулж олох ёстой ашгаас илүү хэмжээний ашиг олсон нь залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

2. Шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй, тухайн мөрийтэй тоглоомд оролцсон болон хожсон хүмүүсийг тогтоож, шүүгдэгч нар нь тоглоомыг дүрмийг юу гэж тайлбарласан, тухайн мөрийтэй тоглоом хэрхэн явагдсан зэрэг хэрэг гарсан байдлыг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай" гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.

Эрүүгийн .............. дугаартай хэрэгт нотловол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болон бусад байдлыг шалган тогтоосон.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А, Б.Н нарыг "бүлэглэн  өөрийн гэртээ буюу Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу "......" нэртэй фейсбүүк хаяг ашиглаж, ашиг олох зорилгоор Хаан банкны......... тоот дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан” болохыг тогтоосон.

Шүүх “.. тухайн тоглоомд оролцон тоглосон болон азтан болсон бүх хүмүүсээс мэдүүлэг авах, шүүгдэгч нарыг тоглоомын дүрмээ юу гэж тайлбарласан талаар асуух” шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Б.Нийн Хаан банкны ....... тоот дансанд нийтдээ 813 удаагийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэнээс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 190, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 74, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 153, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 152, 2021 оны 01 дугаар сарын 24-ны өдөр 129, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 94, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 удаагийн гүйлгээнүүд хийгдсэн байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймгийн гэх данстай  хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөгч нь зарим хүмүүстэй холбогдож мөрийтэй тоглоом тоглосон талаар тэмдэглэл хөтөлсөн баримтууд авагдсан.

Цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн хувьд хэн ч хаанаас ч өөрөөр хэлбэл газар нутгийн байрлалаас үл хамааран дэлхийн аль ч улс, Монгол улсын аль ч аймгаас холбогдож мөрийтэй тоглоомд оролцох боломжтой бөгөөд хэрэгт П.Алимаагийн өгсөн мэдүүлгээр түүний төрсөн дүү Т 2021 оны 01 дүгээр сарын 22-23-ны өдөр Япон улсаас 3 удаа тухайн тоглоомд оролцон тоглосон гэх баримт авагдсан байна. Энэ нь хэн ч хаанаас ч оролцож болохыг нотолсон баримт юм.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тухайн тоглоомд оролцсон бүх хүмүүсийг гэрчээр асууж мэдүүлэг авах ажиллагаа нь биелэгдэх боломжгүй заалт юм.

Түүнчлэн шүүгдэгч нар нь цахим орчинд техас нэртэй мөрийтэй тоглоом тоглуулахдаа олон нийтийн сүлжээнд шууд цацах /лайв/ хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд тухайн шууд цацах явцдаа тоглоомын дүрмээ тайлбарладаг байх ба тоглогч нар нь дүрмийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр тоглолтонд оролцдог, тоглолтын явцад ялагчаа тодруулдаг, оролцогч нар нь азтан /ялагч/ болсон эсэхээ тэр дор бүр нь мэддэг бөгөөд тухайн мөрийтэй тоглоом нь хууль бусаар явагдсан, тоглоом зохион байгуулагч Б.А, Б.Н нарыг хууль бусаар мөнгө авсан, залилуулсан гэж гомдол гаргасан удаа байхгүй бөгөөд тоглогч нар нь тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрч өөрсдийн аз ёндоонд итгэж уг тоглоомд оролцсон гэж үзэж байна.

3. Шүүх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудад ".. Шүүгдэгч Б.Ад танилцуулсан тогтоолын эхний хуудсанд "...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган, прокурорт 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэнийг хүлээн авч хянаад гэж, мөн хоёр дахь хуудасны, эхний мөрөнд “..данс руу нэг удаа мөнгө шилжүүлж тоглосон гэх мэдүүлэг баримтууд авагдсан байна.” гэж давтаж, мөн шүүгдэгч Б.Нд танилцуулсан тогтоолын эхний хуудсанд "2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорт 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэнийг хүлээн авч хянаад.." гэж тус тус ойлгомжгүй бичсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй тухай шүүгдэгч нар гомдол гаргаагүй боловч ЭХХШТХ-ийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхийг хангаж, яллагдагчаар татсан тогтоолуудын алдаануудыг засаж дахин танилцуулах нь зүйтэй" гэжээ.

Хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн "........... дугаартай дансны эзэмшигч Б.Н нь цахим орчинд бооцоот тоглоом тоглуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд Б.А, Б.Н нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулж, яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зуйлд заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхийг хангасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нараас "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоол ойлгомжгүй" талаар гомдол гаргаагүй болно.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь ашиг олох зорилготой ба энэ хэргийн хувьд цахим орчинд явуулдгаараа илүү өргөн цар хүрээг хамарч байна. Ковид-19 цар тахалтай холбогдуулан хөл хорионы үеэр уг гэмт хэргийн гаралт ихсэж улсын хэмжээнд мэдээллийн технологи буюу орон зайнаас үл хамааран цахим мөрийтэй тоглоом, сугалааны талаарх гомдол мэдээлэл ихэссэн байгаа. Иймд уг цахим тоглоомд хаанаас хэн ч оролцох бүрэн боломжтой учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй байна.Тоглоомын эхэнд найман хүний бүрэлдэхүүнтэй тоглоом эхлэх гэж байгаа тул 20.000 төгрөгийн гүйлгээгээ хийж суудлаа баталгаажуулна уу гэж танилцуулдаг. Эхний тоглолт эхлэхээс өмнө 10-15 гүйлгээ давхцаад ороод ирсэн тохиолдолд түрүүлж гүйлгээ хийсэн тоглогчоо тоглоомд оруулаад явдаг.

Дараагийн хожсон хүн нь дахиад нэг ширээнд суугаад дараагийн гүйлгээ хийсэн хүнээ тоглоомдоо оруулаад явчихдаг. Ялагч болсон хүн маань мөнгө тэр дор нь авахгүйгээр үлдээж байгаад дараа дараагийн тоглолтод орж байгаад нэг мөсөн тооцоогоо бодуулаад авчихдаг байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр  сарын 12-ний  өдрийн 116 дугаар  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.А, Б.Н нарт холбогдох, .......... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

          Увс аймгийн Прокурорын газраас Б.А, Б.Н нарыг бүлэглэн өөрийн гэртээ буюу Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу “........” нэртэй фейсбүүк хаяг ашиглан, ашиг олох зорилгоор Хаан банкны ........... тоот дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

        Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан  хэлэлцээд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Б.А, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх хуулийг заалтуудыг  тус тус зөрчсөнөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хууль зүйн үндэслэлтэй тогтоогоогүй, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх  хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.

          Анхан  шатны шүүхийн “шүүгдэгч нар техас гэх мөрийтэй тоглоомыг нэг удаа тоглуулахдаа 8 (8*20.000=160.000 төгрөг) хүнийг оролцуулдаг, хожсон хүнд нь 140.000 төгрөгийг өгч, тухайн тоглолтоос 20.000 төгрөгийг ашигт тооцож авдаг гэж тоглоомын дүрмийг тодорхойлсон байна. Тодруулбал 1/8-ийг (160.000/8=20.000 төгрөг) нь ашигт тооцож, 7/8  (20.000төгрөг*7=140.000 төгрөг) –ийг  хожсон хүн авдаг гэж үзвэл шүүгдэгч нар нь (5.632.00/8) 704.000 төгрөгийн ашиг олох боломжтой байна. Гэтэл шүүгдэгч нар нь шагнал болон буцаан олголт гэж тоглогч нарт 1.050.000 төгрөгийг буцаан өгч, (5.632.000 төгрөг*7-1.050.000 төгрөг)=4.582.000 төгрөгийн ашиг олсон байна. Иймд шүүгдэгч нарын үйлдэлд цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна. Тодруулбал: шүүгдэгч нар нь 4.582.000 төгрөгийг хэрхэн ямар арга замаар олсон, тоглоомын дүрмийн дагуу олсон уу, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулах аргаар олсон уу гэдгийг нарийвчлан шалгаагүйгээс хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

         Мөн түүнчлэн мөрдөгч цахим тоглоомонд оролцсон гэх зарим хүмүүстэй утсаар ярьсан талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуулийн шаардлага  хангаагүй байх тул хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна гэмт хэрэг гарсан байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцнэ.

Энэ хэргийн хувьд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэрэг хэрхэн яаж үйлдсэн/-ыг тогтоогоогүй, энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай“ 116 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 05 дугаар сарын 04-ний  өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Хэрэг прокурорт очтол Б.А, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                                  Н.МӨНХЖАРГАЛ