Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ын А, Т ургийн овогт Б-ын Н нарт холбогдох эрүүгийн 2135000000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын А 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-23 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: ..........,

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ын Н 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...........,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь ашиг олох зорилгоор бүлэглэн өөрийн гэртээ буюу Улаангом сумын 7 дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу “Ёндоо Ёндоо” нэртэй фейсбүүк хуудсаараа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135000000027 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11/646 тоот албан бичгийг /1 дүгээр хх-ийн 01 дүгээр хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Л.Ж-ын мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Ч.Б-ын мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч А.Амарболдын мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Д.А-ын мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай гар утас үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг /1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5822/68 дугаартай Хаан банкны албан бичгийг /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /1 дүгээр хх-ийн 115-128 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрч Л.Ж-ын дахин өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 226 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрч А.А-ын дахин өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 230 дугаар хуудас/, гэрч Ц.Д-ы мэдүүлгийг /1 дүгээр  хх-ийн 233-234 дүгээр хуудас/, гэрч Э.А-ийн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 237-239 дүгээр хуудас/, гэрч Э.С-ын мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ийн мэдүүлгийг /2 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрч Б.Х-гийн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ан яллагдагчаар мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/, шүүгдэгч нарын оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааг /1 дүгээр хх-ийн 89-92 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай тодорхойлолтыг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, Б.Н-ийн иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч нарын хүү А.М, А.М нарын төрсний гэрчилгээний хуулбарыг /1 дүгээр хх-ийн 102-104 дүгээр хуудас/, А.М-ийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, Жаргалын үүд клиник эмнэлгийн зөөлөн эдийн хэт авиан шинжилгээний хариуг /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан.

 Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэрч Л.Жамсранжавын “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд фейсбүүк рүүгээ ороод үзэж байхад Ёондоо Ёондоо нэртэй фейсбүүк хаягаас хөзрийн Техас нэртэй тоглоом тоглуулж байхаар нь өөрийн 5830095130 данснаас 20’000 төгрөг шилжүүлж тоглосон юм” гэх мэдүүлэг[1], гэрч Ч.Б-ын “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед фейсбүүк дээр лайв хийгээд Техас нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь би Хаан банкны 5845464115 данс руу 20’000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5815129717 данснаас шилжүүлээд нэг удаа мөрийтэй тоглоом тоглосон...” гэх мэдүүлэг[2], гэрч А.А-ын “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ёондоо Ёондоо фейсбүүк хаягаас цахим орчинд хөзрийн Техас нэртэй тоглоом тоглуулж байхаар нь би өөрийн Хаан банкны 5822061167 дугаартай данснаас 20’000 төгрөгийг Хаан банкны 5845464115 дугаартай данс руу шилжүүлээд нэг удаа тоглосон юм. Уг данс руу мөнгө шилжүүлэхэд Б.Н гэж хүний нэр гарч ирсэн” гэх мэдүүлэг[3], гэрч Ц.Д-ы “...Ажил багатай амарч байсан болохоор сонирхоод тоглочихсон юм. ...4-5 удаа тоглосон. Нэг тоглохдоо 10’000 төгрөгөөр тоглож байсан...” гэх мэдүүлэг[4], гэрч Э.С-ын “Нэг тоглолтод 10’000 төгрөгөөр оролцох бөгөөд хожвол 60’000 төгрөг авна. Нийт долоон хүн тоглоно гээд Техас покер тоглосон. Тоглохдоо тоглогчдодоо нэгээс долоо хүртэл дугаар олгоод шууд лайв хийгээд хөзрөө камерын дүрснээс холдуулалгүй хольж дэлгэж байсан. Би хоёр удаа тоглосон боловч хожоогүй. Админы хэлсэн дүрмийн дагуу явагдсан. Хожсон хүмүүс рүү шилжүүлэх ёстой боловч яг шилжүүлсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5], гэрч Ц.Б-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ёондоо Ёондоо гэх фейсбүүк мөрийтэй тоглоомыг 10’000 төгрөгөөр хоёр удаа тоглосон. Уг тоглоомыг зургаан хүн тоглох ба тоглохын өмнө 10’000 төгрөг хураалгаад таван удаа тоглодог байсан. ...Би уг тоглоомыг хоёр удаа буюу 20’000 төгрөгөөр тоглоод огт хожоогүй. Хожоогүй учраас мөнгө шилжүүлж аваагүй. Бусад хожсон хүмүүст мөнгө шилжүүлж байх шиг байсан...” гэх мэдүүлэг[6] зэргээр “Ёондоо Ёондоо” гэх нэртэй фейсбүүк хуудсаар 20’000, 10’000 төгрөгийн бооцоотой, нэг удаагийн тоглолтод найм хүртэл хүн оролцдог хөзрийн Техас покер гэх тоглоомыг зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Тухайн тоглоомын бооцоог шүүгдэгч Б.Н-ийн Хаан банк дахь  5845464115 дугаарын дансаар авч байсан болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[7] тогтоогджээ. Тус дансны хуулгаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл 5’632’000 төгрөгийн бооцоо авсан байх тул уг гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь шагнал болон буцаан олголт гэж тоглогч нарт 1’870’000 төгрөгийг буцаан өгч, (5’632’000₮-1’870’000₮=) 3’762’000 төгрөгийн ашиг олсон нь шүүгдэгч Б.Н-ийн Хаан банк дахь 5845464115 дугаарын дансны хуулгаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц утга агуулгын ноцтой зөрөөгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэн Б.Н /оо92051225/-ээс “Самсунг эс6 эдж” загварын гар утас нэг ширхгийг хураан авав” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл[8], шүүгдэгч Б.А-г байлцуулан фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн “Самсунг эс6 эдж загварын гар утасны фейсбүүк хуудсанд нэвтэрч хайлт хэсэгт нь “Ёондоо Ёондоо” гэж бичихэд хар өнгийн автомашины нүүр зурагтай арын фон модтой фейсбүүк хаяг гарч ирснээр уг хаягт үзлэг хийхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], шүүгдэгч Б.Ан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн “...“Ёондоо Ёондоо” гэх фейсбүүк хаяг нь манай эхнэр Б.Нийн цахим хаяг юм. Тухайн Техас тоглоомыг өөрийн гэртээ буюу Улаангом сум, 7 дугаар багийн 22-23 тоот хашаанд байрлах гэрээсээ тоглуулдаг байсан” гэх мэдүүлгээр[10] Техас покер тоглоомыг шүүгдэгч нар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-23 тоот хашаанд байрлах гэрээсээ шүүгдэгч Б.Нийн “Ёондоо Ёондоо” гэх цахим хуудсаар шууд дамжуулан зохион байгуулсан нь нотлогдож байна.

Дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Би урьд нь фейсбүүк үзэж байхад янз бүрийн лайв явж байгааг хараад Техас гэх нэртэй тоглоом тоглуулж лайв хийхээр болсон. Өөрийн нөхөр Б.Ад “хамт тухайн лайв хийж үзэж болох юм шиг байна” гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн үед би нөхөртөө уурлаад “хүүхдээ би эмчилгээнд авч явмаар байна, мөнгө төгрөгийн боломжгүй байна” гэхэд зөвшөөрч тоглохоор болсон юм. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл тав хоногийн хугацаанд тухайн Техас нэртэй хөзөр тоглуулсан. Тухайн үед манай нөхөр Б.А ярьж буюу тайлбарлаж хөзөр тоглуулсан, харин би бичлэг буюу лайв хийдэг байсан” гэх мэдүүлэг[11], шүүгдэгч Б.А-н яллагдагчаар өгсөн “...Эхнэр маань 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос өмнө фейсбүүкээ үзэж байгаад “хүмүүс лайваар Техас гэх цахим мөрийтэй тоглоом явуулж байна, болдог юм шиг байна, хоёулаа хийж үзэх үү?” гэхээр нь зөвшөөрч эхнэр бид хоёр цахим мөрийтэй тоглоом хийхээр болсон. Ингээд гэртээ ватум цаасан дээр найман хүн байгаа юм шиг зурж бэлтгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр бид хоёр хамт байхдаа эхнэрийн фейсбүүк хаягийг “Ёондоо Ёондоо” болгон өөрчлөөд хөзрийн Техас гэх тоглоомыг шууд лайв хийж тоглуулж эхэлсэн. Хөзөр тоглуулах ажлыг би өөрөө хийж, эхнэр утсаар лайв хийж хүмүүсийг тоглоомдоо оруулах зорилгоор лайваа шейр хийж байсан” гэх мэдүүлгээр[12] тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулахыг шүүгдэгч Б.Н санаачлан мөрийтэй тоглоомыг фейсбүүк цахим хуудсаараа шууд дамжуулсан үйлдлээрээ, шүүгдэгч Б.А Техас покерын ширээг бэлтгэн мөрийтэй тоглоомыг хөтлөн явуулсан үйлдлээрээ хамтарсан байна.

Нэгтгэн дүгнэвэл мөрийтэй тоглоом зохион байгуулахыг шүүгдэгч Б.Н санаачлан, шүүгдэгч Б.А Техас покерын тавцанг бэлтгэж, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-23 тоот хашаанд байрлах гэрээсээ шүүгдэгч Б.Нийн “Ёондоо Ёондоо” гэх цахим хуудсаар 20’000, 10’000 төгрөгийн бооцоотой, нэг удаагийн тоглолтод найм хүртэл хүн оролцдог хөзрийн Техас покер гэх нэртэй тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулж 3’762’000 төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Тодруулбал энэхүү гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба гэмт хэргийн улмаас бусдад заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, олон нийтийн газарт эсхүл мэдээллийн технологи ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгс үйлдэгдсэн тооцогдог.

Шүүгдэгч Б.А, Б.Н нар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-23 тоот хашаанд байрлах гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд “Ёондоо Ёондоо” гэх нэртэй фейсбүүк хуудсаар 20’000, 10’000 төгрөгийн бооцоотой, нэг удаагийн тоглолтод найм хүртэл хүн оролцдог хөзрийн Техас покер гэх нэртэй тоглоомыг зохион байгуулж 3’762’000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Н уг мөрийтэй тоглоомыг хамтран зохион байгуулахыг санал болгож шүүгдэгч Б.А-г тухайн үйлдэл оролцуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг зохион байгуулагч гэж үзнэ. Мөн шүүгдэгч Б.А нь тухайн мөрийтэй тоглоомыг гардаж явуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.

Иймд шүүгдэгч Б.Н, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас олон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна. Шүүгдэгч нар нь мөрийтэй тоглоомд оролцогчдоос нийт 5’632’000 төгрөгийг авсан байх ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлд “олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглосон”-ыг зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл тухайн мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бооцоо тавьж тоглосон байх тул тэдгээрийн мөнгийг буцааж олгох үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Н, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.А, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Б.А нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж гурван жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.А-н гурван жилийн хугацаанаас 10 сарын хорих ял үлдсэн байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн тогтоох. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 4’570’000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналтай, ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 94’000 төгрөгөөр үнэлэгдсэн Самсунг эс6 эдж загварын гар утсыг улсын орлогод оруулах...” гэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч “..шүүгдэгч Б.Нд улсын яллагчийн санал болгож буй нийтэд тустай ажил хийлгэх ялын оронд эрүүгийн хариуцлагыг нь хүндрүүлж хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.А-н хувийн байдлын талаар гэрч Б.Х-гийн “...Зан байдлын хувьд хөгжилтэй, сэргэлэн, ямар нэгэн зүйлд их тайван, уурлаж уцаарлаад байдаггүй, их нийтэч, хүнд тусархаг, хэн нэгэнд хар муу зүйл санадаггүй, цагаахан, уян зөөлөн сэтгэлтэй, баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундаа хэрэглэдэг, бусад тохиолдолд ямар нэгэн муу зуршил байхгүй. Аав, ээж, ах, дүү хамаатан садангийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай ямар нэгэн болж бүтэхгүй зүйл хийгээд байдаггүй юм...” гэх мэдүүлэг[13], гэрч Б.О-ийн “...Зан байдлын хувьд миний хүү хүнд тусархаг хэн нэгэнд хар муу зүйл санадаггүй, тайван дөлгөөн зантай, гэр бүлдээ хайр халамж сайтай, эхнэр хоёр хүүхдээ тэжээхийн тулд хар бор гэлтгүй ажил хийгээд явж байдаг...” гэх мэдүүлэг[14], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай тодорхойлолт[16], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[17] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэгдсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Х-гийн “...Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, дайчин хичээнгүй, сайн тал олон, гэр бүлийн төлөө бүх зүйлээ зориулж ажилладаг...” гэх мэдүүлэг[18], гэрч Б.О-ийн “...Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, хүнд тусархаг, зөөлөн сэтгэлтэй хүний үг сайн авдаг ямар нэгэн өөлөх ааш авир байхгүй...” гэх мэдүүлэг[19], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь нөхөр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н, Б.А нар тухайн гэмт хэрэгт урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ хамтран оролцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хүндрүүлэх шинж болгон заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг урьдаас төлөвлөж, бэлтгэж үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ан яллагдагчаар өгсөн “...гэртээ ватум цаасан дээр найман хүн байгаа юм шиг зурж бэлтгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр бид хоёр хамт байхдаа эхнэрийн фейсбүүк хаягийг “Ёондоо Ёондоо” болгон өөрчлөөд хөзрийн Техас гэх тоглоомыг шууд лайв хийж тоглуулж эхэлсэн.” гэх мэдүүлгээр, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ыг хүртэл үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Нийн Хаан банк дахь 5845464115 дугаарын дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Эдгээр үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд тэнсэх гэх ойлголтыг шүүгдэгчид хорих ял оногдуулаад, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагын хяналтад нэгээс таван жил хүртэл хянан харгалзах хугацаа тогтоох гэх агуулгаар хуульчилж, хэрэглэж байсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой төрлийн ял оногдуулахыг таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр ялгамжтай байдлаар тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзахыг тэнсэх гэж тодорхойлж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тэнсэх гэж тодорхойлсон. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “шүүгдэгч Б.Нд улсын яллагчийн санал болгож буй нийтэд тустай ажил хийлгэх ялын оронд эрүүгийн хариуцлагыг нь хүндрүүлж хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Н-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, бага насны хоёр хүүхэдтэй гэх хувийн байдал, дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан гэх хувийн байдал, дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсанчлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул улсын яллагчийн “...Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.А-н гурван жилийн хугацаанаас 10 сарын хорих ял үлдсэн байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн тогтоох.” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тодорхойлсон ба тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулах ялын хэмжээг тогтооход тэнсэнгийн үлдсэн хугацаа хамааралгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.-Ан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журмаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 07 хоногийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан түүний биечлэн эдлэх 1 жил 7 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хэлнэ” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж 3’762’000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Агаас 1’881’000 төгрөгийг, шүүгдэгч Б.Нээс 1’881’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох шүүгдэгч Б.Н-ийн Самсунг эс6 эдж загварын гар утсыг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй. Харин шүүгдэгч Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын А, Тайж ургийн овогт Болдоолын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жил 7 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

8. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Н-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3’762’000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.А-гаас 1’881’000 төгрөгийг, шүүгдэгч Б.Н-ээс 1’881’000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг эс6 эдж загварын гар утсыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

11. Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Шүүгдэгч Б.А, Б.Н нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

14. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] 1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас

[3] 1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас

[4] 1 дүгээр хх-ийн 233-234 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас

[6] 2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас

[7] 1 дүгээр хх-ийн 115-128 дугаар хуудас

[8] 1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас

[9] 1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас

[10] 1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас

[11] 1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас

[12] 1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас

[13] 1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас

[14] 1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас

[15] 1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас

[16] 1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас

[17] 1 дүгээр хх-ийн 74-78 дугаар хуудас

[18] 1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас

[19] 1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас

[20] 1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас