Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/01421

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/01421

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ оршин суух, Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: ......... оршин суух, Б.Л,

Хариуцагч: ......... оршин суух, Д.А нарт холбогдох

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Г.Н,

хариуцагчийн төлөөлөгч З.Н,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Б.Лд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л нь өмгөөлөгч Г.Н надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байхдаа У ХХК-ийн ажилчдын байрны доор байрлах 10, 13 тоотод байрлах тус бүр нь 15.000.000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг Б.Лгийн Хаан банк дахь .................. дугаарын дансанд шилжүүлж авсан. Иймд Б.Лгээс автомашины зогсоол зогсоол худалдан авахаар шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.Лгийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н нь Ланд ровер маркийн автомашин өгөөд нэмж 30.000.000 төлөөд Ланд круйзер 200 маркийн автомашин авах гэж байна, 30.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу Б.Л нь 2016 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөгийг Г.Нд бэлнээр зээлдүүлж, Г.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан төлсөн юм. Мөн Г.Нн хувьд хүү Л.Золбоогийн Далай омбо ХХК-ийн бариулж буй Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах орон сууцыг зарахаар түүнээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг нягтлан Д.Ааар дамжуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд Д.Аын хувьд 20.000.000 төгрөгийг Г.Нгаас бэлнээр аваагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020.02.11-ний өдрийн .... тоот албан бичиг, орлогын баримт, 2012.10.08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хавсралт, 2014.03.31-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэл, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, Эй эн эф ХХК-ийн 2014.04.15-ны өдрийн .. дугаар албан бичиг, кассын орлогын ордерын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 183/ШТ2020/..... дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 183/ШЗ2019/..... дүгээр захирамж, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-6, 42-53/

4. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.04-ны өдрийн 102/ШЗ2020/...... дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 184/ШШ2020/..... дүгээр шийдвэр зэргийг ирүүлсэн. /хх-ийн 33-40, /

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019.07.02-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, Б.Л, Ч.М нарын Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Ч.Мыг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 71-74/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Аад холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Л нь өмгөөлөгч Г.Н надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байхдаа У ХХК-ийн ажилчдын байрны доор байрлах 10, 13 тоотод байрлах тус бүр нь 15.000.000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг Б.Лгийн Хаан банк дахь .................дугаарын дансанд шилжүүлж авсан, Гэвч одоог хүртэл уг мөнгийг буцаан өгөхгүй байгаа тул Б.Лгээс автомашины зогсоол худалдан авахаар шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулж өгнө үү гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч Б.Лгийн төлөөлөгч З.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н нь Ланд ровер маркийн автомашин өгөөд нэмж 30.000.000 төлөөд Ланд груйзер 200 маркийн автомашин авах гэж байна, 30.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу Б.Л нь 2016 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөгийг Г.Нд бэлнээр зээлдүүлж, Г.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан төлсөн юм. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэж тайлбарлав.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч Г.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Лд 30 000 000 төгрөгийг, түүний Хаан банкны .................тоот данс руу шилжүүлж өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх хэдий ч талууд уг мөнгө юуны мөнгө талаар зөрүүтэй тайлбарлаж, маргаж байна. /хх-ийн 6/

7. Нэхэмжлэгч нь тус мөнгийг У ХХК-ийн зогсоолын төлбөрт шилжүүлж байршуулж өгсөн гэж тайлбарлаж, хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар Хариу мэдэгдэх хуудас-ыг ирүүлсэн байх ба уг баримтад дурдсан ...гэрч Б.Л, гэрч Ч.Мөнхжаргал, гэрч Д.Аа, гэрч Н.Болд-Эрдэнэ нарын мэдүүлэг Хаан банкны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Орлогын мэдүүлэгт ...орлого 30.000.000 төгрөгийг Г.Нгаас Б.Лд шилжүүлсэн гэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/..... дүгээр шийдвэр, нэхэмжлэгч Г ХХК-иас төлбөр төлөгч Л.З, У ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн Төлбөрийн нэхэмжлэх, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 27Ш1-4/..... дугаар албан бичгийн дагуу шүүхэд ирүүлсэн Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай тогтоол, Б.Лгийн өргөдөл зэргийг ирүүлж, гэрчээр Ч.Мыг асуулгасан байна.

8. Гэвч дээрх баримтуудаар нэхэмжлэгч Г.Н нь автомашины зогсоол худалдан авахаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг Б.Лд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч Г.Н нь энэ талаараа нотлоогүй, баримтыг ирүүлээгүй байна.

10. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

Өөрөөр хэлбэл автомашины зогсоол худалдах, худалдан авахаар мөнгө шилжүүлсэн 2016 оны 06 сарын 28-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил өнгөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь дээрх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Лд холбогдох 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Нн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Д.Аад холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ