Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01028

 

 

 

 

 

 2022          11           03                                          001/ХТ2022/01028

 

... гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1881 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

... гийн нэхэмжлэлтэй

... , ...  нарт холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... , хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... , ...  нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ... гийн нэхэмжлэлтэй, ... , ...  нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1881 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1881 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс “ ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “... ” ХХК-ийн кассын орлогын дэвтэр, бүртгэлийг гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байх ба шүүх 2020.04.17-ны өдрийн 05452, 5 сарын 15-ны өдрийн 7092 дугаар захирамжуудаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхад шүүх уг хүсэлтийг үндэслэлгүй хангахгүй орхиж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “... ” ХХК-ийн нягтлан бодогч ... аас тус компанийн кассын орлогын дэвтэрийг гаргуулах талаар хүсэлтийг 2020.04.17-ны өдөр бичгээр хүсэлт гаргахдаа иргэний хэрэгт ямар холбогдолтой талаараа хүсэлтдээ тодорхой дурдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болохоо дурдаагүй, 2020.05.15-ны өдөр амаар хүсэлт гаргахдаа мөн дээрх хүсэлтийг гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун нь “... ” ХХК-ийн кассын дэвтэр ... эгчээс асуухад “надад байхгүй, би тэр компанийн нягтлан бодогч биш” гэж хэлсэн талаар тайлбараа шүүх хуралдаанд гаргасан тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Гэтэл хариуцагчид нэгэнт байхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан тул хүсэлтийг хангахаас татгалзсан. Хүсэлтэд дурдсан нотлох баримт нь “... ” ХХК-д байдаг гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан, ... 2017 оны 4 сард “... ” ХХК-д ажилладаггүй талаар нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байхад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Мөн дээд шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчил, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах, энэ талаар мэтгэлцэх шаардлагатай байжээ” гэж үзсэн. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн харилцаа мөн эсэх талаар тодруулахад нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, гэрээ байгуулаагүй, миний мөнгийг худлаа яриад авсан гэж хариулж энэ хүрээнд мэтгэлцсэн, нэхэмжлэгчийн зүгээс 2020.07.23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан ба шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Нэхэмжлэгч ...  нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхтэй, өмгөөлөгч хүн болохыг дурдах нь зүйтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1881 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.  

6. Нэхэмжлэгч ...  “...би ... гээс автомашины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар түүнд 2016.06.28-ны өдөр 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн ... гээс түүний хүү ... гийн “... ” ХХК-ийн бариулж буй “... ” хороололд хямдхан байр худалдан авахаар 2017.04.25-ны өдөр нягтлан ... д 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул ... аас орон сууцны урьдчилгаа төлбөрт бэлнээр төлсөн 20,000,000 төгрөгийг,  ... гээс автомашины зогсоолын төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргасан.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун эс зөвшөөрч, “...нягтлан ...  нь ... гаас орон сууцны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, ...  нь 30,000,000 төгрөгийг  ... гээс зээлж, 2016.06.28-ны өдөр буцаан төлсөн, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх ... гийн нэхэмжлэлтэй, ... , ...  нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “... ” ХХК-ийн кассын орлогын дэвтэр, бүртгэлийг гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх 2020.04.17-ны өдрийн 05452, 2020.05.15-ны өдрийн 7092 дугаар захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэгт ач холбогдолтой байж болохуйц нотлох баримт байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.          

9. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчил, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн аль нь болохыг тодруулах, энэ талаар талууд мэтгэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн боломжгүй юм.

10. Талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүх нь эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр 20,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1881 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД