Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Х, Б.У, Д.Э

нарт холбогдох эрүүгийн хэргийн

тухай

 

 Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, Р.Х, Б.У, Д.Э нарт холбогдох, 1935003990030 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Р.Х /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... оршин суух хаягтай, ...... хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б ургийн овогт Р-ийн Х /РД: ........../,

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн .... төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... оршин суух хаягтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Б-ийн У /РД:......../,

Монгол Улсын иргэн,..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Увс аймгийн ..... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .......... оршин суух хаягтай, ........ хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Д-гийн Э /РД: .........../.

Шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутгаас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Тын 4 тооны хонь хулгайлж, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Р-ийн Х, Б ургийн овогт Б-ийн У, Х ургийн овогт Д-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хг 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.У, Д.Э нарыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Р.Хд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, мөн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хгийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг эдэлж дуусмагц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Э нарт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.У, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-200 маркийн мотоцикл /хуучин/-ийн үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн эзэмшигч Д-гийн А-т буцаан олгохоор тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Д.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Р.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс намайг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.У, Д.Э нартай бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутгаас хохирогч Т-ын 4 тооны хонь хулгайлж, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 8 сар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн.

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Л буюу М гэгч ахынхаа гэрт байж байтал өдөр 14 цагийн үед Б.У, Д.Э нар нь Энхбаярын цэнхэр өнгийн мотоциклтэй миний байгаа газар ирж надтай уулзсан. Д.Э нь эхнэр маань аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа тул аймгийн төврүү орж эхнэртэйгээ уулзмаар байна, би гэрээсээ 4 хонь бариад Т-ын өвөлжөөний хашаанд хийчихсэн байгаа, төв рүү авч явмаар байна, намайг сумын төв рүү хүргээд өг гэж надад хэлсэн.

Тэр үед би завгүй байна, маргааш боломжтой байх гэж хэлээд явуулсан. Тэгээд өглөө 05 цагийн үед нутгийн Жамсранжав гэх айлд унтаж байтал Б.У, Д.Э нар хүрч ирээд намайг хамт яваад өг гэж хэлсэн.

Тухайн үед би өөрийн цэнхэр өнгийн Мустанг-150 загварын мотоциклтэй явж байсан ба Т-н өвөлжөөнд очиход 4 тооны эр хонийг хашаанд хийгээд хаалгыг гаднаас нь пошгоор даруулсан байсан бөгөөд бид гурав хонийг сумын төв рүү оруулахаар болсон.  Үүний дараагаар бид гурав Таван Улиас багийн төвийн гол дээр нүүр, гараа угааж байтал араас манай сумын Т, Ц нар мотоциклтэй ирсэн. Тэгээд Ц нь Э-т хандан “чи миний малыг хулгайлж аваад байхдаа яадаг юм” хэмээн хэлсэн ба би тухайн үед тус авч явсан хонийг хулгайлсан юм байна гэж мэдсэн. Би Ц-ыг тэгж хэлэхээс өмнө хулгай хийж байгаа талаар огт мэдээгүй ба Т-ын 4 тооны хонь хулгайлахад оролцоогүй. Б.У, Д.Э нар өөрсдөө хийсэн хэргээ над руу чихээд намайг гүтгэж байна.

Иймд хийгээгүй хэрэгтээ 8 сарын хорих ял авсандаа гомдолтой байгаа тул  Тогтохын 4 тооны хонь Б.У, Д.Э нартай бүлэглэн хулгайлсан гэх үйлдлээс миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Р.Х нь “Энэ хэрэгт миний оролцоо байхгүй. Харин Д.Эын гуйлтаар 4 тооны хонийг сумын төв хүргэж өгөх гэж явж байгаад Ц.Т, түүний эхнэр нартай таарсан бөгөөд энэ үед уг хонийг хулгайн хонь гэдгийг мэдсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх  агуулгатай гомдлыг  гаргасан.

Хохирогч Ц.Т цагдаагийн байгууллагад өөрийн хонийг хулгайд алдсан талаар мэдэгдсэн нь Б.У, Д.Э, Р.Х нар бүлэглэн хохирогч Тогтохын хонь хулгайлсан гэдгийг нотлохгүй, ийм мэдүүлэг хэрэгт байхгүй.

Р.Х нь Ховд аймагт хулгайн хэргээр хорих ял эдэлж байгаа учраас Б.У, Д.Э нар түүнд хийсэн хэргээ тохох зорилгоор түүнийг энэ хэрэгт хамаатай мэтээр мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Р.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Р.Хгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Эыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг мөн малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд мөн яллагдагч Б.У, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Р.Х, Б.У, Д.Э нь бүлэглэн бусдын олон тооны хонь хулгайлсан гэдэг нь тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар  шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Р.Хгийн давж заалдах гомдлыг үндэслэн Р.Х, Б.У, Д.Э нарт холбогдох, 1935003990030  дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

          Шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  иргэн Ц.Тын өмчлөлийн, ............  багийн нутагт  бэлчээрт байсан хониноос дөрвөн тооны хонь  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож  тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан буюу 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлон дүгнэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг  харгалзан шүүгдэгч Р.Хд 8 /найм/ сар  хорих ял, Б.У, Д.Э нарт  тус тус 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тэдгээрийн  гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

          Мөн түүнчлэн шүүгдэгч Р.Хд  урьд  буюу Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

         Шүүгдэгч Р.Х  давж заалдах шатны шүүхэд “би  Ц.Тын 4 тооны хонь хулгайлаагүй тул надад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Хгийн “Д.Э нь надтай ирж уулзаад өөрийн хониноос 4 тооны хонь сумын төв оруулах хэрэгтэй байна гэж гуйсны дагуу Д.Э, Б.У нартай хамт явж байгаад хохирогч Ц.Т, түүний эхнэр Ө.Ц нартай таарсан бөгөөд энэ үед Д.Э, Б.У нарыг хонь хулгайлсан талаар мэдсэн, Д.Э, Б.У нар нь намайг хулгайн гэмт хэрэгт ял эдлэж байгаа тул надыг  хамт хулгай хийсэн талаар гүтгэж  байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гэм буруугийн талаар маргасан тайлбар, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

         Шүүгдэгч Р.Х нь Б.У, Д.Э нартай бүлэглэн хохирогч Х.Т-ын 4 тооны хонь хулгайлсан болох нь хохирогч Ц.Тын “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай мал гэрийн ар тал руу гарсан бөгөөд удалгүй манай хонь гарсан зүгт мотоцикл явж байх чимээ гарахаар нь хүүхдээ явуулахад “Ааваа, манай хонины хажууд мотоцикл явсан мөр байна, та очиж үз” гэхээр нь би яваад очиход мотоциклийн мөр байхаар нь “манай хонь руу хулгай орсон юм биш байгаа” гэж бодоод манай хажуугийн өвөлжөөг шалгаж үзэхэд Тулга гэдэг айлын эзэнгүй өвөлжөөний буйран дотор манай 4 эр хонийг бүсээр уячихсан байсан бөгөөд манай хонийг хэн хулгайлж авсныг мэдэх гээд 4 хонио орхиод алсаас барааг нь хараад шөнөжин харж хоносон боловч хэн ч ирж аваагүй. Маргааш өглөө нь эхнэрийн хамт гэр лүүгээ ирж, хэсэг байж байгаад Т-н өвөлжөөн дээр байсан 4 хонио очоод шалгахад манай 4 хонь байхгүй байсан. Ингээд эхнэр бид хоёр Т-н өвөлжөөнөөс цааш эргэн мотоциклийн мөр байхаар нь дагаад явахад Таван-Улиас чиглэлд явсан байсан. Тэгээд бид хоёр Таван-Улиасын ард голын хөвөөнд очиход Э, Хгэдэг гурван залуу хоёр мотоциклтой таарсан. Би тэр гурваас “Миний хонинууд хаана байна?” гэж асуухад тэр гурав юу ч дуугараагүй. Тэгэхээр нь “Та нар хэлэхгүй бол цагдаагаар шалгуулна” гэхэд Х, У хоёр “Та цагдаад битгий хэлээч, бид нар танай хонийг авчихсан юм” гэж надаас гуйхаар нь “Та нар хонь байгаа газраа зааж өг” гэхэд “За” гээд миний урд гарч яваад надаас зугатаад алга болсон. Би тэр хэдийн араас мөрийг нь мөрдөж явахад Тэс сумын төвийн зүүн талын модон дотор миний хоёр хонийг уячихсан байсан. Тухайн хонины хажууд Х-гийн дээл байсан. Мөн тэр хонинуудыг У-ийн бүсээр уячихсан байсан. Би тэр хонийг аваад гэр лүүгээ ирэхэд замд 11 дүгээр багийн нутагт хөдөө хээр 2 хонь нь уяатай байсан. Би 4 хонио тоо ёсоор нь олж авсан. Мөн сумын төвийн зүүн талын модон дотор байсан 2 хонины хөл нь хугарсан байсан. ...Миний малаас хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

гэрч Ө.Ц-ын  “...Нөхөр бид хоёр мотоциклийн мөрөөр араас нь явахад тэр мотоцикл нь Таван-Улиасны чиглэлд явсан байсан. Таван-Улиас дээр очиход голын хөвөөнд У, Э, Х нар байсан. У, Х нар “бид нар танай хонийг авчихсан юм, та битгий цагдаад хэлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь “хонь хаана байгаа юм бэ?, байгаа газрыг нь зааж өг” гэхэд “за” гэж хэлээд урд гараад зугтаагаад алга болсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

гэрч Б.М-ын “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр Х, Э нар нь надтай ирж уулзсан. “Та мал авч байгаа юм уу? Мал авч байгаа бол малын мөнгө өгөөч, бид хоёр дараа хонь өгье” гэхээр нь би мал авахгүй байгаа, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухайн үед тэд нарт хонь байгаагүй, харин надаас хонины мөнгө аваад хэдэн хоногийн дараа хонь авч ирж өгье гэж хэлсэн юм. 2019 оны 7 дугаар сард улсын баяр наадмын үеэр Тогтохын 4 тооны хонь хулгайлсан талаар сонссон. Тогтохын 4 тооны хонийг Х, У, Э нар хулгайлсан гэж нутгийн хүмүүсээс сонссон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52-р хуудас/,

гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... У, Х, Э нар нийлж Ц.Тын 4 тооны хонийг хулгайлсан ба бид нар ах дүүгээс илүү ойр дотно харилцаатай учир хулгайлсан 4 тооны хонийг нь буцааж өгч уучлалт гуйж тохиролцож, гомдолгүй болгосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/ болон шүүгдэгч Б.У, Д.Э нарын мэдүүлгээр нотлогдсон ба энэ талаар  анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хохирогч, гэрч, шүүгдэгч Б.У, Д.Э  нарын мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба уг нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

           Давж заалдах шатны шүүхээс Р.Х нь Б.У, Д.Э нартай бүлэглэн иргэн Ц.Тын 4 тооны хонийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Шүүгдэгч Р.Хгийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Хгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Р.Хгийн  2021 оны 05 дугаар  сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЖАМБАЛСҮРЭН                                  

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                   Н.МӨНХЖАРГАЛ