Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

шүүгдэгч Р.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа,

шүүгдэгч Б.У, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө

шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ргийн Х, Б ургийн овогт Бн У, Х ургийн овогт Дгийн Э нарт холбогдох 1935003990030 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 2, аавын хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б ургийн овогт Ргийн Х /РД: ОО97061711/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Бн У /РД: ОО92101219/,

Монгол Улсын иргэн,1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Дгийн Э /РД: ОО96112615/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутгаас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Тын 4 тооны хонийг хулгайлж нийт 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003990030 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 09-ний өглөө манай мал гэрийн ар тал руу гарсан бөгөөд удалгүй манай хонь гарсан зүгт мотоцикл явж байх чимээ гарахаар нь хүүхдээ явуулахад “Ааваа, манай хонины хажууд мотоцикл явсан мөр байна, та очиж үз” гэхээр нь би яваад очиход мотоциклийн мөр байхаар нь “манай хонь руу хулгай орсон юм биш байгаа” гэж бодоод манай хажуугийн өвөлжөөг шалгаж үзэхэд Тулга гэдэг айлын эзэнгүй өвөлжөөний буйран дотор манай 4 эр хонийг бүсээр уячихсан байсан бөгөөд манай хонийг хэн хулгайлж авсныг мэдэх гээд 4 хонио орхиод алсаас барааг нь хараад шөнөжин харж хоносон боловч хэн ч ирж аваагүй. Маргааш өглөө нь эхнэрийн хамт гэр лүүгээ ирж, хэсэг байж байгаад Т өвөлжөөн дээр байсан 4 хонио очоод шалгахад манай 4 хонь байхгүй байсан. Ингээд эхнэр бид хоёр Т өвөлжөөнөөс цааш эргэн мотоциклийн мөр байхаар нь дагаад явахад Таван-Улиас чиглэлд явсан байсан. Тэгээд бид хоёр Таван-Улиасын ард голын хөвөөнд очиход Э, Х, Уугаа /У/ гэдэг 3 залуу 2 мотоциклтой таарсан. Би тэр гурваас “Миний хонинууд хаана байна?” гэж асуухад тэр гурав юу ч дуугараагүй. Тэгэхээр нь “Та нар хэлэхгүй бол цагдаагаар шалгуулна” гэхэд Х, Уугаа хоёр “Та цагдаад битгий хэлээч, бид нар танай хонийг авчихсан юм” гэж надаас гуйхаар нь “Та нар хонь байгаа газраа зааж өг” гэхэд “За” гээд миний урд гарч яваад надаас зугтаад алга болсон. Би тэр хэдийн араас мөрийг нь мөрдөж явахад Тэс сумын төвийн зүүн талын модон дотор миний хоёр хонийг уячихсан байсан. Тухайн хонины хажууд Хгийн дээл байсан. Мөн тэр хонинуудыг Уугаагийн бүсээр уячихсан байсан. Би тэр хонийг аваад гэр лүүгээ ирэхэд замд 11 дүгээр багийн нутагт хөдөө хээр 2 хонь нь уяатай байсан. Би 4 хонио тоо ёсоор нь олж авсан. Мөн сумын төвийн зүүн талын модон дотор байсан 2 хонины хөл нь хугарсан байсан. ...Миний малаас хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

-хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв надад нэмж хэлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Хулгайд алдсан малаа бүрэн гүйцэт олж авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хулгайд алдаад олж авсан 4 хонь бүгд 4 настай эр хонь байсан бөгөөд хар халзан зүсмийн зүүн чих нь имтэй, баруун чих нь имгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/

-хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Таван-Улиас гэх газарт ирээд дагаж мөрдөж байсан хоёр тооны мотоциклийн мөрийг алдсан. Тэр хавиар мөр хайгаад явж байхад сумын төв талаас 2 мотоциклтой 3 залуу ирж байгаад намайг харангуутаа замаа өөрчилж голын хөвөө рүү орсон. Би араас нь дагаад голын хөвөөн дээр очиход манай сумын 11-р багийн залуучууд болох Ргийн Х, Бн Уугаа, Дгийн Э гэх залуучууд голын хөвөөнд нүүр гараа угааж байсан. Уг гурван залуу 4 тооны хонь алга болохоос өмнө манай малын бэлчээрээр явж байсан. Бас хүн байхгүй газар 2 мотоциклтой 3 залуу явж байхаар нь сэжиглэж миний 4 хонь хаана байна гэж асуусан. Тэгэхэд тэр 3 залуу юм дуугараагүй. Тэгэхээр нь тэд нарт хандаж “та нарыг сумын цагдаа дуудаж өгнө” гэж хэлээд цагдаа дуудах гэсэн боловч утсанд сүлжээ байхгүй байсан тул би мотоциклоо асааж бригадын төвийн 2 давхар байшин дээр ирж утсанд сүлжээ оруулаад сумын цагдаа руу залгах гэж байхад Ргийн Х, Бн Уугаа, Дгийн Э нар миний араас бригадын байшин дээр ирж Бн Уугаа надад хандаж “та бид нарыг битгий цагдаад өгөөч, таны хулгайд алдсан 4 тооны хонийг бид 3 хулгайлсан юм” гэж хэлэхээр нь би Бн Уугаад хандаж “хулгайлсан 4 тооны хонь чинь хаана байна” гэж асуухад Бн Уугаа надад хандаж “2 тооны хонийг нь 11 дүгээр багийн хөдөө модноос бүсээр уяад орхисон, 2 тооны хонийг “Зэмэстийн өвдөг” гэх газрын бургасан дотор бүсээр уяад орхисон, бид 3 танд заагаад өгье” гэж хэлсэн. Ингээд уг залуучуудын араас мотоциклтойгоо явахад миний урд гараад надад гүйцэгдэхгүй яваад өгсөн, ингээд би Бн Уугаагийн хэлсэн ёсоор “Зэмэстийн өвдөг” гэх газрын бургасан дунд очиход миний 2 тооны хонийг бургаснаас бүсээр уячихсан байсан. Би сумын төвөөс машин дуудаж 2 тооны хонио ачуулаад Бн Уугаагийн зааж өгсөн 11 дүгээр багийн хөдөө очиход 2 тооны хонийг модноос бүсээр уячихсан байсан. Ингээд би хулгайд алдсан 4 тооны хонио олж авсан. 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хгийн аав Р, Эын аав Д нар манай гэрт ирээд “манай хүүхдүүд танай хонийг хулгайлсан байна, ёстой муухай юм хийж уучлаарай, залуу хүмүүсийг” гээд надаас уучлалт гуйгаад явсан. Би 2019 оны 9 дүгээр сарын 03-нд хадлангаа хадах гэж явж байгаад Х, Уугаа хоёртой тааралдаж мэнд ус мэдэлцээд явах гэж байхад намайг хаашаа явж байгаа талаар асуусан би хадлан хадах гэж байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Х, Уугаа хоёр манай хадлан дээр ирж хадлан хадахад тусалж таны “4 тооны хонийг хулгайлсанд дүү нараа уучлаарай” гэж уучлалт гуйсан. Уугаа, Х хоёроос хадлан хадаж байхдаа “яагаад хоёр хоёроор нь салгаж өөр өөр газар уясан юм бэ” гэж асуухад Х надад хандаж “2 мотоцикл дээр 4 тооны хонь авч явах гэсэн боловч багтахгүй авч явах боломжгүй учир хоёр хоёроор нь салгаж тээвэрлэж сумын төв оруулах гэж байсан” гэж хэлсэн. Ргийн Х, Бн Уугаа, Дгийн Э нартай голын хөвөөн дээр таарахад Х өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын хөх өнгийн улсын номер дугааргүй мотоциклтой Бн Уугаа сундалгаатай явж байсан ба Э нь өөрийн эзэмшлийн Мустанг-200 загварын хөх өнгийн улсын номер дугааргүй мотоциклтой явж байсан. Бид нар нэг нутаг усны хүмүүс бөгөөд Ргийн Х нь миний авга талын хамаатан, Дгийн Э нь миний эхнэр Ө.Цын төрсөн ах Дгийн хүүхэд учир сайн танина” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

         2. Иргэний нэхэмжлэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2014 онд уг мотоциклийг 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба уг мотоциклд улсын дугаар номер аваагүй. Тэс суманд мал дээр унаж байгаад би өөрийн аав Дгийнд үлдээсэн юм. Тэр мотоциклийг голдуу манай дүү Э морь малдаа унаж хэрэглэдэг байсан юм. Уг мотоцикл нь одоо унаж ашиглах боломжгүй болсон ба мотор, кроп эвдэрсэн, амортизатор, дугуй нь эвдэрсэн, эд ангиуд нь бүрэн биш, ашиглах боломжгүй болсон юм. Тэр мотоциклийг би Тэс сумаас Улаангом сум руу 2021 оны 3 дугаар сарын эхээр ачиж авахуулсан ба одоо манайд байгаа. Уг мотоциклд ямар нэгэн бичиг баримт байхгүй юм. Уг мотоциклийг манай дүү Э нь 2018 оноос хойш унаж ашиглаж байгаа эвдээд хаячихсан, унаж ашиглах боломжгүй бөгөөд би мотоциклийг Д.Эаас нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Уг мотоциклийг би ойролцоогоор 200,000 төгрөг л хүрэх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/,

3. Гэрч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай хонь гэрийн ард талын нурган руу бэлчсэн юм. ...манай хүүхэд хониноос ирэхдээ манай хониноос хүмүүс хонь барьж авсан бололтой хажууд нь мотоциклийн мөр байна гэж хэлж ирсэн. Нөхөр Т араас нь явж хонио харж ирчхээд хүмүүс ирж хонь барьж авсан байна гэж хэлэхээр нь би хамт явсан. Бид нар хамт хонио хайж Т өвөлжөөн дээр очиход хашаан дотор манай 4 хонь уяатай байсан юм. Хэн авсан  эсэхийг нь мэдэх гэж шөнө өвөлжөөг манаж хоносон боловч хүн ирээгүй. ...Маргааш өглөө нь хашаанд байсан 4 хонь алга болчихсон байсан. Нөхөр бид хоёр мотоциклийн мөрөөр араас нь явахад тэр мотоцикл нь Таван-Улиасын чиглэлд явсан байсан. Таван-Улиас дээр очиход голын хөвөөнд Уугаа, Энхээ, Х нар байсан. Уугаа, Х нар “бид нар танай хонийг авчихсан юм, та битгий цагдаад хэлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь “хонь хаана байгаа юм бэ?, байгаа газрыг нь зааж өг” гэхэд “за” гэж хэлээд урд гараад зугтаагаад алга болсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

4. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр Х, Э нар нь надтай ирж уулзсан. “Та мал авч байгаа юм уу? Мал авч байгаа бол малын мөнгө өгөөч, бид хоёр дараа хонь өгье” гэхээр нь би мал авахгүй байгаа, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухайн үед тэд нарт хонь байгаагүй, харин надаас хонины мөнгө аваад хэдэн хоногийн дараа хонь авч ирж өгье гэж хэлсэн юм. 2019 оны 7 дугаар сард улсын баяр наадмын үеэр Тын 4 тооны хонь хулгайлсан талаар сонссон. Тын 4 тооны хонийг Х, Уугаа, Э нар хулгайлсан гэж нутгийн хүмүүсээс сонссон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52-р хуудас/,

5. Гэрч А.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хүү У, Х, Э нар нийлж Ц.Тын 4 тооны хонийг хулгайлсан ба бид нар ах дүүгээс илүү ойр дотно харилцаатай учир хулгайлсан 4 тооны хонийг нь буцааж өгч уучлалт гуйж тохиролцож, гомдолгүй болгосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/,

6. Гэрч З.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Э 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр халтар зүсмийн мухар олом тамгатай 1 тооны морь хайхаар гэрээсээ гарсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай хүргэн Ц.Т миний утас руу залгаж танай хүү Д.Э, Р.Х, Б.У нар манай 4 тооны хонийг хулгайлсан байна гэж хэлсэн. Би өөрийн хүү Эаас юу болсон талаар асуухад ...У надад сумын төв рүү хонь дөхүүлээд өг, 8 литр бензин өгнө гэж хэлсэн ба У нь намайг дээрэлхэж надаас архи, мөнгө нэхдэг, би Б.Уаас айдаг, үгүй гэж хэлчихвэл дараа нь намайг зүгээр байлгахгүй байх гэж бодоод айсандаа за гэж хэлээд сумын төв рүү Б.У, Р.Х нарын хонийг дөхүүлж өгөхөөр явж байхад Ц.Т ах араас ирж хонь хулгайллаа гэж хэлсэн. Тэр үед би Б.У, Р.Х нар Ц.Т ахын хонийг хулгайлсан болохыг мэдсэн. Хулгайн хонь болохыг нь эрт мэдсэн бол энэ хоёрт туслахгүй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58-р хуудас/,

7. Гэрч П.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бараг 2 жилийн хугацаа өнгөрсөн учир манайд Х, Уугаа, Э нарыг ирсэн эсэхийг санахгүй байна. ...Р.Хд “Мустанг 5” загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл байдаг байсан. 2019 оны намар сар, өдрийг нь санахгүй байна. Зүүнговь сумын төвд эвдрэхээр нь хаячихаад ирлээ гэж хэлсэн. Түүнээс хойш уг мотоциклийг яасан гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65-р хуудас/,

8. Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 10:00 цагийн үед гэрийнхээ гадаа гэрийн мод бэлдэж байтал манай нутгийн танил залуу болох Р.Х нь өөрийнхөө цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой манайд ирээд надад “ийшээ урагшаа айлд очоод ирье” гэж хэлээд намайг сундлаад бид хоёр урагшаа явж Хгийн хамаатны ах болох М гэх айлд очсон. Бид хоёр дэлгүүр явж байх замдаа Нарийний бригадын төвийн дэлгүүрээс 1 шил архи авсан юм. Бид хоёр М ахын гэрт очиж авч очсон архиа гурвуулаа хувааж уучихаад Х бид хоёр мотоциклд сундлаад тус багт байх Эын гэрт очсон. Тэдний гэрт очоод Х нь Этай уулзаад “бензин тос хийж өгнө” гэж хэлээд хоорондоо юм ярьж байгаад Х мотоцикл дээрээ хүрч ирсэн. Тухайн үед би мотоциклийн хажууд байсан бөгөөд Этай уулзаагүй юм. Р.Х нь Этай уулзаад хүрч ирээд ийшээ хөдөө гарчихаад чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгээд Эын гэрээс Х мотоциклоо жолоодоод намайг сундлаад тус багийн нутаг Дэнжүүрийн бандгар гэх газар луу явсан. Тэгээд очоод зогсож байтал Д.Э нь өөрийнхөө цэнхэр өнгийн Мустанг-200 загварын мотоциклтой араас ганцаараа хүрч ирсэн. Тэгээд Х нь Эт 10,000 төгрөг өгөөд бригадын төв ороод бензин хийгээд ир гэж хэлээд явуулсан. Тэгээд бид хоёр Эыг хүлээхгүй цаашаа 6 орчим км зайтай байх манай сумын Тулга гэх айлын өвөлжөөн дээр очсон. Тухайн үед Т өвөлжөөний эргэн тойронд нь айл болон хүн байхгүй байсан ба өвөлжөөний ойролцоо айлын мал бэлчиж байсан. Тэгээд Р.Х нь надад “энэ М ахын хонь, энэ хониноос 4 хонь барьж мөнгө хийж Улаангом явмаар байна, би сая М ахтай архи ууж байхад чамайг гарсны дараа М ахад 4 хонь авна гээд хэлчихсэн, чи зүгээр хонь барилцаад өг” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Хд “хэлчихсэн юм бол би барилцаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Х бид хоёр тухайн газарт бэлчиж байсан хониноос 4 тооны эр хонийг бариад Т өвөлжөөний хашаанд оруулсан. Тэгээд Х бид хоёр Т өвөлжөөнд бэлчиж байсан бусад хонинуудыг Нарийний гол руу туугаад Х нь намайг хүргэхээр Нарийний голын бригадад байх манай гэрт хүргэж өгсөн. Тэгээд Х надад “болохгүй бол миний мотоциклд сундлаад төв оруулаад өгөөч, би Эт бензин хийгээд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өглөө Х нь өөрийнхөө мотоциклтой хүрч ирээд надтай уулзаад “та нөгөө хонио төв оруулаад өгтөн” гэж хэлсэн. Тэгээд Х намайг сундлаад бид хоёр Т өвөлжөөн дээр очиход Э өөрийнхөө цэнхэр өнгийн Мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоциклтой ганцаараа өвөлжөөн дээр ирчихсэн байсан. Тэгээд эхлээд Х өөрийнхөө мотоцикл дээр 2 тооны хонийг тухайн хашаанд байсан шар өнгийн бүс, мөн өөрийнхөө дээлийн бүсийг тайлаад тухайн 2 тооны хонийг мотоциклдоо даруулж аваад Т өвөлжөөнөөс Тэс сумын төв рүү явсан. Т өвөлжөөнөөс Тэс сумын төв хүртэл 37 орчим км зайтай байдаг юм. Хг сумын төв рүү явсны дараа 10 гаруй минутын дараа Э бид хоёр үлдсэн 2 тооны эр хонийг дундаа тавиад Э өөрийнхөө мотоциклийг жолоодоод мөн Тэс сумын төв рүү хөдөлсөн юм. Тэгээд 10 гаруй км яваад Х хээр хөдөө талд зогсчихсон байсан. Тэгээд Х “энэнээс цаашаа явж болохгүй юм байна, нэг нэгээр нь аваад явъя” гэж хэлсэн. Тэгээд Х мотоцикл дээрээ нэг хонь, Э бид хоёр мөн нэг хонь аваад үлдсэн 2 хонийг газарт унасан байсан ганц ширхэг модноос айлын хашаанаас авсан шар өнгийн бүсээр уяж тухайн газарт орхисон. Тэгээд бид гурав тэндээсээ цааш хөдлөөд сумын төвийн ойролцоо 1 км зайтай газарт ирээд мод руу оруулаад авч очсон 2 хонио Х өөрийнхөө бүсээр уясан, тэгээд Х нь Э бид хоёрт “та хоёр нөгөө хоёр хонио авч ирээд явцгаатан, би болохгүй бол мотоциклоор боловч Улаангом орж наадам үзэхээс гэж хэлсэн. Тэгээд Х, Э бид гурав тэндээсээ үлдсэн 2 хонио авахаар хөдөлсөн. Тэгээд бид гурав “Таван-Улиас” бригадын төв дээр ирээд голын хөвөөнд очоод нүүр гараа угаагаад байж байтал манай сумын Т ах эхнэрийнхээ хамт ирээд “та нар манай 4 хонийг авсан байна, цагдаад мэдэгдэнэ” гэж хэлээд бригадын төвийн 2 давхар байшин руу сүлжээнд гарч ярина” гэж хэлээд эхнэрийнхээ хамт явсан. Тэгээд би Хгээс “М ахын хонь гээд байсан Т ахын хонь байсан юм уу” гэж асуусан. Би Т ах дээр очоод “бид гурав хонийг тань авсан, хохирлыг тань төлж өгнө, цагдаад битгий мэдэгдээрэй” гэхэд Т ах бид гуравт “тэр хонио аваад манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Т ахад танай 2 хонь хөдөө байгаа 2 хонь нь сумын төвийн наад талд байгаа гэхэд Т ах хөдөө байгаа 2 хонийг харсан би замаараа аваад гэр лүүгээ явлаа, та гурав үлдсэн хонио аваад ир гэж хэлсэн. Тэгээд Х, Э бид гурав цаашаа яваад оройхон сумын төвийн наад талд эхний 2 хонь уяж орхисон газарт очсон. Тэгэхэд тэр газарт нөгөө 2 хонь байхгүй, тэгээд бид гурав хонио алдчихлаа гээд ярилцаад байж байтал Эын төрлийн ах нь гэх хүн яриад сумын төвийн хажууд байсан 2 хонийг аваад Т ахынд аваад ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэр орой Т ахынд очоогүй бөгөөд бид гурав тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа Т ахынд очсон юм. Тэгээд Т ах цагдаад өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед Х нь Э бид хоёрт мал хулгайлж байгаа талаараа хэлээгүй бөгөөд М ахын хонийг авч байгаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Т ахтай таарахад тэдний хонийг хулгайлсан гэдгийг би мэдсэн юм. Х нь аймгийн төв рүү орж наадам үзнэ, хонь барилцаад өг гэхээр нь хонийг нь барьж өгсөн. Тухайн өдөр Р.Х өөрийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл, Д.Э нь мөн өөрийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-200 загварын мотоцикл унаж явсан юм. Р.Х нь надад нэг удаа тус болчих гэхээр нь би хамт явсан, мал хулгайлж байгааг мэдээгүй. Х нь надад мөнгө төгрөг өгсөн, өгөхөөр амалсан зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р хуудас/,

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг,  

9. Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 08-09-ний үеэр байх хөдөө адуугаа хайгаад явж байгаад манай сумын М гэх айлд очиход манай сумын У, Х нар байсан ба тэд нар голын хөвөөнд морь барьж байсан юм. Тэгээд бид нар голын хөвөөнөөс 100 гаруй метр зайтай байх М ахын гэрт орсон юм. Тухайн үед Х, У хоёр Хгийн хөх өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой явж байсан юм. М ахын гэрт ирээд Х намайг дагуулаад гэрээс холгүй очиж зогсоод “өнөөдөр оройхондоо надад сумын төв рүү өөрийнхөө мотоциклоор хонь оруулаад өгөөч” гэж хэлсэн. Тэр үед би Хд “би завгүй, айлд хана үдэлцэнэ” гэж хэлсэн. Тэгээд би Хд хана үдчихээд харанхуй болчихгүй бол хонийг чинь сумын төв рүү оруулаад өгье гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн ах Аын эзэмшлийн улсын дугааргүй, хөх өнгийн мотоциклтой явж байсан ба мотоциклийн бензин дуусаж байхаар нь би тэр өдөр Хгийн хонийг сумын төв рүү дөхүүлж өгнө гэж бодоод Хгийн мотоциклийн банкнаас пивоны хуванцар саваар 3 литр орчим бензин авч мотоциклдоо хийсэн. Тэгээд ...Х над руу утсаар залгаад “нөгөө хонио сумын төв рүү оруулаад өг, би бригадын төв дээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хд “за, за” гэж хэлчихээд тэр айлаасаа цаашаа 5-6 км орчим яваад Тэс сумын 11 дүгээр багийн бригадын төв дээр ирсэн. Намайг бригадын төв дээр очиход Х, У нар найзуудтайгаа архидаж байсан ба согтуу байсан. Тэгээд би тэр хоёрыг хүлээгээд тэнд 23:00 цаг хүргээд тэр хоёр явж өгөхгүй болохоор би тэр орой өөрийн хамаатан Бгийн гэрт очиж хоносон. Тэгээд би маргааш нь гэртээ хариад цай уугаад байж байтал өглөө 09 цаг 30 минутын үед Х над руу утсаар залгаад надад “за одоо нөгөө хонио оруулаад өгөөч, бригадын төв дээр хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд би өөрийн ахын мотоциклтой яваад очиход бригадын төв дээр байгаагүй бөгөөд хайгаад бригадын төв дээр явж байтал У, Х нар нь Хгийн мотоциклтой сундалдаад бригадын төвийн урд талаас хүрч ирсэн. Тэгээд би тэр хоёртой уулзахад Х надад “за за чи хойшоо гараад байж бай” гэхээр нь би бригадын төвөөс хойшоо гараад хөдөө тэр хоёрыг хүлээгээд байж байтал 2 цаг орчмын дараа Х надад “за одоо явъя” гэж хэлээд урд гараад явсан. Тэгээд бид гурав хоёр мотоциклтой бригадын төвөөс 8 орчим километр зайтай байх манай сумын Тулга гэх айлын өвөлжөөн дээр очиж зогссон. Тэдний өвөлжөөн дээр очиход тэдний малын хашаан дотор 4 тооны эр хонийг оруулчихсан байсан ба тэр өвөлжөөний эргэн тойронд айл, хүн гэх зүйл байгаагүй юм. Тухайн үед би тэр 4 хониноос тухайн өвөлжөөн дээр байсан шар өнгийн бүсийг тайлж аваад Х өөрийнхөө мотоцикл дээр 2 хонь тавьж татаж уясан, харин У бид хоёр миний унаж явсан мотоциклийн банкин дээр нэг хонь, ар талд У бид хоёрын дунд үлдсэн нэг хонийг тавиад бид нар тэндээс хөдөлсөн бөгөөд Х эхэлж хөдөлсөн юм. Тэгээд У бид хоёр араас нь явж байтал Х замд мотоциклтойгоо унаад нэг хониныхоо хөлийг хугалчихсан байсан. Тэгээд бид гурав тэнд зогсоод босгож аваад цаашаа явж байтал Х мотоциклтойгоо дахиад уначихсан байсан. Тэгээд бид гурав 2 хонийг хээр орхихоор болоод хөдөө байсан хөндлөн ганц модноос шар өнгийн бүсээр 2 хонийг уяж орхиод 2 хонио аваад бид гурав цааш явж сумын төвийн наад талд байх самбарын наад талд очиж зогсоод Х хонь авах хүний утас нь холбогдохгүй байна хонио энд үлдээчихээд сумын төв орно гээд бид гурав 2 хонио самбарын хажууд модон дотор уясан. Тэгээд бид гурав Тэс сумын төв рүү ороод Х надад бензин хийж ав гэж хэлээд надад 10,000 төгрөг өгсөн, тэгээд Х сумын төвд хонь авах хүнтэй уулзана гээд явсан, У бид хоёр мотоциклтойгоо сумын төвийн урд талын колонкоос 10,000 төгрөгт бензин авсан. Тэгээд У бид хоёр бензин аваад сумын төвийн захад хашааны сүүдэрт Хг хүлээгээд зогсож байтал Х хүрч ирсэн. Тухайн үед ойролцоогоор 13:00-14:00 цаг болж байсан юм. Х ирээд “хээр хаясан 2 хонио авахаар явлаа” гэж хэлсэн. Тэгээд У Хгийн мотоциклд сундалдаад тэр хоёр сумын төвөөс гарсан. Харин би мотоциклтойгоо ганцаараа явсан юм. Тухайн үед Хгийн араас би яваад бид гурав сумын төвөөс 32 км зайд байх голын бригадын төв дээр ирсэн. Тэгээд бид гурав голын эрэг дээр очоод нүүрээ угаагаад би тэр хоёрт “за за би одоо явлаа, та хоёр замдаа хонио аваад хариу буцдаг юм байлгүй” гэж хэлсэн. Тэгээд бид гурав гол дээр нүүрээ угааж байтал мотоцикл дуугараад Т ах эхнэрийнхээ хамтаар ирээд бид гурав руу уурлаж “муу хар хулгайчууд хонь хаана байна, хонь авч ирж өг” гэж хэлсэн. Тэгээд Т ах надад “чи энэ хоёртой юу хайж яваа юм” гэж хэлэхэд би Т ахад “би хулгайн хонь гэж мэдээгүй юм, намайг сумын төв оруулаад өг гэхээр нь оруулж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Т ах сүлжээнд гарч цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд 2 давхар байшин руу явсан. Тэгээд бид гурав Т ахын араас очоод У нь Т ахад “ах ёстой уучлаарай, танай 2 хонь самбарын хажууд байгаа, нөгөө хоёр нь хөдөө байгаа, хонийг тань авч ирж өгнө” гэж хэлээд У, Х нар Хгийн мотоциклтой сумын төвийн ар талд байгаа хонио авахаар явсан. Би араас нь мотоциклтой явсан. Харин Т ах эхнэрийнхээ хамтаар миний ар талд мотоциклтойгоо явсан. Тэгж байх үед Х мотоцикл жолоодож явсан бөгөөд Х хурдаа нэмээд явсан бөгөөд би араас нь мотоциклтойгоо хурдаа нэмээд араас нь явсан. Тэгээд сумын төвөөс 7-8 км наана Хгийн мотоцикл эвдэрсэн, араас Т ах ирж явсан юм. Тэгээд Х “чиний мотоцикл дээр сундлаад сумын төв рүү орж машин олж хонийг нь Т ахын гэрт хүргэж өгье, энэ мотоциклийг энд үлдээчихье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав миний унаж явсан мотоцикл дээр сундлаад сумын төв рүү явсан. Тэгээд Х, У бид гурав сумын төв дээр ирээд унаа машин хайгаад олоогүй юм. Тэгээд бид гурав сумын төвийн ар талд байх самбарын хажууд уясан хонь дээр очиход уяж орхисон 2 хонь алга болчихсон байсан. Тэгээд бид гурав “хонийг хулгай авчихсан байна, одоо яах уу” гэж ярилцаад буцаад Хгийн мотоцикл дээр очсон. Тэгээд Хгийн мотоциклийн утас нь тасарсан байсныг янзлаад бид гурав сумын төв рүү орсон бөгөөд миний мотоцикл бензингүй байсан учраас бензин авах гэхэд мөнгөгүй байсан тул Х бензиний мөнгө олж ирнэ гэж хэлээд У тэр хоёр мотоциклтой явсан бөгөөд эргэж ирээгүй. Тэгэхээр нь би тэр хоёрыг харанхуй болтол 2-3 цаг хүртэл хүлээгээд байж байгаад Х рүү утсаар залгахад Х утсаа авахгүй байж байгаад харанхуй болох үеэр утсаа аваад “чи одоо бензин аргалж хийгээд хариач, танай хамаатны хүн юм чинь юм хэлэхгүй байх” гэж хэлээд утсаа унтраачихсан юм. Тэгээд би сумын төвд өөрийн таньдаг айлд очиж 20,000 төгрөг авч бензин аваад гэр лүүгээ харьсан юм. Тэр явдлаас хойш Х, У хоёр гэртээ харихгүй 20 гаруй хоног явж байгаад Тэс суманд буцаж ирсэн. Харин би тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Т ахын гэрт нь аавтай хамт очсон. Тэгэхэд Т ах Х, У хоёртойгоо хамт ир гэж хэлсэн. Тэгээд Х, У байхгүй учраас Хгийн аав, манай аав хоёр хамт Т ахын гэрт очиж уулзсан. Тэр үед Т ах өөрийнхөө 4 тооны хонийг очоод авчихсан байсан юм. Тухайн үед би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдээгүй. Х уг 4 хонийг М ахынхаас авсан хонь гэж хэлсэн бөгөөд би тэр үед Хг М ахын хонинд байсан өөрийнхөө хонийг авсан юм болов уу гэж бодсон юм. Би анхнаасаа Хд тус болох гэж малыг нь зөөж өгсөн юм. Тэгээд тэр өдөр Т ах ирээд Х, У нарыг загнахад л би Хг Т ахын хонийг хулгайлсан байсныг мэдсэн юм. Тухайн үед унаж явсан мотоцикл нь хөх өнгийн Мустанг-200 загварын мотоцикл байсан бөгөөд уг мотоцикл нь манай төрсөн ах Аын мотоцикл юм. Анх 2014 онд ах худалдаж авч байсан, ямар нэгэн улсын дугаар номер байхгүй. Уг мотоцикл нь одоо Тэс суманд мотор нь эвдэрчихсэн байгаа ба зарим эд ангиудыг нь хүмүүс тайлаад авчихсан. 2020 оны 8 дугаар сараас хойш уг мотоциклийг ашиглахгүй, унахгүй байгаа. Уг мотоцикл нь одоо асааж унах боломжгүй болчихсон. ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143-р хуудас/,

-Шүүгдэгч Д.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна” гэх мэдүүлэг,

10. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-25-р хуудас/,

 

11. Гэрэгэ Эстимейт ХХКомпанийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Увс аймгийн Тэс суманд 4 настай эр хонины зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 7 дугаар сарын байдлаар 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 19/181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76-р хуудас/,

12. Увс финанс Аудит ХХКомпанийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “2021 оны 3 дугаар сарын байдлаар 2014 онд Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-200 загварын хуучин мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2018 онд Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-150 загварын хуучин мотоцикл 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-р хуудас/,

13. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Харин хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан “Малд үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр нөхөн хийсэн, мөн хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт нь хохирогч Ц.Т өөрийн алдагдсан хонио олж авах үедээ гар утсаараа зургийг авч бэхжүүлж хэрэгт хавсаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмаар цуглуулж бэхжүүлээгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгч Б.У, шүүгдэгч Д.Э нар нь гэм буруугийн талаар маргаагүй бол шүүгдэгч Р.Х нь гэм буруугийн талаар дараах байдлаар маргасан болно.   

Шүүгдэгч Р.Х нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Лхамаа буюу М гэж дууддаг ахынхаа гэрт байж байтал өдөр 14:00 цагийн үед манай нутгийн Э, У нар Эын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-200 загварын мотоциклтой хүрч ирээд надтай уулзсан. Тэгэхдээ “би аймаг руу явмаар байна, эхнэртэйгээ уулзмаар байна, би гэрээсээ 4 хонь бариад Т өвөлжөөний хашаанд хийчихсэн байгаа. Төв рүү авч явмаар байна. Чи сумын төв оруулаад өг” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрт “би өнөөдөр чадахгүй, завгүй байна. Маргааш бол яваад өгье” гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 05:00 цагийн үед би нутгийн айл болох Нарийний бригадын төвийн зүүн нуруунд байх Жамсранжав гэх айлд унтаж байтал Э, У нар мотоциклтой хүрч ирээд “одоо яваад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-150 загварын мотоциклтой явж байсан. ...Тэгээд Т өвөлжөөн дээр очиход эргэн тойронд нь ямар нэгэн айл, хүн байгаагүй. Өвөлжөөний дотор 4 тооны эр хонь хашаалаад малын хашааны амыг пошгоор даруулаад хаачихсан байсан. Тэгээд бид гурав тэндээсээ уг 4 тооны хонийг сум руу оруулахаар болсон. ...Тэс сумын “Таван-Улиас” багийн төвийн гол дээр ирээд нүүр гараа угааж байтал араас манай сумын Т, Ц нар мотоциклтойгоо ирээд Тын эхнэр Ц нь Э луу дайраад “чи миний хонийг хулгайлж аваад байхдаа яадаг юм, хэлээд авахгүй яасан юм” гэж хэлээд дайраад байхаар нь би тухайн 4 тооны хонийг хулгайн хонь гэж мэдсэн. ...Би тухайн үед нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...тухайн хэргийг би үйлдээгүй. Э, У хоёр намайг өөр хулгайн хэрэг хийсэн болохоор над руу гүтгэж, намайг хулгай хийсэн гэж мэдүүлж байна. Гэм буруутай үйлдэл байхгүй” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч Р.Хгийн энэхүү мэдүүлгүүд нь хохирогч Ц.Тын удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч Ө.Цын: “...Маргааш өглөө нь хашаанд байсан 4 хонь алга болчихсон байсан. Нөхөр бид хоёр мотоциклийн мөрөөр араас нь явахад тэр мотоцикл нь Таван-Улиасын чиглэлд явсан байсан. Таван-Улиас дээр очиход голын хөвөөнд Уугаа, Энхээ, Х нар байсан. Уугаа, Х нар “бид нар танай хонийг авчихсан юм, та битгий цагдаад хэлээч” гэж гуйсан” гэх мэдүүлэг, гэрч П.Л /хоч нэр М/-гийн: “...Р.Х нь манайхаар байдаг байсан. Д.Э нь манайхтай ойролцоо зусдаг байсан тул манайхаар орж гарч байсан. У нь манай гэрээр ирж байгаагүй ба Х, Э, У нар хамт манай гэрт ирж байсан удаа байхгүй” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан байх тул хохирогч Ц.Тын 4 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг юм.

Улсын яллагч шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна.

Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 /бүлэглэж/, 2.4 /машин механизм ашиглаж/-д зааснаар зүйлчлэгдэхээр байгаа боловч уг гэмт хэрэг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөгдсөн, мөн оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны нэмэлт өөрчлөлт ороогүй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ц.Тын 4 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн дөрвөн тооны үхрийг хулгайлж авсан байна. Шүүгдэгч  нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Хохирогч Ц.Т нь “хулгайд алдсан дөрвөн тооны хонио бүрэн бүтэн олж авсан, хохирол төлбөр байхгүй, нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэж /1-р хх-ийн 38-39-р хуудас/ мэдүүлж байх тул шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүгдэгч тус бүрээр нь авч үзвэл:

 Шүүгдэгч Р.Хгийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Т-ын “Р.Х нь миний авга ахын хүү. ...Х нь төлөв даруу зантай, хүнд тусархуу, хүүхдэд их сайн, эелдэг зөөлөн хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи татдаггүй, элдэв муу хорт зуршил байхгүй. Х нь тусдаа гэр бүрж гараагүй тул өөрийн нэр дээр эд хөрөнгө гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд ажил хийлгэх ял шийтгүүлж байсан /1-р хх-ийн 232-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Шүүгдэгч Б.Уын хувийн байдлыг тогтоосон гэрч Г.М-ын “Утай нэг нутгийн айл хөрш учир танина. ...У нь зан аашийн хувьд сайн залуу, илүү дутуу зангүй, хүнтэй сайн харилцдаг, харьцаа сайтай, хүнтэй зөрөөд маргаад байдаггүй, хүнд их тусархаг, хар бор ажилд сайн, санаа сэтгэл сайтай залуу юм. У нь урьд өмнө хэрэгт төвөгт холбогдож байгаагүй, элдэв хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. У бага байхдаа сургуульд сурч байгаад гарчихсан.Ар гэрийн хувьд амьдралын нөхцөл байдал муу, ээжийнх нь бие нь муу, тэтгэвэрт байдаг, аав нь ганцаараа ажилладаг, эд хөрөнгийн хувьд мал хар байдаггүй, эд хөрөнгө гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-р хуудас/, гэрч Б.Т-гийн “Би Уыг нэг нутгийн хүн учир танина. ...У нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, төлөвшил хүмүүжил сайтай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хорт муу зуршилгүй, эрүүл чийрэг биетэй, хүнд их тусархуу, хар бор ажилд сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-р хуудас/, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 203-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тогтоосон гэрч Ө.Дгийн “...Миний хүү Э нь бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрүүлсэн. 12 дугаар анги төгссөн. Хугацаат цэргийн алба хаасан. Архи, тамхи хэрэглэдэггүй, даруухан хүүхэд байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/, гэрч М.Ш-гийн “Э нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2019 оны 12 сард гэрлэлтээ батлуулж, 2020 оны 6 дугаар сард хурим найраа хийсэн. Одоо би 7 сартай жирэмсэн. Нөхөр маань зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай, хүнээс үг зөрөөд байдаггүй, хар бор ажилд сайн, гэр бүл, аав ээждээ байнга тусалж байдаг, хайр халамж сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, нөхөр бид хоёр дундаж орлоготой. Гачигдаж дутагдаад байх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р хуудас/, гэрч Д.Аын “Э нь миний дүү байгаа юм. ...Тэс сумандаа Шар үзүүрийн гаальд галчаар ажилладаг. Зан байдлын хувьд хүнтэй эвтэй сайн харилцдаг, илүү дутуу зангүй, даруу төлөв зантай. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 185-р хуудас/ зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдааны шатанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Хд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй тул 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 1 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх, шүүгдэгч Б.У, Д.Э нарт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тул 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх саналыг, шүүгдэгч Р.Хгийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ялыг оногдуулах, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч мөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялаар тус тус шийтгэж өгнө үү гэх саналыг гаргасан.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Х, Б.У, Д.Э нарыг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хг 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.У, Д.Э нарыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Р.Х нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 2 жил 1 сар 14 хоногийн хорих ял /2-р хх-ийн 10 дугаар хуудас/-ыг эдлээгүй үлдсэн гэх ялын тооцоог Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас гаргаж ирүүлсэн байна.

 

Иймд дээрх хуульд заасны дагуу буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Р.Хгийн эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, мөн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил, 9 сар,14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Р.Хд 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд нийт 55 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хгийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Мөн шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялыг эдэлж дуусмагц өмнөх шийтгэх тогтоолоор /Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 99 дугаартай шийтгэх тогтоол/ оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов. 

 

            Харин шүүгдэгч Б.У, Д.Э нарт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэхээр шийдвэрлэв.

 

Бусад хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Я.Нарантуяа нь 80 дугаартай дүгнэлтээр Мустанг-200 загварын мотоциклийг 100,000 төгрөгөөр, Мустанг-150 загварын мотоциклийг 250,000 төгрөгөөр /1-р хх-ийн 86-р хуудас/ тус тус үнэлжээ.

 

Мустанг-200 загварын мотоцикл нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Аын эзэмшлийн мотоцикл бөгөөд уг мотоциклийг шүүгдэгч Д.Э унаж явсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Аын /1-р хх-ийн 41-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн Мустанг-150 загварын мотоцикл нь шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд энэхүү мотоциклийг “2019 оны намар Зүүнговь сумын төвд унаж яваад эвдрэхээр нь нэг айлын хашаанд хаясан гэсэн” гэх гэрч Лхамаагийн /1-р хх-ийн 63-65-р хуудас/ мэдүүлэг, шүүгдэгч Р.Хгийн “Уг мотоцикл нь одоо байхгүй, эвдрээд ашиглах, хэрэглэх боломжгүй хог болсон учраас өнгөрсөн жил хогонд хаячихсан” гэх /1-р хх-ийн 120-121-р хуудас/ мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Я.Нарантуяа нь уг мотоциклийн зах зээлийн үнийн баримжааг гаргахдаа биет байдлаар нь харж үнэлэлгүй ижил буюу жишиж болох /төсөөтэй/ хөрөнгүүдтэй харьцуулж тодорхойлон дүгнэлт гаргасан байх тул Мустанг-150 загварын мотоциклийн үнэлгээг бодитой үнэлэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Харин Мустанг-200 загварын мотоциклийн үнэлгээг биет байдлаар нь харж үнэлж дүгнэсэн байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоцикл болох Мустанг-200 загварын мотоциклийн үнэ 100,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар, Мустанг-150 загварын мотоциклийн үнийг шүүгдэгч нараас гаргуулахгүй байх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэгэнт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл /Мустанг-200 загварын мотоцикл/-ийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Дгийн Ат буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.У, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Д.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ргийн Х, Б ургийн овогт Бн У, Х ургийн овогт Дгийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хг 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.У, Д.Э нарыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Р.Хд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, мөн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хгийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Р.Хд оногдуулсан 2 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг эдэлж дуусмагц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Э нарт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.У, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-200 маркийн мотоцикл /хуучин/-ийн үнэ 100,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн эзэмшигч Дгийн Ат буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Д.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН