Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0771/З |
Дугаар | 128/ШШ2023/0323 |
Огноо | 2023-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0323
2023 04 04 128/ШШ2023/0323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:5*******,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.О*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*******,
Гуравдагч этгээд: “Я*******” ХХК, РД:2*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С******* нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/516 дугаар захирамжаар “Э*******” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, С нутаг дэвсгэрт 14628 мкв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
1.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20/970 тоот албан бичгээр “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдэгдэж байна” гэжээ.
1.4. “Э*******” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/26 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/1282 тоот албан бичгээр “... дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дугаартай захирамжаар хүчингүй болсон бөгөөд энэ тухай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17/2142, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20/970, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20/1062 тоот албан бичгүүдээр мэдэгдэж хүргүүлсэн болно” гэсэн хариуг хүргүүлжээ.
1.5. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаартай захирамжийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай “Э*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/516 тоот захирамжаар нэгж талбарын 1 дугаартай, 14628 м.кв талбай бүхий газрыг, 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Манай компани өнгөрсөн хугацаанд Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, газрын төлбөрөө төлж ирсэн. Гэтэл энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаар захирамжаар хүчингүй болгосныг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр алба 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 20\970 тоот мэдэгдлийн хамт манай компанид ирүүлсэн. Энэ мэдэгдэл болон захирамжид заасан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гаргахаасаа өмнө манай компаниас ямар нэгэн тайлбар аваагүй, энэ талаар огт мэдэгдээгүй, түүнчлэн манай компанид шууд хамааралтай гэж харах үндэслэлгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Ингээд тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20/1062 дугаартай хариу хүргүүлэх тухай бичигтээ гомдол дурдсан асуудал болон захирамж нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, шийдвэр гаргахаасаа өмнө манай компаниас ямар нэгэн тайлбар аваагүй, манай компанид хамааралтай эсэх талаар огт дурдаагүй хариуг өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжид заасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үндэслэлүүдийг дурдаж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар дээд шатны байгууллага албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл манай гомдолд дурдсан асуудлуудыг мөн л нягталж шийдвэрлэхгүйгээр манай компанид өмнө нь өгсөн хариунуудын огноог дурдаж, хариуг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20/1282 дугаартай албан бичгээр өгсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаар өдрийн захирамжийн манай “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байна.
Захирамжийн Үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах хэсгийг үндэслэсэн нь хууль бус гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтууд байдаг. Манай компанийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тухайн газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг огт зөрчөөгүй байхад эрх бүхий байгууллага шийдвэр гаргахдаа манай компанийг гэрээний болон хуулийн ямар заалтыг хэрхэн, хэзээ, яаж зөрчсөн талаар үндэслэл баримтгүйгээр шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж мөн л үндэслэл баримтгүйгээр илтэд гүтгэж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Манай компани газрын төлбөрөө хууль ёсоор эзэмшиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан хугацаанд цаг тухай бүрт нь төлж ирсэн. /баримтуудыг хавсаргав/. Мөн эрх бүхий байгууллага нь дээр дурдсан захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ. Гэтэл гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж олгоогүй юм. Учир нь Ковид цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2 жил гаруй хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож, хил гааль хаагдаж, иргэн аж ахуйн нэгжүүдийн бүхий л үйл ажиллагааг зогсоосон атлаа Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр манай компанийн эрхэд халдаж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Тодруулбал:
Төр нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргачхаад 2 жил дараалан ашиглаагүй гэдэг байж боломгүй үндэслэл зааж эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус шийдвэр юм. Мөн манай компани 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших гэрчилгээгээ авсны дараа тус газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэтэл манай газар дээр хууль бусаар хашаа хатгасан байсан. Энэ талаар манай компанийн зүгээс тухайн этгээдэд газар чөлөөлж, хашаагаа буулгах, хууль бус ажиллагаагаа зогсоох талаар удаа дараа мэдэгдэж байсан. Ингэж байтал 2019 онд Ковид гарч өнөөдрийг хүрсэн. Иймд манай компанийн буруутай, хууль бус ажиллагаа огт байхгүй бөгөөд Дэлхийг хамарсан цар тахлын хүнд нөхцөл байдал, бусад этгээдийн хууль бус ажиллагаанаас үүдэлтэй нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэлгүй, илт гүтгэж, ор үндэсгүй, нотлогдоогүй зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай А/261 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хүчингүй болгох үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтын хамгийн эхнийх бол нэхэмжлэгч компани А/516 гэсэн дугаартай захирамжаар газар эзэмшдэг. Гэтэл газрын А/250 гэсэн дугаартай 2018 оны захирамж хүчингүй болгосон. Энэ бол хамгийн эхний Засаг даргын тамгын газрын алдаа байлаа гэж үзэж байна. Тухайн Засаг даргын тамгын газар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч мэдэгдэлд дурдсан асуудлууд болон үйл баримт юу байдаг вэ гэхээр Я компанийн асуудал байдаг. Я компани гомдол өгсөн учраас тус компанид эвлэрлийн гэрээтэй учир таны газар хөндөгдөнө гэдэг асуудал ярьдаг. Ингээд мэдэгдэлд дурдсан үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаанууд нь өөр газар сонгож өгөх байсан. Манай үйлчлүүлэгч өөрөө газраа сонгох юм байна гэдэг хүлээлттэй байсан. Гэтэл энэ үндэслэлээр захирамж хүчингүй болоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. Гэтэл Засаг даргын гаргасан захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар энгийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн. Гэтэл газрын төлбөрөө бүрэн төлсөн болохыг тооцоо нийлсэн актаар нотолж байгаа юм. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг нийтэд илэрхий үйл баримт болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөлийн гэрчилгээгээр нотлоод байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх үүргээ захиргааны байгууллага гүйцэтгээгүй байна. 250 дугаар захирамж бол манайд ямар ч хамааралгүй мэдэхгүй захирамж дурдаад үндэслэлээ гаргасан байна. Мэдэгдлийн тухайд газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн гэрчээр асуугдахдаа хэлж байсан. н.О*******тай хамт яваад газар сонгож байсан, үүнээс хойш юу болж байсан талаар мэдэхгүй гэдэг. Яагаад ийм үндэслэлээр захирамж хүчингүй болгосныг мэдэхгүй байна гэсэн. Энэ бол төрийн байгууллагын үйл ажиллагаа уялдаагүй явсны шинж юм. Түүнээс болоод нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь нотлогдсон гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан. Улмаар энэ зарчим алдагдсан байна. Мөн хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Улмаар энэ үйл ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй байна. Энэ захирамжаар танайх төлбөрөө төлөөгүй байна эсвэл 2 жил дараалан ашиглаагүй байна гэдэг байдлаар ямар ч яриа хэлэлцээр болоогүй байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д захиргааны акт нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарна гэж үзэж байна. Хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа яваагүй байна. Гуравдагч этгээд хашаа байсан уу гээд асуугаад байна. Захирамжийг хүчингүй болгох тохиолдолд захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа хийх байтал хийгдээгүй байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл энэ боломжийг олгоогүй байна. Өөрөөр хэлбэл танайхыг давхацсан учир эрх, ашгийг чинь хөндөхгүйгээр шилжүүлнэ гэдэг мэдэгдэл хийгээд дараа нь Я компанийн гомдлыг шийдвэрлэхдээ хууль ёсны дагуу эзэмшиж байсан нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэдэг заалт зөрчигдсөн. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэсэн заалтаар нотлох үүрэгтэй байтал нотлоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газраа 2 жил дараалан ашиглаагүй төлбөр тооцоо хийгээгүй талаарх тайлбараа аваагүй болох нь хавтаст хэрэгт бүрдүүлж ирсэн баримтаар нотлогдож байна. Сонсох ажиллагаа явуулаад тайлбар хийх боломжийг олгосон бол тухайн үед зохицуулах бүрэн боломжтой байсан. Хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэдэг заалтад тус захирамж орж байгаа. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад чиглэсэн этгээд манайх мөн багтана. Энэ хүний эрх ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт гаргах гэж байгаа тохиолдолд хүндэтгэлтэй хандах зүйл байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна, 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах”, 95.1.2-т “захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Хуулийн 95.1.3-д “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах” гэж заасан. Улмаар энэ эрх нь хангагдаагүй. Хуулийн 95.4-д “Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд дараах зүйлийг тусгана” гэж заасны дагуу баримт хэрэгт авагдаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байхад захиргааны байгууллага 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг шийдвэрийг эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэхгүйгээр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.
Гуравдагч этгээд шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар дээрээ эрх ашиг сонирхлын тухайд манай эрх хөндөгдсөн гэж ярьж байгаа боловч өмчлөгч болон эзэмшигчийн шаардах эрх хэдийд үүсэх вэ гэхээр хууль ёсны дагуу эзэмшигч, өмчлөгч гэдгээ нотолсон тохиолдолд үүсэх юм. Гэрчилгээ 34 метр байж байгаа тохиолдолд гуравдагч этгээдэд манай талаас шаардах эрх үүсэх үү? Хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэрээний үүргээ биелүүл гэж шаардах эрх нь захиргааны байгууллагад байгаа. Гэхдээ захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болоод 516 гэсэн захирамжаар газар эзэмшдэг нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөх ёсгүй юм. 516 биш 250 гээд гаргасан байгаа эрх зүйн актаа хүчин төгөлдөр болон эрх зүйн үйлчлэл нь хэвээр байх ёстой гээд хариуцагч тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Үйл баримтын талаар:“Я*******” ХХК-д дүүргийн Засаг даргын 2008 оны 205 дугаар захирамжаар 18 дугаар нэгж талбарын дугаар 50000 мкв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 017 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/267 захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж улмаар хэрэг хянан хэлэлцэх явцад эвлэрлийн гэрээг “Я*******” ХХК нь нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан байна. Уг эвлэрлийн агуулга нь нийслэл Улаанбаатар хотыг 2020-2030 хүртэл хөгжүүлэх батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу эзэмшил газар дээгүүр дайран өнгөрөх 190 м урт, 80 м өргөн, нийт 15200 мкв хурдны зам барих талбайг тухайн үед нь чөлөөлөх үүрэг хүлээж, үлдсэн 34800 мкв газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 245 дугаар захирамжаар нэгж талбарын 18, 186 дугаар бүхий шингэн битумын агуулах зориулалтаар 5 жилийн хугацаатай эрх олгож газар эзэмших эрхийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байна.
“Я*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр албан тоотоор, нийслэлийн Засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 албан тоотоор гомдол гаргаж (Манай ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх 50000 мкв газрыг эвлэрлийн гэрээний дагуу хашаалсан байдлаар харуул хамгаалалт ажиллуулж эзэмшиж байгаа юм байна. Гэтэл 2018 онд “Э” ХХК-д 1 нэгж талбарын дугаартай 14628 мкв газрыг давхардуулан олгосон байна. Энэхүү Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг “Э” ХХК-ийн манай компанид ирүүлсэн албан тоотоос мэдсэн) гэж гомдол гаргасан.
2. “Э” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 28-ний дүүргийн Засаг даргын А/516 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар дүүргийн 20 дугаар хороо 1 нэгж талбарын дугаартай 14628 мкв газрыг 15 жилийн хугацаатай 000327166 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
“Я*******” ХХК-ийн гомдлын дагуу нөхцөл байдлыг судалж Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 17/2142 албан тоотоор сонсох ажиллагааны мэдэгдлийг /Ц.О******* 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 991/-т өөрт нь гардуулсан байна. тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.
“Э” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Тайлбар, гомдол гаргах тухай” А/23 албан тоот ирүүлж, хариуг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20/1062 албан тоотоор шуудангийн RD162357890 дугаарт хүргүүлсэн бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О******* гарын үсэг зурж гардан авсан.
Мөн агуулга адилхан A/24 албан тоотыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, хариуг дээрх 20/1062 албан тоотоор хариуг хүргүүлсэн байна” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд "Я*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийг зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрөө төлж ирсэн гээд газраа заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж олгоогүй гэжээ. Мөн ковид тахлын улмаас 2 жил хөл хориотой учир ашиглах боломжгүй, манай компанид газар чөлөөлөх, хашаа буулгах мэдэгдэл өгч байсан хэмээн дурджээ. Үүнийг доорх тайлбараар үл зөвшөөрч байна:
Нэгдүгээрт: Газар чөлөөлөх, хашаа буулгах тухай манай компанид 2018 оноос хойш нэг ч удаа мэдэгдэж байгаагүй ба 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/3 албан тоотоор нэхэмжлэгч компани манайд мэдэгдэж улмаар бид хууль бус ажиллагаа явагдаж байна хэмээн зохих төрийн байгууллагуудад гомдол гаргаж эхэлсэн. Бидний гаргасан гомдлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлан шалгаж хууль бус үйлдэл байна хэмээн хуулийн дагуу арга хэмжээ авсан. Мөн нэхэмжлэгч компанийн захиралтай 2021 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын газрын даргын өрөөнд миний бие, газар зохион байгуулагч н.Л, дарга н.Б нар уулзалт хийж нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарласан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 17/2142 тоот мэдэгдлээр “Э*******” ХХК-д газар эзэмших эрх хүчингүй болгохыг мэдэгдлээ хэмээн хуулбар манай компанид ирүүлсэн.
Хоёрдугаарт, нэхэмжлэгч компани ковидын хөл хорионы улмаас ашиглах хугацаа алдсан гэж тайлбарлаж байх боловч газар эзэмших эрх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсэж даруй 2 жил өнгөрсний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөл хорио тогтоосон. Иймд ковидын хорионоос болж газраа ашиглаж чадаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн хөл хорионы өмнөх 2 жилийн хугацаанд буюу 2018, 2019 оны газрын төлбөрөө төлөөгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Манай компани хуулийн дагуу, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, Нийслэлийн өмчийн газартай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шударгаар маргаан бүхий газрыг эзэмшиж байна.
Учир нь маргаан бүхий газар нь манай компанийн эзэмшилд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл байгаа ба Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 тоот шүүгчийн захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газар манай компанийн хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээгээр манай компани үүрэг хүлээж ашиглаж байгаа газар юм. Уг газар 2008 оноос хойш манай компанийн хашаалсан байдлаар өнөөдрийг хүртэл байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан газрын эрхийг хүчингүй болгосон захирамж хууль ёсны болсон гэж үзэж байна. Учир нь тус захирамждаа дурдсан үндэслэл нь газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй, газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн талаас болохоор гэнэт мэдээд захирамж гарсны дараа мэдэгдсэн гэж байна. Хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компанид мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэл нь танайхтай байгуулсан газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар хүчингүй болгохоор мэдэгдэж байна гэсэн. Эдгээрт үндэслээд 2022 оны 05 дугаар сард хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь хэдийгээр хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлаагүй боловч тухайн газрын төлбөр тооцоо цаг тухайд нь төлж байгаагүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь бодит үндэслэлтэй юм. Хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт байгаа. Үүн дээр тухайн компани 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшиж байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр улиралд гэрээгээр 803935, 2019 оны гэрээгээр 5,238,000, 2020 оны гэрээгээр 238000 төгрөг төлөөгүй явж байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 6,538,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээнд заасан эрхээ зөрчиж газрынхаа төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй явж байсан. Мөн газрыг 2 жил дараалан ашиглаагүй. 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд огт ашиглаагүй. Бидэнд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан тоот ирсний дагуу захирамж гарсныг мэдэж Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт гомдол гаргасны үндсэн дээр уг захирамжийг хүчингүй болгосон. 2 жил дараалан ашиглаагүй тухай манай компани уг газрыг 2008 оноос хойш 5000 м.кв талбайтайгаар хашаалаад өнөөдрийг хүртэл харуул хамгаалалттай ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Уг компани нь анх газрыг 2018 онд авахдаа Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж уг газрыг анхны дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Газрын төлөв байдлыг уг газар дээр нь очиж хэмжилт хийгдээгүй юм. Ийм байдалтайгаар анхнаасаа хууль зөрчиж газрын төлбөр өнөөдөр хүртэл төлөхгүй явж байгаа. Газрын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөр тооцоог цаг хугацаанд төлөхгүй газраа өнөөдрийг хүртэл ашиглаагүй явж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гаргах үндэслэл болсон гэж үзэж байгаа учраас Засаг даргын хүчингүй болгосон захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаартай захирамжийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,
- Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй,
- Ковид, цар тархалтай холбоотойгоор газраа 2 жил ашиглаж чадаагүй,
- Газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/516 дугаар захирамжаар “Э*******” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, С нутаг дэвсгэрт 14628 мкв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дугаар захирамжаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан байх ба эдгээр заалтууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тус тусдаа бие даасан үндэслэл тул аль нэг үндэслэл бий болсон нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болно.
5. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон “Э*******” ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т “газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар банкны 2 тоот дансанд шилжүүлж байна”, 2.4-т “газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно, 4.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж тус тус заажээ.
6. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 620200384 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харахад “2018 оны 4 дүгээр улирлын гэрээгээр 803,935 төгрөг, 2019 оны гэрээгээр 5,232,886, 2021 оны гэрээгээр 5,232,886, нийт 4,910,703 төгрөгийн үлдэгдэлтэй буюу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдож байна.
7. Харин “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал,
7.1. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газрыг “Я*******” ХХК хашаалсан, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх ба “Э*******” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/3 тоот албан бичгээр тус компанид хандан “... танай компани нь өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барихдаа манай компанийн эзэмшлийн талбайд хэтрүүлж хашаа барьсан байх тул нэн даруй манай газрын эзэмшлийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж байна” гэх шаардлагыг хүргүүлсэн байжээ.
7.2. Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжсэнтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт байхын зэрэгцээ Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/735 тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
7.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э*******” ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл нь тус хуулийн этгээдээс үл хамаарсан буюу “Я*******” ХХК хашаалж газрыг чөлөөлөхөөс татгалзсан, мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа ашиглах боломжгүй байсан байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл бүрдээгүй байсан гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч талаас “...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
8.1. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Э*******” ХХК-д хандан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17/2142 тоот албан бичгээр “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн танай байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн байна.
8.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дээрх албан бичгийг хүлээж авсан тухайдаа маргаагүй ба “Очиж уулзсан, оронд нь өөр газар сонгож өгье гээд сонгуулахаар явсан, тэгсэн ус татсан цөөрөм дээр энэ газар боломжтой гэсэн, аж ахуйн ажил хийх боломжгүй юм байна гэхэд өөр газар сонгож өгнө гээд дахиж сонгуулахаар яваагүй” хэмээн тайлбарласан.
8.3. Энэ тохиолдолд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулсан гэж үзэхээр байх ба харин нэхэмжлэгчээс уг ажиллагаанд бодитоор оролцсон боловч холбогдох тайлбар, саналыг бичгээр гаргаж өгөөгүй нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.
9.Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрэхээр байна.
9.1. Учир нь “Э*******” ХХК-ийн эзэмшиж байсан 1 дугаар бүхий газрын нэгж талбарын дугаар нь 180 болж шинэчлэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр тогтоогдохын зэрэгцээ уг газар нь хурдны замын трасс бүхий газартай давхцалтай болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/4392 дугаартай албан бичиг, хавсралт зураг(2хх, 79-81 дэх талд)-аар тогтоогдож байх тул төлөвлөлтийн хувьд замын трасс бүхий газарт байрлах газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэх боломжгүй юм.
9.2. Өөрөөр хэлбэл, 2013 онд хурдны зам барихаар төлөвлөгдсөн газарт хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь “Э*******” ХХК-д 2018 онд газар эзэмших эрх олгосон, улмаар 2022 онд хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан “зам баригдах тохиолдолд нөхөн олговор авах эрх үүснэ” гэж үндэслэлгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
10. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн хувийн хэрэг болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаж буй “... Засаг даргын 2018 оны А/516 дугаар захирамж бүхий газрын Газар баталгаажилтын хувийн хэрэгт хадгалагдаж буй маргаан бүхий А/261 дүгээр захирамжийн хавсралт зөрүүтэй байна. Тодруулбал,
10.1. Тус хавсралтуудад дахь хүснэгтийн 9 дугаартай “Өмнөх шийдвэр” хэсэгт 2018 оны А/516, 2018 оны А/250 гэж зөрүүтэй тэмдэглэсэн боловч бусад хэсгүүд нь зөрүүгүй, тэр дундаа хүснэгтийн 10 дугаартай “Нэгж талбарын дугаар” хэсэгт “180” гэсэн болон газар эзэмшигчийн нэр, байршил ижил байна.
10.2. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн хавсралт дахь зөрүү нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.
11. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаартай захирамжийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ