Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02044

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02044

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 22.024.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Б.Б, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, иргэдийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Д.М нь Хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 22.024.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1. Д.М миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ыг зорьж, тэндээ ажиллаж, амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирсэн. Тухайн үед дэлхий дахинаа тархсан Ковид-19 тахал гарсан тул Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Covid-19/-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам болон Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А-000 тоот тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /Covid-19/ тусгаарлан ажиглалтад байгаа хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр заавар-ын дагуу тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах шаардлагатай болсон. Тус журмын дагуу онгоцонд суухаас 48 цагийн өмнө Ковид-19 вирусын халдвар илэрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагын дагуу миний бие шинжилгээ хийлгэхэд хариу нь сөрөг гарсан тул онгоцонд сууж, эх орондоо ирсэн. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр онгоцноос буумагцаа албаны хүмүүсийн хамт тусгаарлах байранд очсон. Эхэлж очсон тусгаарлах байр болох Монголика нэртэй буудал нь нэг өрөөнд 5-9 хүн орохоор байсан тул хамт очсон хүмүүсийн хамт эсэргүүцэж, 1 дүгээр давхрын шатан дээр хоносон. Тэднийг шаардлага тавьсны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7 цагаас Энхсаран сувилалд тусгаарлагдсан. Ингээд тусгаарлан ажиглах хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан хэдий ч тусгаарлах байрнаас тухайн өдрөө гаргаагүй. Тусгаарлах байранд байх хугацаанд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 08-ны өдрүүдэд 2 хүн 3 давхраас халдвар авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явсан. Ирсэн хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан ч гаргахгүй байсан тул ямар учраас гаргахгүй байгааг мэдэхийг хүссэн ч тэнд байсан албаны хүмүүс ямар ч мэдээлэл өгөөгүй. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр халдвар илрээд байсан тул халдварын голомтоос өөр газар тусгаарлахыг албаны хүмүүсээс шаардсан. Тусгаарлалтын хугацаа дууссан хэдий ч гаргахгүй байгаа нь тэнд байсан хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тусгаарлах байрны орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа байдал нь эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэйг олон нийтэд хүргэх зорилгоор өөрийн ... .......... нэртэй хувийн фейсбүүк хуудсаараа дамжуулан тухайн үеийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Гэтэл уг мэдээлэлтэй холбоотой Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж шалган, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 00000 дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудас нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаар шийтгэврээр хүчингүй болсон. Шүүх шийтгэвэртээ ... Зөрчлийн хэргийн баримтаар Ковид-19 өвчний эхлэл Энхсаран сувилалаас тогтоогдсон, нөгөө талаас Д.М нь Үндсэн хуулиар олгогдсон Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн байгааг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэж дурдаад зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Мөн дээрх зөрчлийн хэрэгтэй зэрэгцүүлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор 00000 дугаартай эрүүгийн хэргийг нээж, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаар захирамжаар прокурорт буцааж, улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 00 дугаар тогтоолоор эрүүгийн 0000000 дугаартай хэргээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, надад холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл нийт 14 сарын хугацаанд үргэлжилсний эцэст хэрэгсэхгүй болж, хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн. Миний бие эх орондоо ирэхдээ халдварт өвчин аваагүй, мөн тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд ч халдвар аваагүй байсан. Гэтэл төрийн байгууллагаас гаргасан журамд заасан хугацаанаас илүү хоногоор тусгаарлалтад байсан, мөн тусгаарлан ажиглах байрны ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас би тусгаарлалтаас гарах үедээ халдвар авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Тухайн өвчин надад маш хүнд туссан бөгөөд эмнэлгээс гараад үргэлжлүүлэн гэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан боловч намайг зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар байнга дуудаж, эхэндээ цахимаар байцаалт авч, дараа нь 14 сарын турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны улмаас сэтгэл санааны дарамтад орж, сэтгэл гутралд орсон. Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн мэдэгдэлд болит баримтыг бүрэн гүйцэт мэдээлэхгүйгээр намайг Ковид-19 вирусын халдварыг олон нийтэд тараасан мэт ойлголт өгч, миний нэр хүндэд халдсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасны дагуу мөрдөгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан дараах хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.П-ээс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчөөр ажиллуулсны хөлсөд төлсөн 5.000.000 төгрөг, 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.П-с хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчөөр ажиллуулсны хөлсөд төлсөн 5.000.000 төгрөг, 3. 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Тэнгэрлэг эх орон ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, продюсерийн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаанд сарын үндсэн цалинг 800.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажиллаж эхэлсэн ба 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын 000 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн үндсэн ажилчнаар томилогдож, сарын 1.500.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллахаар болсон. Гэвч зөрчлийн болон эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ажлын цагаар хуулийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор бүрэн гүйцэтгэх боломжгүй болсноос үүдэн ажил олгогчийн ажлыг цалгардуулахгүйн тулд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл буюу 2021 оны 12 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул энэхүү хугацаанд олох ёстой байсан орлого сарын 1.500.000 төгрөгөөр тооцож, нийт 12.000.000 төгрөгийн хохирол, 4. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын архиваас тогтоолын хуулбарыг гаргуулахад 1.000 төгрөг, баримтын хуулбарыг нотариатаар батлуулахад 23.100 төгрөгийн тус тус зардал гарсан. Ингээд хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсаны улмаас учирсан хохиролд нийт 22.024.100 төгрөгийг Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4-т зааснаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Т би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт төрийг төлөөлж, гуравдагч этгээдээр оролцож байна. Д.М нь эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс яллагдагчаар татагдаж, шалгагдсан ба мөн дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Э.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэрээр гэм хорын хохиролд өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10.000.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сар хүртэл 8 сар ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын архиваас баримт хуулбарлан авах болон нотариатын зардалд төлсөн 24.100 төгрөг, нийт 22.024.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирж, 10 дугаар сарын 20-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Энхсаран сувилалын газарт 21 хоног тусгаарлагдах хугацаандаа Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/269 дугаартай Түр заавар шинэчлэн батлах тухай тушаалын 7 дугаар хавсралтын Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар-ын 1.12 /иргэний үүрэг/ хэсгийн 1.12.6-д Өрөөнөөс гарах, бусдыг өдөөн турхирах.... хориглоно гэсэн заалтыг зөрчиж өрөөнөөс гарч, фейсбүүк цахим хуудсаар бусдыг уриалж, сувилалын 3 дугаар байрны 1 дүгээр давхар хүртэл явж, 1 дүгээр давхарт бөөгнөрөл үүсгэсэн зэргээр Коронавируст халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үйлдэлд тус Прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.М Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дүгээр тушаалаар 1.500.000 төгрөгийн цалинтай ажилд орсон боловч өөрийн хүсэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Гэтэл хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан, шаардсан баримт байхгүй тул түүний ажилгүй байсан 8 сарын хугацааны 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд Эд хөрөнгийн хохирлын нөхөн төлөх тухай заасан бөгөөд хуулийн дээрх зүйлийн 1.1-д Хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж нарийвчлан заасан. Д.М өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлгүй. Мөн тэрээр өмгөөлөгч Б.П-тэй 11 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж өмгөөллийн хөлсөд 5.000.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж 5.000.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй буюу Өмгөөллийн тухай хуульд зааснаар хөлсийг хүлээлгэн өгсөн, эсхүл дансаар шилжүүлсэн гэдгээ нотолсон баримт хэрэгт өгөөгүй байх тул уг төлбөрийг мөн гаргуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардлыг хуульд заасан эд хөрөнгийн хохиролд тооцохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ 20222 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Д.М-с Э.Э-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ЗШ/000 дугаартай Шийтгэвэр-ийн хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/000 дугаартай захирамжийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, өмгөөлөгч Б.П-тэй 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 3 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хуулбар, мөн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 11 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хуулбар, Тэнгэрлэг эх орон ХХК-тай 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 0000000 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар, Тэнгэрлэг эх орон ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дүгээр Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00000000000 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтын хуулбар, Д.М-ын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, Тэнгэрлэг эх орон ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаартай Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, нотариатын зардал 23.100 төгрөг төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Архивын Мөнгөний тасалбар зэргийг хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болон 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгчийн хөлсөд 10.000.000 төгрөг төлсөн тухай баримтуудыг, мөн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Д.М-с М.М-д олгосон Итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, өмгөөлөгчөөр Э.Э, Б.Б нарыг оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.О-д олгосон итгэмжлэл, мөн газраас Д.Т-д олгосон итгэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар захирамжийн дагуу авагдсан гэрч Н.А-ын мэдүүлэг, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШТ2022/0000 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл-ийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 000000000000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол-ын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хувийн баталгаа-ны хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн баримт мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулж болохгүй тухай баталгаа-ны хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Прокурорын дуудан ирүүлэх хуудас-ын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл-ийн хуулбар, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2022/0000 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар хариу болон 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Прокурорын дуудан ирүүлэх хуудас-ын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа-ны хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШТ2022/0000 дугаар тогтоолын дагуу авагдсан Д.М-ын утсанд хадгадагдсан мессэж болон гэрэл зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралтын хамт, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Дүгнэлт зэрэг баримт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Үндэслэлгүйгээр зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 22.024.100 төгрөг гаргуулна хэмээн, харин Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хохирол нөхөн төлүүлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2, 45.3 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй. Нөгөө талаар тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн нотариатын зардал болон баримт бичиг хуулбарлан авахад зарцуулсан мөнгөн төлбөр нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.М 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Энхсаран сувилалын газраас Короновируст халдвар илэрч байгаа, мөн тусгаарлалтын 21 хоног дууссан байхад үргэлжлүүлэн ямар нэгэн шийдвэргүйгээр тусгаарлаж эрх зөрчиж байгаа, гадаадаас халдваргүй ирээд Энхсаран сувилалаас халдвар авсан тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан зөрчлийн болон эрүүгийн хэрэг нээн шалгажээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ЗШ/000 дугаар шийтгэврээр Д.М-д холбогдох 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 00000000 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгохдоо ... Зөрчлийн хэргийн баримтаас үзэхэд Ковид-19 өвчний эхлэл Энхсаран сувилалаас эхтэй байж болзошгүй үйл баримт тогтоогдсон, нөгөө талаас Д.М нь Үндсэн хуулиар олгогдсон Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн байгааг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэж дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, иргэн Д.М Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө түүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан нь үндэслэл муутай болсон хэмээн шүүх үзсэн байх ба уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд үргэлжилжээ.

4. Мөн эрүүгийн 000000000 дугаар хэрэгт авагдсан баримтаас хуулбарлан ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00000000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Прокурорын дуудан ирүүлэх хуудас, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хувийн баталгаа, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн баримт мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулж болохгүй тухай баталгаа, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/0000 дугаартай захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Д.М-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл буюу 14 сарын хугацаанд үргэлжилж нэхэмжлэгч Д.М-д эдийн болон эдийн бус хохирол учирсан болох нь тогтоогдлоо.

5. Өөрөөр хэлбэл, хууль бусаар яллагдагчаар татагдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүнчлэн захиргааны журмаар шийтгэл хүлээлгэсэн албан тушаалтны шийдвэр хууль бус байсныг эрх бүхий байгууллага тогтоож, хүчингүй болгосон зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.М-ын зөрчигдсөн эрх хамгаалагдсан байх бөгөөд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, зөрчил шалгах эрх бүхий этгээд, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамаарч, мөн тухайн албан тушаалтны хууль бус ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байсан эсэхээс үл шалтгаалан хохирлыг төр бүрэн хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.4-т тусгайлан зохицуулсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Тэгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2, 45.3 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлүүлэх заалтад хамаарахгүй гэснийг хүлээн авах боломжгүй бөгөөд Д.М-г төрийн байгууллагаас гаргасан журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарласан, улмаар халдварт өвчин авч, эрүүл мэндээрээ хохирсон, зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа авч, эд хөрөнгөөрөө хохирсон, нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр хэвийн эрхэлж, орлого олох боломж нь хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Иргэдийн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Нэхэмжлэгчийг хууль бусаар яллагдагчаар татсаны улмаас ажлаасаа гарах зэрэг тодорхой хэмжээний хохирол учирсан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

7. Тэнгэрлэг эх орон ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Д.М-н 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, Тэнгэрлэг эх орон ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0000 дугаартай Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээс үзэхэд Д.М 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого нэг сарын 1.500.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийн орлого олох ёстой байсан хэмээн дүгнэв.

8. Мөн хэргийн 45-46 дугаар талд өмгөөлөгч Б.П-д нийт 10.000.000 төгрөг төлсөн тухай баримт, хэргийн 32-33 дугаар талд авагдсан нотариатын зардал, Прокурорын архивын мөнгөний тасалбар зэргээр учирсан бодит хохирол тогтоогдсон байна.

9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10.000.000 төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардал 24.100 төгрөг, нийт 22.024.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгохоор шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар МУ ЗГ-ын ТС-с гэм хорын хохиролд 22.024.100 /хорин хоёр сая хорин дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД                            Д.ХУЛАН

                                    Ж.СЭМЖИД