Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01829

 

 

 

 

 

 

 

 

2022 09 30 210/МА2022/01829

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 22,024,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, түүний өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Д.М- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирсэн. Тухайн үед дэлхий дахинаа тархсан Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах шаардлагатай болсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр онгоцноос буумагцаа Монголика нэртэй буудалд тусгаарлагдах болсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7 цагаас Энхсаран сувилалд тусгаарлагдсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 08-ны өдрүүдэд 2 хүн халдвар авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явсан. Ингээд тусгаарлан ажиглах хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан хэдий ч тусгаарлах байрнаас тухайн өдрөө гаргаагүй. Улмаар халдвар илрээд байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр халдварын голомтоос өөр газар тусгаарлахыг албаны хүмүүсээс шаардсан. Тусгаарлалтын хугацаа дууссан хэдий ч гаргахгүй байгаа нь тэнд байсан хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тусгаарлах байрны орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа байдал нь эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэйг олон нийтэд хүргэх зорилгоор өөрийн Dmitry Dave Munkhbatovich нэртэй хувийн фейсбүүк хуудсаараа дамжуулан тухайн үеийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Гэтэл уг мэдээлэлтэй холбоотой Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж шалган, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0032744 дугаартай шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудас нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 745 дугаар шийтгэврээр хүчингүй болсон. Шүүх шийтгэвэртээ ...Зөрчлийн хэргийн баримтаар Ковид-19 өвчний эхлэл Энхсаран сувиллаас тогтоогдсон, нөгөө талаас Д.М- нь Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн байгааг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэж дурдаад зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Мөн дээрх зөрчлийн хэрэгтэй зэрэгцүүлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор 2110000000235 дугаартай эрүүгийн хэргийг нээж, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Д.М-ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1338 дугаар захирамжаар прокурорт буцааж, улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 66 дугаар тогтоолоор эрүүгийн 2110000000235 дугаартай хэргээс Д.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2020 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл нийт 14 сарын хугацаанд Д.М-ад холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсний эцэст хэрэгсэхгүй болж, хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн. Д.М- нь эх орондоо ирэхдээ халдварт өвчин аваагүй, мөн тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд ч халдвар аваагүй байсан. Гэтэл төрийн байгууллагаас гаргасан журамд заасан хугацаанаас илүү хоногоор тусгаарлалтад байсан, мөн тусгаарлан ажиглах байрны ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас тусгаарлалтаас гарах үедээ халдвар авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Тухайн өвчин нь нэхэмжлэгчид маш хүнд туссан бөгөөд эмнэлгээс гараад үргэлжлүүлэн гэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан боловч түүнийг зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар байнга дуудаж, цахимаар байцаалт авч, 14 сарын турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны улмаас сэтгэл санааны дарамтад орж, сэтгэл гутралд орсон.

Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн мэдэгдэлд бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлэхгүйгээр Д.М-ыг Ковид-19 вирусийн халдварыг олон нийтэд тараасан мэт ойлголт өгч, түүний нэр хүндэд халдсан.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ТЭО ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, продюсерын ажлын байранд 3 сарын туршилтын хугацаанд сарын үндсэн цалинг 800,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажиллаж эхэлсэн ба 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/34 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн үндсэн ажилчнаар томилогдож, сарын 1,500,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллахаар болсон. Гэвч зөрчлийн болон эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ажлын цагаар хуулийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор бүрэн гүйцэтгэх боломжгүй болсноос үүдэн ажил олгогчийн ажлыг цалгардуулахгүйн тулд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл буюу 2021 оны 12 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул энэхүү хугацаанд олох ёстой байсан орлого сарын 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт 12,000,000 төгрөгийн хохирол, Зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.П-гээс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчөөр ажиллуулсны хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын архиваас тогтоолын хуулбарыг гаргуулахад 1,000 төгрөг, баримтын хуулбарыг нотариатаар батлуулахад 23,100 төгрөг, нийт 22,024,100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Д.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн 2110000000235 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс яллагдагчаар татагдаж, шалгагдсан ба мөн дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Э.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Д.М- ТЭО ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон боловч өөрийн хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Гэтэл хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан, шаардсан баримт байхгүй тул түүний ажилгүй байсан 8 сарын хугацааны 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн тэрээр өмгөөлөгч Б.П-д төлсөн гэх төлбөрийг хүлээлгэн өгсөн, эсхүл дансаар шилжүүлсэн гэдгээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардлыг хуульд заасан эд хөрөнгийн хохиролд тооцохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохиролд 22,024,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн. Тухайлбал, ...Д.М-ыг төрийн байгууллагаас гаргасан журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарласан, улмаар халдварт өвчин авч эрүүл мэндээрээ хохирсон... нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр хэвийн эрхэлж, орлого олох боломж нь хязгаарлагдсан ... гэж нэхэмжлэлийн хүрээнд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан заалтуудад хууль зүйн дүгнэлт өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн. Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлд хамруулан тооцохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх тухай заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан шаардсан, удаа дараа дуудан ирүүлж ажил хийх боломжгүй болгосон талаар үйл баримт тогтоогдоогүй. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д заасныг зөрчин байгуулсан тул өмгөөлөгчийн хөлс төлөх үндэслэлгүй бөгөөд нотариатын зардал, прокурорын байгууллагаас авсан архивын лавлагаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.М- ТЭО ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон боловч өөрийн хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон, хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан шаардсан, удаа дараа дуудан ирүүлж, ажил хийх боломжгүй болгосон талаарх үйл баримт тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх иргэн Д.М-ыг өмгөөлөгч Б.П-д өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөгийг төлсөн тухай баримт, нотариатын зардал, Прокурорын архивын мөнгөний тасалбар зэргээр учирсан бодит хохирол тогтоогдсон гэж дүгнэж, 10,024,100 төгрөгийг Д.М-ад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2019 онд батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар сарын 22.2.3-д зааснаар Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаарыг тусгахаар заасан хуулийн заалтыг зөрчин байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай" гэрээ, хэзээ ямар хэлбэрээр төлсөн нь тодорхойгүй баримтыг үндэслэн эрх зүйн туслалцаа авахад төлсөн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн, Нотариатын зардал, прокурорын байгууллагаас авсан архивын лавлагаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Өмгөөлөгч Б.П-д төлсөн хууль зүйн туслалцааны төлбөр болон прокуророос баримт хуулбарласан баримт, архиваас материал гаргуулсан баримтыг хариуцахгүй гэж маргадаг. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн. Өмгөөлөгч Б.П- нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсон болон хэргийн материалтай танилцах зэрэг бүх ажиллагаанд оролцсон талаар баримт хэрэгт байгаа. Хэрэв ийм хэрэг үүсээгүй байсан бол өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Бүх зүйл шалтгаант холбоогоор холбогдож байгаа тул төлбөрийг гаргах нь зүйтэй. Хохирол учирсан гэдгийг баримтаар нотолж бүх баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.М- нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан хохиролд 22,024,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч Д.М-ыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Dmitry Dave Munkhbatovich нэртэй фэйсбүүк хаягаараа Тусгаарлах байрны хулганаар дамжин гадаадаас биш тусгаарлах байр дотор халдвар тарж байна гэсэн халдварт өвчин, осол, аюулын үед олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн зөрчил гаргасан гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00327444 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Энхсаран сувиллын газрын 3 дугаар байранд тусгаарлагдаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тусгаарлагдах өрөөнөөс гарч, өөрийн цахим сүлжээгээр бусдыг ...өрөөнөөсөө гарах талаар... уриалж, сувиллын 3 дугаар байрны 1 дүгээр давхар хүртэл явж, онцгой байдлын албан хаагч болон эмч, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр тусгаарлалтад байсан иргэдийг цуглуулж, бөөгнөрөл үүсгэн өвчин тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2110000000235 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна./хх 6-19, 76-88/

 

2.б. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Шийтгэлийг хүчингүй болгох тухай 2021/ЗШ/745 дугаартай шийтгэврээр Д.М-ад холбогдох дээрх зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ./хх6-8/

 

2.в. Д.М-ад холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл буюу 14 сарын хугацаанд үргэлжилсэн байх ба түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байна./хх17-19/

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

3.а. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн батлан даалтад байлгах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

3.б. Нэхэмжлэгч Д.М-ад холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, хувийн батлан даалтад байлгах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзнэ.

 

3.в. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг нь эд хөрөнгийн хохиролд тооцогдох тул эдгээрт холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3.г. Нэхэмжлэгч Д.М-ын өмгөөлөгч Б.П-тэй /үнэмлэх №2856/ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 3 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн түүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 11 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлсний нийт 10,000,000 төгрөг хүлээлцсэн бэлэн мөнгөний орлогын баримтууд, мөн баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардлын баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардалд 24,100 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь дээр дурдсан хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байна.

/хх 20-23, 32-33, 44-45/

 

3.д. Нэхэмжлэгч Д.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ТЭО ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, продюсероор ажиллахаар тохиролцсон байх ба 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар үндсэн ажилтнаар ажиллах болсон бөгөөд сарын 1,500,000 төгрөгөөр ажиллаж байсан байх ба өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна./хх24-31/

 

4. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас ажил үүргээ тасралтгүй хэвийн гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотой хангалттай нотлох баримтыг гаргаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн зэрэг үндэслэлүүдийг харгалзан, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар аваагүй цалин хөлсөнд нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь буюу 6,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн зүйлийн 9 дэх хэсэгт энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан тул анхан шатны шүүх тухайн хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас 16,024,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн прокурорын газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ