Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01167

 

 

Г.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01121 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 593 527 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь мөнгө шаардлагатай байна гэсэн тул 2018 оны 12-р сард Г.Д нь банкнаас цалингийн зээл авч, ХААН банкны 5002288289 тоот данснаасаа хариуцагчийн 5079046539 тоот дансанд 14 288 400 төгрөг шилжүүлж зээлдүүлсэн. Гэтэл Ж.Н нь мөнгийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Г.Д нь банкнаас зээл авч өгсөн тул банкны хүүд 1 350 327 төгрөгийг төлсөн. 2019 онд дахин зээл авч, өмнөх зээлээ хаасан байдаг. Хариуцагч нь 2018.01.13-ны өдөр 778 000 төгрөг, 2018.02.01-ний өдөр 511 800 төгрөг нийт 1 289 680 төгрөг төлсөн гэдгийг тайлбарт бичсэнээр мэдсэн. Иймд Ж.Нгаас 2018.01.08-ны өдрийн зээл 14 288 400 төгрөг, банкны хүүд төлсөн 1 350 327  нийт 15 593 527 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Five winds asset management гэх Испани улсын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан. Г.Д бид хоёрын хооронд тохирсон хугацаа, зээл, ямар нэгэн гэрээ байхгүй. Зээлсэн гэх мөнгөөрөө нэхэмжлэгч Five winds asset management гэх Испани, Швейцарийн хамтарсан хөрөнгө оруулалтын компанид оруулах хөрөнгө болох 4 860 еврог надаас худалдаж авсан. Нэхэмжлэгчийн еврог тухайн компанид нээсэн нэхэмжлэгчийн дансанд өөрийн компанийн данснаас шилжүүлсэн. Г.Дд 2 удаа мөнгө шилжүүлсэн, энэ мөнгийг ямар утгатай шилжүүлснийг харсан байх. Г.Д хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл мөнгөө компаниас авч явсныг мэдэхгүй. Five winds asset management компани 2018 оны 4-р сараас хойш мөнгө өгөөгүй. Тухайн компанийн сайт нь ажиллаж байгаа, дансны хөдөлгөөн нь хаагдаж, биднийг тэвчинэ үү, хүлээж байна уу гэсэн мэргэжлийн зөвлөхийн захидлууд илгээж, өнөөдрийг хүртэл хүлээлгэж байна. Five winds asset management компанийн үйл ажиллагаа нь доголдсон. Г.Дын даку-2 гээд данс дээр нь 14 000 гаруй доллар харагдаж байгаа. Дахин хөрөнгө оруулалт хийгээд байгаа хүмүүсийн мөнгө л харагддаг. Хэрвээ Г.Д дахин хөрөнгө оруулалт хийгээгүй бол надад хөрөнгө нь харагдахгүй. Тэгэхээр мөнгө нь харагдаж байгаа учир компанийн удирдлагуудаас ирж байгаа зөвлөгөөг Г.Д сайн дагаж байгаа гэж ойлгосон. Надад мөнгө зээлэх хэрэгцээ байхгүй, зээлийн гэрээ, мөнгө зээлүүлэхээр тохирсон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жгийн Нгаас 15 593 527 /арван таван сая таван зуун ерэн гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн Гийн Дыын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс хариуцагчийн дансруу 14 288 400 төгрөг шилжүүлж зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл шүүх нь хариуцагчийн нотлох баримтаар нотлогдоогүй илэрхий худал тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх цор ганц, эх сурвалжгүй гэрчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Ж.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 593 527 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч FWAM компанид хөрөнгө оруулалт хийсэн” гэж маргасан. /хх-ийн 1-6, 44/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банк ХХК-ийн 5079046539 тоот дансанд 14 288 400 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. /хх-5-6/

 

Талууд дээрх 14 288 400 төгрөг ямар үндэслэлээр нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн,  зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох зорилгоор хэрэгт хариуцагчийн дансруу мөнгө шилжүүлсэн баримтыг гаргасан, харин хариуцагч нь “зээлийн гэрээ байгуулагдаагүй нэхэмжлэгч нь Ц.Булганаар дамжуулж Five winds asset management гэх Испани улсын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж, 3-5 удаа ашиг авсан, 14 288 400 төгрөгөөр надаас 4860 евро худалдаж авсан, энэ еврог түүний дансанд шилжүүлсэн” гэх тайлбараа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Ц.Булганыг асуулгажээ. /хх-5-6, 49, 55/

 

Нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, хууль болон гэрээний алинаар нь шаардлага гаргаж байгаа, талуудын хооронд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ буюу хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоохын тулд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч тайлбарлах ёстой юм. Дан ганц хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтаар гэрээний харилцаа үүссэнийг тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. 

 

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан эсэх, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар  үгийн шууд утгыг анхаарах, мөн хуулийн 41.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах юм. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн FWAM компанид хөрөнгө оруулалт хийсэнтэй” холбон тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлохоор Ц.Булганыг гэрчээр асуулгасан. Гэрчийн мэдүүлэгт  “2017 онд Н эгчээс гадаадын компанид хөрөнгө оруулаад ашиг авч болдог талаар сонссон. Төв номын санд сургалтад сууж боломжийн гэдгийг ойлгосон. Эхлээд ээж, аавыгаа оруулсан, дараа нь Дд хэлээд сургалтад хамт суусан, Д цалингийн зээл аваад багаар орсон, дараа нь үндсэн хөрөнгө оруулалт хийсэн, бид нар хагас сайн өдөр болгон ашгаа авч байсан. Д 4 860 евродоо 5 хувийн ашиг буюу 500 000-2 000 000 хүртэл төгрөгийн ашгийг 3-5 удаа авсан, 2018 оны 3-р сараас компани ашгаа өгөөгүй байгаа” гэсэн нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг нотолж байна. Хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тодорхой зааж, эрх үүргийг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгийг худал, буруу, эргэлзээтэй гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч гэрээгээр болон хуулиар тогтоосон үүргээ нэхэмжлэгчийн өмнө биелүүлээгүй буюу үүргийн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай зохих хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01121 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Жгийн Нгаас 15 593 527 /арван таван сая таван зуун ерэн гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Гийн Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД