Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/00279

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Х.... сумын....дугаар багт оршин суух, Шарнууд Д.Н

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дугаар багийн .... тоотод оршин суух, Шар гэвш М. М

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2022/01249/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, Б.Ц /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь М.М-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-н өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2022 оны 4 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод байршилтай ....м.кв газартай, ....м.кв талбай бүхий өвлийн сууц, ...м.кв бүхий хаалга, цонх, доторлогоо дутуу, баригдаж байгаа зуны сууцны хамт зарахаар цахим орчинд зар тавьсан. Зарын дагуу н.М Ц.Н нар ирж үзсэн. Дутуу баригдаж байгаа зуны сууцыг оролцуулахгүйгээр 38,000,000 төгрөгөөр худалдана, дутуу баригдсан байшингаа өвлийн байшин болгож газраа хоёр хуваах юм гэж хэлсэн. Үүний дараа энэ хүмүүс охин болон хүргэнтэйгээ ирээд зуны сууцыг хамтад нь авъя, хэдэн төгрөгт зарах юм бэ гэсэн саналыг надад тавьсан. Тэгэхээр нь би байгаа материалтай нь өнөөдрөөр ажлаа зогсоох юм бол 50,000,000 төгрөгт өгнө гэсэн ба энэ хүмүүс зөвшөөрөөд авахаар болсон. Анхнаасаа банкны зээл гаргуулж авна гэдгээ хэлж охин М.М VIP өрөөнд теллер хийдэг. Нөхөр Ц.Н-г Нэгдсэн эмнэлэгт техникч, мооргийн эмч гэсэн 2 ажил давхар хийдэг, өөрийгөө айлын засварын ажил хийдэг. Манай гэрийнхэн бүгд өөрийн гэсэн орлоготой, сардаа 3-4 сая төгрөгийн орлого олох боломжтой. Харин ганцхан банкинд барьцаалах хөрөнгө байхгүй учир зээл олдохгүй байна, миний нэр дээр хашаа байшин, газар шилжчихвэл бизнесийн зээл гарах боломжтой гэхээр нь итгээд наймаа хийх болсон. Хашаа байшин газрын урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг өгсөн ба банкны зээлд хамрагдана байгаа гэсэн үүднээс би 91 м.кв өвлийн сууцны гэрчилгээг газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хамт М.М-н нэр дээр шилжүүлж өгсөн. Банкнаас зээл аваад үлдэх 42,000,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчтай уулзах хүртлээ 42,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож байхдаа үлдэгдэл 42,000,000 төгрөгөөсөө доош нь жаахан яриач гэж хэлж байсан ба бид 40,000,000 төгрөгт эвлэрч байсан. Би өвөл болсон учир танайхыг яаж гаргах вэ гээд төлөх хугацааг нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж гэж тохирох уу гэхэд хугацаа бол болж байна. Үнээ жаахан буулгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 40,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч гэрээ байгуулсан боловч маргааш нь ирээгүй. Утсаар ярихад гэрээгээ цуцалъя гэж хэлсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзъя, хашаа байшингаа буцааж авъя гэхэд бид барилгын компаниас мөнгийг чинь өнөө маргаашгүй гаргуулж өгөхөөр болсон гэж хэлсэн боловч бас л өгөөгүй. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа хашаа байшинг 38,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгт өгч авахаар харилцан тохиролцсон гэж худал тайлбар гаргасан, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 11 сарын хугацаа өнгөрөхөд төлбөр огт хийгдээгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авагч М.Мөнхжаргалын нэр дээр өмчлөх эрх бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн 26 дугаар гудамжны 8 тоотод байрлах 6712001029 нэгж талбарын дугаар бүхий 792 м.кв газар, түүний дээр байрлах 91 м.кв талбай бүхий 1723010374 дугаарт бүртгэгдсэн өвлийн сууц, зуны зориулалттай байшинд М.М өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан Y-1723010451 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: Мөрөн сумын ....дугаар багийн ...дугаар гудамжны ... тоотод байрлах хашаа байшинг 38,000,000 төгрөгөөс ярина гэсэн зарын дагуу очиж үзсэн. Хашаа нь нэг айлын газартай, нэг байшинтай, хажууд нь шаамал байшинг дээвэрлэсэн, хаалга цонх ч байгаагүй, хажууд нь дахиад нэг юм хураадаг амбаар байсан. Тэр амбаарыг буулгаад урд нь хуучин банз овоолсон байсан. Ярилцаж тохиролцоод хашаа байшинг нь 38,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгт банкны зээл гаргуулж худалдаж авахаар болж тохиролцсон. Банкнаас зээл авах гэхээр шаардлага хангахгүй гээд буцаагдаад байсан. Дутуу баригдсан байшинг засаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авахад хугацаа их орсон. Одоо бол байшин шиг байшин болгосон. Хоёр боодол шилэн хөвөнгөөр нь ар талыг нь хийсэн. Болох материалаар нь байшинг нь гүйцээж барьсан. Түүний дараа гэрчилгээ авсан. Үүнийг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа. Мөн газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахгүй бол зээлийн шаардлага хангахгүй байна гээд зээл гараагүй. Ингээд бид өмчлөх эрхийн гэрчилгээ хөөцөлдөж эхэлсэн. Улиралд нэг удаа Засаг даргын захирамж гардаг юм билээ. Ингээд Засаг даргын захирамж гарч 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Үүнээс хойш банкинд хандсан. Түүнээс өмнө нь Бэлтэс Мөрөнтэй холбоотойгоор банкуудад зээлийн хязгаарлалт тавьчихсан байсан юм билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө мөнгийг нь олоод өгье гээд хувь хүнд хандтал тухайн хүн зээл өгөөгүй түүнээс болж бас хугацаа их алдсан. Ингээд ганцхан найдвартай газар нь банк болж үлдсэн. Банкнаас зээл авсан. Шүүхийн асуудал шийдвэрлэгдэж дууссаны дараа төлбөр тооцоо хийнэ гэсэн бодолтой байна. Тэгэхгүй бол үндэслэлгүйгээр үнээ нэмээд байгаа юм.

Нэхэмжлэгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-н өмчлөлөөс чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байсан.

Бусдын эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбогдуулж маргаан бүхий шаардлага гаргажээ гэж ойлгож байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулиудаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тус тус өмчлөх эрхийг хуулиар зохицуулсан байдаг.

М.М-н хувьд Мөрөн сумын .... тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгийг хууль, журмын дагуу улсын бүртгэлд анх удаа бүртгүүлсэн бөгөөд хууль ёсны өмчлөгч мөн юм. Иймд нэхэмжпэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Шарнууд Д.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.04.26 гэх бичилттэй мөнгө шилжүүлсэн бичилт бүхий гүйлгээ хийгдсэн талаар тусгагдсан баримтын хуулбар, хашаа байшингийн зураг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Н-с Д.О-т олгосон 1624 дугаартай итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлт, Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-с татгалзаж өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтүүд, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1857 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1858 дугаартай худалдах худалдан авах (үл хөдлөх эд хөрөнгө)-ийн гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ...м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэрэг баримтууд гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-8, 17, 19-20, 21-23, 43, 92-93, 101-111, 123 дугаар хуудас)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.М-с Ц.Н-т олгосон 1034 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт, цахим зурвасны хуулбар, өмгөөлөгчөөр Б.Т, Б.Ц нарыг авах тухай хүсэлт, гэрч асуулгах тухай хүсэлт, Байчууд Ц.Н, Шар гэвш Б.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т-н нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт, өмгөөлөгч Б.Ц-н цахимаар оролцох болон нотлох баримт хасуулах мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтүүд, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбар, нэт капитал ББСБ-н 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04/19 дугаартай албан тоот, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202249581130 дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар тус өдрийн БГҮ202249581130 дугаартай барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 11, 16, 38-42, 76-81, 204-211 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь М.М-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгүүдээ хариуцагчийн өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Мөрөн сумын ..дугаар багийн ...дугаар гудамжны ... тоот хаягт байрлах ... м.кв газар дээр ... м.кв, ...м.кв талбай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас ...м.кв талбай бүхий өвлийн сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... м.кв талбай бүхий зуны сууц нь дутуу баригдсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй байсан учир худалдах-худалдан авах гэрээнд ... м.кв талбай бүхий зуны сууцыг оруулж бичээгүй, хариуцагч талд худалдахдаа зуны сууцыг оролцуулж авбал үнэ өснө, оролцуулахгүй авбал үнэ нь 38,000,000 төгрөг, хашаагаа зуны болон өвлийн сууцтай хэсгээр хоёр хуваана гэдгийг ярьж тохиролцсоны үндсэн дээр өвлийн болон зуны сууцыг оролцуулж үнийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хашаа байшингийн үнэд 8,000,000 төгрөгийг авсан, үлдэх 42,000,000 төгрөгийг төлөхгүй удаасан, төлөх үнийн дүнд маргасан учир гэрээнээс татгалзаж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-н өмчлөлөөс чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.

Хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнг 36,000,000 төгрөгөөр тохирч, 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг шүүх маргааныг шийдвэрлэсний эцэст төлнө. Нэхэмжлэгч тал нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.М-н өмчлөлөөс чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэрээнээс татгалзсан тухай шаардлага нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. М.М-н өмчлөлд бүртгэлтэй ... м.кв газар, .. м.кв, ... м.кв үл хөдлөх хөрөнгө энэ бүгд М.М-н нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Өмчлөх эрхийг хууль бусаар авсан гэдгийг тогтоогоогүй байж, өмчлөлөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дугаар багийн ... дугаар гудамжны .... тоот хаягт байрлах ....м.кв талбай бүхий гэр орон сууцны газрыг 1,000,000 төгрөгөөр, мөн дээрх газарт байрлах ... м.кв талбайтай хувийн сууцыг 2,000,000 төгрөгөөр тус тус М.М-д худалдахаар тохирч, талууд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж Д.Н нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ М.М-д шилжүүлжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигддаг бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл буюу талуудын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний үнэ болох нийт 3,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ биш, нэхэмжлэгч талын зүгээс гаргасан ...татвар бага төлөх зорилгоор бид нотариаттай ярилцаж байгаад газрын үнийг 1,000,000 төгрөг, өвлийн сууцны үнийг 2,000,000 төгрөгөөр гэрээг хийж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй, энэ үйл баримттай хэн аль нь маргаагүй.

Талууд гэрээний үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргасан. Өөрөөр хэлбэл анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөр, хариуцагч 36,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж,

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа хариуцагч М.М-н өмчлөлд дээрх эд хөрөнгүүд нь шилжсэн учир хуулинд өмчлөгчийн эрхийг зөрчиж болохгүй юм гэж тус тус маргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагын тухайд чөлөөлүүлж өгнө үү гэсэн ганцхан шаардлага байдаг. Түүнээс гэрээнээс татгалзсаныг баталж өгнө үү эсвэл гэрээг хүчингүй болгосныг тогтоож өгнө үү гэсэн шаардлага харагдахгүй байна. Тэгэхээр чөлөөлж өгнө үү гэсэн ганцхан нэхэмжлэлийн шаардлага харагдаад байгаа юм. Тэгэхээр бид энэ шаардлагын хүрээнд л ярих нь зүйтэй. Зөвхөн энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л шийдвэр гарах байх гэж би бодож байна... гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжтой, хоорондоо зөрчилтэй олон утга санаа, үг хэллэг агуулаагүй, гэрээний ерөнхий агуулгад тохирсон утга санааг тодорхой илэрхийлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байна. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу нийт 8,000,000 төгрөгийг өгч, үлдэх төлбөрийг өгөөгүй болох нь талуудын гаргасан тайлбараар нотлогддог ба хариуцагч энэ үйл баримттай маргаагүй.

Иймд хариуцагч М.М-г гэрээгээр хүлээсэн газар, байшингийн үнийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н-н ...Ц.Н, н.М, охин М.М нарт мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй өгнө, барилгын компаниас мөнгө авахаар болсон, зээл аваад өгнө гэж хугацааг хойшлуулсаар өдийг хүргэсэн. ...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хашаа байшингаа буцааж авъя гэж хэд хэдэн удаа хэлж байсан гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч ...Тэр хавьцаа байхаа наймаа буцаах тухай хэлж байсан. Би хүнээс мөнгө авахаар тохиролцсон байсан боловч тэр мөнгө маань бүтээгүй. Наймаагаа буцаая гэсэн бодолгүй мөнгийг нь өгье гэсэн бодолтой байсан .... гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахаа нөгөө талдаа буюу хариуцагч М.М-д 2022 оны 8 дугаар сард мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдний хооронд байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзах эрхтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг үүснэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.Мөнхжаргалтай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзаж, хариуцагч М.М-н өмчлөлөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1723006660 дугаарт бүртгэлтэй ...м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-1723010374 дугаарт бүртгэлтэй ... м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-1723010451 дугаарт бүртгэлтэй ... м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг чөлөөлж, хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-с гаргуулан хариуцагч М.М-д буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигч гэрээний үнийн талаар маргасан нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өмчлөгчийн хуулинд заасан өмчлөх эрхийг зөрчиж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан нь хариуцагч М.М-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан эрх байх бөгөөд тухайн гэрээний үүрэгтэй холбоотой, хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн учир өмчлөгчийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэсэн ганцхан шаардлага гаргаж байна, Түүнээс гэрээнээс татгалзсаныг баталж өгнө үү эсвэл гэрээг хүчингүй болгосныг тогтоож өгнө үү гэсэн шаардлага харагдахгүй байна гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд гэрээнээс татгалзаж хариуцагчийн өмчлөлөөс газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэснээр, шүүх хуралдаанд гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ гэрээний нэг тал болох худалдан авсан тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэж тайлбарласнаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлж өгнө үү гэсэн байна гэж үзэхгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын талаар Хүний өмчлөлийн зүйлийг авах гээд байгаа бол өмч нь ямар дүнтэй юм. Түүнийхээ үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлдөг хуультай. Гэтэл тухайн улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байгаа нь харагдаж байна. Хүний өмчлөлтэй холбоотой асуудал дээр улсын тэмдэгтийн хураамж дээр хангалтгүй хандсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд чөлөөлүүлж өгнө үү гэсэн ганцхан шаардлага байдаг гэжээ.

Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд ирүүлсэн хариуцагч М.М-с 42,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 42,000,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж буюу 367,950 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд 70,200 төгрөг, 142,950 төгрөгийг тус тус төлсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцдог.

Нэхэмжлэгч өөрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах-худалдан авах гэрээгээр бусдад худалдсан гэснээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн хэмжээгээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсныг шүүх үгүйсгэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтйн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд зааснаар үнэлж тодорхойлох боломжгүй нэхэмжлэлийн шаардлагад төлөх үнийн дүнгээр төлсөн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэл зэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас үзвэл нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон газар, үл хөдлөх үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг 42,000,000 төгрөгт, 8,000,000 төгрөгт тохирохоор тус тусад нь, гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нийт 581,100 төгрөгийг төлсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-с 581,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.М-тай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзаж, хариуцагч М.М-н өмчлөлөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1723006660 дугаарт бүртгэлтэй 792 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-1723010374 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-1723010451 дугаарт бүртгэлтэй 43 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг чөлөөлж, хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-с гаргуулан хариуцагч М.М-д буцаан олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,100 (таван зуун наян нэгэн мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-с 581,100 (таван зуун наян нэгэн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН