Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2023/00014

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2023/00014

 

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00279 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Мөнхжаргалд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Б.Цэнд-Очир /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 4 дүгээр сараас Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байршилтай 792 м.кв газартай, 91 м.кв талбай бүхий өвлийн сууц, 43 м.кв бүхий хаалга, цонх, доторлогоо дутуу, баригдаж байгаа зуны сууцны хамт зарахаар цахим орчинд зар тавьсан. Зарын дагуу н.Мягмарчимэг, Ц.Нэмэхбаяр нар ирж үзсэн. Дутуу баригдаж байгаа зуны сууцыг оролцуулахгүйгээр 38,000,000 төгрөгөөр худалдана, дутуу баригдсан байшингаа өвлийн байшин болгож газраа хоёр хуваах юм гэж хэлсэн. Үүний дараа энэ хүмүүс охин болон хүргэнтэйгээ ирээд зуны сууцыг хамтад нь авъя, хэдэн төгрөгт зарах юм бэ гэсэн саналыг надад тавьсан. Тэгэхээр нь би байгаа материалтай нь өнөөдрөөр ажлаа зогсоох юм бол 50,000,000 төгрөгт өгнө гэсэн ба энэ хүмүүс зөвшөөрөөд авахаар болсон. ...бүх хашаа, байшин, газрын гэрээ, гэрчилгээ М.Мөнхжаргалын нэр дээр гарсан учир М.Мөнхжаргалаас 42,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 11 сарын хугацаа өнгөрөхөд төлбөр огт хийгдээгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авагч М.Мөнхжаргалын нэр дээр өмчлөх эрх бүхий Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байрлах 6712001029 нэгж талбарын дугаар бүхий 792 м.кв газар, түүний дээр байрлах 91 м.кв талбай бүхий 1723010374 дугаарт бүртгэгдсэн өвлийн сууц, зуны зориулалттай байшинд М.Мөнхжаргал өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан Y-1723010451 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байрлах хашаа байшинг 38,000,000 төгрөгөөс ярина гэсэн зарын дагуу очиж үзсэн. ...Ярилцаж тохиролцоод хашаа байшинг нь 38,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгт банкны зээл гаргуулж худалдаж авахаар болж тохиролцсон. Банкнаас зээл авах гэхээр шаардлага хангахгүй гээд буцаагдаад байсан. Дутуу баригдсан байшинг засаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авахад хугацаа их орсон. Одоо бол байшин шиг байшин болгосон.

...Шүүхийн асуудал шийдвэрлэгдэж дууссаны дараа төлбөр тооцоо хийнэ гэсэн бодолтой байна. Тэгэхгүй бол үндэслэлгүйгээр үнээ нэмээд байгаа юм.

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байсан. Бусдын эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбогдуулж маргаан бүхий шаардлага гаргажээ гэж ойлгож байгаа. 

... М.Мөнхжаргалын хувьд******* сумын 2-26-08 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгийг хууль, журмын дагуу улсын бүртгэлд анх удаа бүртгүүлсэн бөгөөд хууль ёсны өмчлөгч мөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00279 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.Мөнхжаргалтай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзаж, хариуцагч М.Мөнхжаргалын өмчлөлөөс Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1723006660 дугаарт бүртгэлтэй 792 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-1723010374 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-1723010451 дугаарт бүртгэлтэй 43 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг чөлөөлж, хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ээс гаргуулан хариуцагч М.Мөнхжаргалд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,100 (таван зуун наян нэгэн мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхжаргалаас 581,100 (таван зуун наян нэгэн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаяр давж заалдах гомдолдоо: ...шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

НЭГ.Нэхэмжлэгч Д.******* нь анх 2022.12.06-ны өдөр иргэн М.Мөнхжаргалд холбогдуулан хашаа, байшингийн үлдэгдэл төлбөрт 42,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

...хашаа байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг бүрдүүлж Д.*******д өгөх гэтэл тэрээр аваагүй бөгөөд анх тохиролцсон үнээ үндэслэлгүйгээр нэмж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан тул үлдэгдэл төлбөрөө одоо хүртэл өгч чадахгүй байх нөхцөл байдал үүссэн юм.

...Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтыг дутуу судалж, зарим баримтыг бүр судлахгүй дүгнэхгүй орхиж, улмаар биднийг үүргээ гүйцэтгэх талаар юу ч хийгээгүй мэтээр өнгөцхөн дүгнэж, хөрөнгийг чөлөөлөх шийдвэрийг гаргаснаар өмчлөх эрх зөрчигдөж, улмаар олон хууль бус үр дагаварууд үүсч байгааг шүүх бодолцохгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

ХОЁР.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой зөрчил гаргаж байсан. ...шүүгч Н.Бямбасүрэн нь 2023.01.10-ны өдөр 155/Ш32023/00268 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гарган нэхэмжлэгч талын зүгээс гаргасан Эвлэрүүлэн зуучлагчийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангасан. ...Ж.Лхамдолгороос гэрчийн мэдүүлэг авсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн.

ГУРАВ.Анхан шатны шүүх нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бус гэдгийг нь тогтоогоогүй, ийм үйл баримт нотлогдохгүй байхад иргэн М.Мөнхжаргалын өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчин түүний өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

ДӨРӨВ.Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, улмаар шударга бус шийдвэр гаргасны улмаас хууль зүйн зөрчилтэй үр дагаврууд үүсэхээр байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022.11.08-ны өдрийн А/386 тоот Газар эзэмших эрхийг дуусгавар болгож, өмчлүүлэх тухай захирамж гарснаар бид газрын гэрчилгээгээ өмчлөхөөр авч, улмаар уг газрыг банкны барьцаанд тавьж 25,000,000 төгрөгийн зээл авсан.

...Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтуудыг судалж дүгнэхгүйгээр, хууль зүйн үр дагаврыг тооцохгүйгээр хөрөнгийг шууд чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, асуудлыг тал бүрээс нь хараагүй, хэргийн оролцогчийн нэг талд илт үйлчилсэн, хуумгай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

ТАВ. ...бид анх худалдагч талтай үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаа зааж тохиролцоогүй бөгөөд гагцхүү хашаа байшинг банкны барьцаанд тавьж, зээл авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон ...бид үүргээ биелүүлэхээр шат дараалалтай ажилласан бөгөөд 2022.12.27-ны өдөр банкны зээлд хамрагдсанаар үүргээ биелүүлэх бодит нөхцөл бүрдсэн юм.

ЗУРГАА. ...анхан шатны шүүх нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээг үг үсэг, утга санаа ойлгомжтой, бүхэлдээ хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн бол нөгөөтэйгөөр худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн ямар үүргээ буюу гэрээний аль зүйл заалтыг зөрчсөн талаар тодорхой дүгнэж, нэг мөр ойлгомжтой байдлаар шийдвэртээ тусгах байтал тэгсэнгүй ээ.

Талуудын хооронд 2022.04.20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж нотариатаар батлуулсан бөгөөд гэрээний 3.1-д заасан төлбөрийг худалдан авагч тал бүрэн төлсөн байдаг. Мөн гэрээний 3.2-д заасан төлбөр төлөх нөхцөл, хугацаа гэдэгт төлбөр төлсөн гэж талууд гэрээний төлбөрийн нөхцөлөө тохиролцсон байдаг.

...Гагцхүү хашаа байшингийн бодит үнийн хувьд талууд амаар 36,000,000 төгрөг байхаар тусдаа тохиролцсон бөгөөд төлбөр төлөх нөхцөлийг тохирохдоо хашаа байшинг барьцаалж банкны зээл авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон юм.

ДОЛОО. ...Анхан шатны шүүх нь гэрээний үнийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн байтал нэхэмжлэгчийн амаар хэлсэн 50,000,000 төгрөгөөр тооцон шүүхийн тэмдэгтийн хураамжийг гаргуулсан нь зөрчилтэй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.Мөнхжаргалын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723010347, Ү-1723010451 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд нь тус бүр 65,000,000 төгрөгөөр үнэлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтуудыг огт үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоож байгаа нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь олон шалтгааны улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу судалж, үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хашаа байшинг нэхэмжлэгч Д.******* надад өгөхөөр шийдвэрлэснийг шударга гэж үзэж байна. ...Ц.Нэмэхбаяр, Б.Мягмарчимэг нарыг олон хүнээс уулзаж судалж мэдсэний улмаас 42 сая төгрөг өгөх ямар ч боломжгүйн дээр маш их асуудалтай хэцүү хүмүүс гэдгийг мэдсэн. Тийм учраас үнийн дүн дээр ярилцах шаардлагагүй юм байна. Хашаа байшингаа буцааж авах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрээд нэхэмжлэлээ өөрчилсөн юм. Ц.Нэмэхбаяр нь Хашаа байшинд гадна дотногүй засвар хийсэн гэж ор үндэсгүй худлаа ярьж байгаа. Хариуцагч тал 38 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэх нотолгоо баримтгүй, банкнаас зээл авсан боловч мөнгийг өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй намайг залилсан хуурсан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Д.******* нь Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байршилтай 792 м.кв газартай, 91 м.кв талбай бүхий өвлийн сууц, 43 м.кв бүхий хаалга, цонх, доторлогоо дутуу, баригдаж байгаа зуны сууцны үнийн зөрүү 42,000,000 төгрөгийг М.Мөнхжаргалаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авагч М.Мөнхжаргалын нэр дээр өмчлөх эрх бүхий Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байрлах 6712001029 нэгж талбарын дугаар бүхий 792 м.кв газар, түүний дээр байрлах 91 м.кв талбай бүхий 1723010374 дугаарт бүртгэгдсэн өвлийн сууц, зуны зориулалттай Y-1723010451 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргийг М.Мөнхжаргалын өмчлөлөөс чөлөөлөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.

Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн******* гудамжны 8 тоотод байршилтай 792 м.кв газартай, 91 м.кв талбай бүхий өвлийн сууц, 43 м.кв бүхий хаалга, цонх, доторлогоо дутуу, баригдаж байгаа зуны сууцыг хариуцагчид худалдахаар тохирч, хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч, төлбөрөө төлөхөөр тохиролцож, өмчлөх эрхийг хариуцагч М.Мөнхжаргалд шилжүүлжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн үнэ: 2,000,000 /Хоёр сая/ төгрөг, ...төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тусгаж, маргаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн хэдий ч зохигч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өөрөөр тогтоосон, хариуцагч 8,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй болох нь төлбөр төлсөн баримт, зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хашаа, байшинг 36,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, ...төлбөр төлөх нөхцөлийг тохирохдоо хашаа, байшинг барьцаалж банкны зээл авч, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нийт 8,000,000 төгрөг төлснөөс хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн ...гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нотлох баримтыг дутуу судалж, дүгнэлт хийхгүй орхисон, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан эсэхийг шалгахгүйгээр бусдын өмчийг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан, ...гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүсээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн, ...нэхэмжлэгчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон гэх агуулга давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэмэхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,100 /таван зуун наян нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ