Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2023/00612

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2023/00612

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .... дүүрэг, ....р хороо, ..... тоотод оршин суух, Буурал тайж овогт Г.Т,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын .... дугаар баг, ...-р байрны ... дугаар орцны ... тоотод оршин суух, Барнууд овогт Э.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: 87,000,000 (наян долоон сая) төгрөг гаргуулах тухай 155/2023/00386/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О.,

Хариуцагч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь Э.Ба-т холбогдуулан 87,000,000 (наян долоон сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 45 минутад өөрийн Хаан банкны 5....... дугаар данснаас Э.Б-н Хаан банкны 5...... дугаар дансруу 90,000,000 (ерэн сая) төгрөг шилжүүлсэн. Тэрээр мөнгийг яаралтай хэрэглээд, 1 сарын дотор буцаан шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө буцаан шилжүүлэхгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна. Тэрээр 2022 оны 8 дугаар сард 2 ширхэг зөөврийн компьютерийг 3,000,000 төгрөгт тооцож өгснийг нийт үнийн дүнгээс хасаж, 87,000,000 (наян долоон сая) төгрөгийг Э.Б-с гаргуулахаар шүүхэд хандаж байна. Э.Б-т шилжүүлсэн мөнгийг би өөрийн ажил хийж амьдралаа залгуулдаг байсан уул уурхайн ажилд ашигладаг машинаа зараад, өөр машинаар солих гэж байсан мөнгөө шилжүүлж өгсөн. Машинаа ч сольж чадаагүй, бүтэн жилийн турш ажил маань зогссон.

Иймд миний нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э.Б-с 87,000,000 (наян долоон сая) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Б нь манай нөхрийн төрсөн дүү Г.А-тай хамт ажилладаг бөгөөд анх хадам дүүд мөнгө хэрэгтэй байгаа талаараа ярихад нь Г.А над руу ярьсан. Тухайн үед нөхөр бид хоёр чиргүүлтэй том машиныхаа толгойг 90,000,000 төгрөгөөр зарсан байсан бөгөөд нэг сар хэрэглээд буцаагаад өгнө гэхээр нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Э.Б-н данс руу 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш авсан мөнгөө эргүүлж өгөхгүй өдийг хүргэсэн. Өнгөрсөн зун хотоос Хөвсгөл рүү ирэх гэж байгаагаа хэлж мөнгөө авъя гэхэд бид нар Хатгалд байна, уулзаж байгаад хэдэн төгрөг өгье гэсэн боловч зунжингаа худлаа ярьсан. Би зун ээлжийн амралтаараа ирээд уулзах гэхэд надаас зугтаад уулзаж өгөөгүй, гэрт нь 2, 3 удаа очиход гэртээ байхгүй, утас руу нь залгахад дандаа ярьж байгаа дохио өгдөг байсан. Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэх мэтээр дарамталж мессеж бичиж байж холбогддог байсан. Нөхөр бид хоёрын тухайд том машинаа авахын тулд байраа барьцаанд тавьж зээл авсан байсан ба зээлээ төлөх гэхэд мөнгөний эх үүсгэвэр байсан машинаа зарчихсан учраас мөнгөгүй хэцүү байдалд орж ганцхан миний багшийн цалингаар амьдарч байгаа. Зээлээ төлөх гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд 2022 оны 8 дугаар сард юу ч гэсэн 2 нөүтбүүк авч бай гээд явуулсан. Хүмүүс баталгаат хуудастай газруудаас нөүтбүүк авах сонирхолтой байдаг юм билээ. Би өөрийн таньдаг 2 багшдаа лизингээр 4 хувааж мөнгийг нь авах нөхцлөөр өгсөн. Энэ хоёр явуулсан нөүтбүүкний үнэ 3,000,000 төгрөгийг хасаад үлдэх 87,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 4-р сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Т-н төрсөн дүү Г.А ахаасаа мөнгө зээлэхдээ миний дансыг зөвшөөрөлгүй ашиглан мөнгө өсгөж өгнө гэсэн хүн рүү дамжуулж шилжүүлсэн байдаг.

Учир нь: Миний бие нэхэмжлэгч Г.Т-г огт танихгүй, урьд өмнө нь уулзаж үзээгүй хүн бөгөөд тухайн үед өндөр хүү амлаж мөнгө өсгөж өгдөг хүнээр мөнгөө есгүүлэхээр өөрийн төрсөн дүү Г.А-тай тохирон миний дансанд зөвшөөрөлгүйгээр, надтай холбогдож асуулгүйгээр 90,000,000 (ерэн сая) төгрөгийг дамжуулж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг миний дансанд ороход Аззаяа нь манай ах шилжүүлсэн юмаа, та цааш нь дамжуулаад өгөөрэй гэхэд нь орсон дүнгээр нь, хийх ёстой А.У-н 50..... тоот дансанд шилжүүлсэн. Түүний төрсөн дүү Г.А нь надтай хамт ажилладаг байсан бөгөөд тухайн үед юу болсон талаарх фейсбүүк чатын баримт надад хадгалагдсан байгаа. 2022 оны 5 сараас өдийг хүртэлх энэ хугацаанд Г.Т болон түүний эхнэр З, А.У нар нь хоорондоо холбоотой байдаг, яаж асуудлаа шийдэх талаараа харилцан ярилцаж, удаа дараа хугацаа тохирч байсан ба нэхэмжлэгч Г.Т нь, А.У-с тохирсон хугацаандаа мөнгөө авч чадаагүйдээ буруутан хайж, өөрийгөө хохиролгүй болгохоор намайг гүтгэж байна гэж би үзэж байна. Өндөр хүү амалсан хүнээр мөнгөө өсгүүлж, амар хялбар аргаар их мөнгөтэй болох хүсэл зорилготой хүмүүсийн амжилтгүй хөрөнгө оруулалтын буруутан болж, яаралтай хэрэглээд өгнө гэж зээлж авсан хэмээн огт танихгүй хүнд гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Мөн би өөрөө А.У-н хохирогч бөгөөд хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандан хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Буурал тайж Г.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, хариуцагчийн данс битүүмжлүүлэх тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч авах тухай хүсэлт, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 0613 дугаартай Г.Т-с Б.З-д олгосон итгэмжлэл, гэрэл зураг зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-6, 17-18, 34, 35 дугаар хуудас)

Хариуцагч Э.Б-с хариу тайлбар, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Э.Б-н депозит дансны хуулга, фэйсбүүк чатны хуулбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 22, 49-60 дугаар хуудас)

 

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрийн төрсөн дүү Г.А-н гуйлтаар 90,000,000 төгрөгийг 1 сарын дараа эгүүлэн авах нөхцөлтэйгээр хариуцагч Э.Б-т зээлдүүлсэн.

Зээлсэн мөнгөө эгүүлэн авахаар шаардах үеэс А.У гэх хүнд мөнгө өгч өсгөж авдаг талаар сонссоноос биш түүнд мөнгөө өгч өсгүүлэх зорилгоор Э.Б-т мөнгөө өгөөгүй. Анх мөнгө шилжүүлэхдээ ч Т-с зээлдүүлэв гэдэг утгаар гүйлгээ хийсэн. 2022 оны 8 сард зээлсэн мөнгөнөөсөө барагдуулах зорилгоор Э.Б нь 2 ширхэг нөүтбүүк өгч явуулсныг 3,000,000 төгрөгөөр зарж борлуулсан үнийг хасаж үлдэх 87,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Э.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Т нь өөрийн төрсөн дүү Г.А-тай тохиролцон миний дансанд зөвшөөрөлгүйгээр, надтай холбогдож асуухгүйгээр 90,000,000 төгрөгийг дамжуулж шилжүүлсэн. Энэ мөнгийг миний дансанд ороход Г.А нь манай ах шилжүүлсэн, та цааш нь дамжуулаад өгөөрэй гэхэд нь орсон дүнгээр нь хийх ёстой А.Ууганбаярын 5007320132 тоот дансанд шилжүүлсэн. Г.А болоод миний бие А.У-т мөнгөө өгч тодорхой хугацааны дараа өсгөж авдаг байсан. Г.Т ч ийм л зорилгоор миний дансыг ашиглаж мөнгөө шилжүүлснээс биш би эдгээр хүмүүсийг танихгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Э.Б-т холбогдуулан 90,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж, хариуцагчаас 87,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Г.Т нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5..... дугаарын данснаас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 90,000,000 төгрөгийг хариуцагч Э.Б-н эзэмшлийн ХААН банк дахь 5... дугаартай дансанд шилжүүлсэн нь, хариуцагч Э.Б нь 2022 оны 8 дугаар сард 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зөөврийн компьютерийг нэхэмжлэгчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Э.Б нь 2 ширхэг зөөврийн компьютерийн үнэ, тоо ширхэг болон нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нийт мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Харин хариуцагч Э.Б дээрх 90,000,000 төгрөг нь миний дансаар ороод гарсан мөнгө болохоос биш нэхэмжлэгч бидний хооронд зээлийн харилцаа огт үүсээгүй, уг мөнгийг өсгөх зорилгоор А.У-н дансанд дамжуулж шилжүүлсэн. А.У-т холбогдох эрүүгийн хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа мөнгийг нэхэмжлэгчид өгч болно гэж тайлбар гарган маргасан болно.

Хариуцагч Э.Б нь ...нэхэмжлэгчээс шилжүүлж өгсөн мөнгө миний дансанд ороход Г.А нь манай ах шилжүүлсэн, та цааш нь дамжуулаад өгөөрэй гэхэд нь орсон дүнгээр нь А.У-н 50.... тоот дансанд дамжуулан өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хавтаст хэргийн 54-56 дугаар хуудсанд авагдсан хариуцагчийн ХААН банк дахь 5....дугаартай депозит дансны хуулга нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Б нь ...Г.А бид хоёр нэг байгууллагад ажилладаг, найз нөхдийн харилцаатай. Г.А нь нэхэмжлэгчийн төрсөн дүү бөгөөд надад хэлэлгүйгээр миний дансанд нэхэмжлэгчийн данснаас 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг Г.А нь А.У-н данс руу дамжуулан шилжүүлэх талаар хэлсэн гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийн төрсөн дүү гэх Г.А нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данс руу нэхэмжлэгчээс маргаан бүхий мөнгийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн хариуцагч Э.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 20-оос 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд У гэх хүнд мөнгө өгч нийт 415,700,000 төгрөгөөр хохирсон гэх гомдол мэдээлэл бүхий хэрэг бүртгэлтийн 233800176 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 49 дүгээр тал)

Харин хариуцагч нь нэхэмжлэгч Г.Т-с 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг дамжуулан А.У-т шилжүүлэн өгч хохирсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Б-н хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдохгүй байна. (хх-ийн 51-52 дугаар тал)

Түүнчлэн А.У-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч уг хэрэгт нэхэмжлэгч нь хохирогчоор тогтоогдсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдов.

Хариуцагч Э.Б нь ...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн Г.Т-н мөнгийг А.У-н ХААН банкны 5007320132 тоот дансанд дамжуулан шилжүүлсэн.... гэж тайлбарлах боловч А.У-н данс руу нэхэмжлэгч Г.Т-н мөнгө орсон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Э.Б нарын хооронд мөнгө зээлдэх, зээлдүүлэх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Б-с 87,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 592,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Хариуцагч Э.Б нь дээрх мөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг мөн дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 3-4, 35, 54-56 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 57-60 дугаар хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Б-с 87,000,000 (наян долоон сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Т-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 592,950 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН