Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2023/00024

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2023/00024

 

 

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/00612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Батбилэгт холбогдох

87,000,000 (наян долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 45 минутад өөрийн Хаан банкны 5007312665 дугаар данснаас Энэбишийн*******ийн Хаан банкны 5890654791 дугаар дансруу 90,000,000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн. Тэрээр мөнгийг яаралтай хэрэглээд, 1 сарын дотор буцаан шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө буцаан шилжүүлэхгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна. Тэрээр 2022 оны 08 дугаар сард 2 ширхэг зөөврийн компьютерийг 3,000,000 төгрөгт тооцож өгсөн тул Э.Батбилэгээс 87,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Батбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 4-р сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.*******гийн төрсөн дүү Г.Аззаяа ахаасаа мөнгө зээлэхдээ миний дансыг зөвшөөрөлгүй ашиглан мөнгө өсгөж өгнө гэсэн хүн рүү дамжуулж шилжүүлсэн байдаг.

Миний бие нэхэмжлэгч Г.*******г огт танихгүй, урьд өмнө нь уулзаж үзээгүй хүн бөгөөд тухайн үед өндөр хүү амлаж мөнгө өсгөж өгдөг хүнээр мөнгөө өсгүүлэхээр өөрийн төрсөн дүү Г.Аззаяатай тохирон миний дансанд зөвшөөрөлгүйгээр, надтай холбогдож асуулгүйгээр 90,000,000 (ерэн сая) төгрөгийг дамжуулж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг миний дансанд ороход Аззаяа нь манай ах шилжүүлсэн юмаа, та цааш нь дамжуулаад өгөөрэй гэхэд нь орсон дүнгээр нь, хийх ёстой А.Ууганбаярын 5007320132 тоот дансанд шилжүүлсэн. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/00612 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Батбилэгээс 87,000,000 (наян долоон сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батбилэгээс 592,950 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ... лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн.

... Зээлдэгч, зээлдүүлэгч нар бие биенээ таних мөн тэдний хооронд эрх зүйн харилцаа ямар нэгэн хэлбэрээр үүссэн байхыг шаарддаг /амаар, бичгээр гэх мэт/. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг огт танихгүй, Аззаяа л ахын мөнгө орж ирсэн байх, Ууганбаярт шилжүүл гэхээр шилжүүлсэн, ер нь хүний дансанд хулгайлсан мөнгийг чинь шилжүүллээ гээд утгыг нь биччихвэл тэр нь хулгайн мөнгө болоод хулгайч болоод шүүх ял оноох юм уу, шүүх үнэн мөнийг нягтлахгүй, эцэслэхгүй шийдэж байгаад гомдолтой байгаа гэсэн болно.

...Хэрэв мөнгө зээлэхээр талууд тохиролцож, зээлийн харилцаа үүссэн бол гэрээгээр хэрхэн яаж тохирсон нь тодорхойгүй. Нөгөө талаар хариуцагч талын Г.Аззаяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч хангалгүй, нягталж тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

...тус иргэний хэрэгт А.Ууганбаярыг гуравдагч этгээдээр оролцуулах, эрүүгийн хэрэг бүртгэлийн 233800176 дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн хэмээн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна.

...Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй зэрэг зөрчил гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168,1.1, 168.1.3-д заасан үндэслэл болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүпэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.Батбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87,000,000  төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...нэхэмжлэгч Г.*******г огт танихгүй, өндөр хүү амлаж мөнгө өсгөж өгдөг хүнээр мөнгөө өсгүүлэхээр өөрийн төрсөн дүү Г.Аззаяатай тохирон миний дансанд зөвшөөрөлгүйгээр, надтай холбогдож асуулгүйгээр 90,000,000 төгрөгийг дамжуулж шилжүүлсэн байдаг гэх тайлбар гаргасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид 90,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон байх бөгөөд хариуцагч уг мөнгийг А.Ууганбаяр гэдэг хүний дансанд шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, харин уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр эд юмс олж авсан буюу эзэмшсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгт тооцож зөөврийн компьютер өгсөн учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр үлдсэн 87,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн талуудын хооронд мөнгө зээлдэх, зээлдүүлэх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохиуцуулсан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгоно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.Батбилэгийн данс руу 90,000,000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, харин хариуцагч уг мөнгийг А.Ууганбаяр гэх хүний дансанд шилжүүлсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

2.Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

3.Анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

4.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

5.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх боловч уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй зэрэг зөрчил гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3заасан үндэслэл болж байх тул ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/00612 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Э.Батбилэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.