Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01166

 

Ш.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/00955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Сд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 86 916 000 төгрөг гаргуулах, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ж.Отгоноос Ш.О, М.С нартай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь Ш.О болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 140 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Стой 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 750 000 төгрөгийг ямар нэгэн хүүгүйгээр 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 140 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. М.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч 2014.01.20-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хэдийгээр Ж.Отгоноос М.С, Ш.О нарт зээлүүлсэн агуулгатай боловч мөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн.Иймд хариуцагчаас 2011 оны зээлийн үндсэн төлбөрт 26 916 000 төгрөг гаргуулна.

Мөн 2014 оны 1 дүгээр сарын гэрээний зээлдүүлэгч мөн болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 86 916 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 2014.01.20-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 10 000 000 төгрөг төлсөн нь түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлэг дансны хуулгаар тогтоогдож байх тул хүүгээ энэ хэмжээгээр багасгасан. Мөн н.Батбиндэр, н.Оюунгэрэл, н.Уянга гэх хүмүүсээс нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гүйлгээний утга тодорхойгүй, хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн гэх нотолгоо байхгүй. Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй, үндсэн үүрэг дуусаагүй байхад барьцааны үүрэг дуусгавар болохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  хэлцлээр хариуцагчид 38 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн уг гэрээний төлбөрт хариуцагч 37 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Хариуцагч нь уг гэрээний төлбөрт Ж.Отгоны дансанд мөнгө шилжүүлсэн байхад Ж.Отгон тухайн өдөр нь Ш.Огийн дансанд шилжүүлж байсан. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хувьд нэхэмжлэгч Ш.О нь хариуцагчийн дансанд 38 000 000 төгрөг шилжүүлсэн энэ тухайд маргахгүй байгаа боловч уг гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй, зохигч тал Ж.Отгоноос мөнгө зээлсэн агуулгатай гэрээ байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Энэхүү гэрээний дагуу зээлдэгч 36 070 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 1 930 000 төгрөг байгаа.

 

Хариуцагч нь 2011 оны11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Отай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 140 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй,  3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргийг хариуцагч талтай зөвшилцөн төлж дууссан. Тухайн гэрээний хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа ч  дууссан.

Иймд Ш.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 140 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Сос 15 950 000 /арван есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлээс 70 966 000 /далан сая есөн зууг жаран зургаан мянга/ төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Солонгын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 140 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Ш.Од даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798 687 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 237 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 307 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.О, М.С нарын хооронд байгуулсан 38 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Ж.Отгон, Ш.О, М.С нарын хооронд байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбон ойлгосон учраас шийдвэрийн зарим хэсэг буруу гарсан. Зээлдэгч Ж.Отгон, зээлдэгч Ш.О, М.С нарт мөнгө шилжүүлээгүй. Ш.О, М.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй тул хүү тооцох үндэслэлгүй. Шүүх н.Батбиндэр, н.Уянга, н.Оюунгэрэл нарын нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 2 020 000 төгрөгийг хариуцагч гүйцэтгэсэн болох нь нотлогдохгүй байх тул төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй. Дээрх төлбөрийг М.Солонгийн хүсэлтээр Ш.Огийн дансруу шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байхад шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч М.Сд холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 26 916 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, нийт 86 916 000 төгрөг гаргуулах, 2014 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн Ж.Отгоноос Ш.О,М.С нартай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь Ш.О болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч “2011 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дууссан, дээрх гэрээгээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2014 оны зээлийн гэрээгээр хариуцагчид бодитоор мөнгө шилжүүлээгүй, Ш.О шаардах эрхгүй” гэж татгалзаж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ /хх1-2, 40-41, 43-44, 48-49, 187-188/

 

Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 140 тоот, 40 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006928 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсанд маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Мөн дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 29 370 000 төгрөг төлсөнд талууд маргаагүй. /хх-7-9/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан тул нэхэмжлэгчийн дээрх гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн  дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс нотлох баримтыг зөв харьцуулан дүгнэж чадаагүйгээс 2014 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн зээлийн гэрээний талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болсныг залруулах нь зүйтэй.

Хэдийгээр хэргийн 10 дугаар хуудсанд Ж.Отгоноос М.Сд 2014 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр  байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 20-ний хүртэл сунгасан тухай бичгийн гэрээ байгаа боловч хэргийн 179 дүгээр талд гэрээний талууд гэрээг дүгнэсэн баримт авагджээ. Уг баримт нь Иргэний  хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан  үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхийг үүсгэсэн, хэлцлийн харилцааг нотолсон агуулгатай баримт байна. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнийг гэрчлэх уг баримтад “ 2015.07.29-ний өдөр үндсэн мөнгө болох 40 000 000 төгрөгийн зээлээс хүү болох 15 000 000 төгрөг үлдэж хоёр тал тохиролцож шинээр гэрээ байгуулсан. 2015.07.20-ны өдрөөс хойш 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр сард 1 200 000 төгрөг төлөхөөр тохиролцов. Хүүг хугацаанд нь сар болгон төлнө. Гэрээг хүлээн зөвшөөрсөн С, О” гэжээ.

 

Талуудын 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2015 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар 55 000 000 төгрөг болсон байх бөгөөд уг үүргийг М.С, Ш.О нар хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.  

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байх тул М.С, Ш.О нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн  242.12 дахь хэсэгт зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар заасан. Хэргийн баримтаас үзэхэд хамтран зээлдэгч нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжтой гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Ш.О зээл 40 000 000 төгрөгийг М.С бүхэлд нь авч ашигласан гэсэн агуулгатай тайлбар гаргасныг хариуцагч М.С няцааж чадаагүй байна. /хх-1-2 / Мөн зээлдүүлэгч Ж.Отгоны уг зээлийг М.С  авсан талаарх тодорхойлолт, зээлийн гэрээний үүргийг  зээлдүүлэгчид Ш.О  бүрэн төлж дууссан гэх нөхцөл байдлуудыг хариуцагч мөн баримтаар няцаагаагүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, 5 сарын хүү нь 10 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн төлөх ёстой нийт үүрэг 50 000 000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн нь 34 050 000 төгрөгийг хасч, хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг 15 950 000 төгрөг гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь дээр дурдсан хэргийн 179 дүгээр талд авагдсан бичгийн баримтаар хариуцагчийн нийт үүргийг тодорхойлбол зээл, хүүгийн хамт нийт 56 200 000 төгрөг / Зээл 40 000 000 төгрөг + өмнөх хүү 15 000 000 төгрөг +сарын хүү 1 200 000 төгрөг/ юм.

 

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш.О, хариуцагч М.С, П.Отгонбаяр нарын дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 34 050 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна./ хх-119-126  /Түүнчлэн хэрэгт авагдсан Д.Батбиндэр, Ч.Уянга, Ч.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаатай байсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний нийт үүрэг 56 200 000 төгрөг төлөхөөс 36 070 000 төгрөгийг /34 050 000 + 2 020 000= 36 070 000/ хасч 20 130 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. /хх119-126, 128-154/

 

Харин нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, хариуцагчийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэгэнт талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж хариуцагчийн барьцааны хөрөнгийг чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтооох хэсгийн 1 дэх заалтад талуудын хоорондын харилцааг тодорхойлсон хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 242 дугаар зүйлийн 242.11, 242.12 дахь хэсгийн нэмж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.1, 242 дугаар зүйлийн 242.11, 242.12, 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталж хариуцагч М.Сос 20 130 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 66 786 000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын 237 700” гэснийг “258 600” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД