Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/00955

 

2019 оны 4 сарын 11 өдөр

      Дугаар 184/ШШ2019/00955

                      Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж овогт Ш.О /РД: Хаяг: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,   дугаар хороолол,  дүгээр байр, тоот

Хариуцагч: Ш овогт М.С /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 86 916 000 /наян зургаан сая есөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулах, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ж.О-оос Ш.О, М.С нартай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь Ш.О болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:                                                

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О би иргэн М.С-той 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 750 000 төгрөгийг ямар нэгэн хүүгүйгээр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй,  3 өрөө орон сууцыг барьцаалсан. М.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөнгийг эргүүлж төлөхийг шаардахад алдангиа төлөөд байж байя, түр хүлээгээч гэж гуйдаг байсан.

Ингээд 2014 оны 01 дүгээр сард надтай ирж уулзаад та надад дахиад 40 000 000 төгрөг зээлээч би одоо ажлаа дуусгаад мөнгөтэй болох гэж байна. Миний хувьд надад тийм хэмжээний мөнгө байхгүй, харин миний найз Ж.О-д тийм хэмжэний мөнгө байгаа байх гэж хэлсэн, мөн орон сууц нь миний барьцаанд байсан учир  2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож байгуулсан. Хэдийгээр Ж.О-оос М.С, Ш.О  бид хоёрт зээлүүлсэн агуулга боловч мөнгийг би хариуцагч Ш.О-д шилжүүлэн өгсөн.

Иймд хариуцагчаас 2011 оны зээлийн үндсэн төлбөрт 26 916 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын гэрээний зээлдүүлэгч мөн болохыг тогтоолгож уг гэрээний дагуу үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 86 916 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 10 000 000 төгрөг төлсөн нь түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлэг дансны хуулгаар тогтоогдож байх тул хүүгээ энэ хэмжээгээр багасгасан.

Мөн н.Б, н.О, н.У гэх хүмүүсээс нэхэмжлэгчийн дансанд  шилжүүлсэн гүйлгээний утга тодорхойгүй, хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн  гэх  нотлогоо байхгүй байна.

Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй, үндсэн үүрэг дуусаагүй байхад барьцааны үүрэг дуусгавар болохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний зээлдүүлэгч нь Ш.О болохыг тогтоолгох тухай шаардлагаас бусдыг нь зөвшөөрөгүй байна. Хариуцагч талаас анх шүүхэд тайлбар гаргахдаа л энэхүү мөнгө нь Ж.О-ых биш нэхэмжлэгч Ш.О-оос гарсан болохыг мэдэж байсан. Ш.О нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлцлээр  хариуцагчид 38 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн уг гэрээний төлбөрт хариуцагч 37 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Хариуцагч Ш.Солонго нь  уг гэрээний төлбөрт Ж.О-ы дансанд мөнгө шилжүүлсэн байхад Ж.О тухайн өдөр нь Ш.О-гийн дансанд шилжүүлж байсан байдаг.

Хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ш.О-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаат зээлийн гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргийг хариуцагч талтай зөвшилцөн төлж 2014 онд зээлийг бүрэн төлж дууссан. Тухайн гэрээний хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хувьд нэхэмжлэгч Ш.О нь хариуцагчийн дансанд 38 000 000 төгрөг шилжүүлсэн энэ тухайд маргахгүй байгаа боловч уг гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, зохигч тал Ж.О-оос мөнгө зээлсэн агуулгатай гэрээ байдаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан байдаг. Энэхүү гэрээний дагуу зээлдэгч 36 070 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 1 930 000 төгрөг байгаа болно.

Иймд Ш.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж,  хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй,  3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ш.О-гийн хариуцагч М.С-д холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээний үндсэн төлбөрт 29 435 056 төгрөг, алданги 14 672 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ж.О-той байгуулсан гэрээний үүргийг хариуцагч М.С-ийн өмнөөс гүйцэтгэсэн 70 000 000 төгрөг, нийт 114 107 056 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүрэгт 86 916 000 /наян зургаан сая есөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулах, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ж.Ооос Ш.О, М.С нартай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь Ш.О болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна.

Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 26 916 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

            Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдийн тайлбараас үзэхэд зохигчид  2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж,  зээлдүүлэгч Ш.О нь 30 000 000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч М.С-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй,  3 өрөө орон сууцыг барьцаалжээ.  

Дээр дурьдсан гэрээнүүдийг байгуулсан, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба гэрээний хугацаа  2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусчээ.  

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд болон дууссанаас хойш 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 40 удаагийн үйлдлээр 29 370 000 төгрөгийг төлснөө нотлох өөрийн Хаан банк дахь 5036048219 тоот данснаас болон бусад байдлаар нэхэмжлэгч Ш.О-гийн Хаан банк дахь 5034404533 тоот дансанд М.Сос гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж байсан нь тус банкны дансны хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгч тал  дурдсан төлөлтүүдийг гэрээний дагуу тооцогдсон алданги төлсөн гэж тайлбарласан.  /хх-ийн 64-83/

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 01-нд дууссанаас хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, хариуцагч  нь 2014 оны 01 дүгээр сарын 20-нд дахин зээл авахаас өмнө гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, энэ хугацаанаас хойш дараагийн гэрээний үүргийг биелүүлж эхэлсэн байна.

Учир нь 2 дахь гэрээг байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч 2011 оны гэрээний төлбөрт 41 удаагийн үйлдлээр 36 070 000 төгрөг төлсөн гэж үзэх, мөн Ж.О-ийн дансанд энэхүү гэрээний төлөлтийг шилжүүлж  байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд  уг гэрээг сунгасан,  хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байх,  үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор зохицуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 17 -ны өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө төлбөр хийсэн өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  /хх-ийн 74/

Хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн гэж үзэв. 

Иймд шүүх хариуцагчаас 2011 оны 11 дүгээр сарын зээлийн гэрээний үүрэгт нийт 26 916 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч Ш.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хариуцагчид энэхүү гэрээний үүргээс татгалзах эрхийг олгож, нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шүүхээр албадан хангуулах боломжийг хязгаарласан байна.

Нэхэмжлэлийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ж.О-оос Ш.О, М.С нартай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь Ш.О болохыг тогтоолгох шаардлагын тухайд бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй, уг зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхээ тогтоолгох агуулгатай байна.

Нэхэмжлэлийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг /үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг/ гаргуулах шаардлагын тухайд:

Зээлдэгч М.С нь  нэхэмжлэгч Ш.О-оос 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Итгэлцлийн гэрээ” гэх баримт үйлдэж, зээл авсан тухайд маргахгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан Ш.О-гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус данснаас хариуцагч М.С-ийн Хаан банк дахь 5036048219 тоот  дансанд 38 000 000 төгрөг шилжин орсон болох нь тогтоогдсон болно.  /хх-ийн 74/

Хариуцагч татгалзлын үндэслэлээ итгэлцлийн гэрээ гэх хэлцлийн зээлдэгч нь Ш.О, М.С нар, зээлдүүлэгч нь Ж.О байх тул уг гэрээг бичгээр үйлдсэн, мөн хүү, алданги тохирсон гэж үзэх үндэслэлүй, үндсэн зээлээс 36 070 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. /хх-ийн 166/

Уг гэрээгээр зээлдэгч М.С нь зээлдүүлэгчээс 40 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрвэл хоногийн  0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. 

Зээлийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь  Хаан банк дахь өөрийн  5036048219 тоот данс, нөхөр П.О-ийн Хаан банк дахь 5019561641 тоот данснаас болон найз М.А, дүү М.У нараар дамжуулан нийт 34 050 000 төгрөгийг Ш.О, Ж.О нарын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш.О, хариуцагч М.С, П.О нарын дансны хуулга, банкны орлогын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  /хх-ийн 122-140/

Харин н.Б, н.У, н.О нарын нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 2 020 000 төгрөгийг хариуцагч гүйцэтгүүлсэн болох нь нотлогдохгүй байгаа төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй юм.

2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний зээлдүүлэгч нь Ш.О болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авч, эргүүлэн төлж байсан үйл баримт тогтоогдсон тул талуудын  хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэлээ.

Хэдийгээр хариуцагч хүү, алданги тооцох ёсгүй гэж маргаж байгаа ч гэрээ байгуулсан талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан гэх баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хүүгийн талаар тохиролцсон байх үндсэлэлтэй бөгөөд алдангийн талаар тохиролцсон нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хамаарах тул гэрээгээр тохирсон 5 сарын хугацааны хүү болох 10 000 000 төгрөг, үндсэн зээл 40 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Энэ үүргээс хариуцагчийн төлсөн  34 050 000 төгргийг хассан дүн болох 15 950 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч нь анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байх тул алдангид 15 000 000 төгрөг гаргуулах  тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Үндсэн нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч М.С нь  2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон гэж үзэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заажээ.

Хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-нээс үүсэх үүргийн гүйцтэгэлийг хангуулахаар барьцаалсан ба энэхүү гэрээтэй холбоотой зээлдүүлэгчийн шаардлага, барьцааны эрх мөн дуусгавар  болсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул  харилцан эсрэг шаардлага болох үндсэн нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

           ТОГТООХ нь:   

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Сос 15 950 000 /арван есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.О-д олгож, нэхэмжлэлээс 70 966 000 /далан сая есөн зууг жаран зургаан мянга/ төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Ш.О-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798 687 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус  улсын орлогод үлдээж, хариуцагчаас 237 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс  307 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай. 

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ