Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 27

 

 

 

 

                            Л.Р, О.Ч, Ч.Н

      нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Л.Р, О.Ч, Ч.Н нарт холбогдох, 2135000550071 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурор Х.Энхтуулын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ны өдөр ..... төрсөн, .... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй....... оршин суух хаягтай, ...... хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Л-ын Р /РД:........./,

 Монгол Улсын иргэн, ....... оны .....дүгээр сарын ......-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, ....... настай, ....... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........... оршин суух хаягтай, .......... хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт О-ийн Ч /РД:......../,

Монгол Улсын иргэн,...... оны .... дугаар сарын ....-ны өдөр .......... төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ...... оршин суух хаягтай, ам бүл ....... амьдардаг, урьд 2007 онд Ховд аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Г ургийн овогт Ч-ын Н /РД:......../.

 Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны гүү хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З ургийн овогт Л-ын Р, Б ургийн овогт О-ийн Ч, Г ургийн овогт Ч-ын Н нарт холбогдох,  2135000550071 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 159 дүгээр шүүгчийн захирамжаар Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан үзэхэд мөн хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх" гэж заасан нөхцөл хангагдаагүй үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч уг хэрэгт нийт 3 удаа мэдүүлэг гаргахдаа "хохирол гомдолтой, хохирлоо бүрэн барагдуулж авна" гэж, шүүхийн хэлэлцүүлэгт "хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна" гэж тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдоогүй, дээрх нөхцөл шаардлага хангагдаагүй болно” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Н, О.Ч, Л.Р нар  бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг, “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны гүү хулгайлж, 1.500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн 87 дугаартай дүгнэлтээр 2017 оны 12 дугаарт сард Увс аймгийн Өлгий сумын нутагт 3 настай гүү 400.000, 4 настай гүү 500.000, 6 настай гүү 600.000 төгрөгний үнэтэй байсныг тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгуй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэгт учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаа болон учирсан бодит хохирлоор нь тооцдог.

Өөрөөр хэлбэл, 2017 оны 12 дугаар сард хохирогч Ч.Мын 3 тооны адуу хулгайлагдсаны улмаас 1.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хохирогч Ч.Мт 6.500.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Мын мэдүүлэг болон шүүх хуралдааны шатанд гаргасан мэдүүлгээр нь нотлогддог бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх хэсэг, 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зардал хэмнэх төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үед шатанд хялбарчилсан ажиллагаа гэж үздэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх" нь заавал хохирогчтой эвлэрсэн байх гэсэн шаардлага биш юм.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бодит хохирлыг төлж барагдуулсан, мөн хор уршгийг нөхөн төлсөн байхад хохирогчийн баримтаар тогтоогдсон хохирлоос хэтрүүлэн мөнгө нэхэмжилсэн тохиолдол бүрийг "хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдоогүй, дээрх нөхцөл шаардлага хангагдаагүй" гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх бөгөөд цаашид хэргийн яллагдагч, шүүгдэгч нь хохирогчтойгоо эвлэрч, хүссэн хэмжээний хохирлыг нь нөхөн төлж барагдуулах, түүнийхээ дараа прокурортой ял тохиролцдог гэх ойлголтыг бий болгож байх бөгөөд яллагдагч, шүүгдэгч нь хохирогчийн эрхшээлд орж, эрхээ эдэлж чадахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх хэсэг, 17 дугаар бүлэгт заасан "хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-г хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/159 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 159 дүгээр  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.Н, О.Ч, Л.Р нарт холбогдох, 2135000550071 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарыг бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны гүү хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналын хамт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан  хэлэлцээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  4.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэх нөхцөл хангагдаагүй гэж  дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд  нийцсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг зохицуулсан ба яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн баримтыг хавсаргахаар, прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-т заасан нөхцөл байдлуудыг хянаж, эдгээр нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдвол хэргийг прокурорт буцаахаар тус тус хуульчилжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т: шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, мөн 4.5-т: гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг тус тус шүүх хянана гэж заасан ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэг нь: 1.Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно .

           Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны гүү хулгайлсан гэх гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.М анх 2020-03-14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “манай хулгайд алдсан 3 гүү одоо байсан бол нэг нь 4-5 төллөчихсөн  байх ёстой болохоор үнэлж чадахгүй байна”,

            2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “Манай нөхөр П нь 2020 оны 6 сард зуурдаар нас барсан юм. Нөхрийг нас барахаас өмнө Өлгий сумын иргэн Ч гэх залуу манай нөхөрт “ би тэмээгээр танай адууг  тууж Хүрэн дэл гэх газар хашиж байгаад 3 гүү барьж авсан, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ховд аймгийн Мянгад сумын иргэн гэх Р, Н гэх 2 хүн манай нөхөртэй яриад 3 гүүний хохирол гэж 6.500.000 төгрөг өгсөн. Би 3 гүүгээ 9.000.000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл манай гүүнүүд төрөх эх мал байсан, өсөх боломжтой. Тухайн 3 гүүг нийт 1.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, одоо нэмж 2.500.000 төгрөг авч байж хохирол бүрэн барагдуулсан гэж тооцох болно”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “О.Ч манай 3 гүүг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хулгайлсан гэдгээ 2019 онд хүлээж, манай нөхөр бид 2-т хохирлыг төлж өгнө гэж хэлсэн. Бид хохиролд 6.500.000 төгрөг авсан, тэр мөнгийг Р манай нөхрийн данс уруу хийсэн. О.Чын хажууд бас нэг хамсаатан байгаа, тэр 2 хоёулаа миний адууг тууж аваачаад хашиж байгаад 3 гүү барьж машинд ачсан байсан, тэр залуу нь энд байхгүй байна. Би гомдолтой байна, энэ хүмүүсээр одоо 3.500.000 төгрөгийн хохирол төлүүлж авна” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт Увс аймгийн Өлгий суманд 2017 оны 12 дугаар сарын байдлаар 3 настай гүү 400.000 төгрөг, 4 настай гүү 500.000 төгрөг, 6 настай гүү 600.000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтээр тогтоосон  үнэлгээ нь мал хулгайлах гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг тодорхойлохоос бус мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршгийн хэмжээг илэрхийлэхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-т: “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, нөхөн төлөгдөх бодит хохирлын хэмжээ болон хор уршгийг арилгахад гарах зардлын хэмжээг тогтоох боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаагаар хохирол, хор уршгийн хэр хэмжээ хөдөлбөргүй тогтоогдсон, уг тогтоогдсон хэмжээг  яллагдагч, шүүгдэгч хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. Хохирол, хор уршгийн хэмжээ бодитой тогтоогдоогүй, эсхүл маргаж байгаа тохиолдолд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай ирүүлсэн хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй гэж үзэх тохиолдолд мөн зүйлийн 6-т зааснаар хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан тул шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, хохирол, хор уршгийн хэмжээний талаар дүгнэлт хийн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болно.  

Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг  хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 159 дүгээр  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ний  өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ч.Н, О.Ч, Л.Р нарт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                              Л.АЛТАН