Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лж, шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Р, О.Ч, Ч.Н нарт холбогдох 2135000550071 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Мянгад сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Лын Р /РД: ПЗ72010719/,

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Огийн Ч /РД: ОИ94111014/,

Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу 5 дугаар багийн 2-04 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Г ургийн овогт Чын Н /РД: ПЗ73062039/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг, “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны адуу /гүү/-г хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000550071 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг “Ташхаан бэл” гэх газарт байсан. Манай адуу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бэлчээрт бүгд байсан ба маргааш нь буюу 12 дугаар сарын 07-ны өдөр очиж адуугаа харахад манай 28 тооны адуунаас 3 тооны гүү байхгүй байсан. Тэгээд түүнээс хойш уг 3 тооны гүүгээ сумынхаа газар нутгаар хайгаад сураг чимээ тавиад олдоогүй. Уг 3 тооны гүү нь /1/ хар зүсмийн 4 настай, буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, уг тамганыхаа доод хэсэгт хөндлөн дэгрээ тамгатай, имгүй, /2/ хүрэн гүү, 3 настай, им тамга ижилхэн, /3/ хүрэн зүсмийн 6 настай имгүй, тамга ижил гүүнүүд байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-10-р хуудас/,

-хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Манай нөхөр П нь зуурдаар 2020 оны 6 дугаар сард нас барсан юм. Нөхрийг нас барахаас өмнө Өлгий сумын иргэн Ч гэх залуу нь манай нөхөрт “би танай адууг хулгайлсан юм. Танай адууг өөрийн эзэмшлийн тэмээгээр туугаад “Хүрэн дэл” гэх газарт хашиж байгаад 3 гүү хулгайлсан, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ховд аймгийн Мянгад сумын иргэн гэх Р, Н гэх хүмүүс манай нөхөртэй яриад хохирол гэх 6,500,000 төгрөгийг тухайн хоёр хүн өгсөн. ...Би тухайн 3 гүүг 9,000,000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл манай 3 гүү төрөх мал байсан, өсөх боломжтой тул би ингэж үнэлж байна. Тухайн 3 гүүнд шинжээч томилж үнэлгээ гаргуулсан дүгнэлттэй танилцсан, 1,500,000 төгрөгийн үнэлгээ гарсан байх тул би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14-р хуудас/,

2. Гэрч Н.Б /шүүгдэгч Ч.Нын эхнэр/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёрыг Ч “дүү нь тусдаа гараагүй, та хоёр оюутан хүүхэдтэй хэцүү байдаг байлгүй, дүүгээсээ туслалцаа авахаар бол дүүдээ хэлээрэй” гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр Чтай утсаар холбогдоод “ах, эгч хоёрынх нь охин сургуулиа төгсөх гэж байна, чамд мөнгөний боломж байна уу” гэж хэлтэл Ч “дүүд нь мөнгөний боломж алгаа, харин надаас ирээд адуу мал ав” гэж манай нөхөртэй ярьсан байсан. Тэгээд манай нөхөр Ртэй хамт 2017 оны 12 сард Увс аймгийн Өлгий сум руу явсан. Манай нөхөр Р хоёр өдөр 15 цагийн үед яваад орой 19 цагийн үед ирсэн. Тэгээд ирэхдээ 3 тооны адуу ачаад ирсэн. Тэгээд уг 3 тооны адууны 1 тооны адууг нь Рт өрөндөө өгсөн юм. Нөгөө хоёр адууг нь Ховд аймгаас ченж дуудаад амьдаар нь өгсөн. Манай нөхөр надад 800,000 төгрөг өгсөн. Би тэр 3 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй. Тэгээд 2020 оны хавар 4 сард манай нөхөр “2017 онд Чаас авсан 3 тооны адуу хулгайн адуу байсан байна, одоо яанаа” гээд манай нөхөр Чтай ярьсан. Тэгээд 2020 оны хавар нөгөө 3 адууны эзэнд нь 6,500,000 төгрөг өгсөн гэж  манай нөхөр хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/,

3. Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны өвөл би гэртээ байж байтал манай Өлгий сумын найз болох Ч над руу залгаад “би өөрийн хангал тэмээтэй Өлгий нуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн дэл” гэх нэртэй газарт явж байна. Миний тэмээ зогсчихлоо, намайг ирээд авчих” гэж утсаар ярьсан. Тэгээд би өөрийн Мустанг-5 загварын мотоциклоо унаад “Хүрэн дэл” гэх газар яваад очиход манай найз Ч нь үл таних 2 хүний хамт адуу хашчихсан зогсож байсан. Мөн хэний машин гэх талаар мэдэхгүй, цэнхэр өнгийн Портер маркийн машин байсан. Тэгээд манай найз Ч нь бугуйл шидээд 3 адуу бариад тухайн Портер маркийн машин дээр бүгдээрээ хамт ачсан. Ч нь өөрөө адуутай учир би тухайн үед өөрийн адуунаас барьж байна гэж бодсон. Тэгээд тухайн үл таних хоёр хүн машинаа асаагаад явчихсан. Тэр үед Ч “миний хангал тэмээ одоо явж байна, би тэмээгээ унаад явлаа” гэж хэлээд тэмээгээ унаад явчихсан. Харин би өөрийн мотоциклийг унаад гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р хуудас/,

4. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 3 дугаар  сарын 16-ны өдрийн “Увс аймгийн Өлгий суманд 2017 оны 12 дугаар  сарын байдлаар 3 настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 400,000 төгрөг, 4 настай гүү 500,000 төгрөг, 6 настай гүү 600,000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн 87 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-р хуудас/,

5. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Увс аймгийн Улаангом суманд 2017 оны 12 дугаар сарын байдлаар 3 настай эр тэмээ, суран бугуйл, 1994 онд үйлдвэрлэгдсэн Портер маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт  935,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн 120 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 69-р хуудас/,

6. Шүүгдэгч Л.Рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын эхээр сумын найз болох Н нь “үл таних хүнээс хулгайн мал очиж авах гэж байна, яваад ирье” гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрөөд Өлгий сумын “Ташхаан бэл” гэх нэртэй газраас өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер автомашинаар Нын хамт Өлгий сумын нутаг дэвсгэр болох “Ташхаан бэл” гэх нэртэй газарт очсон. Тухайн газарт очиход үл таних залуу хар өнгийн тэмээ уначихсан ирээд бид нар тухайн адууг хашиж тэр залуу өөрийн бугуйлаараа 3 гүү барьсан. Тухайн үед Мустанг-5 загварын мотоциклтой залуу ирж байсан. Тэгээд тэр 3 гүүг миний машинд ачилцаад явсан. ...Тухайн үед унаж явсан цэнхэр өнгийн Портер машиныг 2004 онд үл таних хүнээс 800,000 төгрөгөөр худалдаж аваад 2018 оноос 2019 оны хооронд Ховд аймагт ирсэн үл таних хүнд 400,000 төгрөгөөр зарчихсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-р хуудас/,

-Мөн шүүгдэгч Л.Рийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

7. Шүүгдэгч О.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын эхээр танил ах болох Н нь над руу залгаад “ахдаа мал байвал өгөөч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэсэн юм, удахгүй буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би “за, та Өлгий сумын “Ташхаан бэл” гэх нэртэй газарт хүрээд ир, би эндээс хэдэн адуу туугаад очъё” гэж хэлээд хэний адуу гэх талаар мэдэхгүй хэсэг адуу “Хадан хар” гэх газарт байсан адууг өөрийн эзэмшлийн хар өнгийн 3 настай тэмээгээ унаж яваад туусан. Тэр үед миний тэмээ зогсоод явахгүй болохоор нь сумын найз болох Оыг “ирээд намайг авчих” гэж хэлээд гуйсан юм. Тэгээд би өөрийн бугуйлаараа шидэж 3 тооны гүү бугуйлдаж бариад тухайн гүүгээ О, Р, Н нарын хамт цэнхэр өнгийн Портер машин дээр ачсан. От хулгайн адуу гэх талаар хэлээгүй. ...Адуу ачсан Портер маркийн машин нь Р гэх хүний автомашин байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-р хуудас/,

-Мөн шүүгдэгч О.Чын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирол төлөгдсөн байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

8. Шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын эхээр танил дүү болох Чтай утсаар холбогдож “хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэсэн юм. Надад хэдэн төгрөг зээлээч” гэсэн юм. Тэгээд Ч нь “бэлэн мөнгө байхгүй байна, хэдэн мал өгье, Өлгий сумын “Ташхаан бэл” гэх нэртэй газарт хүрээд ир, би эндээс хэдэн адуу туугаад очъё” гэж хэлсэн юм. Тэгээд би сумын найз болох Рийг машинаараа хамт адуу ачаад ирье гэж хэлээд өөрийнх нь эзэмшлийн цэнхэр өнгийн Портер машинаар бид хоёр Өлгий сумын “Ташхаан бэл” гэх нэртэй газарт очсон. Удалгүй Ч нь хар өнгийн тэмээ уначихсан хэсэг адуу туугаад ирсэн. Тухайн үед Ч нь өөрийн бугуйлаа шидээд бид нар хашиж өгөөд тэр адуунаас 3 тооны адуу барьсан. Тэгээд удалгүй үл таних залуу Мустанг-5 загварын мотоциклтой ирээд тухайн адууг манай найз Рийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер машин дээр ачилцаад ...явчихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р хуудас/,

-Мөн шүүгдэгч Ч.Нын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирол төлөгдсөн байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг, “Ташхаан бэл” гэх газраас хохирогч Ч.Мын 3 тооны адуу /гүү/-г хулгайлсан үйл баримт болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан бөгөөд хохирогч Ч.Мын 3 тооны адуу /гүү/-г буюу дээрх тайлбарт дурдсан малыг хулгайлсан нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Улсын яллагч шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тохирох зүйл хэсгээр хэргийг зүйлчлэн гэм буруутайд тооцуулах тухай санал гаргасан нь тохирсон, зөв байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 /бүлэглэж/, 2.4 /машин механизм ашиглаж/-д зааснаар зүйлчлэгдэхээр байгаа боловч уг гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сард үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөгдсөн, мөн оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”  гэж заасны дагуу буюу 2015 оны нэмэлт өөрчлөлт ороогүй Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө “олон тооны мал” гэж “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэж хуульчлан тайлбарласан хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь 2017 оны 12 дугаар сард бүлэглэн Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ч.Мын 3 тооны адуу /гүү/-г хулгайлсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан заалтыг журамлах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн гурван тооны адуу /гүү/-г хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэл болох машин механизм болон тэмээг ашигласан байна. Шүүгдэгч  нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Хохирогч Ч.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би хохиролгүй, гомдолгүй болсон. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэсэн болно.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүгдэгч тус бүрээр нь авч үзвэл:

 Шүүгдэгч Л.Рийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Оийн “...Манай найз Л.Р мал дээр гарсан, ээж аав нь малч хүмүүс байсан, өөрөө ч гэсэн малч ажилсаг шударга, хүнд тусархаг сум, аймаг орон нутагтаа хөдөлмөрөө үнэлүүлээд 2019 онд аймгийн аварга малчин болсон. Манай найз хорт зуршилгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-р хуудас/, гэрч С.Лгийн “...хүнд тусархаг янз бүрийн олон таван зангүй, ..2018 оноос 2020 оны хооронд Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаар ажилласан. Урьд өмнө төрийн байгууллагад 30 жил ажиллаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Г.Бөхчөдөрийн “Р ахыг нэг нутаг усны хүн гэдгээр нь эртнээс танина. ...Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, их ажилсаг, ямар нэгэн зүйлийг хийж эхэлвэл дуустал нь сэтгэлээсээ хийж дуусгадаг сайн чанартай, илүү дутуу ааш авир байхгүй, нэг зангаараа инээж л явдаг сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 110, 177-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Шүүгдэгч О.Чын хувийн байдлыг тогтоосон гэрч Х.Цийн “...О.Ч бид хоёр бөлүүд юм. ...Ч нь айлын том хүүхэд бөгөөд доороо 4 дүүтэй. О.Ч нь даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй. 2021 оны 01 дүгээр сард найз охиндоо сүй хадаг тавьсан. Энэ зун хурим найраа хийхээр төлөвлөсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/, гэрч О.Ц /төрсөн дүү/-ийн “О.Ч нь миний хамгийн том ах байгаа юм. Ах маань даруу төлөв зантай, бусадтай нийтэч харилцаатай, ямар ч хүнтэй эв зүйгээ ололцоод харилцаж чаддаг, энгийн төлөв хүн байгаа юм. Багаасаа л мал дээр байсан болохоор адуу малд илүү сонирхолтой. Ах маань гэрийнхээ хамаг ажлыг хийдэг, аав ээжийн ганц туслах нь юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 109-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Шүүгдэгч Ч.Нын хувийн байдлыг тогтоосон гэрч С.Чгийн “...манай ач Ч.Н нь Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. ...Хүүхэд байхдаа зүүн гараа мориноос унаж гэмтээсэн. Н нь ямар нэгэн хорт зуршилгүй, найз нөхөд ах дүү хамаатан садандаа үлгэр дуурайлал болж байдаг өөрийнхөө амьдралыг авч явж байгаа хүн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Н.Бын “...манай нөхөр төлөв даруу зантай, янз бүрийн хорт зуршилгүй, тамхи татдаггүй. Би нөхөртэйгээ багаасаа нэг ангид сурч байсан, гэр бүл болоод 27 жил болж байна. Нөхөр маань 1 дүгээр ангид байхдаа мориноос унаад зүүн гараа бэртээсэн, одоо группэд байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан /1-р хх-ийн 111, 113-115-р хуудас/ зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдааны шатанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тул 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарыг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарын 2017 оны 12 дугаар сард үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нар нь хамрагдаж байгаагүй болно.

 

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан өршөөж, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Р, Ч.Н нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Ховд аймгийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч О.Чыг Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Бусад хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Л.Р, Ч.Н нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ Л.Рийн эзэмшлийн хөх өнгийн 03-78 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж хулгайлсан 3 тооны адуугаа ачиж зөөвөрлөсөн, мөн уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Л.Рийн эзэмшлээс өөр хүнд шилжсэн болох нь гэрч Б.Оын “...Хүрэн дэл гэх газар яваад очиход манай найз Ч нь үл таних 2 хүний хамт адуу хашчихсан зогсож байсан юм. ...Мөн хэний машин гэх талаар мэдэхгүй цэнхэр өнгийн Портер маркийн машин дээр бүгдээрээ хамт ачсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р хуудас/, гэрч Ч.Нын “Тухайн үед Р нь өөрийн эзэмшлийн Портер маркийн 03-78 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинтай тухайн адууг ачсан. ...Тухайн Портер маркийн 03-78 ХОҮ улсын дугаартай автомашиныг 2018 оноос 2019 онд шилжих жил зарсан гэж сонссон. Хэн гэх хүнд, хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/, гэрч Л.Рийн “...Би 2004 он билүү 2008 онд тухайн үед Улаанбаатар хотоос манай суманд ирсэн үл таних хүнээс Портер маркийн 03-78 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 800,000 төгрөгөөр худалдаж аваад уг хүний нэр дээрээс өөрийн нэр дээр албан ёсоор шилжүүлж авсан байсан. Тухайн адуу ачих үед уг автомашинтай явж очсон. ...Уг тээврийн хэрэгслийг 2018-2019 онд шилжих жил Ховд аймгийн үл таних залууд 400,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/, Увс аймгийн Авто тээврийн төвийн 140, 118 дугаартай албан бичгүүдээр,

Шүүгдэгч О.Чын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 3 настай тэмээ, 3 тооны адууг хулгайлахдаа ашигласан суран бугуйл зэрэг нь байхгүй, устаж үгүй болсон нь гэрч О.Чын “...Гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан хар өнгийн тэмээ тэр үед удалгүй тавхай нь цоороод алхаж чадахгүй болчихсон байсан тул хүнсэндээ хэрэглэсэн. Харин бугуйл нь тухайн ондоо эдэлгээндээ тасраад хаячихсан, одоо байхгүй. Би тухайн бугуйлаа 1 жилийн хугацаанд ашигласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р хуудас/-ээр тус тус нотлогдсон.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн дээрх мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг/-аар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар прокурорын санал, оролцогчийн хүсэлт гаргаагүй тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөн шүүгдэгч Л.Р, Ч.Н нар нь хулгайлсан 3 тооны адуу /гүү/-г бусдад өрөндөө өгсөн, зарж борлуулан ашиг олсон болох нь гэрч Ч.Нын “...Би хүрэн зүсмийн гүүг нь Рт үхэрний өрөнд өгсөн. Харин нөгөө үлдсэн хоёр гүүг тус бүр 420.000 төгрөгөөр ченжид өгсөн. Ингээд нийт хоёр гүүний өртөг 840.000 төгрөг болсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Л.Рийн “Надад хүрэн зүсмийн 5 настай гүү өгсөн. Уг гүүг би тэр жил буюу 2017 онд алж хүнсэндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Рийн “би 6 настай гүүг нь авсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ч.Н нь 840,000 төгрөгийн, шүүгдэгч Л.Р нь 6 настай гүүний үнэлгээ буюу 600,000 төгрөгийн ашиг, орлого олсон байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн гаргасан шинжээчийн 87 дугаартай дүгнэлтээр 6 настай гүүг 600,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Л.Р нь тухайн 6 настай гүүг хүнсэндээ хэрэглэсэн байх тул шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон адууны үнэлгээгээр шүүгдэгч Л.Рийг ашиг олсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 400,000 төгрөг, суран бугуйл 35,000 төгрөг, уналга болгон ашигласан 3 настай тэмээний үнэ 500,000 төгрөг, нийт 935,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Рийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 600,000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Нын гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 840,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч тус бүрээс гаргуулах мөнгөн дүнг задалбал:

Шүүгдэгч Л.Рээс 311,660+600,000=911,660 төгрөг,

Шүүгдэгч О.Чаас 311,660 төгрөг,

Шүүгдэгч Наас 311.660+840,000=1,151,660 төгрөг тус тус болно.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З ургийн овогт Лын Р, Б ургийн овогт Огийн Ч, Г ургийн овогт Чын Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Р, Ч.Н нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Ховд аймгийн нутаг дэвсгэрээс, ялтан О.Чыг Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн тээврийн хэрэгсэл /автомашин/-ийн үнэ 400,000 төгрөг, суран бугуйл 35,000, уналга болгон ашигласан 3 настай тэмээний үнэ 500,000 төгрөг, нийт 935,000 төгрөгийг шүүгдэгч Л.Р, О.Ч, Ч.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Рийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 600,000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Нын гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 840,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН