Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2023/00486

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, У овогт Ч.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Б овогт М.Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 14.345.500 /арван дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б /цахим сүлжээгээр/,

Хариуцагчийн өмгөөлөгч С,

Гэрч Г, Н,

Иргэдийн төлөөлөгч Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Х-т холбогдуулан Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 14.345.500 /арван дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний нөхөр 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой Баян Ө аймгийн Ө сумын нутагт зам тээврийн осолд орж амь насаа алдсан.

1.2 Тус хэргийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/57 шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

1.3 Тус шийтгэх тогтоолоор Хийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэм хорын хохирлоос үлдэх 14.285.500 төгрөгийг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нээлттэй нэхэмжлэх эрхийг нь үлдээж шийдвэрлэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.4 Амь хохирогч болон би аль аль нь эцэг эхээс 10-лаа бөгөөд түүний оршуулгад төрсөн бүх эгч нар болон төрөл төрөгсөд Улаанбаатар хот болон Б аймгийн бусад сумаас ирснээс гадна найз нөхөд хөрш зэргэлдээ амьдардаг таньдаг мэддэг хүмүүс 10 гаруй хоногийн турш байж талийгаачийн буяны үйл ажиллагаанд оролцсон. 

1.5 Тухайн эд зүйлийг худалдан авахад зарим дэлгүүр, зах, хувь хүн татварын баримт гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн баримт дээрх бичиг нь арилж алга болсон байсан учраас бид нар эд зүйл худалдаж авсан талаараа зарлагын баримтыг бичгээр хийлгэж гарын үсэг тамга тэмдгийг нь зуруулсан.

1.6 Амь хохирогчийн оршуулгад зориулж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдан авсан дараах зардлыг нэхэмжилж байна. Үүнд: Улаанбаатар хот Хархорин захаас худалдаж авсан эд зүйл-4.143.000 төгрөг, Цамбагарав өгөөж бөөний төвөөс авсан хүнсний зүйл-5.937.500 төгрөг, Дөл супермаркетаас авсан хүнс болон бараа материалын үнэ-2.145.000 төгрөг, иргэн Э-ээс авсан хүнсний зүйл-1.213.000 төгрөг, Т зах А-аас авсан хүнсний зүйлийн үнэ 857.000 төгрөг, нийт 14.345.500 төгрөг болсон.

Иймд Х-ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох оршуулгад зориулж худалдаж авсан бараа материалын үнэ 14.345.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Хийн хариу тайлбар, татгалзал: Миний бие Х нь нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлтэй 14,345,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Миний бие Х 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цагийн орчим /харанхуй байсан/ өөрийн эзэмшлийн 00-00 УНБ улсын дугаартай “Honda logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын гэрлэн дохиогоор зохицуулах уулзвараар нэвтэрч, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хүнд зэргийн согтолттой /4.1 промилл/ замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч М-ыг харалгүй дайрч, зам тээврийн осол гаргаснаар амь нас нь хохирсон байдаг.

2.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нийт 38,976,000 төгрөг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан, шүүхээс хохирогчоос гаргаж өгсөн оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн харьцуулан үнэлж, дүгнээд нийтдээ 7,303,000 төгрөгийн хохирлыг л надаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн худалдааны төвүүдээс нийт 14,285,500 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бараа худалдан авч, оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан гэж нэхэмжлэл гаргасан боловч эдгээрийг нотлох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу НӨАТ-ийн баримт аваагүй, зарлагын баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж, нэхэмжлэлээс энэ хэсгийг хангаагүй, хохирогч талаас шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Е: “Нэхэмжлэгч Т-ийн 14345500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь тухайн бараа авсан дэлгүүрээс НӨАТ-ийн баримтыг авах ёстой байсан” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоол, Т-аас Б-д олгосон итгэмжлэл, Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай албан бичиг зэргийг,

Хариуцагч хариуцагч тайлбар, С-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 289 дугаартай албан бичиг, Дөл супермаркетын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Хар хорин-32П-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримт, Цамбагарав өгөөж бөөний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримт, Э-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Цамбагарав өгөөж  бөөний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримт, Т зах Айсулу-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт, Э, Г, Н нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Х-ээс гэм хорын хохирол 14345500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний нөхөр 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой Б аймгийн Ө сумын нутагт зам тээврийн осолд орж амь насаа алдсан ба Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Хийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэм хорын хохирлоос үлдэх 14285500 төгрөгийг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсний дагуу амь хохирогчийн оршуулгад зориулж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдан авсан бараа материалын үнэ 14345500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

7.Хариуцагч Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Б аймгийн Ө сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын гэрлэн дохиогоор зохицуулах уулзвар нэвтэрч замын хөдөлгөөнд оролцох үед замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч М-ийг харалгүй дайрч зам тээврийн осол гаргасны улмаас амь нас нь хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  эрүүгийн шүүх хуралдаанд 38976000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс 7303000 төгрөгийн хохирлыг надаас гаргуулахаар шийдвэрлэж худалдааны төвүүдээс авсан 14285500 төгрөгийн үнэтэй хүнсний болон ахуйн хэрэглээний бараа авсан тухай нотлох баримт нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж гаргуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

8.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.1 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан ба тухайн шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 21588500 төгрөгөөс шүүгдэгч Х нь гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 7333000 төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдаж, үлдэх хохирол 14285500 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

8.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хт холбогдох эрүүгийн 2113001810039 дугаартай хэргээс хуулбарлан ирүүлсэн Дөл супермаркетийн  2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримтад  2145000 төгрөгийн хүнсний ногоо, жимс авсан тухай, Хар хорин-32П байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримтад 4143000 төгрөгийн бараа авсан тухай, Цамбагарав-Өгөөж бөөний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримтад 3807500 төгрөгийн бараа авсан тухай, Э гэж бичигдсэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримтад 1213000 төгрөгийн бараа авсан тухай, Т зах Айсулу гэх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримтад нийт 857000 төгрөгийн хүнсний ногоо авсан тухай тус тус бичигдсэн байна.

8.3 Гэрч Э-аас “Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хотод явж байсан. Мөнхбат аваарт орж нас барсан учраас хотоос ирсэн. Буяны үйл ажиллагаанд зарцуулах болон хүнсний бараа авсан. Би тэмдэглэж байгаад сүүлд нэгтгээд зарлагын баримт бичиж өсөн. Тухайн үед би байгаагүй тул худалдагч нар сайн мэдэж байгаа” гэж, гэрч Н-аас “Талийгаачийг нас барсны дараа 10 хоног хонуулж оршуулсан. Уг хугацаандаа хэрэглэсэн хүнсний зүйлүүдийг Б аймгийн захын хажууд байрлалтай Дөл супермаркетаас 3.000.000 гаруй төгрөгийн хүнсний зүйл авсан. Тухайн үедээ би хүнсний зүйлээ хамт авхуулаад, машиндаа ачиж хамт явж байсан. Мөн Цамбагарав дэлгүүрээс ч гэсэн бараа авахдаа хамт байсан. Тухайн дэлгүүрээс 5.000.000 гаран төгрөгийн хүнсний зүйл авсан. Хэдэн жил өнгөрсөн учраас тоог нь шууд хэлж чадахгүй. Тухайн Цамбагарав-Өгөөж болон Дөл хүнсний дэлгүүрүүдээс  е-баримт гаргаж өгөөгүй. Харин зарлагын баримтад л авсан зүйлээ бичиж, тамга тэмдгийг дараад өгсөн. Тухайн үедээ зээлээр авсан, бэлэн мөнгө байгаагүй. Бараануудаа авсны дараа е-баримтаа авах талаар асуугаагүй. ... Бид нар бараануудаа зээлээр авсан учраас е-баримт авахыг шардаагүй” гэж, гэрч Б.Ганчимэгээс “Тухайн үедээ Т гэх хүн манайхаар орж бараа авсан нь үнэн. Тухайн үедээ манай байгууллага е-баримт өгдөггүй, зөвхөн зарлагын баримтыг л өгдөг байсан. Тийм учраас зөвхөн зарлагын баримт бичиж өгсөн. Манай байгууллага 2022 оны 05 дугаар сараас эхлэн е-баримт өгөхөөр болоод шилжсэн. Буяны үйл ажиллагаанд зориулж хэрэглэхээр бүх зүйлийг худалдаж авсан. Надаас ирж зарлагын баримтыг бичүүлж авсан.  Тухайн үедээ хэдэн төгрөгийн бараа авсныг яг тоог нь шууд хэлж чадахгүй байна. Гэхдээ эхний баримтаар  2.000.000 гаруй төгрөгийн бараа дараагийн баримтад 3.000.000 гаруй төгрөгийн бараа авсан байх. ... Би зөвхөн барааг хариуцдаг. Харин мөнгийг өөр хүн хариуцан авдаг” гэж тус тус мэдүүлжээ. 

 

9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилж байгаа гэсэн ба  хариуцагч Х-ээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

10.Нэхэмжлэгчээс гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар Х нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн М-ийн амь насыг хохироосон нь тогтоогдсон байх тул түүний өв залгамжлагч буюу хууль ёсны төлөөлөгч Т нь гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа шууд нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х-т холбогдох эрүүгийн 2113001810039 дугаартай хэргээс хохирлын баримтуудыг шүүх бүрдүүлсэн байх ба тухайн баримтууд болох Дөл супермаркетийн  2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн, Хар хорин-32П байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн,  Цамбагарав-Өгөөж бөөний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн,  Э гэж бичигдсэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн, Т зах Айсулу гэх 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн зарлагын баримтуудыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор “Харин амь хохирогч Н.Мөнхбатыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тооцон нэхэмжилсэн хүнсний бүтээгдэхүүн буюу нэгдүгээр хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан 4143000 төгрөгийн, 53 дахь талд авагдсан 3807500 төгрөгийн, 54 дэх талд авагдсан 1213000 төгрөгийн, 55 дахь талд авагдсан 2120000 төгрөгийн, 56 дахь талд авагдсан 2145000 төгрөгийн, 27 дахь талд авагдсан 857000 төгрөгийн, нийт 14285500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан гэх зарлагын баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, тэдгээрийг худалдан авсан худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримтаа гаргуулан авч, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх  нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх ба хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, тухайн бараа, материалыг худалдан авсан худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримтаа гаргуулан авч, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс тухайн худалдаж авсан бараануудын НӨАТ-ын баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй.

12.Мөн гэрчүүд болох Э, Н, Г нарын  мэдүүлгийн эх сурвалж нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн гэрч нарын мэдүүлгээр тухайн худалдааны төвүүдээс авсан бараа материалыг талийгаач Н.Мөнхбатын оршуулгын ажиллагаанд зарцуулсан болох нь нотлогдохгүй байх тул тухайн гэрчүүдийн мэдүүлгээр нотлох баримтын эргэлзээ бүрэн арилсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Х-ээс гэм хорын хохирол 14345500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

13. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байх ба хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

14.Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг   баримтлан нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Х-ээс гэм хорын хохирол 14345500 /арван дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                К.БҮЛДИРГЕН

                                                 ШҮҮГЧИД                               Б.МАНГИЛИК

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК