Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023           09            15                                           212/МА2023/00106                                   

 

 

 

Ч.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00486 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч *****-т оршин суух, Ч.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****-т оршин суух, Б овогт М.Х-т холбогдох

 

“Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 14.345.500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А.С, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний нөхөр 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой Баян Өлгий аймгийн Өлгий сумын нутагт зам тээврийн осолд орж амь насаа алдсан.

1.2. Тус хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/57 шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

1.3. Тус шийтгэх тогтоолоор М.Х-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэм хорын хохирлоос үлдэх 14.285.500 төгрөгийг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нээлттэй нэхэмжлэх эрхийг нь үлдээж шийдвэрлэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.4. Амь хохирогч болон би аль аль нь эцэг эхээс 10-лаа бөгөөд түүний оршуулгад төрсөн бүх эгч нар болон төрөл төрөгсөд Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн бусад сумаас ирснээс гадна найз нөхөд хөрш зэргэлдээ амьдардаг таньдаг мэддэг хүмүүс 10 гаруй хоногийн турш байж талийгаачийн буяны үйл ажиллагаанд оролцсон. 

1.5. Тухайн эд зүйлийг худалдан авахад зарим дэлгүүр, зах, хувь хүн татварын баримт гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн баримт дээрх бичиг нь арилж алга болсон байсан учраас бид нар эд зүйл худалдаж авсан талаараа зарлагын баримтыг бичгээр хийлгэж гарын үсэг тамга тэмдгийг нь зуруулсан.

1.6. Амь хохирогчийн оршуулгад зориулж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдан авсан дараах зардлыг нэхэмжилж байна. Үүнд: Улаанбаатар хот Хархорин захаас худалдаж авсан эд зүйл-4.143.000 төгрөг, Цамбагарав өгөөж бөөний төвөөс авсан хүнсний зүйл-5.937.500 төгрөг, Дөл супермаркетаас авсан хүнс болон бараа материалын үнэ-2.145.000 төгрөг, иргэн Энхбаяраас авсан хүнсний зүйл-1.213.000 төгрөг, Тирлик зах Айсулугаас авсан хүнсний зүйлийн үнэ 857.000 төгрөг, нийт 14.345.500 төгрөг болсон.

1.7. Иймд М.Х-ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох оршуулгад зориулж худалдаж авсан бараа материалын үнэ 14.345.500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие М.Х 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цагийн орчим /харанхуй байсан/ өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай Honda logo маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын гэрлэн дохиогоор зохицуулах уулзвараар нэвтэрч, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хүнд зэргийн согтолттой /4.1 промилл/ замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч Н.М-г харалгүй дайрч, зам тээврийн осол гаргаснаар амь нас нь хохирсон байдаг.

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нийт 38,976,000 төгрөг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан, шүүхээс хохирогчоос гаргаж өгсөн оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн харьцуулан үнэлж, дүгнээд нийтдээ 7,303,000 төгрөгийн хохирлыг л надаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

2.3. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн худалдааны төвүүдээс нийт 14,285,500 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бараа худалдан авч, оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан гэж нэхэмжлэл гаргасан боловч эдгээрийг нотлох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу НӨАТ-ийн баримт аваагүй, зарлагын баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж, нэхэмжлэлээс энэ хэсгийг хангаагүй, хохирогч талаас шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байдаг.

2.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Е дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Ч.Т-ийн 14345500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь тухайн бараа авсан дэлгүүрээс НӨАТ-ийн баримтыг авах ёстой байсан.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-ийн хариуцагч М.Хээс гэм хорын хохирол 14345500 /арван дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ үндэслэх хэсэгт тайлбарлахдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх ба хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, тухайн бараа, материалыг худалдан авсан худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримтаа гаргуулан авч, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс тухайн худалдаж авсан бараануудын НӨАТ-ын баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Мөн гэрчүүд болох Э, Н, Г нарын мэдүүлгийн эх сурвалж нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн гэрч нарын мэдүүлгээр тухайн худалдааны төвүүдээс авсан бараа материалыг талийгаач Н.М-ын оршуулгын ажиллагаанд зарцуулсан болох нь нотлогдохгүй байх тул тухайн гэрчүүдийн мэдүүлгээр нотлох баримтын эргэлзээ бүрэн арилсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. ” гэжээ.

5.2. Дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтийн агуулгыг буруу ойлгож хуулийг буруу тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хэргийн шүүхийн дүгнэлтийн агуулга бол тухайн тус хэрэгт хавсаргаж өгсөн баримтыг үнэн зөв эсэх нь НӨАТ-ын баримтгүй байгаа тул эргэлзээтэй байх учраас хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ гэсэн байна. Үүнээс үзвэл эргэлзээтэй байна гэсэн үгийг тайлбар нь тухайн баримт үнэн ч байж магадгүй, үгүй байж магадгүй гэсэн утгатай бөгөөд шүүх ийм учраас нээлттэй үлдээж үнэн зөв эсэхийг өөр баримтаар тогтоосны дараагаар үнэлэх боломжтой байж болохоор байтал шууд хуурамч баримт гэж үзсэн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

5.3. Эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүх хуралдаанд мөн гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт тухайн худалдаан бөөний төвүүд нь НӨАТ-ийн баримт тухайн үед өгөөгүй бөгөөд зарлагын баримтыг бичиж өгс байсан. Манай дэлгүүрээс оршуулгын ёслолд зориулж хүнсний зүйл худалдаж авч байсан талаар мөн үнийн дүнгийн талаар зөрүүгүй мэдүүлсээр байтал тухайн хэрэгт хамаатай үнэн зөв талаас нь шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

5.4. Цамбагарав өгөөж бөөний худалдааны төв тухайн үед угаасаа ямар ч иргэн аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын баримт өгч байгаагүй талаараа мэдүүлсэн бөгөөд дахиж нөхөж НӨАТ-ын баримт гаргаж өгөх боломжгүй, он дамжуулж 2 жилийн өмнөх баримтыг гаргаж өгөхгүй гэсэн бөгөөд тухайн баримтыг гаргаж өгөөгүй нь Татварын тухай хуулиараа тухайн байгууллагын буруу болохоос худалдан авалт хийсэн иргэний буруу биш байхад НӨАТ-ын баримтыг шүүхэд ирүүлээгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

5.5. Хэрэгт тухайн зарлагын баримт дээрх эд зүйлсийг оршуулгын үйл явдалд4 зориулж худалдаж авсан уу гэдэг нь ач холбогдолтой болохоос НӨАТ-ын баримт авсан эсэх нь шууд ач холбогдолгүй билээ.

5.6. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйд гомдолттой байна. Иймд хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож өгөхийг хүсэж байна.

5.7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний эргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 130/ШШ2023/00488 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 14.345.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

 

7. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.Х-т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 14.345.500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Нэхэмжлэгч Ч.Т “миний нөхөр 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт зам тээврийн осолд орж амь насаа алдсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор М.Хийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэм хорын хохирлоос үлдэх 14285500 төгрөгийг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсний дагуу амь хохирогчийн оршуулгад зориулж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдан авсан бараа материалын үнэ 14345500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

10. Хариуцагч М.Х нь  нэхэмжлэгч Ч.Т-ийн нөхөр Н.М-ын амь насыг гэмт үйлдлийн улмаас хохироосон болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдсон тул хариуцагч М.Х-т зөрчлийн улмаас иргэний эрх зүйн үүрэг үүсжээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж заасан тул нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.Х-ээс гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

 

11. Гэм хор учруулсан гэх этгээд гэм буруутай байх, хохирол учирсан байх, хохирол буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс учруулсан хохирлоо арилгахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч М.Х  гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Ч.Т-д бодит хохирол учирсан эсэх, тухайн хохирол хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэх нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл М.Х-т холбогдох эрүүгийн 2113001810039 дугаартай хэрэгт авагдсан амь хохирогч Н.М-ыг оршуулахтай холбогдон нийт 14.285.500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан гэх зарлагын баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжилж байгаа хохирол  нь нотлох баримтад тулгуурлаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтийн агуулгыг буруу ойлгож хуулийг буруу тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжилж буй үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ нотлох үүрэг хүлээх боловч Ч.Т болон түүний төлөөлөгч өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан баримтуудыг хуулбарлаж өгснөөс өөрөөр нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

12. Б.Э, Б.Г, Ц.Н нараас авсан гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт авагдаагүй, бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү эдгээр нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэлийг үндэслэлгүй” гэж дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэр гаргахдаа уг дүгнэлтийг харгалзаж үзсэн болно.

 

14.  Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ