Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2023/00506

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Биеийн тамир, спортын газар /дарга Х/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 /наян есөн сая наян найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У, Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 /наян есөн сая наян найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Тилеуберди нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газар манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2 Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 59,392,622.25 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.4 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангыг тооцоход 32,368,979.34 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 29,696,311.32 төгрөг болж байна.

1.5 Мөн хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа юм байна. нэхэмжлэгч компаниас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг шинэчилж байгуулах гэрээний төслийг албан тооттой хавсаргаж хариуцагч байгууллагад хүргүүлсэн байдаг. Харин хариуцагч төслийг хүлээж авч хариу ирүүлээгүй. Албан тоот нь 8 сарын хугацаатайгаар мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн тарифын дагуу 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээ байгуулах гэх агуулгатай байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан саналыг тавьж хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар үргэлжлүүлэн гэрээг байгуулагдсанд тооцно анхааруулж албан тоот явуулсан. Хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ үргэлжлүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Мөн гэрээний санал дотор төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд анз, алданги төлөх талаар гэрээний нөхцөлд тусгагдсан байгаа. Хариуцагчаас энэ талаар татгалзсан хариу ирүүлээгүй байдаг. Иймд анзын гэрээг талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй байгаа.

Иймд хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газраас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Б аймгийн Биеийн тамир, спортын газрын Өлгий сумын 11 дүгээр багт байрладаг Бахытын нэрэмжит спорт цогцолбор, Өлгий сумын 5 дугаар багт байрладаг спорт заалны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл халаалтын төлбөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх халаалтын төлбөр 59,392,622,65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг, нийт 89,088,933  төгрөг нэхэмжилсэн байна.

Тус газар нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түлш, халаалт /210302/ батлагдсан төсвийн дагуу 203,298,000 төгрөг бүрэн шилжүүлсэн ба 55,636,322.65 төгрөгийн өр төлбөр гарсныг тооцоо нийлсэн актаар баталгаажуулан санхүүгийн тайланд ил тод тусгасан.

2.3 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түлш, халаалт /210302/ батлагдсан төсөв 250,976,100 төгрөг, гэрэл цахилгаан болон цэвэр бохир усны төлбөрийг хэмнэж 12,000,000 төгрөгийг аймгийн төрийн сангийн хэлтэст гүйлгэн зарцуулах хүсэлт гарган нийтдээ 262,976,100  төгрөг төлж барагдуулсан ба 3,756,300 төгрөг өр гарсныг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж жилийн эцсийн санхүүгийн тайланд ил тод тусгасан.

2.4 2021 оны санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар 55,636,322.65 төгрөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөв дутуу баталснаас болж өр төлбөр үүссэн гэж дүгнэлт гарсан. Гэхдээ тус газрын 2021 оны түлш халаалтын жилийн батлагдсан төсвийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос Улсын төсвөөс 299,000,000 төгрөг батлагдсан гэж мэдээлэл хийсэн.

2.5 Түлш халаалтын төсөв дутуу батлагдсаныг Э ХК-д удаа дараа мэдэгдэж 2021, 2022 онуудад түлш халаалтын гэрээ байгуулаагүй. Төсөвт байгууллага үйл ажиллагааг нь батлагдсан төсөвт багтааж явуулдаг. 2022 оны 11 дүгээр сард Б аймгийн Төрийн аудитын газарт өр төлбөрийн талаар албан бичгээр хандаж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан ба шийдвэрлэгдээгүй.Иймд Э ХК-аас нэхэмжилж байгаа өр төлбөрийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Э ХК-ийн нягтлан бодогчийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Э ХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7/263 дугаартай албан бичиг, 2020 оны гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай албан тоотыг тараасан жагсаалт, шинээр байгуулах гэрээ хүлээж авсан аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, Э ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Э ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/128 дугаартай албан бичгээр С-д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоол хавсралтын хамт, Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай тушаал зэргийг,

Хариуцагчаас  хариу тайлбар, Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 49, 50 дугаартай албан бичгээр У, Б нарт олгосон итгэмжлэл, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай тогтоол хавсралтын хамт, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Э ХК-ийн Б аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан гаргасан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Б аймгийн Биеийн тамир, спортын нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 59,392,622.65 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүн дээр алданги нэхэмжилж байна гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-д халаалтын төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд орон нутгийн төсвөөс жил болгон тус Биеийн тамир, спортын газрын халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байна гэж тайлбарлажээ.

 

7.Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Э ХК  болон хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газрын  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд Э ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Т гарын үсэг зурсан байх ба хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газрыг төлөөлж дарга Х гарын үсэг зураагүй байна.

7.2 ЭХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Э/263 дугаартай Биеийн тамир, спортын газарт хаягласан “Гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай” албан бичгээр ...  Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу “Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах санал хүргүүлж байна. ... Гэрээ байгуулах тухай хариугаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний дотор бичгээр ирүүлнэ үү. /Хариу ирүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т зааснаар гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ/ гэсэн агуулгаар гэрээ байгуулах санал хүргүүлсэн байх ба уг албан бичгийг тараасан жагсаалтаар дээрх  гэрээ байгуулах саналыг тус Биеийн тамир, спортын газарт хүлээлгэж өгсөн байна.

7.3 Мөн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-н өдрийн 288 дугаартай Дулааны эрчим хүч хэрэглэх байгууллагуудын дарга захирлуудад гэж хаягласан “Гэрээг шинэчлэн байгуулах тухай” албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоолоор Б аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбогдуулж дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ шинэчлэн байгуулах саналыг хүргүүлсэн байна.

7.4 Э ХК болон Б аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд аймгийн Биеийн тамир, спортын газар нь 59,392,622.65 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь нотлогджээ.

7.4 Хариуцагч Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор “... аймгийн 2021 оны төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрөл, хэмжээг баталсан байх ба Б аймгийн Соёл спорт, аялал жуулчлалын газрын түлш, халаалтын  зардлыг 203.298.0 төгрөгөөр, мөн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор ... аймгийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг баталсан байх ба аймгийн Биеийн тамир, спортын газрын түлш, халаалтын зардлыг 250.976.1 төгрөгөөр тус тус баталсан болох нь нотлогдож байна.

7.5  Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг  хавсралт ёсоор  баталсан байх ба уг тогтоолын хавсралтаар Б аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ. Үүнд: ... Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтыг 1600  төгрөгөөр тогтоосон байна.

7.6  Монгол улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацаах тогтоох тухай тушаалаар ... Б аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.

 

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан, хариуцагч талаас үнийн дүнгийн хувьд маргаагүй ба орон нутгаас халаалтын зардлыг дутуу баталснаас өр үүссэн, төсөв дутуу батлагдсан учир нэхэмжлэгч байгууллагатай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газар нь нэхэмжлэгч байгууллагатай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргасан байх ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд Б аймгийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй байх боловч нэхэмжлэгч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Э/263 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаартай албан бичгүүдээр гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт “Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч байгууллагын дээрх гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай албан бичгүүдэд хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газар нь хариу ирүүлээгүй байх ба орон нутгаас түлш халаалтын зардалд батлагдсан төсвийг нэхэмжлэгч байгууллагад тухай бүр шилжүүлж байсан гэж тайлбарласан байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч байгууллагыг 2020, 2021 онуудад дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэх нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны эрчим хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газраас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газар нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

11. Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний  алданги  29,696,311.32 төгрөг  нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт  “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, мөн  Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч нь хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулахаар тухайлан зохицуулсан байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Б аймгийн Биеийн тамир, спортын газраас эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг, нийт 89,088,933 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газраас 603395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газраас эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг, нийт 89,088,933 /наян есөн сая наян найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603395 /зургаан зуун гурван мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Биеийн тамир, спортын газраас 603395 /зургаан зуун гурван мянга гурван зуун ерэн таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК