Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00105

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар /дарга Х.Х/-т холбогдох,

 

“Дулааны эрчим хүчний төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уатханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2 Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 59,392,622.25 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.4 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 32,368,979.34 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 29,696,311.32 төгрөг болж байна.

1.5 Мөн хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа юм байна. нэхэмжлэгч компаниас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг шинэчилж байгуулах гэрээний төслийг албан тооттой хавсаргаж хариуцагч байгууллагад хүргүүлсэн байдаг. Харин хариуцагч төслийг хүлээж авч хариу ирүүлээгүй. Албан тоот нь 8 сарын хугацаатайгаар мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн тарифын дагуу 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээ байгуулах гэх агуулгатай байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан саналыг тавьж хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар үргэлжлүүлэн гэрээг байгуулагдсанд тооцно анхааруулж албан тоот явуулсан. Хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ үргэлжлүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Мөн гэрээний санал дотор төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд анз, алданги төлөх талаар гэрээний нөхцөлд тусгагдсан байгаа. Хариуцагчаас энэ талаар татгалзсан хариу ирүүлээгүй байдаг. Иймд анзын гэрээг талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй байгаа.

1.6. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газраас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг нийт 89,088,933 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Баян-Өлгий аймгийн Б газрын Өлгий сумын 11 дүгээр багт байрладаг Бахытын нэрэмжит спорт цогцолбор, Өлгий сумын 5 дугаар багт байрладаг спорт заалны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл халаалтын төлбөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх халаалтын төлбөр 59,392,622,65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг, нийт 89,088,933 төгрөг нэхэмжилсэн байна.

2.2. Тус газар нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түлш, халаалт /210302/ батлагдсан төсвийн дагуу 203,298,000 төгрөг бүрэн шилжүүлсэн ба 55,636,322.65 төгрөгийн өр төлбөр гарсныг тооцоо нийлсэн актаар баталгаажуулан санхүүгийн тайланд ил тод тусгасан.

2.3 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түлш, халаалт /210302/ батлагдсан төсөв 250,976,100 төгрөг, гэрэл цахилгаан болон цэвэр бохир усны төлбөрийг хэмнэж 12,000,000 төгрөгийг аймгийн төрийн сангийн хэлтэст гүйлгэн зарцуулах хүсэлт гарган нийтдээ 262,976,100 төгрөг төлж барагдуулсан ба 3,756,300 төгрөг өр гарсныг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж жилийн эцсийн санхүүгийн тайланд ил тод тусгасан.

2.4 2021 оны санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар 55,636,322.65 төгрөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөв дутуу баталснаас болж өр төлбөр үүссэн гэж дүгнэлт гарсан. Гэхдээ тус газрын 2021 оны түлш халаалтын жилийн батлагдсан төсвийг Засгийн газрын тохируулагч агентлаг Б улсын хорооноос Улсын төсвөөс 299,000,000 төгрөг батлагдсан гэж мэдээлэл хийсэн.

2.5 Түлш халаалтын төсөв дутуу батлагдсаныг Э ХК-д удаа дараа мэдэгдэж 2021, 2022 онуудад түлш халаалтын гэрээ байгуулаагүй. Төсөвт байгууллага үйл ажиллагааг нь батлагдсан төсөвт багтааж явуулдаг. 2022 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газарт өр төлбөрийн талаар албан бичгээр хандаж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан ба шийдвэрлэгдээгүй. Иймд Э ХК-аас нэхэмжилж байгаа өр төлбөрийг төлөх боломжгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газраас эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 59,392,622.65 төгрөг, алданги 29,696,311.32 төгрөг, нийт 89,088,933 /наян есөн сая наян найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603395 /зургаан зуун гурван мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газраас 603395 /зургаан зуун гурван мянга гурван зуун ерэн таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У-ны давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Биеийн тамирын спортын газарт холбогдох дулааны эрчим хүчний төлбөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний тухай хууль болон Эрчим хүчний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Баян-Өлгий аймгийн Б Газар нь улсын төсөвт байгууллага бөгөөд дулааны эрчим хүч авах төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлдэг журамтай. 2021 оны санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар 55,636,322,65 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дутуу баталж өгснөөс болж өр үүссэн түүхтэй. Түлш халаалтын төсөв дутуу батлагдсаныг “Э” ХК-д манай байгууллагаас удаа дараа мэдэгдэж, 2021, 2022 онуудад түлш халаалтын гэрээ байгуулаагүй. Ер нь төсөвт байгууллага батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

4.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн талаас үнэлж, нэг талыг барьсан хууль ёсны бус шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2021, 2022 онд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад хүү, алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Ингэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 130/ШШ2023/00506 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У-ны давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э ХК-аас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү тооцоо нийлсэн актад хариуцагч байгууллага 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 59,392,692 төгрөгийн дулааны эрчим хүчийг худалдаж авсан нь үнэн гэж баримтад хариуцагч байгууллагын нягтлан бодогч нь гарын үсэг зурсан байна.

5.2. Э ХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 7/263 дугаартай албан бичиг, гэрээний төсөл, 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээ байгуулах тухай гэрээний төсөл, гэрээний нөхцөлүүдийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн боловч боломжит хугацаанд хариу ирүүлээгүй нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар тооцогдоно.

5.3. Гэрээний төслийн 4.3-т алдангийг тохиролцсоноос гадна Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан байгаа.

5.4. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уатханы гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн, хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уатханы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч талаас хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар нь “Э” ХК-аас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдаж авсан дулааны эрчим хүчний үнийг дутуу төлсний улмаас 59,392,622.65 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн ба талууд гэрээгээр худалдан авагч төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон учраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангид 32,368,979.34 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар нь нэхэмжлэгч талаас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч худалдаж авсан, энэ хугацаанд худалдаж авсан дулааны эрчим хүчний төлбөрт 59,392,622.65 төгрөгийн өр үүссэнийг үгүйсгээгүй хэдий  ч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ 2021, 2022 онуудад нэхэмжлэгч “Э” ХК-тай бичгээр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, эрх бүхий байгууллагаас халаалтын төсвийг дутуу баталсны улмаас дулааны эрчим хүчний өр үүссэн, төсвийн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой учраас нэхэмжлэгчийн дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 59,392,622.65 төгрөг, алданги 32,368,979.34 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

9. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлагдсан байна.

 

10. Хариуцагч талаас 2021, 2022 онуудад нэхэмжлэгч талтай дулааны эрчим хүч, худалдан авах гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч батлагдсан халаалтын төсвөөс хэтрүүлэн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэсэн агуулгаар маргадаг боловч нэхэмжлэгч “Э” ХК нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Э/263 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаартай албан бичгүүдээр дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбоотой хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газарт гэрээг шинэчлэн байгуулах санал хүргүүлсэн нь нотлогдон тогтоогддог бөгөөд хариуцагч талаас гэрээ байгуулах саналуудад ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй болох нь зохигчийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн “хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах саналыг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2021, 2022 онд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад хүү, алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги нэхэмжилсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            12. Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ