Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01206

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ч” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 250 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 326 862 930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл,нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017.11.21-ний өдөр CW1-1-LWFB01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хариуцагч Ч ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховдоос Баян-Өлгийн чиглэлийн хатуу хучилттай замын гүйцэтгэгчээр тендерт шалгарсан замын ажлаа хийж гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч уг замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажил бүхэлдээ 39202 кв.м талбайн ажлыг 1 кв.м талбайг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 18 000 төгрөг байхаар нийт 705 636 000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ёсоор 2018.04.10-ны өдөр уулын чулуу бутлах, шигших, ангилах ажилд орж 06.20-ны өдрийг хүртэл бүх техник, тоног төхөөрөмжөө ашиглан 60-70 хүний бүрэлдэхүүнээр ажилдаа ороод удаагүй байтал хариуцагч нь шинээр 3 компанийг оруулан хийх ажлыг хүчээр булаан бусдад өгсөн. Нэхэмжлэгч нь уг ажлыг хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгөх боломжтойн дээр өөрийн 66 ажилчид дээр нэмж, Баян-Өлгий аймаг дахь ЗХ-ний 340 дүгээр ангиас 52 хугацаат цэргийн ажилтан, албан хаагч гэрээгээр нэмж авч ажиллуулсан. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон 39.202 квм талбайн ажлаас 19.169,57 кв.м талбайн ажлыг хийсэн. Анх гэрээний дагуу ажлын тоо хэмжээнд тохируулан тооцож хүн хүч, машин техник, тоног төхөөрөмжийн зардалд их хэмжээгээр хохирсон. CW1-1-LWFB01 дугаартай гэрээгээр бидний хийж гүйцэтгэх ёстой ажлын 50 хувийг бүхэлд нь тэдгээр компаниудаар хийлгэсэн. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь нийт 345 052 260 төгрөг болсон бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь ажил эхлэхийн өмнө урьдчилгаа төлбөрт 2018.03.16-ны өдөр 35 281 800 төгрөг, ажлын гүйцэтгэл дуусгавар болох үед буюу 2018.08.14-ний өдөр 56 198 550 төгрөг, 2018.09.26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018.10.02-ны өдөр 50 000 000 төгрөг нийт 151 480 350 төгрөгийг авсан бөгөөд үлдэх төлбөрийг баталгаажуулж, хоёр талаас тооцоо нийлэхийг хүссэн боловч шүүхэд хандахгүй гэсэн баталгаа өгсний дараа тооцоо нийлнэ гэсэн. Нэхэмжлэгч нь 2018.04.10-ны өдөр ажлаа эхлүүлснээс хойш 2018.08.14-ний өдрийн санхүүжилтийг нэмэлт зардал шаардлагатай болсноос бусдаас зээл авч, хөдпөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан хүү, алдангид зардал гаргасан. Нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 104 770 460 төгрөг, гэрээ хэвээр үргэлжилсэн бол ажил хийж гүйцэтгэх ёстой байсны зөрүү нь 360 583 740 төгрөг болж байгаа хэдий ч өөрийн зайлшгүй орох байсан орлого, ажлын тоо хэмжээнд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардалд 145 229 540 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 250 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь 19.169,57 м.кв талбайтай ажил хийсэн ба үүнийг нь анхны тохирсон үнэ болох 18 000 төгрөгөөр үржүүлэхэд 345 052 260 төгрөгийн ажил хийсэн. Энэ ажлынхаа хөлснөөс 151 480 350 төгрөгийг авсан ба хийссэн ажлын хөлснөөс 193 571 910 төгрөг үлдсэнийг авч чадаагүй. Хэрвээ ажлаа гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн бол өөрийн 66 ажилтан дээр ЗХ-ний 52 хүн болон ковш түрээслэх шаардлагагүй байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 345 052 250 төгрөг авах ёстой гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ зөрүү нь 360 583 000 төгрөг гэж 2 янзаар хэлсэн. Гэтэл нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 104 770 460 төгрөг гэж бичсэн. Нэхэмжилж буй 250 000 000 төгрөгийн 145 000 000 төгрөг нь зөвхөн чулуу бэлдсэн, илүү ажилчин хөлслөн авсан гэж анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна. Гэтэл 39.202, м.кв талбайн ажил хийхээс 19.169,57 м.кв талбайн ажлыг хийсэн. Түүний ажлын хөлс 345 000 000 төгрөгөөс 154 000 000 төгрөг авсан гээд зөрүү гараад байна. Нэхэмжлэгч өрлөгийн ажилд туслан гүйцэтгэгчээр гэрээ хийсэн. Нэхэмжлэгч хүн хүч байхгүй байсан. Заасан хугацаандаа гүйцэтгэлийн ажлаа эхэлсэн байх ёстой байтал 5 сар гаргаж хийсэн. Мөн техник байхгүй байсан. Гэрээнд Б тал А талын ажил гүйцэтгэх хугацаанд тавьсан шаардлагыг хангаж ажиллах ёстой гэж заасан. Хариуцагч хугацаа хоцорч замын ажлаа хүлээлгэн өгвөл нэг өдрийн алданги 11 ам.доллар төлөхөөр байгаа. 2018.04.10-ны өдрөөс 2018.08.15-ны өдөр хийх ёстой ажлаа хийгээгүй. Ажлынхаа 50 хувьд ч хүрээгүй байсан. Гэрээний 4.14 дах хэсэгт Б тал /Т ХХК/ барилгын ажлыг гуравдагч талд шилжүүлэн өгч үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох ба эс бөгөөс А тал гэрээ дуусгавар болгох ба Б талаас гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийг төлөхийг шаардана гэж заасан. 183 480 350 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэжээ. Хариуцагч 2017.11.21-ний өдөр өрлөгийн ажлын туслан гүйцэтгэлийн гэрээг нэхэмжлэгчтэй хийсэн. Гэрээний 5.1-д 2018.04.10-наас 2018.08.15-ны өдөр хийж дуусгана гэж заасан, туслан гүйцэтгүүлэхгүй. Эс бөгөөс А тал энэхүү Гэрээг дуусгавар болгож, Б талыг гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар гэрээ зөрчсөний төлбөр төлөхийг шаардана. Хариуцагч нь гэрээний дагуу хугацаанд нь замыг хүлээлгэж өгөхгүй бол өдөрт 11.000 долларын алдагдал хүлээх гэрээтэй байсан тул аргагүй эрхэнд нэхэмжлэгчтэй ярилцаж байгаад 2 бригад нэмж оруулж нийт 286 982 212 төгрөгийг эдгээр нэмэлтээр оруулсан бригадуудад төлсөн. Т ХХК нь үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй улмаас хариуцагчид дээрх хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчээс өрлөгийн ажлын хөдөлмөрийн тусгайлан гүйцэтгэх гэрээний 4.14-д зааснаар нийт гэрээний 705 000 000 төгрөгийн 30% хувь буюу 211 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Ч ХХК-иас 161 571 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 428 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар Т ХХК-иас 326 862 930 төгрөг гаргуулах тухай Ч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 407 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 950 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 965 809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд байгуулсан гэрээнд хариуцагч нь цемент, элс нийлүүлэх, тээврийн хэрэгсэлд ачиж өгөх, экскаваторыг шатахуунаар хангах зэргийг хариуцан ажиллахаар, нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслээр элс хайрганы карьерт хүргэж элсийг тээвэрлэн барилгын ажлын талбайд хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэх, түүнтэй холбоотой зардлыг хариуцахаар тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлыг хөнгөвчлөн шатахууныг өгч, ажлын төлбөрөөс суутган авахаар тохиролцсоны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд шатахууны төлбөр дээр маргаагүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл байсан. Шүүх нэхэмжлэгчийг гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт нэхэмжлэгч болон Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хооронд байгуулсан гэрээ авагдсан. Нэхэмжлэгч дээрх гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн талаар өөрсдөө нэхэмжлэлдээ бичсэн гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээ шүүхэд ирүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 161 571 910 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохиролд 88 428 090 төгрөг, нийт 250 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд  гэрээний хугацаанд бараа материал, шатахуун нийлүүлсний үнэ 80 878 090 төгрөг, эксковаторын үндсэн хяналтын сэлбэгийн үнэ 7 700 000 төгрөг, эксковаторын түрээсийн төлбөр 26 784 300 төгрөг, ажил гүйцэтгэх  гэрээ зөрчсөний торгууль 211 500 000 төгрөг, нийт 326 862 930 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /1-рхх 1-3, 39-40, 209, 2хх24-25, 36-37, 217-218, 3-р хх-570 хуудас/

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх CW1-1-LWFB01 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч 39 202 м.кв талбайд өрлөгийн хажуугийн суваг, өрлөгийн хамгаалалтын налуу, дугуй хоолой болон дөрвөлжин хоолой орох, гарах амсрын өрлөгийн ажлыг хийхээр, хариуцагч ажлын хөлсөнд 705 636 000 төгрөг төлөхөөр тохиролцсон./1-р хх10-16, 212-218/

 

Дээрх гэрээгээр тохиролцсон ажлаас нэхэмжлэгч 19 169.57 м.кв ажлыг хийсэн, гэрээгээр 19 169 м.кв ажлын хөлс 345 052 260 төгрөг бөгөөд үүнээс хариуцагч 183 480 350 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл ажлын хөлс 161 571 910 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон. /1-р хх10-16, 212-218, 224, 221-223/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.Хэргийн баримтаар ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлын тодорхой хэсгийг  гүйцэтгэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул хариуцагч “Ч” ХХК нь “Т” ХХК-д хийсэн ажлынх нь хөлс төлөх үүрэг үүсэх юм. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэж ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 161 571 910 төгрөг гаргуулсан нь зөв байх бөгөөд хариуцагч ч дээрх 161 571 910 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч “Ч” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь бараа материал, шатахууны үнэ 80 878 090 төгрөг, эксковаторын түрээсийн үнэ 26 784 300 төгрөг, Т ХХК-ийн эвдсэн эксковаторын үндсэн хяналтын хавхлага сэлбэгийн үнэ 7 770 000 төгрөг тус тус гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 4.14-т Б тал нь тус төслийг аливаа гуравдагч этгээдэд өгч, барилгын ажлыг туслах гүйцэтгүүлэхгүй. Эс бөгөөд А тал энэхүү гэрээг дуусгавар болгож, Б тал гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар гэрээ зөрчсөний төлбөр төлөхийг шаардана гэх заалтын дагуу Т ХХК-иас 211 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх-209, 2хх-217-218/

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн “шатахууны үнэ 80 878 090 төгрөг, эксковаторын түрээсийн үнэ 26 784 300 төгрөг, Т ХХК-ийн эвдсэн эксковаторын үндсэн хяналтын хавхлаг сэлбэгийн үнэ 7 770 000 төгрөг” гэх шаардлагаа нотлох зорилгоор 1-р хх 240-250, 2-р хх-ийн 2-3 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. Дээрх баримтууд нь ямар бараа материалыг хэнд ямар зорилгоор өгсөн, талуудын байгуулсан гэрээний 4.1, 4.3-т заасан талуудын харилцан хүлээх үүрэг хэрхэн биелэгдсэн, тооцсон талаарх асуудалд хамаарах, талуудын маргааны зүйлд хамаарах нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

Тухайлбал 1-р хх 240 дүгээр талд авагдсан тооцооны нэгдсэн хүснэгт гэх баримт хэнээс хэнтэй тооцоо нийлсэн нь тодорхойгүй, ажил гүйцэтгэгч төслийн удирдагч гэх хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй, 1-р хх 241-250, 2хх-1-2 дугаар талд авагдсан захын шуудууны нүхэн гарцын өрлөгчийн, хамгаалалтын ажлын жагсаалт, бараа материалын хавсралт, бараа материал, шатахуун хүлээж авсан, гидро цохилтот дрилл ашигласан хүснэгт гэх баримтууд нь ямар төсөл, гэрээнд хамаарах болох нь тодорхойгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн тул талуудын байгуулсан гэрээний 4.14-т зааснаар нийт үнийн дүнгийн 30 хувиар 211 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

Талууд туслан гүйцэтгэгч гэж хэнийг хэлэх талаар өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 347 дугаар 347.1 дэх хэсэгт заасан хуулийн ойлголтоор маргаж байна. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр ажлаа туслан гүйцэтгэгчид шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Хэргийн баримтаас гэрээний харилцаа зөвхөн ажил гүйцэтгэч “Т” ХХК, захиалагч “Ч” ХХК-ийн хооронд үүсчээ.

 

Ажил гүйцэтгэгч нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас ажиллах хүч, техникийн хүчин чадлаа нэмж байгаа нь ажил гүйцэтгэгчийн  ажлаа зохион байгуулж байгаа дотоод харилцаа, ажлаа хэрхэн зохион байгуулах, хүн хүчийг яаж хуваарилах нь ажил гүйцэтгэгчийн  өөрийн эрх бөгөөд ажлын үр дүнг хариуцагч “Ч” ХХК-ийн өмнө хариуцахад нөлөөлөхгүй.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон Зэвсэгт хүчний 340 дүгээр ангитай байгуулсан  гэрээ зэргээс үзвэл нэхэмжлэгч нь зохигчдын байгуулсан гэрээний 4.14-т зааснаар туслан гүйцэтгэгчид ажлаа шилжүүлсэн  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зөвхөн авто замын хажуугийн 13 436 мкв талбайн ус урсгах сувгийн чулуу өрж доторлон, цементэн зуурмагаар гагнах ажлыг гүйцэтгэхдээ ажиллах хүч болон техникийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж үзнэ. /1хх-25-27/ Нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 620 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.НАРМАНДАХ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД