Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2023/00200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт оршин суух******* Төмөрхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багт оршин суух ************** Маамын**************,****************************/ нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний  үүрэгт нийт 16,951,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Номинзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2023 оны 4 дүгээр сарын 5,6-ны үед Өргөн сумын М.Золзаяа, Б.Батбаатар нартай 86614000 дугаар утсаар Ожгоо буюу*******тай яриад “ би та нарын ноолуурыг 1 кг –г 140,000 төгрөгөөр авъя, та нар хүнд битгий хэлээрэй " гэж ярьсан, Ингээд ноолуураа аваад дэлгүүр дээр нь уулзан 376 кг самнасан ямааны ноолуурыг 1 кг бүрийг 140,000 төгрөгөөр борлуулж 1, 2 хоногоос мөнгийг нь өгөхөөр / 52,640,000 төгрөг / өгөхөөр тохиролцсон. М.Золзаяа, Б.Батбаатар нар нь нэг бүрчлэн үзэж, шалгаж шуудайнуудыг урж ноолуурыг нь гаргаж сэгсэрч үзэж хүлээж авсан. Биднийг ноолуур өгөхөд Д.Эрдэнэсувд гэдэг эмэгтэй байсан. Гэтэл М.Золзаяа нар нь утсаа  авахгүй таг чиг алга болсон. 86614000 утас руу нь мессеж бичихэд" та 2 минь байж бай, өдөр орно одоохон" гэж байсан. Удаа дараа залгаад утсаа авахгүй миний 89444030-г блоколсон байсан. Бид аргаа ядаад өөрийн эзэмшлийн 48-54 ДГА машинаар Хэнтий аймаг орж уулзахад “ ноолуур зарагдаагүй байгаа, 70 кг-г 140,000 бодож зарсан гэж хэлсэн. Маргааш мөнгө нь орно гэсэн. Энэ 70 кг ноолуурын мөнгийг 2-3 дараа 140,000 биш 1кг-г 120,000 бодож өгсөн байсан үнийн зөрүү 1,354,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн анх бид харилцан тохиролцож 376 кг ноолуурыг 140,000 борлуулж өгөхөөр аман гэрээ, хэлцэл хийсэн тул би одоо 302,7 кг ноолуураа 1 кг-г 90000 төгрөгөөр борлуулсны зөрүү 15,135,000 төгрөгийг нэхэмжилнэ. Бид Хэнтий аймаг орж ажлаа алдаж, дээр нь ноолуураа 40 хувь доогуур үнээр борлуулж маш их хохирлоо. М.Золзаяа, Б.Батбаатар нар нь “ бид удахгүй Солонгос явна манай хүүхэд тэнд байгаа гэж ярьсан тул эдгээр хүмүүст хилийн хорио тогтоолгохоор хүсэлт гаргав. Иймд М.Золзаяа, Б.Батбаатар нараас 16,951,000 төгрөгийг яаралтай гаргуулж олгоно уу  гэжээ.

2.Хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан татгалзал тайлбартаа: Т.Номинзулын нэхэмжлэлтэй, М.Золзаяа, Б.Батбаатар нарт холбогдох нийт  16.951.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвөөрөхгүй байна. Ноолуураа хямдхан зарсан гэх шалтгаанаар зөрүү төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2023 оны 04 сарын 07-ны өдөр миний танил Будсүрэн надруу яриад манай найзын 200 кг ноолуур байгаа юм гайгүй үнэ ханшаар авчихаач гэж гуйсан. Тэгээд удалгүй  Номинзул ноолуураа аваад ирсэн. Ноолуурыг хиллэж үзэхэд 376 кг ноолуур байсан. Үзэхэд шороотой ноолуур байсан. Нөхөр охин 2 яах гээд байгаа юм авч хэрэггүй гэж хэлж байсан. Би Будсүрэнг гуйгаад байсан болохоор тус больё гэж бодоод надад ноолуур авах бэлэн мөнгө байхгүй, би цааш нь 140.000 төгрөгөөр худалдаж чадвал зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэд зөвшөөрсөн. Тухайн үед Дорноговь аймаг ноолуурын ханш 140.000 төгрөгтэй байгаагүй. Бусад аймгуудаар ийм ханштай байсан. Би чадвал ноолуурыг нь 140.000 төгрөгөөр борлуулж өгч тус болье гэж бодсон. Ингээд цааш борлуулах гэсэн боловч шороо ихтэй гээд гологдож байсан. Шилж сонгон байж 70 кг ноолуурыг нь 1 кг-ийг нь 130.000 төгрөгөөр тооцон борлуулан өгч нийт 9.100.000 төгрөгийн төлбөрийг нь 4 сарын 18-нд 8.446.000 төгрөгийг эхнэр болох Оюунцэцэгийн Хаан банкны 5379168376 тоот дансруу шилжүүлсэн. Үлдэх 640.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хэнтий аймагт ченжид ноолуураа үзүүлэх гэж авч очоод ченж бүрт үзүүлэхэд шороотой бүдүүн ширхэгтэй ноолуур байна гээд голоод байсан. Номинзул утсаар ноолуураа зарагдсан талаар асуух тоолонд энэ нөхцөл байдлыг хэлж байсан. Бүр болохгүй бол ноолуураа нэг бүрчлэн гаргаж шороог нь гөвөж дахин шуудайлаад ядаж 130.000 төгрөгөөр зарчих боломж байгааг харья гэж ярилцаж байтал хөдөө мал малладаг эгчийн нөхөр гэнэт нас барсан учир буцах шаардлагатай болсон. Номинзул маш их уурлаж харааж ноолуураа аваад явлаа гэсэн. Бид нар буяны ажил гарчихаад ирээд ядаж 130.000 төгрөгөөр зараад өгье хүлээж байх юмуу гэхэд мөнгө яаралтай хэрэгтэй байна гээд ноолуураа авч явсан.Тухайн үед ноолуурын доод ханш яагаад ч 90.000 төгрөг байгаагүй өөрсдөө ноолуураа авч явж зарчихаад биднээс зөрүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Биднээс шалтгаалсан нөхцөл байдал байхгүй болно гэжээ.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******,******* болон Номинзул нарын хооронд 2023 оны 04 сарын 5,6-ны үед хэлцэл хийгдсэн. Ноолуурыг 1 кг-ийг нь 140,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, арилжаа явагдсан. хувьд бүх ноолуураа шилжүүлсэн. 2 хоногийн дараа мөнгөө шилжүүлнэ гэж тохирсон боловч шилжүүлээгүй, утсаа авахаа больсон. Зарчихаад дараа нь мөнгийг нь өгнө гэсэн тохироо хийгдээгүй. Ингээд Хэнтийд байна гэдгээ хэлдэг. Номинзул 16-нд Хэнтийд очиж мөнгөө авах гэхэд  ноолуур чинь гологдоод хэн ч авахгүй байна, үнэ хүрэхгүй байна гэсэн хариуг өгдөг. Сиди бичлэгээр Хэнтийд болсон үйл явдал тогтоогддог. Анх ноолуурыг авч явахдаа муу ноолуур байна гэсэн яриа байгаагүй. Номинзулыг очиход 70 кг ноолуурыг зарсан байдаг. Ингээд Номинзул үлдэх ноолуураа аваад Сайншанд сум руу авч явж, орой нь очиж хүмүүсийг байлцуулж, жинлэж үзэхэд 302,7 кг ноолуур байсан. Ингээд ченж Чулуунчөдөр гэх хүнд 1 кг-ийг нь 90,000 төгрөгт тооцож борлуулсан байдаг. Тухайн үед ченж ноолуурыг авахдаа шороо ихтэй, тостой шороотой байна гэсэн шалтгаан хэлж, тухайн үеийн ханшнаас доогуур авсан байдаг. Номинзул бол шороогүй ноолуур өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ноолуур солигдсон гэж үзэж байгаа.******* анх ноолуур авахдаа  өөрийн гараар шалгаж, сэгсэрч үзээд сайхан ноолуур байна гэж хэлээд авсан байдаг. Иймд манай зүгээс 219 дүгээр зүйлийн 219.5-д заасан хохирол учирсан гэж үзэж байгаа. Хэнтийгээс ирээд жинлэж үзэхэд 302,7 кг байдаг. 70 кг ноолуурыг зарсан. 3,3 кг ноолуурын зөрүү байдаг боловч 376 кг ноолуур хүлээлцсэн дээр ямар нэг маргаан гардаггүй тул зөрүүг нэхэмжлэх боломжтой юм. Иймд 70 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр тооцож 9,800,000 төгрөг, үүнээс 8,446,000 төгрөгийг******* шилжүүлсэн. Үлдэгдэл 1,354,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурыг 140,000 төгрөг тооцож 462,000 төгрөг, мөн 302,6 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр тооцож худалдсан бөгөөд Сайншанд 90,000 төгрөгөөр тооцож зарсан тул хохиролд үнийн зөрүү 15,135,000 төгрөг, нийт 16,951,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            4.Хариуцагчийн төлөөлөгч: Номинзул,*******,******* нарын хооронд хэлцэл хийгдсэн. 2023 оны 04 сарын 07-ны өдөр найз Будсүрэн нь*******тай уулзаад манай найзын ноолуурыг өндөр үнээр аваач гэж гуйсан байдаг. Түүний дагуу зөвшөөрөөд Номинзултай уулзаад одоо бол бэлэн мөнгө байхгүй байна би зараад мөнгийг нь өгье гэдэг тохиролцоо хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 243-р зүйл буюу худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан хэлцэл хийгдсэн байна гэж харж байгаа. Тухайн ноолуурыг аваад борлуулах гэсэн боловч аваад зарагдахгүй байсан гэдэг нь үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдаж байна. Ингээд тухайн ноолуураас 70 кг зараад төлбөрийг дутуу шилжүүлсэн байдаг. Үүний зөрүү 1,354,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд 04 сарын 16-ны өдөр Номинзул очсон. Бичлэгээс харахад Номинзул ноолуураа авах гэж очоогүй юм шиг байгаа юм. Ноолуураа хэдүүлээ аль болох талаас нь нийлээд заръя гэдэг байдлаар очсон гэж ярилцаж хэлэлцээд сүүлдээ*******гийн талд ар гэрийн гачигдал гараад өнөөдөр маргаашдаа боломжгүй болчихлоо гэхэд Номинзул ноолуураа аваад буцсан буюу гэрээнээс татгалзсан асуудал байгаа. Тэгээд гэрээнээс татгалзаж, Дорноговь аймгийн Сайншанд суманд 90,000 төгрөгөөр борлуулчихаад энэний зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл бол хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх, түүний төлбөрийг худалдан авагч тал төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл ноолуурыг******* худалдаж авсан боловч үлдсэн ноолуурыг Номинзул гэрээнээс татгалзаад буцаагаад аваад явсан. Биет байдлаар ноолуур*******д очоогүй. Тэгэхээр******* өнөөдөр үүнийг төлөх үүргийг хүлээхгүй. Харин 70 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр бодоод дутуу явуулсан зөрүүг өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас ноолуур солигдсон байх магадлалтай, доголдолтой ноолуур гээд ярьж байна.******* ноолуурыг анх авахдаа доголдолтой гэдгийг мэдэж хүлээж авчихаад зарагдахгүй болохоор нь ядаж 130,000 төгрөгөөр ч болсон зараад өгчих юмсан гэсэн сэтгэл санаачилгаар явж байсан. Үнэхээр борлогдохгүй байсан. Арга ядаад Номинзул ноолуураа аваад явсан. Арга ядсандаа ноолуураа 90,000 төгрөгөөр зарсан. Хэрвээ тэр ноолуурыг өөрийнх нь ноолуур биш гэж үзсэн юм бол яах гэж тэр ноолуурыг анхнаасаа авч явсан юм. Энэ миний ноолуур биш байна, би авч явахгүй гэдэг байдлаа хэлээд өнөөдөр ноолуурын мөнгөө 140,000 төгрөгөөр бодоод нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол үндэслэлтэй байх байсан. Гэтэл өөрийнхөө ноолуурыг таниад авч явчихаад ийм зүйл яриад байдаг. Гэрээнээс татгалзаад цаашаа хэдэн төгрөгөөр зарсан эсэх асуудал тэр хүний хувийн асуудал. Ноолуурын үнэ дээр шинжээчийн дүгнэлт гаргахад тухайн үед Дорноговь аймагт дээд ханш 110,000 төгрөгтэй байсан. Яагаад 90,000 төгрөгөөр борлуулаад байгаа юм. Ченж хэрэгт мэдүүлэг өгөхдөө чанаргүй ноолуур байсан учир би 90,000 төгрөгөөр авсан гэж мэдүүлдэг. Энэ чинь чанаргүй гэдгийг мэргэжлийн шинжээчийн байгууллага нотолж байж нотолгооны ач холбогдолтой болно. 90,000 төгрөгөөр борлуулсан төлбөрийг яаж авсан бэ гэдгийг гэрчүүдээс асуухад дансаар авсан гэдэг. Тэгвэл 90,000 төгрөгөөр зараад ямар дансаар авсан юм. Тэр нь хэрэгт авагдаагүй. Тэгэхээр эднийхийг 90,000 төгрөгөөр борлуулсан юм уу үгүй юм уу гэдэг эргэлзээ бас төрж байгаа юм.  Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагын 1,354,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд үлдэх хэсгээс татгалзаж байгаа. 3,3 кг ноолуурын асуудлыг үйл баримт дээрээ бас ярьдаггүй. Ноолуур өгсөн авсан асуудал дээр маргадаггүй. Харин эднийг буцааж авч яваад хэдэн төгрөгөөр зарсан нь мэдэгддэггүй. Тэгэхээр үлдэх 15,135,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Номинзулын эхнэр Д.Оюунцэцэгийн ХААН банкны 5379168376 тоот дансны хуулга,

6.Хариуцагч талаас нотлох баримтаар Б.Батбаатарын ХААН банкны 5368002210 тоот дансны хуулга,

7. Шүүх талуудын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-г шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан, Ч.Долгор, Д.Эрдэнэсувд, Д.Дамдинжав, М.Чулуунчөдөр, Б.Будсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгч Т.Номинзулын 2022 оны мал тооллогын А дансны хуулгыг Эрдэнэ  сумын засаг даргын тамгын газраас гаргуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэрэгт өгсөн 2 ш сидид үзлэг хийсэн зэргээр нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Номинзул нь хариуцагч М.Золзаяа, Б.Батбаатар нарт холбогдуулан 70 кг ноолуурын үлдэгдэл үнэ 1,354,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурын үнэ 462,000 төгрөг, үлдэгдэл 302,7 кг ноолуурын үнийн зөрүү 15,135,000 төгрөг нийт 16,951,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл нь :

1.Нэхэмжлэгч тал нь “ ноолуурыг 140,000 төгрөгөөр худалдсан, 2 хоногийн дараа мөнгийг шилжүүлэхээр тохирсон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар шаардах эрхтэй” гэсэн агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлж,

2.Хариуцагч тал нь “70 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл үнэ 1,354,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 3.3 кг ноолуурын талаар яригдаагүй, 302,7 кг ноолуурыг нэхэмжлэгч буцааж авсан тул Иргэний хуулийн 205.1-д зааснаар шаардах эрхгүй” гэсэн агуулгаар шаардлагаас татгалзаж байгаа болно.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, түүний төлөөлөгч нарын тайлбар, гэрч Д.Эрдэнсувд, С.Чулуунчөдөр, Б.Будсүрэн нарын мэдүүлэг, сидид үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Оюунцэцэгийн ХААН банкны 5379168376 тоот дансны хуулга, Б.Батбаатарын ХААН банкны 5368002210 тоот дансны хуулга  зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Номинзул 2023 оны 04 сарын 05, 06-ны орчимд өөрийн 376 кг ямааны ноолуурыг хариуцагч М.Золзаяа, Б.Батбаатар нарт 1 кг-ийг нь 140,000 төгрөгөөр тооцож худалдсан, хариуцагч нар нь 2 хоногийн дараа мөнгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон боловч 2023 оны 04 сарын 16 хүртэл ноолуурын үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь Хэнтий аймагт очиж хариуцагч нартай уулзахад 70 кг ноолуурыг борлуулсан,

-үлдэх ноолуур борлогдохгүй байгаа, ар гэрийн гачигдал гарсан, аймагт аваачиж зарах боломжтой талаар хэлсэн,

-тэд ярилцсаны эцэст 2023 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч тэнд байсан ноолуурыг авч явсан,

-Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж ноолуур худалдан авдаг хүнд борлуулахаар жинлэж үзэхэд 302,7 кг байсан, нэг кг-ийг 90,000 төгрөгт тооцож худалдсан,

-хариуцагч тал нь 2023 оны 04 сарын 18-ны өдөр 70 кг ноолуурын үнээс 8,446,000 төгрөгийг хариуцагч Б.Батбаатарын ХААН банкны 5368002210 тоот данснаас нэхэмжлэгчийн эхнэр гэх Д.Оюунцэцэгийн ХААН банкны 5379168376 тоот данс руу шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “ эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 376 кг ноолуурыг худалдан авагч буюу хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, тухайн үедээ 1 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үүрэг гүйцэтгэх хугацааг 2 хоногоор тохирсон байгаа зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн  тохирсон  үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Гэрээгээр хариуцагч тал ямааны ноолуурыг худалдан авсан өдрөөс хойш буюу 2023 оны 04 сарын 05, 06-наас хойш 2 хоногийн дараа төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон боловч тэрээр гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь үлдэгдэл 302,7 кг ноолуурыг буцаан авсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан “ гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал  хүлээсэн үүргийнхээ  дийлэнх хэсгийг  биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал  бий болсон бол нөгөө тал  хүлээсэн  үүргээ  биелүүлэхээс татгалзаж болно” гэснийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т.Номинзул нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “ үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд  үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо  арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар  ноолуурын үнийн зөрүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу  аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг  харилцан  буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Номинзул нь гэрээнээс татгалзаж, үлдэх 302,7 кг ноолуурыг буцаан авсан тул  үнийг төлөхгүй гэж шаардлагаас татгалзах боловч нэхэмжлэгч нь 302,7 кг ноолуурыг буцаан авсан үйлдэлд хариуцагч буруутай буюу хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн улмаас өөрийгөө цаашид учирч болох эрсдлээс хамгаалж, гэрээг цуцалсан байна.

5.Нэхэмжлэгч Т.Номинзул нь хариуцагч М.Золзаяа, Б.Батбаатар нарт 376 кг ноолуур хүлээлгэн өгсөнд маргаан байхгүй, үүнээс 70 кг ноолуурын үнийг 140,000 төгрөгөөр тооцож 9,800,000 төгрөгөөс 8,446,000 төгрөг төлсөн, үлдэх 1,354,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн хүлээн авсан 302,7 кг ноолуурын үнийн зөрүү 15,135,000 төгрөгийг болон анх авч явсан 376 кг ноолуураас 70 кг зарсан, 302,7 кг ноолуурыг буцаан өгсөн, зөрүү 3.3 кг ноолуурын үнийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс ноолуур худалдан авахдаа үнийг 2 хоногийн дараа өгнө гэж тохирсоноос өөрөөр худалдан борлуулсаны дараа мөнгийг шилжүүлнэ гэж тохироогүй болох нь гэрч Д.Эрдэнсувдын шүүхэд өгсөн “...тэгээд 52,000,000 төгрөгийг 2 хоногийн дараа өгье, эгч рүүгээ битгий залгаарай гэж байсан” гэсэн мэдүүлгээр,

- гэрээ байгуулах үед 1 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн 2 гэж дугаарласан сидид үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэрч Б.Будсүрэнгийн шүүхэд өгсөн “ би Өргөн суманд очиж*******,******* нарт өөрийн 230 кг ноолуураа ...140,000 төгрөгөөр зарчихаад манай найз ноолуурыг авах уу гэж хэлсэн...ноолуурын мөнгийг тэр өдөртөө өгөөгүй байж байгаад  сүүлд нь кг-ийг нь 130,000 төгрөгөөр бодож данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнсувдын шүүхэд өгсөн “... 140,000 төгрөгөөр худалдан авсан,  2 хоногийн дараа мөнгийг нь өгье гэж байсан..” гэх мэдүүлэг, мөн 70 кг ноолуурын үнийг 140,000 төгрөгөөр тооцож, 8,446,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 1,354,000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байгаа зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн ноолуурын зах зээлийн үнэ нь тогтворгүй байдаг нь “ нэхэмжлэгч Т.Номинзулыг ноолуураа худалдан борлуулах үед 1 кг нь 105,000-110,000 төгрөгийн үнэтэй байсан, түүний ноолуур шороо ихтэй, шаардлага хангахгүй байсан тул 90,000 төгрөгт тооцож авсан, мөнгийг 2 хувааж өгсөн” гэх гэрч С.Чулуунчөдөрын мэдүүлэг, мөн 2 гэж дугаарласан сидид үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд “ ноолуурын үнэ ханш буурсан, анх тохирсон үнэд зарагдахгүй байгаа талаар яригддаг, нэхэмжлэгч  нь хамгийн багадаа 130,000 төгрөг бодож ноолуурын үнийг авна “ гэж ярьж байгаа зэргээр тогтоогдож байна.

Иймд ноолуурын үнэ зах зээлд тогтворгүй байдаг, хариуцагч нь “ буяны ажил гарчихаад байна, ирээд 130.000 төгрөгөөр зараад өгье ...” гэсэн тайлбар,  нэхэмжлэгч нь “...хамгийн багадаа 130,000 төгрөг бодож ноолуурын үнийг авна “ гэж ярьсан зэргийг тэд үлдэгдэл ноолуурыг худалдах, худалдах авах үнийн талаар дахин тохиролцсон гэж үзэж 302,7 кг ноолуурын 1 кг-ийг 130,000 төгрөгөөр тооцож, үнийг зөрүүг хариуцагчаас гаргах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан дүгнэсэн бөгөөд 2 гэж дугаарласан сидид үзлэг хийсэн тэмдэглэлийн эр, эм гэж тэмдэглэсэн харилцан яриа нь ноолуур худалдсан, худалдан авсан хүмүүсийн хоорондын яриа байх бөгөөд энэ нь хэргийн үйл баримттай тохирч байх тул “эр” гэж тэмдэглэснийг Номинзул, “эм” гэж тэмдэглэснийг******* ярьсан гэж дүгнэх боломжтой бөгөөд талууд сидид яриа нь бичигдсэн хүмүүсийг Номинзул,******* биш гэсэн маргааныг гаргаагүй болно.

Иймд хариуцагч нар нь 376 кг ноолуураас 70 кг-ийг 140,000 төгрөгөөр тооцож үнийг шилжүүлсэний үлдэх төлбөр 1,354,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн хүлээн авсан 302,7 кг ноолуурын 1 кг-ийг 90,000 төгрөгөөр  худалдсан бөгөөд гэрээгээр 130,000 төгрөгөөр тохирсон үнийн зөрүү 12,108,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурыг 130,000 төгрөгөөр тооцож 429,000 төгрөг, нийт 13,891,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас 3,060,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 557 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Золзаяагийн ХААН банкны 5368056299 тоот данс, хариуцагч Б.Батбаатарын ХААН банкны  5368002210 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг  баталгаажуулах  арга хэмжээ энэ хуулийн 120.2 заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол  гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд  хэвээр байна “ гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хариуцагч М.Золзаяа, Б.Батбаатар нарын зөвшөөрсөн 1,354,000 төгрөг, 302,7 кг ноолуурын үнийн зөрүү 12,108,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурын үнэ 429,000 төгрөг, нийт 13,891,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Номинзулд олгож, шаардлагаас 3,060,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан тус шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 557 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Золзаяагийн ХААН банкны 5368056299 тоот данс, хариуцагч Б.Батбаатарын ХААН банкны 5368002210 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсныг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шйидвэрлэх хүртэл хугацаанд үргэлжүүлсүгэй.

 

4. Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Хариуцагч М.Золзаяа, Б.Батбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.ЦЭРЭНХАНД