Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2023/00028

 

 

Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2023/00200 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  З,

Хариуцагч:  Б нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний  үүрэгт нийт 16,951,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, хариуцагчийн төлөөлөгч Э /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...2023 оны 4 дүгээр сарын 5,6-ны үед Өргөн сумын  З, Б нартай *** дугаар утсаар   Зтай би та нарын ноолуурыг 1 кг –г 140,000 төгрөгөөр авъя, та нар хүнд битгий хэлээрэй  гэж ярьсан,  ноолуураа аваад дэлгүүр дээр нь уулзан 376 кг самнасан ямааны ноолуурыг 1 кг бүрийг 140,000 төгрөгөөр борлуулж 1, 2 хоногоос мөнгийг /52,640,000 төгрөг/ өгөхөөр тохиролцсон.  З, Б нар нэг бүрчлэн үзэж, шалгаж шуудайнуудыг урж ноолуурыг гаргаж сэгсэрч үзэж хүлээж авсан. Биднийг ноолуур өгөхөд Э гэдэг эмэгтэй байсан.  З нар  утсаа  авахгүй таг чиг алга болсон, *** утас руу нь мессеж бичихэд та 2 минь байж бай, өдөр орно одоохон гэж байсан. Удаа дараа залгаад утсаа авахгүй миний ***-г блоколсон, бид аргаа ядаад өөрийн эзэмшлийн *** ДГА машинаар Хэнтий аймаг орж уулзахад ноолуур зарагдаагүй байгаа, 70 кг-г 140,000 бодож зарсан гэж хэлсэн. Маргааш мөнгө нь орно гэсэн. Энэ 70 кг ноолуурын мөнгийг 140,000 биш 120,000-д бодож өгсөн байсан үнийн зөрүү 1,354,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн анх бид харилцан тохиролцож 376 кг ноолуурыг 140,000 борлуулж өгөхөөр аман гэрээ, хэлцэл хийсэн тул би одоо 302,7 кг ноолуураа 1 кг-г 90,000 төгрөгөөр борлуулсны зөрүү 15,135,000 төгрөгийг нэхэмжилнэ. Бид Хэнтий аймаг орж ажлаа алдаж, дээр нь ноолуураа 40 хувь доогуур үнээр борлуулж маш их хохирлоо. Иймд  З, Б нараас 16,951,000 төгрөгийг яаралтай гаргуулж олгоно уу” гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...ноолуураа хямдхан зарсан гэх шалтгаанаар зөрүү төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2023 оны 04 сарын 07-ны өдөр миний танил Будсүрэн над руу яриад манай найзын 200 кг ноолуур байгаа юм гайгүй үнэ ханшаар авчихаач гэж гуйсан. Тэгээд удалгүй  Н ноолуураа аваад ирсэн. Ноолуурыг хиллэж үзэхэд 376 кг ноолуур байсан, үзэхэд шороотой ноолуур байсан. Нөхөр охин 2 яах гээд байгаа юм авч хэрэггүй гэж хэлж байсан. Би Будсүрэнг гуйгаад байсан болохоор тус больё гэж бодоод бэлэн мөнгө байхгүй, би цааш нь 140,000 төгрөгөөр худалдаж чадвал зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн, тэд зөвшөөрсөн. Ингээд цааш борлуулах гэсэн боловч шороо ихтэй гээд гологдож байсан, шилж сонгон байж 70 кг ноолуурыг 1 кг-ийг нь 130,000 төгрөгөөр тооцон борлуулан өгч нийт 9,100,000 төгрөгийн төлбөр 8,446,000 төгрөгийг Нын эхнэр болох Оюунцэцэгийн Хаан банкны дансруу шилжүүлсэн. Үлдэх 640,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хэнтий аймагт ченжид ноолуураа үзүүлэх гэж авч очоод үзүүлэхэд шороотой бүдүүн ширхэгтэй ноолуур байна гээд голоод байсан. Н утсаар ноолуураа зарагдсан талаар асуух тоолонд энэ нөхцөл байдлыг хэлж байсан. Бүр болохгүй бол ноолуураа нэг бүрчлэн гаргаж шороог нь гөвж дахин шуудайлаад ядаж 130,000 төгрөгөөр зарчих боломж байгааг харья гэж ярилцаж байтал хөдөө мал малладаг эгчийн нөхөр гэнэт нас барсан учир буцах шаардлагатай болсон. Н маш их уурлаж, харааж ноолуураа аваад явлаа гэсэн. Бид нар буяны ажил гарчихаад ирээд ядаж 130,000 төгрөгөөр зараад өгье хүлээж байх юмуу гэхэд мөнгө яаралтай хэрэгтэй гээд ноолуураа авч явсан.Тухайн үед ноолуурын доод ханш яагаад ч 90,000 төгрөг байгаагүй өөрсдөө ноолуураа авч явж зарчихаад биднээс зөрүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, биднээс шалтгаалсан нөхцөл байдал байхгүй” гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хариуцагч  З, Б нарын зөвшөөрсөн 1,354,000 төгрөг, 302,7 кг ноолуурын үнийн зөрүү 12,108,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурын үнэ 429,000 төгрөг, нийт 13,891,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, шаардлагаас 3,060,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан тус шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 557 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч  Згийн ХААН банкны *** тоот данс, хариуцагч Бын ХААН банкны *** тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсныг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд үргэлжлүүлж,

хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

хариуцагч  З, Б шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... нэхэмжлэгч Н өөрийн ноолуурыг хариуцагч нараас буцаан аваад Дорноговь аймагт ченж С.Чт 90,000 төгрөгөөр худалдсан гэхэд эргэлзээтэй,  Хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр  2023 оны 04 сарын 17-ны өдрийн ноолуурын дээд ханш 110,000 төгрөг, доод ханш 100,000 төгрөгтэй байна гэсэн дүгнэлтийг шүүх үнэлээгүй, 2023 оны 04 сарын 06,07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ноолуурын ханш 140,000 төгрөгийн үнэтэй байгаагүй бөгөөд  З нь Бгийн гуйлтын дагуу Нын ноолуурыг 140,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлэгт үндэслэн тухайн үеийн ноолуурыг ханшийг тооцсонд гомдолтой, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ченж С.Чт хүлээлгэн өгсөн гэх ноолуур нийт 305 кг, 400 грамм байхад шүүх энэ нөхцөл байдлыг тооцож нотлох баримтыг үнэлээгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...90,000 төгрөгөөр ноолуур худалдаж авсан ченж Ч гэж хүний мэдүүлэг байгаа, тухайн ноолуурыг авсан хоёр хүнийг оролцуулаад мөн ноолуураа өгсөн хүмүүс, гэрчээс гадна тухайн ноолуурыг хиллэж авч байгаа, тоо ширхгийг харуулсан дүрс бичлэг байгаа, мөн тухайн үед ноолуур дээд ...тал 110,000 төгрөг байгаагүй, ... Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдэхдээ 140,000 төгрөг биш 130,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Манай нэхэмжлэл дээр 376 килограмм ноолуурыг 70 килограммыг нь зарсан, 306 килограмм байх ёстой. Үүний зөрүүнд 302 килограмм 700 грамм ноолуур байна. Хэнтийгээс буюу  З, Б нараас буцааж авахдаа хиллэж аваагүй. Дорноговьд ирээд хиллээд үзэхэд 302 килограмм 700 грамм ноолуур байсан учраас 306 килограмм ноолуураасаа 302 килограмм 700 граммыг хасхаар 3 килограмм 400 грамм ноолуур дутаж байгаа, үүнийг 140,000 төгрөгөөр нэхэмжилсэн, энэ 462,000 төгрөг болж байгаа, шийдвэрийг хүчингүй болгох, буцаах дахин шийдвэрлэх үндэслэл байхгүй, гомдлыг хүлээж авах үндэслэлгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Н нь хариуцагч  З, Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний  үүрэгтэй холбоотой нийт 16,951,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  “...70 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл үнэ 1,354,000 төгрөгийг  зөвшөөрч байна, 3,3 кг ноолуурын асуудлыг ярьдаггүй, ноолуур өгсөн авсан асуудал дээр маргадаггүй, үлдэх ноолуурыг буцааж авсан, хэдэн төгрөгөөр зарсан нь мэдэгддэггүй тиймээс авч явсан ноолуурын зөрүү үнэ 15,135,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, татгалзсан байна.     

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хариуцагч  З, Б нарын зөвшөөрсөн 1,354,000 төгрөг, 302,7 кг ноолуурын үнийн зөрүү 12,108,000 төгрөг, дутагдсан 3,3 кг ноолуурын үнэ 429,000 төгрөг, нийт 13,891,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, шаардлагаас 3,060,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон.

3. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эаас “...шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг анхаараагүй,  хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзлээ.

5. Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н, хариуцагч  З, Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч өөрийн 376 кг ноолуурыг хариуцагч нарт 1 кг-ийг 140,000 төгрөгөөр тооцож, худалдсан, хариуцагч нарын зүгээс хэлэлцэж, тохирсон үнийг төлөөгүй учир нэхэмжлэгч хариуцагчийн байгаа газарт очиж  тэдний борлуулаагүй байсан үлдэх 302,7 кг ноолуурыг буцаан авч, Сайншанд суманд авчирч ченжид 1 кг-ийг 90,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч нар хүлээн авсан 376 кг ноолуураас 70 кг-ийг 140,000 төгрөгөөр тооцож, худалдсан үнийн зөрүү 1,354,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.  

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тодорхойлсон бөгөөд хуульд заасан нөхцөл байдал бий болсон учир нэхэмжлэгч үлдэх 302,7 кг ноолуурыг хариуцагч нарт худалдахаас татгалзаж, ноолуурыг буцаан авсан байх тул түүнийг хуулийн дагуу худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч  З, Б /худалдан авагч/ нар  худалдаж авсан 376 кг ноолуурын  хэлэлцэж, тохирсон үнэ болох 52,640,000 төгрөгийг төлөх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч Н тэдэнтэй байгуулсан гэрээнээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлж, үлдэх 302,7 кг ноолуурыг буцаан авснаар тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болжээ.

7. Нэгэнт гэрээ дуусгавар болж, нэхэмжлэгч Н хариуцагч нараас зарагдаагүй үлдсэн 302,7 кг ноолуурыг буцаан авсан учир энэхүү ноолуурын үнийг тэдэнд худалдахаар тохирсон үнэ буюу 1 кг-ийг 140,000 төгрөгөөр тооцон зөрүү үнэ 16,489,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг  хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй төдийгүй энэхүү шаардлагыг хариуцагч нар үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн хохирол  гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 Тухайлбал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1, 3, 222 дугаар зүйлийн 222.7-т тус тус зааснаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулах, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч  хохиролд нэхэмжлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл мөн нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого зэргийг тооцох учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд дээр дурдсан нөхцөл байдлыг хэрэгт нотолсон баримтгүй  байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсон худалдсан эд хөрөнгийн зөрүү үнэ нь дээрх хуульд заасан хохирол буюу зардал, алдагдал, гэмтэл, орох байсан орлого аль нь болохыг буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой түүнд ямар хохирол хэрхэн яаж учирсан нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул нэхэмжлэгч Нын хариуцагч нараас буцаан авсан 302,7 кг ноолуурын үнэ-ийн зөрүү 16,489,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй болно.    

8. Харин нэхэмжилсэн 3,3 кг ноолуурын хэмжээг хариуцагчаас зөвшөөрөхгүй гэх боловч  энэхүү татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн 376 кг ноолуураас хариуцагч нарын худалдсан авсан 70 кг, нэхэмжлэгчийн буцааж авсан 302,7 кг тус тус хасахад үлдэх ноолуурын зөрүү 3,3 кг байх тул үнэ-ийг талуудын тохирсон, худалдах-худалдан авах гэрээнд заасан хариуцагч нарын хүлээсэн үүрэг учир энэ дагуу 1 кг ноолуурыг 140,000 төгрөгөөр тооцон, 70 кг ноолуурын үнэ 9,800,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9,086,000 төгрөг/шилжүүлсэн 8,446,000 төгрөг, бэлнээр өгсөн 640,000 төгрөг/-ийг хасаж, тооцон үлдэх төлбөр 714,000 төгрөг, ноолуурыг буцаан авахад дутагдсан 3,3 кг ноолуурын үнэ 462,000 төгрөг, нийт 1,176,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “...худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ...” гэсэнд нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдлыг хангасан учир хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын гомдол гаргахад урьдчилан төлсөн, улсын тэмдэгтийн хураамж болох 227,405 төгрөгийг түүнд буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт нийцнэ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2023/00200 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч  З, Б нараас нийт 1,176,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2  дугаар заалтын “... 227,405 ...” гэснийг “32,774” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

 

                                                                                                       Н.БОЛОРМАА