Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2023/00164

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2023/00164

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.О

Хариуцагч: У.Д

Хариуцагч: Л.Э

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: У.Б

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.О, түүний өмгөөлөгч Ц.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.З

Гуравдагч этгээд: У.Б

Иргэдийн төлөөлөгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Хонгорзул

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч У.Д газар болон Л.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ж.О би ...аймгийн ... сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 129 тоотын хууль ёсны өмчлөгч билээ. Миний бие тус байрыг Л.Э гэх хүнд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн түрээслүүлсэн. Тус байранд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед ус алдаж, доод айлуудад ус нэвчин хохирол учруулсан байдаг. Тухайн үед У газрын ажилтан У.Б дуудлагын дагуу очиж шалгахад Л.Э эзгүй байсан тул подволын хэсэгт усыг хаасан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Подволын хэсэгт усыг хаасан гэсэн боловч 09 цагийн үед хаалгыг эвдэж ороход ус гоожсон хэвээрээ байсан. Шинжээч Э.А дүгнэлтэнд “усыг орцоор нь эсхүл байраар нь хаах шугам байх ёстой. Тус хаалтыг хаачихсан байвал 5 минутын хугацаанд усыг зогсоох боломжтой, ямар ч ус алдахгүйгээр зогсоох боломжтой. Тухайн хаалтыг хаагаагүйн улмаас тэр шугамаар 20 тн ус алдсан байх боломжтой” гэсэн дүгнэлт бий. Өөрөөр хэлбэл, У газрын ажилтан У.Б тус байрны хаалтыг бүрэн хаасан бол ус алдалт багасах боломжтой байсан бөгөөд доод айлуудад үүссэн хохирлын хэмжээ мөн багасах байсан. Мэргэжлийн байгууллага болох У газар нь хаалтыг бүрэн хаагаагүй хайхрамжгүй үйлдэл гаргасан гэм буруутай гэж үзэж байна. Мөн түрээслэгч Л.Э нь ус алдах үед байрыг эзэмшиж, ашиглаж байсан. Байрны засвар үйлчилгээний талаар тухай бүр надад мэдэгдэж, харилцан тохиролцсоны дагуу засвар үйлчилгээг хийлгэн, засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж төлдөг байсан. Тухайлбал, 2020 оны 04 дүгээр сард 120,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-нд 320,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 27-нд 930,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-нд 50,000 төгрөг нийт 1,420,000 төгрөгийг засварын ажилд суутган, түрээсийн төлбөрөөс хасаж, төлбөр тооцоо хийсэн байдаг. Паарны хий авагч хугарч, ус алдсан байдалд дан ганц өмчлөгч миний бие буруугүй. Түрээслэгч Л.Э засвар үйлчилгээг хариуцдаг байсан төдийгүй, байрны түлхүүрийн нэг хувийг надад өгөөгүйгээс тус байранд шууд нэвтэрч орох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүнээс үүдэж бусад этгээдэд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн. Иймээс Л.Э нь гэм хорын хохиролд гэм буруутай гэж үзэж байна. Ус алдсаны улмаас миний бие шүүхийн шийдвэрээр 4 дүгээр байрны 116 тоотын өмчлөгч Д.М 3,292,600 төгрөг, 125 тоотын өмчлөгч Д.О 3,897,880 төгрөг, 113 тоотын өмчлөгч Н.Ц 5,151,300 төгрөг нийт 12,341,780 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус мөнгөн дүнгээр надад хохирол учирсан билээ. Иймд ус их хэмжээгээр алдсан явдалд У газар болон Л.Э нар нь гэм буруутай тул бусдад учруулсан хохирлыг гарсан зардлыг хамтран хариуцах нь зүйтэй юм. Надад учирсан хохирол 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цагт ажил дээрээ байж байхад У-аас утасдаад танай байрнаас ус гоожоод байна гэхээр нь би Л.Э руу залгасан чинь утас нь холбогдохгүй, нөхөр рүү нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Би хүүхэд рүүгээ болон ажлын газрынхаа Б руу залгаад хаалгыг нь эвд гэж хэлсэн. Би байраа хүлээлгэж өгөхдөө хоёр түлхүүртэй нэг түлхүүрээ хүлээлгэж өгөөд нэг түлхүүрээ өөрөө авсан. Би энэ хүмүүсийг голоо сольсон талаар мэдэхгүй, надад түлхүүр өгөөгүй. 09 цаг 09 минутад хаалгыг нь эвдээд ороход хий авагч нь резиндсэн байсан гэсэн. Би байрыг хүлээлгэж өгөхөд резинээр боосон зүйл байхгүй байсан. 2020 оны 09 дүгээр сард хий авагчаас ус шүүрсэн гэж Л.Э мэдүүлсэн, тэрийг надаа хэлээгүй. Манай хүү, хамт явсан хүмүүсийн хамт очиход ус нь задгай гоожиж байсан гэсэн. Тэгээд манай хүү ороод пааран дээрх хаалтыг хаасан. Намайг очиход битүү ус, усыг нь шавхаад байж байхад доод айлууд гарч ирээд мөнгө төгрөгөө олж авна гээд бөөн асуудал болсон. Л.Э надад нэг хувь түлхүүрээ үлдээсэн байсан бол би 8 цагт очоод хаачих боломжтой байсан. 3 давхарын айл У-д 06 цаг 27 минутад дуудлага өгсөн гэж хэлсэн. У.Б өөрөө хэлэхдээ 06 цаг 45 минутад хаасан гэж хэлдэг. 09 цаг 09 минутад ороход тэр ус нь гоожиж л байсан. У.Б өөрөө хариуцлага алдсан тухайгаа яриад гарсан гэсэн. Би Л.Э хоёулаа зөндөө айл хохироосон энэ айлуудтай тохиролцъё гэсэн. Л.Э Улаанбаатар хотоос ирээд У руу очиж уулзсан гэсэн. У эзэн нь хариуцна, танд хамаагүй гэж хэлсэн байсан. Шүүхийн шийдвэрээр хохирлын хэмжээ 12,341,780 төгрөг гарсан. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч Л.Э хувьд хаалганы голыг сольж өөр цоож хийж цоожилсон. Хүний халдашгүй байдал гээд түлхүүрийн хувийг өгөөгүй, бүх түлхүүрийг өөрөө авсан байдаг. Байрыг түрээсэлж байх явцад урсгал засвар гээд 1 000 000 гаран төгрөг авсан байсан. Ж.О-ийн хувьд тухайн байранд нэвтэрч шууд засвар үйлчилгээ хийх боломжгүй. Л.Э нь засварын асуудлыг би хариуцна гэсэн. Талууд хэдий бичгээр харилцан тохиролцоогүй ч гэсэн гэрээний тэгш байдлын зарчмын хүрээнд хоёр талаас тохиролцоод хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Иймд Л.Э эвдэрсэн зүйлийг тухай бүр солино гэж тохирлцсон байж энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул гэм буруутай гэж үзэж байна. Хоёрдугаарт, У-ийн хувьд ус алдсан буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 27 минутад анхны дуудлагыг эхэлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Улмаар шугамыг хааж яаралтай арга хэмжээ авсан. Гуравдагч этгээд У.Б дээрх ажиллагааг 5 минутын дотор хийсэн гэдэг боловч гэрч А-ын утсан дээр хийгдсэн бичлэг болон холбогдох гэрчүүдийн мэдүүлгээр 09 цаг 09 минутад тухайн хаалгыг эвдээд ороод хаалтыг хааж ус алдалтыг зогсоосон байдаг. 2 цагийн дотор 20 тонн ус алдсан. Ус алдаж О, Ц, М нарын гэм хорын хохиролд У болон Л.Э-ыг гэм буруутай гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг хамтран гаргуулахаар хамтран хариуцагчаар татсан. Ус зогсоолоо гэснээс хойш ойролцоогоор 2 цагийн турш 20 тонн ус алдсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Хуулиараа гуравдагч этгээдээс шууд хохирол гаргуулах боломжгүй. Тухайн үед У.Б гэж хүн ажил албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар У ажил үүргээ гүйцэтгэж байхдаа учруулсан гэм хорын хохирлыг хариуцах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хий авагчийг засах хэмжээний мөнгийг Л.Э надаас авсан. Хэдийгээр гэрээний дагуу нэхэмжлээгүй ч гэсэн, гэрээтэй шууд холбогдоод байгаа учраас гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаагүй учраас хүчин төгөлдөр бус гэж ярьж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд тэр хэлцлийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд орж ирсэн байна. Үүн дээр маргасан зүйл байхгүй. Орон сууц хөлсөлсөн, засвар үйлчилгээний мөнгөө авч байсан гээд хүлээн зөвшөөрсөн. У.Б ус хаагаагүйгээс их хэмжээний ус гоожиж гэм хорын хохирол нэмэгдсэн. Л.Э иргэн хүний үүрэг байгаа. Иймд, гэм хорын хохирол 12,341,780  төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан гэв. 

2.Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Нэгдүгээрт манай байгууллага нь хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэж түгээдэг. Энэ үйл ажиллагаа Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Хуульд зааснаар хангагч байгууллага гэж Эрчим хүчний зохицуулалттай эсвэл зохицуулалтгүй хангалт эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг хэлнэ. Хэрэглэгч гэж Эрчим хүчээр хангах гэрээг эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр хангагч буюу У, хэрэглэгч буюу Ж.О нарын хооронд үүссэн харилцаа. Хэрэглэгч өөрөө баталгаажуулалтын тоног төхөөрөмжийг бүрэн хариуцна гэж заасан. Хэрэглэгч өөрөө үүргээ хэрэгжүүлсэн бол гэм хохирлын асуудал үүсэхгүй байсан. Тухайн өдөр У.Б гэж хүн дуудлагаар очсоныхоо төлөө энэ байгууллага төлбөрийн асуудалд унана гэж байхгүй. 06 цаг 45 минутад очиход энэ хүний ажиллах нөхцөл боломжийг хангаагүй. Ж.О нь хэрэглэгчийн эрх, үүргээ хангалтгүй биелүүлсэн. Цоожтой хаалганы цаана байгаа гэмтлийг илрүүлээгүй, үүнийг таслан зогсоогоогүйн улмаас өнөөдрийн шүүх хуралд бид нар хариуцагчаар оролцож байна. Шинжээч А-ы дүгнэлт байдаг. Халаах хэрэгсэл буюу паарны гэмтэл нь хий авагчийг зориулалтын бусаар хийснээс үүдэлтэй. Энэ айл засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй байна. Засвар үйлчилгээ тогтмол хийж байсан бол ийм байдал үүсэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд шугам сүлжээний засвар үйлчилгээг жил бүр халаалтын улирал дууссанаас хойш, халаалтын улирал эхлэхээс өмнө барилга байгууламжийн өмчлөгч хийх шаардлагатай. Барилгын тухай хуульд зааснаар өмчлөгч, эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Манай байгууллага холбогдох дараах арга хэмжээ авсан. Тухайн байранд нэвтрэх боломжгүй байх тул доод талын хаалтыг хааж аюулыг багасгасан. Өөрөөр хэлвэл, тухайн аюулыг дуудлагаар ирж үүрэг гүйцэтгэсэн. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М Ж.О-д холбогдуулж нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрийн дагуу Ж.О-ээс 3 292 600 төгрөгийг гаргуулж, М-т олгохоор шийдсэн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаартай шүүхийн шийдвэрээр О, Ц нарын хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ж.О нь хүлээн зөвшөөрөөд хохирлыг төлсөн. Шүүхийн шийдвэр одоо хүртэл хүчинтэй байгаа. Манайхтай байгуулсан гэрээнд нэхэмжлэгч Ж.О өөрөө гарын үсэг зурсан байдаг. Хуулийн дагуу нэхэмжлэгч дээрх эрх, үүргийг эдэлж оролцоно. Энэ гэрээнд хамтран хариуцагчтай холбоотой үг, үсэг огт байхгүй. Энэ байрны жинхэнэ өмчлөгч буюу Ж.О-тэй хариуцлагын асуудал яригдана. Гэрээнд хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хийгээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байна. Л.Э биш Ж.О өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж гарын үсэг зурсан. Манай ажилтан дуудлагаар очиж, ажил үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Сантехникийн слесарь У.Б-тэй холбоотой асуудал манай байгууллага дээр огт яригдаагүй гэв.

3.Хариуцагч Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шууд буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч түлхүүр өгсөн, өгөөгүй талаар ярьж байна. Түлхүүр байхгүйгээс болоод гэм хорын асуудал гарсан гэж ярьж байна. Гэм хор учрахад объектын нээлт, хаалт муу байснаас нөлөөлсөн гэж үзэж байна. Түрээслэгч тухайн байрны нээлт, хаалтыг засуулах үүрэг байсан уу? үгүй юу гэдгээс шалтгаалж гэм хорын хохирлыг төлөх эсэх нь шалтгаална. Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нь ярихдаа хэлцэл хийгдсэн, амаар гэрээ байгуулагдсан гэж яриад байна. Хэлцэл хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ хэлцэл хийгдсэн гэж үзвэл хэлцлээр орон сууц хөлслөх гэрээ хийгдсэн үү? Хэлцэл өөрөө ямар нөхцөлд үүсэх вэ? хэлцлийг яаж хийх вэ? гээд ярих зүйл их гарна. Иргэний хуульд заасан тодорхой харилцаа үүссэн гэж үзвэл зайлшгүй бичгээр хийгдсэн гэж үзнэ. Хэлцэл хийгдсэн бол хэлцэлд тусгасан зүйлийг гэрээнд тусгах ёстой. Хэлцэлд ямар нэгэн засвар үйлчилгээг тусгаагүй. Засвар үйлчилгээг тусгасан бол өөр асуудал байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар бол сар бүр төлбөрөөс засварын мөнгө суутгаад авдаг байсан гэж ярьж байна. Суутгуулсан мөнгөөрөө засвар хийсэн байх ёстой гэлээ. Гэрээ байгуулаад аливаа доголдол гарвал чи хүлээнэ гэж тохиролцоогүй. Тогтоогдохгүй буюу нотлогдохгүй нөхцөл байдлыг амаар ярьж байна. Хамтран хариуцагчийн яриад байгаа өмнөх шүүхийн шийдвэр дээр тайлбар хийхгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин ярих шаардлагагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хоёр өөр байдлаар шаардаад байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Тэгэхээр өмчлөгч нь хамтран хариуцагч болохгүй юм уу? бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзээд бусад этгээдийг хамтран хариуцагчаар татаад нэхэмжлэл гаргасан. Таны буруутай үйлдэл байхад яагаад хамтран хариуцагчаар татсан юм бэ? Мөн гэрээнээс үүссэн харилцаа гээд гэрээ байгаа юм шиг шаардаад байна. Гэрээ байгуулаад гэрээнд Л.Э энэ шугамыг засна гээд оруулсан бол бид нар гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлнэ. Гэрээ байгуулаагүй байж үүрэг хариуцлага ярих боломжгүй. Иймд, эхнээсээ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байсан тул шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 24 цагийн ээлжтэй байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад манай диспетчер над руу залгасан. Би зуухан дээр байж байгаад гэртээ орж ирээд аяга цай уух гэж байхад утсаар дуудлага хэлсэн. Гэрээсээ гараад 4 дүгээр байр руу дуудлагаар очиход 3,4 давхарын айлууд ус алдаад байна гээд хаалгаа онгойлгосон байсан. Би гүйгээд 5 давхарт гартал айлын хаалга цоожтой байсан. Доошоо очиж халуун, хүйтэн ус, дулааны шугамыг бүгдийг нь хаасан. 5 давхарын айл гэртээ аваарын хаалттай байх ёстой. Өөрсдөө байсан бол тэр хаалтыг хаагаад усыг 100 хувь зогсоох боломж байсан. Гэвч эзэнгүй байсан учраас хаанаас ус алдсаныг мэдэх боломжгүй байсан тул подвольд орж бүх хаалтыг хаасан. 9 цагт ороход ус гоожиж байсан гэсэнд хариулт өгөхөд подвольд хаалт нь барихгүйгээс 10, 20 хувьтай гоожиж байхыг би мэдэх, шалгах боломжгүй байсан. Би энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа, сантехникийн слесарь хийдэг. Манай аймагт СӨХ гэж байхгүй. Манай байгууллага дулааны төв шугам, байрнуудын гадаах шугамыг зуух хүртэл хариуцах ёстой. СӨХ гэж байхгүй учраас манайх хариуцаж байгаа. СӨХ-ны ажлыг манайх давхар хийгээд өчнөөн жил явж байгаа гэв.

5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Орон сууц хөлслөх гэрээний үндсэн нөхцөл нь эд хөрөнгийн доголдлын гэм хорыг хөлслүүлэгч хариуцахаар заасан байна. Хөлслөгч орон сууцны засвар үйлчилгээг хариуцахаар тохирсон гэж байгаа боловч яг юуг хэрхэн хийхээр тохирсон нь нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хариуцагч Л.Э гэм хорын хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлтэй. У газар үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Гэм буруугийн үндэслэл хариуцагч нарт тогтоогдохгүй байна гэжээ.

6.Нэхэмжлэгчээс ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаартай, 2022.05.25-ны өдрийн 134/ШШ2022/00086 дугаартай шийдвэрүүд, ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн 216/МА2022/00006 дугаартай, 2022.08.19-ний өдрийн 216/МА2022/00004 дугаартай магадлалууд, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 5,248,671 төгрөг, 3,975,198 төгрөг, 500,000 төгрөгийн цахим төлбөрийн баримтууд, Хас банкны 2,000,000 төгрөг, 527,000 төгрөг, 413,232 төгрөгийн мемориалын ордерууд, Хас банкны дансны хуулга, Ж.О, Л.Э нарын байр хөлслүүлж байсан үеийн тооцоо гэх хүснэгт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч У.Б-ийн мэдүүлэг зэргийг,

хариуцагч У газраас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, хариуцагч Л.Э-аас итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт, У газрын 2022.02.22-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, дуудлагын хүснэгт, Юнител ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 05-01/4526 тоот албан бичиг, лавлагаа, Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, гэрчээр Л.Э, Т.А, Т.Н, П.Б, Э.Э нарыг асуусан тэмдэглэл, дуудлагын баримт, СД-ны бичлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч У газрын ажилтан У.Б нь подволын хаалтыг бүрэн хаагаагүй гэм буруутай үйлдлийн улмаас миний өмчлөлийн орон сууцнаас их хэмжээний ус алдаж доод айлуудад учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн тул ажил олгогчоос гэм хорын хохирлыг гаргуулах,

хариуцагч Л.Э нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу засвар үйлчилгээг хариуцахаар тохирсон, байрны түлхүүрийн нэг хувийг надад өгөөгүйгээс ус алдсан даруйд нэвтэрч орж чадаагүйгээс гэм хорын хохирол учирсан тул 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулна гэжээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч У газар нь, хэрэглэгч хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол ус алдахгүй, хохирол учрахгүй байсан. Бид нар дуудлагаар очсоныхоо төлөө хариуцлага хүлээхгүй, хаалга цоожтой байсан тул ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй гэж,

хариуцагч Л.Э нь, орон сууц хөлслөх гэрээ бичгээр хийгдээгүй, засвар үйлчилгээг хийнэ гэсэн нэг бүрчилсэн тохиролцоо байгаагүй тул гэм хорыг хариуцахгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаартай, 2022.05.25-ны өдрийн 134/ШШ2022/00086 дугаартай шийдвэрүүд, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн 216/МА2022/00006 дугаартай, 2022.08.19-ний өдрийн 216/МА2022/00004 дугаартай магадлалууд, 5,248,671 төгрөг, 3,975,198 төгрөг, 500,000 төгрөгийн цахим төлбөрийн баримтууд, Хас банкны 2,000,000 төгрөг, 527,000 төгрөг, 413,232 төгрөгийн мемориалын ордерууд, Хас банкны дансны хуулга, Ж.О, Л.Э нарын байр хөлслүүлж байсан үеийн тооцоо гэх хүснэгт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шинжээчийн дүгнэлт, У газрын 2022.02.22-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, дуудлагын хүснэгт, “Юнител” ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 05-01/4526 тоот албан бичиг, лавлагаа, Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, гэрч Л.Э, Т.А, Т.Н, П.Б, Э.Э, У.Б нарын мэдүүлэг, СД-ны бичлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Ж.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний өмчлөлийн ... аймгийн ... сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 129 тоот орон сууцны мухрын өрөөний паарны хий авагч эвдэрснээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ус алдаж, Д.М-ийн эд хөрөнгөд 3,292,600 төгрөгийн, Д.О-ын эд хөрөнгөд 3,897,880 төгрөгийг, Н.Ц-ийн эд хөрөнгөд 5,151,300 төгрөгийг гэм хорын хохирол учирсан болохыг хоёр шатны шүүх тогтоожээ.

4.2.Уг орон сууцыг хариуцагч Л.Э 2020.04.27-2022.02.27-ны өдөр хүртэл хөлслөн амьдарч байсан боловч ус алдах үед эзгүй байсан гэж тайлбарлана.

 4.3.Орцны 3 давхарын айл болох 121 тоотоос анх ус алдсан тухай дуудлагыг У газарт өглөөний 06 цаг 27 минутад утсаар мэдэгдсэн. Улмаар сантехникийн ажилтан У.Б 06 цаг 45 минутад подволын хэсэгт усыг хаасан талаар тодорхойлж, өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн.

 4.4.Гэвч ус алдсан шугам бүрэн хаагдаагүй байсан гэж гэрч Т.А, Т.Н, Э.Э нар мэдүүлсэн.

 5.Талууд ус алдсан, дуудлага хүлээн авсан, Л.Э орон сууцыг хөлсөлж байсан, тухайн үед гэртээ байгаагүй, улмаар гэм хорын хохирол учирсан, өмчлөгч Ж.О шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг нөхөн төлсөн талаар маргаагүй, харин хариуцагч нар гэм хорын хохирлыг ямар үндэслэлээр хариуцах үүрэгтэй эсэх асуудлаар  маргаантай.

6.Хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзэхэд, нэхэмжлэгч Ж.О нь орон сууц өмчлөгчийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс түүний өмчлөлийн орон сууцнаас ус алдсан, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэснээр ус алдуулсан этгээдийн гэм буруугийн асуудлыг шүүх дахин дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч тус бүрээр дүгнэн үзвэл:

6.1.Нэхэмжлэгч талаас, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 498 дугаар зүйлийн 498.1.”Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэснийг үндэслэн хариуцагч У газраас гэм хорын хохирол гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

Дээрх хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтны гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх учиртай.

У Газрын сантехникийн слесарь ажилтай У.Б ус алдсан дуудлагын диспечерээс 06 цаг 30 минутад хүлээн авч, айл нь эзэнгүй байсан тул подволын хэсэгт байх дулаан, халуун, хүйтэн усны бүх хаалтыг 06 цаг 45 минутад хаасан талаар тодорхойлж, өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн ба энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож “5 давхарын айл гэртээ аваарын хаалттай байх ёстой. Өөрсдөө байсан бол тэр хаалтыг хаагаад усыг 100 хувь зогсоох боломж байсан. Гэвч эзэнгүй байсан учраас хаанаас ус алдсаныг мэдэх боломжгүй байсан тул подвольд орж бүх хаалтыг хаасан. Хаалт нь бүрэн барьж байсан эсэхийг би мэдэх, шалгах боломжгүй байсан” гэж тайлбарласан. Мөн хэрэгт гэрч Т.Н-ийн “...У-ын 2 хүн орж ирээд буруу шугамыг нь хаасан байна. Энэ шугам нь байсан байна ш дээ гэж хоорондоо ярьж байгаад гараад явсан. Нэг нь Б гэдэг хүн байсан” гэсэн, гэрч Э.Э “...Б орж ирээд би энэ паарыг гэж бодоогүй. Нөгөө талын паарыг нь гэж бодоод хаачихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд авагдсан.

Хэргийн үйл баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад ус алдахад ажилтан У.Б-ийн шууд гэм буруутай үйлдэл тогтоогдсонгүй. СД-ний бичлэг болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн У.Б нь үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэлгүй шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй үйлдлээс үүдэн их хэмжээний ус алдаж, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, ус алдах үед тухайн айл эзгүй байснаас үүдэн дулааны болон халуун, хүйтэн усны аль шугамнаас алдсаныг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал байсан байна. Түүнчлэн дуудлагаар очсон сантехникийн слесарь У.Б нь тухайн орцны бүх айлын дулаан, халуун, хүйтэн усыг бүхэлд нь хаах, эсвэл бүх байраар нь хаах, подволын хаалт эвдрэл гэмтэлтэй байсныг мэдэх боломжтой эсэх, улмаар эвдрэлтэй тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаалтыг хааж ус бүрэн зогссон эсэхийг ямар байдлаар нягтлан шалгах зэрэг ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, үүргийг тодорхойлсон ач холбогдол бүхий баримтуудыг хэргийн оролцогч талуудаас шүүхэд гаргаж өгөөгүй байна. 

Тухайлбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг гшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч У газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6.2.Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Л.Э нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Тодруулбал, хөлслүүлэгч Ж.О нь сууцны зориулалттай орон сууцаа хөлслөгч Л.Э-ын эзэмшилд шилжүүлсэн, хугацааны хувьд өөрт шаардлагатай болсон үед гэрээг дуусгавар болгох, мөн хэлэлцэн тохирсон хөлс буюу сарын 280,000 төгрөгийг дөрөв дөрвөн сараар бөөнд нь өгөхөөр тохирч хөлсийг төлсөн талаар талууд маргаангүй. Түүнчлэн гэрээний хугацаа дуусахад талууд хэн аль нь гэрээгээ дуусгавар болголгүй, үргэлжлүүлэн хөлсөлсөн байна. Иймд, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;” гэрээ байгуулсанд тооцох тул хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ж.О нь, хариуцагч Д.Э “анх орон сууцыг хөлслөхдөө засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэж тохирсон, улмаар тодорхой засварын ажлуудыг хийж гүйцэтгэн, төлбөрөөсөө хасаж тооцож байсан гэж тайлбарлаж, тооцооны хүснэгт төлбөрийн баримтуудыг гаргаж, хөлслөгч орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэм хорын хохирол учруулсан гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;” үүрэгтэй.

Орон сууцыг анх хөлслөх үед биет байдлын буюу чанарын доголдолтой байсан болох нь нэхэмжлэгч Ж.О-ийн “засвар үйлчилгээний талаар тухай бүрт надад мэдэгдэж, харилцан тохиролцсоны дагуу Л.Э засвар үйлчилгээг хийлгэн, төлбөрөөс хасаж төлдөг байсан” гэсэн тайлбар, гэрч Л.Э-ын “Анх ороход ямар ч засваргүй байр байсан. О эгч та нар өөрсдөө засч болно гэсэн. Сангийн асуудал их муу байр байсан. Тэгээд О эгчтэй тохиролцоод сангийн юмнуудыг нь янзалж эхэлсэн. Учир нь орсоны маргаашнаас л доод айл ус алддаг гэж орж ирсэн. Янзлахаас өөр аргагүй, байж байгаад л ус алддаг байсан“ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.    

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д “Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 288.1.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх;”, 291 дүгээр зүйлийн 291.1-д “Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.” гэж зохицуулсан.

Ус алдсан үйл явдал болох үед орон сууцыг хөлслөгч Л.Э эзэмшиж байсан бөгөөд гэртээ байгаагүй. Ус алдсан шалтгаан нь “халаах хэрэгсэлд /пааранд/ үүссэн гэмтэл нь хий авагч буюу зориулалтын бусаар хийсэн винтелээр ус алдсан ба элэгдэлд орсноос үүдэлтэй” гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хөлсөлсөн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх үүргийг хөлслүүлэгч хүлээдэг үндсэн зарчим нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгөөр хангах түүний үүрэгтэй салшгүй холбоотой. Нэгэнт ийм үүрэг хүлээсэн хөлслүүлэгч нь эд хөрөнгийн хэвийн байдлыг хангах зайлшгүй зардлыг эвдрэл гэмтэл үүссэн, эсхүл үүсэх эрсдэлтэй болсон тохиолдолд гарах зардлыг ч хариуцах ёстой.

Мөн хариуцагч Л.Э, Д.М-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Цаад өрөөний ороогоод явсан шугамнаас л ус алдсан байна лээ. ...Засвар үйлчилгээг би бүрэн хариуцах биш. Тийм юм хийх үү гэж О эгчээс асуухад тэг гээд л хийдэг байсан. Ус алддаг гээд айлууд хэл ам хийгээд, яг болохоо болилоо гэхээр нь би асуудаг. Ус алдсан тохиолдолд У дуудаад засуулдаг байсан. Зөвшөөрөл авч засвар хийсэн. ...2020 оны 09 дүгээр сард Б гэдэг хүн резинээр боосон. Зүгээр байж байгаад сая л ус алдсан. ...Би У дээр очоод та нарын сольж өгөөгүй, резинээр ороосон шугамнаас ус алдсан гэхэд танай наадах чинь тэр үедээ солих шаардлагагүй байсан. Олон жил болж байхад Ж.О гэдэг хүн өөрөө солих ёстой байтал солиогүй зэвэрч идэгдсэн байна. Манай хийсэн юмнаас маргааш нөгөөдөр нь ус алдсан бол манай буруу байх байсан гэж хэлсэн.” гэсэн зэргээс үзэхэд хариуцагч Л.Э нь эд хөрөнгө хөлслөх гэрээний туршид завсар үйлчилгээг тогтмол хийх, өөрөөр хэлбэл дулааны шугамын бүрэн бүтэн байдлыг хариуцахаар тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хөлслөгч Л.Э нь орон сууцанд анх орохдоо шаардлагатай засвар үйлчилгээг хөлслүүлэгч Ж.О-ийн зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн ба ус алдсан дулааны шугамыг 2020 оны 09 дүгээр сард мэргэжлийн байгууллагаар засварлуулж, резинээр боосон гэх үйл явдлаас хойш 1 жил 5 сарын дараа ус алдсан нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан дүгнэхэд хариуцагч Л.Э нь орон сууц хөлслөх гэрээний үүргийг биелүүлсэн байх бөгөөд орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан болох нь тогтоогдож байх тул гэм хорын хохирлыг хариуцахгүй.  

Өөрөөр хэлбэл, аливаа эд хөрөнгө ашиглалтын явцад элэгдэл, хорогдолд ордог тул ердийн элэгдэл хөлслөх гэрээний хөлсөөр нөхөн төлөгддөг гэж үздэг. Тийм учраас эд хөрөнгийн ердийн элэгдлийн байдал хөлслөгчид хариуцлага үүсгэх үндэслэл болдоггүй.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу У газар, Ж.О нарын хооронд “Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах” гэрээ байгуулагдсан байх бөгөөд Ж.О нь хууль, гэрээнд заасан хэрэглэгчийн хувьд гэрээний 3.8-д зааснаар “Өөрийн эзэмшлийн заагаар тогтоосон шугам, тоног төхөөрөмж, бүрэн бүтэн, аюулгүй байдалд, засвар үйлчилгээний зардлыг хариуцах.”, 3.9-д зааснаар “Өөрийн эзэмшлийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засварыг хангагчийн төв шугамын засвартай уялдуулан чанартай хийх. Засвар үйлчилгээ хийгдээгүй шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтэл, гарсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцах”, мөн хуулийн 30.1.8-д зааснаар “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;” үүрэгтэй байна.

Иймд, хариуцагч Л.Э-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6.3.Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар хариуцагч У газар,  Л.Э нар гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй гэсэн үндэслэлээр шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч Ж.О-ийн гэм буруутай үйлдлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болохыг дээр дурдсан бөгөөд хариуцагч тус бүртэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэн үзэхэд дээрх хуульд заасан “...шууд гэм хор учруулсан этгээдийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан” гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй.

7.Иргэдийн төлөөлөгчийн “хариуцагч нар гэм буруутай гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхийн хууль зүйн үндэслэлтэй тохирч байна.

8.Нэхэмжлэгч нь, хариуцагч нараас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохирол шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т хамаарахгүй. Шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн зохицуулалтаас гадна гэм хорыг арилгах нарийвчилсан зохицуулалт болох хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтална.

9.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,418 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 228 дугаар зүйлийн 228.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ж.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У газар болон Л.Э нарт холбогдох гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,418 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                       П.ЦОГЗОЛМАА

                                               Р.БАТБАЯР