Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01235

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Дд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 975 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, О.М, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц ХХК, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2013.09.15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэл эмч төлөөлөгчөөр ажилласан. Хотын зүүн бүсэд байрлах компанийн харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн харилцдаг байсан. Тэрээр Баянзүрх дүүрэгт байрладаг эмийн сангуудад нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж байснаас өөрийн хариуцсан нэр бүхий 9 эмийн сангуудтай тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч компанийн санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан. Нэхэмжлэгч нь компанийн агуулахаас захиалгын дагуу бараа авахдаа борлуулалтын зарлагын хуудас үйлдэж авдаг бөгөөд уг борлуулалтын зарлагын хуудсыг эмийн сан тус бүрээр тусад нь гарган борлуулалтын дараа тооцоо нийлж, борлуулсан бараа, бүтээгдэхүүний үнийг орлогын баримт үйлдэн хүлээн авч, буцаалт хийсэн тохиолдолд буцаалт хийсэн тухай баримт үйлддэг. Хариуцагч нь нэр бүхий эмийн сангаас хүлээн авсан орлогыг компанид тушаалгүй зарим эмийн сангуудын захиалсан эмийг өөрийн биеэр хариуцаж компаниас авсан хэдий ч эмийн сангуудад хүлээлгэн өгөлгүйгээр ажлын байраа орхин явсан ба үүнээс үүдэн компанид нийт 2 705 750 төгрөгийн хохирол учирсан.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016.08.16-ны өдрийн 1636 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд яллагдагч Н.Д нь Ц ХХК-д эмч төлөөлөгчөөр ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа буюу 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх харгана үндэс эмийн санд борлуулсан үлдэгдэл барааны мөнгө болох 270 000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргийг хянахад хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон боловч эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Хариуцагч нь уг мөнгийг ажлаа орхиж явсныхаа дараа буюу 2015 оны 9 дүгээр сард авч найздаа өгсөн болох нь тогтоогдсон байдаг бөгөөд уг мөнгийг мөн компанид өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй. Дээрх 270 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд Н.Дгөөс нийт 2 975 750 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь бараа бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авч яваад нэр бүхий эмийн сангуудад байршуулсантай маргадаггүй. Эмийн сангуудын хүмүүс нь мөнгөө төлсөн, Н.Дд өгсөн гэдгээ мэдүүлдэг, гэрчээр асуугдсан. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016.02.23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 3 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Яагаад удаа дараагийн нэхэмжлэлийн үнийн дүн багасаад байдаг нь ойлгомжгүй байдаг. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй ба ажлаас гарах өргөдлөө байгууллагын удирдлагуудад өгсөн. Гэтэл байгууллагын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа Н.Дгөөс байршуулалтын төлбөрийг 2015.05.23-ны өдөр 4 600 000 төгрөг кассын орлогод хийснээс 3 104 700 төгрөгийг суутгаж аваад 1 495 300 төгрөгийг машины зээлийн үлдэгдэлд суутгаж авсан гэж тайлбарласан. Түүнчлэн 2016 оны 2 сард Сүхбаатар дүүргийн цагдаад Д нь компанид ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа Мөнх Харгана Үндэс эмийн сангийн борлуулалтын үлдэгдэл төлбөр 270 000 төгрөгийг хувьдаа завшсан гэж өргөдөл гаргаж шалгуулсан боловч тогтоогдоогүй. Ц ХХК-ийн зүгээс өдийг хүртэл ямар шалтгаанаар намайг шүүх цагдаад өгч сэтгэл санааны дарамтад оруулж байгааг ойлгохгүй байна. Нийт 23 эмийн сангийн 6 918 260 төгрөгийн жагсаалт байгаа. Ерөнхий санхүүч н.Өлзийбаяр өртэй байгаа эмийн сангуудын өр төлбөрийг барагдуулахгүй бол машинд өгсөн мөнгийг суутгаж авна гээд хэрэгт авагдсан баталгаа гэх бичгийг хийлгүүлж авсан. 6 сарын 20-ноос 7 сарын 07-ны хоорондох цалин ороогүй. Тэр үед ажиллаж байсан эмч төлөөлөгч нараас мөн адил ингэж баталгаа хийлгүүлж авсан.  Хариуцагчийн цалингаас өр авлагатай гэх эмийн сангуудын өрийг суутгаж авсан. н.Чундар гэх хүн нь зарим эмийн сангуудаар байршуулалт хийсэн. Үүнийг нотлох зарлагын падаан байгаа. Ярих болгондоо 9-н эмийн сангийн тухай ярьдаг. Сая нэрлэж байгаа нь 9-н эмийн сангийн тоонд хүрэхгүй байна. Хулан, Баянбүрэн эмийн сангуудын байршуулалтыг өөр хүн байршуулалт хийсэн. Календула, Бумбат, Жаргалмөнх, Дамин, Аюур 2 эмийн сангуудын өр авлагыг нэмээд үзэхээр 2 705 750 төгрөг хүрэхгүй. Ямар эмийн сангийн хэдий хэмжээнийн өр авлага байгаа, одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь бодитой эсэх нь эргэлзээтэй. 2016.1.17-ны өдөр нэхэмжлэгчээс дахин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад хандсан. Хариуцагч өвчтэй байсан учраас найзаараа 2 эмийн сангийн мөнгийг буцаалтын хамт өгсөн. Баянзүрх дүүрэг дэх эмийн сангийн талаар ярьдаггүй хэрнээ Сүхбаатар дүүргийн эмийн сангийн талаар ярьдаг. Ерөнхийн нягтлан н.Өлзийбаяр, н.Чундар хоёр нь 10 дугаар сард өр авлагатай гэх эмийн сангуудаар явсан гэдэг. Энэ талаараа гэрчийн мэдүүлэг дээр хэлсэн. Хариуцагч үнэхээр мөнгө хувьдаа завшсан байсан бол яагаад бусад эмийн сангуудыг Мөнх харганы үндэс эмийн сангийн хамт шалгуулаагүй юм бэ. Бүхэл бүтэн 8 сарын хугацаанд шалгагдсан хэрэг. Энэ нь ямар ч баримтаар нотлогдоогүй. 2016 оны 5 дугаар сарын шүүх хуралдаан дээр 6 307 000 төгрөг нэхэмжилж байсан. 2017.6.20-ны өдөр 3 400 000 төгрөг, 2018.1.19-ний шүүхийн нэхэмжлэл дээр Мөнх харганы үндэсийг хасаад 2 705 750 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид төлбөр барагдуулаагүй байхад эмийн сангуудын нэршил, үнийн дүн өөрчлөгдөхгүй хэрнээ нэхэмжилж буй үнийн дүн нь өөрчлөгдөж, буураад байгаа нь ойлгомжгүй байна. Зарлагын 2 падаан байдаг. Нэг нь тухайн эмийн сандаа үлдээд, нөгөө нь нэхэмжлэгчид үлддэг. Тухайн эмийн санд үлддэг падаан дээр тооцоо дууссан талаар өр авлагагүй талаар бичиж үлдээдэг. Түүнчлэн нэхэмжлэгч тал шинэ тамга тэмдэгээр дарсан, нөхөж үйлдсэн баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Н.Дгөөс 788 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 187 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23 462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчид эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Уг зохицуулалтад зааснаар хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх бөгөөд хариуцагч нь компанийн хөрөнгийг эмийн сангуудад байршуулан төлбөр тооцоог барагдуулах ажил гүйцэтгэж байсан нь бүрэн хариуцлага хүлээх нөхцөлийг хангаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс эд хөрөнгийг дараа тооцоо хийхээр хүлээн авсан бөгөөд уг бараануудыг эмийн сангуудад зээлийн нөхцөлөөр байршуулан гэдэгт нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх гэрч Бумбат эмийн сангийн эрхлэгчийн мэдүүлгийг орхигдуулан алдаатай дүгнэлт гаргасан. Түүнчлэн н.Энхтайван болон Мөнх-Дэлгэр нарын гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлээс 788 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх хариуцагчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гараар бичсэн нотлох баримтыг үнэлээгүй. Дээрх нотлох баримтад “6 сард дуусах байршуулалтаас бусад авлагыг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан барагдуулна. Н.Д” гэсэн гар бичмэл байдаг. Дээрх гар бичвэрийг Н.Д өөрөө үйлдсэн, төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад уг бичвэрийг огт үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх прокурорын дүгнэлтийг буруу дүгнэсэн. Хариуцагч 270 000 төгрөгийг хувьдаа завшсан, гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь компанид учруулсан хохирлыг барагдуулах үүргээс чөлөөлөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллагатай хууль ёсны хөдөлмөрийн гэрээ болон эд хариуцах гэрээ байгуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдоогүй. Гэрч н.Амаржаргалийн мэдүүлэг ойлгомжгүй. Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан ажлын байрны дотоод журам, ажилчдын шуурхай хуралдаан гэх баримт, гэрч Ш.Даариймаагийн мэдүүлэг зэрэг нь бодит байдалтай нийцэхгүй. Гэрч Номиндарийн мэдүүлэгээр нэхэмжлэлд дурьдагдсан эмийн сангууд нь өр төлбөрөө барагдуулаагүй байсан нь нотлогдож байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэн 788 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байгаа хэдий ч талуудын мэтгэлцээн бүрэн явагдсан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Н.Дд холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ дараа тайлан гаргахаар хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг буцааж төлөөгүй, түүнчлэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан тул нийт 2 975 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хохирлыг бүрэн барагдуулсан. Бүрэн хариуцлагын гэрээгүй тул хариуцлага хүлээхгүй ” гэж маргажээ. /хх 1-3, 89-90/

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132 дугаар тогтоол, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 276 дугаар тушаал, хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбар  зэргээс үзэхэд  хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч “Ц” ХХК-нд эмч төлөөлөгчөөр ажиллаж, хотын зүүн бүсэд байрлах компанийн харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, эмийн сангуудтай тооцоо нийлэн ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. /1хх-37-38, 52, 59-60, 93/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1хх 37-38, 52, 93/

 

Талууд Н.Д компанид ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх, ямар хэмжээний хохирол учруулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй эсэх асуудлаар маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх юм.

 

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан ч мөн хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байсан ч хариуцлага хүлээх нөхцөлүүдийг нарийвчлан зохицуулсан байгааг анхан шатны шүүхээс анхаарч дүгнээгүй байна.

 

Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч Н.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-д заасан дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг буцааж төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь хариуцагчийн ажил үүрэг нь хотын зүүн бүсэд байрлах компанийн харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, эмийн сангуудтай тооцоо нийлэн ажиллаж байсан. 1-р хавтаст хэргийн 88-р талд хариуцагчийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргаж өгсөн тайлангаар Аюур-2 эмийн сангаас авах авлага 398 500 төгрөг, Дамин эмийн сангаас авах авлага 346 300 төгрөг, Жаргалмөнх эмийн сангаас авах авлага 394 000 төгрөг, Календула эмийн сангаас авах авлага 130 700 төгрөг, 6 сард дуусах байршуулалтаас бусад авлагыг 2015 оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан барагдуулна гэжээ.

 

Аюур-2 эмийн сангаас шүүхэд гэрчээр асуугдсан Я.Амаржаргал “Н.Д нь 394 000 төгрөгийн эмийн бараа байршуулсан, өөрөө ирээд мөнгийг бэлнээр аваад явсан” гэж, Жаргалмөнх эмийн санг төлөөлж гэрчээр асуугдсан Ш.Гэрэлмаа “Н.Дг таньж байна, эм байршуулсан хүн мөн байна, эхлээд 100 хэдэн мянга, дараа нь үлдсэнийг нь бэлнээр 2 хувааж өгсөн” гэж мэдүүлсэн, Календула эмийн сангаас гэрчээр асуугдсан Б.Мөнхдэлгэр “манайх эмээ захиалаад авч ирэхэд нь бэлэн мөнгөө төлдөг, Ц ХХК-д өглөггүй” гэж, Дамин эмийн санг төлөөлж гэрчээр асуугдсан Д.Энхтайван “эмийн үнийг борлуулагчдаа бэлэн төлдөг, төлбөрийг бүрэн хийсэн” гэж мэдүүлжээ. Иймд хариуцагчийн өөрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан баталгаа баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл Аюур-2 , Жаргалмөнх, Календула, Дамин эмийн сангуудаас нэхэмжлэгчийн авах ёстой байсан авлага нийт 1 265 000 /394 000+394 000+130 700+346 300/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. /1хх-11, 13, 239-240, 243-244/

 

Хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх нөхцлийг тодорхой зааж, эрх үүргийг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгийг худал, буруу, эргэлзээтэй гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.5-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан бол хариуцаж төлөх үүрэгтэй юм.

 

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1636 дугаар тогтоолоор хариуцагч нь компаний үлдэгдэл барааны мөнгө болох 270 000 төгрөгийг хувьдаа завшсан гэм буруутай болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх109-110/

 

Дээрх 270 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.5-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны  шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 135.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1 535 000 /1 265 000+270 000= 1 535 000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын  сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 135.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Дгөөс 1 535 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 440 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “23 462” гэснийг “39 510” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД