Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2019/01222

 

     

 

 

 

2019 оны 5 сарын 09 өдөр

      

 

 

       Дугаар 184/ШШ2019/01222

                

 

 

 

               Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  байр,  тоот

Хариуцагч: Ц овогт С.А /РД: /. Хаяг:   Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хангайн дугаар гудамж, тоот

Гэрээний үүрэгт 61 370 000 /жаран нэгэн сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөдөгч Б.А, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа  нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “А/Т” ХХК-тай ямаа худалдан авч борлуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компаний үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Ц-ийн дансанд 599 690 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Бид “А”ХХК-ийг төлөөлж ямаа худалдан авах, гэрээ хийх, бэлтгэн нийлүүлэгчийг сонгон авах эрхийг Д.М-д итгэмжлэн олгосон.

Уг итгэмжлэлийн дагуу нийт 590 000 000 төгрөгийг Д.М-ийн Хаан банк дахь 5017184890 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 5-ны хооронд шилжүүлэн өгсөн.

Д.А нь ямаа бэлтгэн нийлүүлэгчийг сонгон манай компанийг төлөөлж “Ямаа худалдан авах хамтран ажиллах гэрээ”-г С.А нарын 5 хүнтэй байгуулж, гэрээний дагуу тухайн хүмүүст мөнгийг шилжүүлсэн байдаг.

Бид тухайн үеийн зах зээлийн ханшийг судлаж, тооцоо хийсний үндсэн дээр намар 590 000 000 төгрөгөөр нийт 10 000 ямаа худалдан авч 12 дугаар сарын ханшаар ямааны арьс, махыг зарж борлуулахад 20-50 хувийн буюу 120 000 000-240 000 000 төгрөгийн ашиг олохоор тооцоо хийсэн. Нэг ямааны дундаж ханш 60 000 төгрөг байсан. Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-аар дамжуулж С.Агийн Хаан банк дахь 5057216418 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр 60 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 60 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Хариуцагч С.А нь өөрөө Баянхонгор аймагт ямаа цуглуулна гэсэн бөгөөд орон нутгаа сайн мэддэг, мал, махны бизнес эрхэлдэг, ямааны үнэ ханшийг сайн мэдэж байсан ба гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж мөнгийг авсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс ажлын явц тайланг байнга нэхэж байсан боловч санаа зоволтгүй, найдвартай, ямар ч асуудалгүй, гэрээний үүргээ биелүүлнэ гэж тайлбар хийдэг.

Ингээд гэрээний хугацаа дуусахад хариуцагч С.А нь авсан ямаагаа хугацаандаа нийлүүлээгүй ба 2000 ямаа цуглуулахаас 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 1133 ямаа нийлүүлсэн. Нэг ямааны дундаж жин 12 кг-ын дундажтай нийт 14,130 кг махыг нэг кг-ыг нь 4000 төгрөгөөр борлуулж, 56 520 000 төгрөг, 2018 оны  12 дугаар сарын 10-нд 24 ямааны 338 кг махыг 1 419 000 төгрөг, 1 200 ширхэг ямааны арьсыг 37 200 000 төгрөг, нийт 95 139 600 төгрөг болсон. Мөн бэлнээр 26 086 000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт 121 225 600 төгрөг болсон.

С.А нь гэрээний дагуу ямаа цуглуулаагүй, нийт нийлүүлсэн ямааны дундаж жин 12 кг байгаа бөгөөд 2000 ямаа нийлүүлэхээс 1357 тооны ямаа нийлүүлсэн. Бид тухайн үеийн зах зээлийн ханш, зардал тооцоог байнга тооцоолж ирсэн бөгөөд түүний тайлбарлаж байгаа үнэ ханшаас хамаагүй доогуур байсан болно.

Тухайн зах зээлийн ханшаас үзэхэд 40 000-45 000  төгрөгт авахаар борлон голдуу жижиг ямааг 80 000 төгрөгөөс дээш үнээр авсан гэж тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Иймд С.Агаас гэрээний дагуу нийлүүлээгүй 833 ямааны үнэ 49 800 000 төгрөг, авсан ханшийн зөрүү 11 570 000 төгрөг, нийт 61 370 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 10-нд Д.А-тай “Ямаа худалдан авах, хамтран ажиллах” гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 120 000 000 төгрөгийг Д.А миний дансанд шилжүүлж, би өөрийн хашаа байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд өгсөн. Мөнгийг миний Хаан банк дахь 5057216418 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 11-нд 60 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 2-нд 60 000 000 төгрөгөөр шилжүүлсэн, би Д.М-ийн Хаан банк дахь 5017188490 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 14-нд  26 086 000 төгрөг, мөн 3 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 12-нд тус тус буцаан шилжүүлсэн.

Ингээд орон нутгаас ямаагаа авах гэхэд ханш өндөр байсан тул Д.М-д нөхцөл байдлыг хэлэхэд гэрээнд дурдсан ханшаас 5000 төгрөг нэмж авч болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлж, ямааны мах 1220 ширхэг, үүнээс  эр ямаа 258, нэг ямааны үнэ 75 000 төгрөг, нийт 19 350 000 төгрөг, эм ямаа 962, нэг ямааны үнэ 60 000 төгрөг, нийт үнэ 57 720 000 төгрөг, мөн ямааны арьс 1220 ширхэг, өлөн 1220 ширхэг, 26 086 000 төгрөгийг буцаан өгсөн. 

Гэрээгээр тохиролцсоноор зардлыг түүний шилжүүлсэн мөнгөнөөс нядалгаа 6 100 000 төгрөг, мал эмнэлэгийн бичиг баримт бүрдүүлэхэд 464 000 төгрөг, ямаа хариулгын хөлс, 2 350 000 төгрөг, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл  тээврийн зардалд 5 000 000 төгрөг зарцуулсан. Дээр дурдсан зардал миний ажлын хөлс ороогүй, би өөрийн зардлаар бензин тос хийж ямаа цуглуулсан, үүнийгээ суутгаагүй, Д.А-тай тооцоогоо дуусгасан.

Шүүхээс надад нэхэмжлэх ирэх үед би Д.М-д мэдэгдэхэд айх зүйлгүй, тэр чамд хамаагүй, гэж хэлэхэд би ямар ч байсан шүүхэд үзүүлэх юмтай гэх үүднээс 2019 оны 4 дүгээр сарын 9-нд түүнд хүлээлгэн өгсөн зүйлээ бичгээр гаргаж өгөхийг шаардаж, уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Мөн бидний хооронд байгуулсан гэрээгээр  яг 2 000 тооны ямаа худалдаж авч өгөхөөр тохиролцоогүй, 1000-2000 ямааг заасан үнээр худалдан авах, авсан ямаагаа нядлаж бэлтгэх, холбогдон гарах зардлыг “А” тал буюу “А”ХХК хариуцахаар тохиролцсон, мөн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагч С.А-д холбогдуулан худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 61 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд нэхэмжлэгч “А”ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч С.А нар гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 10/

“А”ХХК компани Д.М-д компанийг төлөөлөн ямаа худалдан авах, хамтран ажиллах  гэрээ байгуулах, бэлтгэн нийлүүлэгчийг сонгон авах эрхийг  итгэмжлэлээр олгожээ. /хх-ийн 13/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан тоо, чанарт нийцэхгүй ямаа нийлүүлсэн гэж, хариуцагч  татгалзлын  зөвшөөрөхгүй үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж тус тус тайлбарлаж байна.

Гэрэээгээр “А”ХХК-ийн урьдчилан шилжүүлсэн мөнгөөр С.А 1000-2000 тооны ямаа худалдан авч нийлүүлэх, ямаа худалдан авахдаа нядалсны дараах гулуулзны жин  12-14 кг татах ямааг 50 000 төгрөг, 14-20 кг бол 55 000 төгрөг, 20 кг-аас дээш бол 65 000 төгрөгөөр худалдан авах, холбогдон гарах зардлыг нэхэмжлэгч компани хариуцахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Хэдийгээр талууд байгуулсан гэрээгээ “Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар хариуцагч С.А-гийн Хаан банк дахь 5057216418 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 11-нд 60 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 2-нд 60 000 000 төгрөгийг Д.М-ийн 5017184890 тоот данснаас  шилжүүлсэн, хариуцагч С.А нь Д.М-ийн Хаан банк дахь 5017188490 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 14-нд  26 086 000 төгрөг, 3 000 2018 оны 9 дүгээр сарын 12-нд 3 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон.

Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “А”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-д ямааны мах 1220 ширхэг, ямааны арьс 1220 ширхэг, өлөн 1220 ширхэгийг хүлээлгэн өгч, ямаа авахад 80 000 000 төгрөг, зардалд 13 914 000 /нядалгаа 6 100 000 төгрөг, мал эмнэлэгийн бичиг баримт бүрдүүлэхэд 464 000 төгрөг, ямаа хариулгын хөлс, 2 350 000 төгрөг, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл  тээврийн зардалд 5 000 000/ төгрөг зарцуулсан тухай тооцоо нийлсэн байна. 

Хариуцагч ямаа худалдан авах үед зах зээлийн үнэ нэмэгдсэн тул өөрчлөгдсөн үнээр авах эсэхийг асуухад гэрээнд заасан үнээс 5 000-10 000 төгрөгөөр нэмэгдүүлж авахыг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А зөвшөөрсөн болох нь түүний мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. 

Дурдсан үйл баримтаар 1220 ямааг 80 000 000 төгрөгөөр буюу нэг ямааг 65 573 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байгаа бөгөөд гэрээнд энэ үнээр гулуузны жин 20 кг-аас дээш ямаа авахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч компани хариуцагчаас хүлээн авсан ямааны мах, арьс, өлөн зэргийг 95 139 000 төгрөгөөр борлуулсан,  мөн  26 086 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан нь нийт 121 225 600 төгрөг болж байна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Д” ХХК-д 1130 ширхэг ямааны махыг 56 520 000  /14 130 кг, 1 кг-ыг нь  4000/ төгрөгөөр,  24 ширхэг ямааны махыг 1 419 600 /338 кг, 1-кг-ыг нь 4200/ төгрөгөөр худалдан борлуулсан баримтаар нэг ямааны гулуузны жин дунджаар 12,5 кг байсан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гулуузны жин 12-14 кг байх ямааг 50 000 төгрөгөөр авахаар тохирсон, сүүлд амаар зөвшөөрөл өгснөөр 55 000 -60 000 төгрөгөөр авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсгүүдэд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байх, худалдан авагч нь  гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр заажээ.

Нэхэмжлэгч нь 1157 ямааны үнийн зөрүү 11 570 000 төгрөг нэхэмжилсэн,  хариуцагч 1220 тооны ямаа нийлүүлсэн гэж маргасан  ба нэхэмжлэгч “А”ХХК-ийг төлөөлөлөн гэрээ байгуулсан Д.А хариуцагчаас 1220 тооны ямааны мах, арьс, өлөн хүлээн авсан, харин үйлдвэрт тушаахдаа нэг ямааны дундаж жинг өсгөх зорилгоор тоог бууруулсан талаар мэдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч С.А гэрээгээр тохирсон чанарт хүрээгүй ямаа нийлүүлснээс нэхэмжлэгч “А”ХХК-д ямаа тус бүрээс 5 000  төгрөгийн алдагдал гарсан байх үндэслэлтэй, нэхэмжлэгч гэрээнд заасан чанарт хүрээгүй 1220 тооны ямааны үнийн зөрүү болох 6 100 000 төгрөгийг  буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас  нийлүүлээгүй 883  ямааны үнэ 49 800 000 төгрөг  гаргуулах шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь гэрээгээр хариуцагч 1000-2000 тооны ямаа худалдан авч нийлүүлэхээр тохиролцож 1220  ямаа нийлүүлсэн байх ба нэхэмжлэгчээс авсан 120 000 000 төгрөгөөс үлдсэн 29 086 000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-д буцаан өгсөн, үүнээс 26 086 000 төгрөгийг компанид шилжүүлсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь итгэмжлэлээр Д.М-д гэрээ байгуулах эрх олгосон, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, тооцоо нийлэх эрх олгоогүй гэж тайлбарлах боловч шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтаар хариуцагч С.А гийн гүйцэтгэсэн үүргийг компанийн төлөөлөгч Д.А-аар дамжуулан хүлээн авч байжээ.

Иймд хариуцагч С.Агаас 6 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А”ХХК-д олгож, нэхэмжлэээс 55 270 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4  дэх  хэсэгт заасныг баримтлан  хариуцагч С.А-гаас 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А”ХХК-д олгож, нэхэмжлэээс 55 270 000 /тавин таван сая хоёр зуун далан мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ