Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/00007

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 21

181/ШШ2023/00007

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  П.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А  төв-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: А төвийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Б А ТӨААТҮГ-т холбогдуулан А газрын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Б миний бие 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А төв-ийн мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай Хууль, А газрын захирлын тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шинэ хөдөлмөрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4

Тус үйлдвэрийн газрын мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б нь ажлын байрны тодорхойлолт 1.1, 2.1, 3.1, 3.8, 3.12 д заасан үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажилдаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй, шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах журмын дагуу баталж ажиллуулаагүй, комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж, өгсөн зэрэг зөрчил гаргасан нь өөрийнх нь гаргасан тайлбар болон хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны мэргэшсэн жолоочийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн санал дүгнэлтээр тогтоогдсон тул 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж мэргэшсэн жолоочийн тасгийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгон албан тушаал бууруулсан тушаал гаргасан. Ийнхүү албан тушаал бууруулж сахилгын шийтгэл ногдуулан мэргэшсэн жолоочийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно

Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1-албан 'гушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, холбогдох заалтуудыг биелүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хугацаа хэтрүүлсэн, Хангалтгүй биелүүлсэн, биелүүлээгүй

11 дүгээр зүйлийн 11.6.5 хууль тогтоомж, дүрэм, журам илт зөрчсөн, хууль бус Үйлдэл хийсэн,

11 дүгээр зүйлийн 11.6.24 албан тушаалын байдлаа урвуулах буюу хэтрүүлэх, хувийн сэдэлтэй өс хонзонгийн зорилгоор албан тушаалаа ашиглах, үүрэгт ажилдаа хайнга хандах, хууль бусаар бусдаас төлбөр, торгууль авч ашиглах, хувийн хэрэгцээнд хэрэглэх

11 дүгээр зүйлийн 11.6.35 үйлдвэрийн газрын нэгж, салбарын даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан үйлдвэрийн газрын үйл ажиллагаа доголдуулсан, ажлаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулсан.

Надад холбогдуулан ажлын байрны тодорхойлол, хөдөлмөрийн тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх үйлдлийг хууль ёсны дагуу шалгаж, тогтоогоогүй талаар дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

Нэг. Ажилчдын цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг байсан ба Ковид-19 цар тахлын улмаас уг төхөөрөмжөөр цаг бүртгэлгүй ЕRP системд тэмдэглэл хөтлөн явж ирсэн. Нисдэг машин төв дээр ажилладаг бүртгэлийн салбар, өөр бусад салбарт ч энэ жишгээр цаг бүртгэн ажиллаж байгаа. Тухайн нэгжийн ажиллагсад системд тэмдэглэл хийж нэлээд хугацаагаар ажиллаж ирсэн ба энэ зохицуулалтыг албан ёсоор цуцлаагүй тул гар бүртгэлийг ашигладаггүй байсан. ЕRP системийн тэмдэглэлийг бодит бус гэж үзээд байгаа тайлбар авахыг хүсч байгаа ба ЕRP системд хяналт тавих субъект биш гэдгээ уламжилъя.

Хоёр. Шалгалтын хуваарийг батлуулан ажиллахад шалгалтын мэргэжилтэнг авилга, ашиг сонирхлын зөрчилд холбогдуулах магадлал ихэсч, хэн нэгний захиалгат шалгалт болох эрсдэл гардаг тул урьдчилан сэргийлэх үүднээс шалгалт авах мэргэжилтнийг тухайн өглөө нь хуваарилан ажиллаж байсан. Харин ур чадварын шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу авдаг. Шалгалтын мэргэжилтнүүдийн ажлын ачааллын хувьд цөөн өдрөөр харахад тухайн өдөр танхимын шалгалт авсан хүн хамгийн их, орон нутгийн шалгалт, ур чадварын шалгалт авсан хүн цөөн шалгалт авсан байдалтай харагдах боломжгой. Энэ талаар ХШДАА-ны даргад тайлбарыг амаар болон бичгээр өгсөн боловч ойлгох хүсэл, чадварын аль нэг нь дутсан бололтой.

Гурав. ХАБЭА-н чиглэлээр туршлага бүхий шалгалтын мэргэжилтэнд давхар хариуцуулан ажиллаж байсан. Оффисийн ажилтнууд ЕRP системийн ХАБ-ын зааварчилгаатай танилцан зөвшөөрөх үйлдэл хийснээр өдөр тутмын зааварчилгаа өвсан гэж ойлгож байсан тул дэвтрийн хөтлөлтөд тавих хяналт суларсан, ХАБЭА- ны төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Одоогийн байдлаар дээрх алдаа дутагдлуудыг бүрэн арилгасан.

Дөрөв. Шалгалт авах эрх нь сайдын тушаалаар баталгаажсан комиссын гишүүдэд шалгалт авах эрхийг нээдэг, харин ажлын байрны тодорхойлолтын шаардлага, дотоод ажлыг зохион байгуулан ажиллах чиг үүргийн дагуу ахлах мэргэжилтэнд дээрх эрхийг нээсэн. Мэдээлэл судалгаа бүртгэлийн мэргэжилтэнд олгосон эрх нь шалгалтыг харах статустай эрх гэж ойлгож байгаа ба МТХ-ээс нарийвчлан тодруулах шаардлагатайг удаа дараа тайлбарласан. Энд ямар нэгэн ашиг сонирхол байхгүйн логик гаргалгааг ч мөн л тайлбарласан. Төрийн үйлчилгээний чиг үүргийн байгууллагад дотоод хяналтыг нэг талыг барьсан, ялгавартай, захиалгатай мэт ойлгогдохуйцаар, хэт Кримнал арга барилаар явуулах нь хир зохистой талаар бодохоос аргагүй байдалд хүрч байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шаадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б манай байгууллагад мэргэшсэн жолоочийн тасгийн даргаар ажиллаж байсан. П.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 болон Авто тээврийн үндэсний төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.17, 6.12, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1, 11.6.5, 11.6.25, захирлын 2018 оны 281 тоот тушаал журмын 3 дугаар зүйлийн 3.1.3, 6.1, 2019 оны 320 тоот тушаалаар мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Тухайн чөлөөлөх үйл явц нь мэргэшсэн жолоочийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар П.Б нь үндсэн чиг үүргээ биелүүлэхгүй, үйл ажиллагаанд буруу хандсан, шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүй, гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж өгсөн зэрэг зөрчил гаргасан. Энэ нь өөрийнх нь гаргасан Би шалгалтын комиссыг батлаагүй. Яагаад батлаагүй гэхээр авлигаас сэргийлж шалгалтын комиссыг батлаагүй гэсэн тайлбараар нотлогдоно. Комиссын гишүүн биш хүнд шалгалтын эрх нээж өгсөн. Дүрэм, журам гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын хэлэлцээр хамтын гэрээ, хөдөлмөрийн хууль гэж байна. Эд нар хөдөлмөрийн хуульд нийцсэн байна. Мөн дагаж мөрдөнө гэж байгаа. Байгууллагын дүрэм гэж байна. Байгууллагын дүрэм 2016 онд батлагдсан байна. Шинэ Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Дүрэмд чиг үүрэг, үндсэн үйл ажиллагааг зааж өгсөн. Дүрмийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2016 онд Авто тээврийн үндэсний төвийн дүрмийг 55 дугаар тогтоолоор баталсан. Байгууллага анх байгуулагдахад дүрэм баталдаг. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны зарчмыг тогтоож өгсөн эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм байгаа.

Хөдөлмөрийн маргаан таслах комисст 7 дугаар сард хандсан. П.Б сахилгын шийтгэл авснаас хойш Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой. Хандах эрхээ хэрэгжүүлэхгүй шууд шүүхэд хандсан. Одоогоор П.Б нь хөөн хэлэлцэх хугацаа алдлаа гэж харж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр алга байна гэж байна. Комиссын тушаал хавтаст хэрэгт байгаа. Энийг олж хараагүй юм шиг байна. Ажлын байр санал болгосон талаар одоогоор баримт байхгүй байна. Мэргэшсэн жолоочийн тасгийн даргаар ажиллаж байсан тасгийн дарга П.Б ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтод тасгийн үйл ажиллагаа, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, үр дүнг тайлагнах гэж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гэж зааж өгсөн байхад ажилчдын цаг бүртгэл дээр хяналт тавьж ажиладаггүй байсан. Зам тээврийн хөгжлийн сайдаас шалгалт авах эрх бүхий албан тушаалтныг баталж өгсөн байхад П.Б шалгалт авах албан тушаалтан биш өөр хүнд шалгалт авах эрх нээж өгсөн. Комиссын шалгалтын хуваарь батлах ёстой байтал батлаагүй. Үүнийг П.Б тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. П.Б сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Дотоод хяналт шалгалтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/508 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, П.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, Ажлын байрны тодорхойлолт /хуулбар/, Б.Т-т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Д.Э, Б.Б нарт олгосон итгэмжлэл, А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, А ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, А ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, А ТӨҮГ-ын дүрэм, А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн Санал, дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээ, Мэргэшсэн жолоочийн системийн шалгалтын программын эрх нээсэн, хаасан лог, Ажлын байрны тодорхойлолттой танилцсан хуудас, Танилцах хуудас, Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд 2022 оны 4 дүгээр сарын 12, 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан тайлбар, Мэргэшсэн жолоочийн тасгийн хурлын тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолт, А ТӨҮГ-ын захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам батлах тухай тушаал, Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам, А ТӨҮГ-ын захирлын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/286 дугаар Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай тушаал, Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний А/176 дугаар Мэргэжлийн шалгалтын комиссыг шинэчлэн байгуулах тухай тушаал, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07/4940 тоот Тушаалын хуулбар хүргүүлэх тухай албан бичиг, Мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаал, А ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хүчингүй болсон дүрэм, журмыг үндэслэн тушаал гаргасан учраас уг тушаал хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталж, ажилтанд танилцуулаад гарын үсэг зуруулах ёстой боловч ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй. Нэхэмжлэгч П.Б-ын гаргасан гэх зөрчил хангалттай баримтаар тогтоогдоогүй учраас А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажлаа зохих түвшинд зохион байгуулаагүй, шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүй, комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээсэн, ажилтнуудын цагийн бүртгэлийн дэвтэр хөтлөөгүй, ирцийн бүртгэлийн ERP системд хяналт тавиагүй зөрчил гаргасан. Нэхэмжлэгч П.Б зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд П.Б-ын гаргасан зөрчлүүд тус үйлдвэрийн Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны шалгалтаар тогтоогдсон учраас тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

4. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

 

Нэхэмжлэгч нь А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаалаар тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байнгын комиссыг байгуулжээ.

 

А ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №1 дүгээр тэмдэглэлээр П.Б-ын А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэсэн байна.

 

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус дүүрэгт байгуулагдаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/508 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар А ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Мэргэшсэн жолоочийн тасгийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгон албан тушаал бууруулжээ.

 

Тушаалд Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан А ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.6.1, 11.6.5, 11.6.24, 11.6.35, Захирлын 2018 оны А/286 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам-ын 3.1.3, 6.1, 2019 оны А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 3.2, 4.2.2 дахь заалтуудыг үндэслэжээ.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэж заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

 

Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд автахгүй, үйл ажиллагаандаа холбогдох хууль, тогтоомж, үйлдвэрийн гаүрын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахин мөрдөн ажиллах ба хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэх үүрэгтэй талаар талууд хөдөлмөрийн гэрээний 3.1-т тохиролцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөхтэй холбогдуулан А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн баталж, нэхэмжлэгч П.Бтай 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

А ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.2-т зааснаар Ажилтан нь үйлдвэрийн газрын энэхүү журам болон үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг сахиж, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

 

А ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.6.1-т Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, холбогдох заалтуудыг биелүүлээгүй, Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй биелүүлсэн, биелүүлээгүй, 11.6.5-д Хууль тогтоомж, дүрэм, журам илт зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн, 11.6.24-т Албан тушаалын байдлаа урвуулах буюу хэтрүүлэх, хувийн сэдэлттэй өс хонзонгийн зорилгоор албан тушаалаа ашиглах, үүрэгт ажилдаа хайнга хандах, хууль бусаар бусдаас төлбөр, торгууль авч ашиглах, хувийн хэрэгцээнд хэрэглэх, 11.6.35-д Үйлдвэрийн газрын нэгж, салбарын даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан үйлдвэрийн газрын үйл ажиллагаа доголдуулсан, ажлаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй үйлдэл, эс үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заажээ.

 

7. Хариуцагч А ТӨҮГ нэхэмжлэгч П.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтын 1.1, 2.1, 3.1, 3.6, 3.6, 3.8, 3.12-т заасан үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажлаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй, шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүй, комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж өгсөн зэрэг зөрчил гаргасан нь өөрийнх нь гаргасан тайлбар болон хяналт шинжилгээ дотоод аудитын албаны мэргэшсэн жолоочийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалтгалт хийсэн санал дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарласан.

 

7.1. А ТӨҮГ-ын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албанаас тус үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б нь ажилчдын цаг бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, ирцийг бодит бус ERP программд хяналт тавиагүй, шалгалт авах ажлын хуваарь батлаагүйгээс ажлын ачаалал харилцан адилгүй, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 4.2.2-т заасныг баримтлан ажиллаагүй, тасгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2022 онд хийх ажлын төлөвлөгөө гаргасан боловч баталгаажуулаагүй, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хяналт, шалгалтын үед ХАБЭА-н Нийт ажилтнуудад өгөх өдөр тутмын нийтлэг зааварчилгаа-ны дэвтэргүй, зочны зааварчилгааны дэвтэр байхгүй, гурван шатны хяналтын дэвтэр дээрх тэмдэглэгээ 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хөтлөөгүй, дээрх эрсдэлийн талаар тасгийн дарга П.Б-д анхааруулж зөвлөгөө өгсөн боловч 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шалгахад зөрчил дахин давтагдсан, Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/176 дугаар Мэргэжлийн шалгалтын комисс байгуулах тушаалыг баримтлалгүй комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээсэн нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үйлдвэрийн газрын захирлын А/286 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам-ын 6.1 дэх заалтыг баримтлан ажиллаагүй зөрчлийг илрүүлэн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах саналыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст хүргүүлжээ.

7.2. Цаг бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, цаг бүртгэлийн ERP программд хяналт тавьж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 3 дахь заалт, 3.12-т заасан үүргээ биелүүлээгүй зөрчлийн талаар:

 

А ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б-ын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-ын 3-т Тасгийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилт үр дүнг тайлагнах-аар заасан бөгөөд уг зорилтын 3.12-т зааснаар Тасгийн ажилтны цаг ашиглалтад хяналт тавих үүрэгтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч П.Б 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд ...Ажлын цаг ашиглалтын байдал тус тасагт орон тоо дутуу ажиллаж байгаа тул өндөр байдаг. Харин Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хурууны хээний төхөөрөмж ашиглахгүй байгаа ба ажилтнууд ERP системд тэмдэглэл хийж бүртгэлжүүлж байна. Энэ шалгалтын дараагаас цагийн бүртгэлийн дэвтэр ашиглаж байна. Хувь хүний биометрик мэдээлэл ашиглахгүй байх хуулийн хэрэгжилтийг харзнан хурууны хээний төхөөрөмжийг ажиллуулаагүй гэх тайлбар гаргажээ.

 

Иймд Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б ажлын байрны тодорхойлолтод Тасгийн ажилтны цаг ашиглалтад хяналт тавих гэж зааснаас үзэхэд цагийн бүртгэлийн ERP системд хяналт тавих үүрэггүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.Быг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

7.3. Шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүй зөрчлийн талаар:

А ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б-ын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-ын 2-т Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, статистик тайлан мэдээг боловсруулах, тайлагнах, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалт, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх-ээр заасан бөгөөд уг зорилтын 2.1-т зааснаар Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх хэвлэх, үнэмлэх олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй байна.

 

А ТӨҮГ-ын захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 4.2.2-т Шалгалтын комиссын гишүүн нь тасгийн даргын баталсан хуваарийн дагуу мэргэжил, ур чадварын шалгалтыг авах үүрэгтэй байна.

 

А ТӨҮГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-ыг шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүйгээс ажлын ачаалал харилцан адилгүй, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 4.2.2-т заасныг баримтлан ажиллаагүй зөрчил гаргасныг тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч дээрх зөрчлийн талаар Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албанд гаргасан тайлбартаа ...тус тасгийн шалгалтын мэргэжилтнүүдийн ажлын хуваарийг батлуулаагүй нь журам зөрчсөн байдалтай байгаа нь шалгалтын мэргэжилтнүүдийг авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, өглөө ажил эхлэхэд нь шалгалтын хуваарийг хийж байгаа учраас хуваарь батлан мөрдөх боломжгүй байгаа юм... гэж тайлбарлажээ.

 

Иймд тушаалд дурдсан А ТӨҮГ-ын захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 4.2.2-т заасныг баримтлан ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтын 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах ... үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.4. Комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж өгсөн зөрчлийн талаар:

 

А ТӨҮГ-ын захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн онолын шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаанд баримтлах журам-ын 3.2.-т Шалгалт авах эрх бүхий этгээд гэж Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан мэргэшсэн жолоочийн шалгалтын комиссын гишүүн бөгөөд шалгалт авч буй этгээдийг хэлнэ гэж заажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/176 дугаар Мэргэжлийн шалгалтын комиссыг шинэчлэн байгуулах тухай тушаалаар Мэргэжлийн шалгалтын комиссыг шинэчлэн баталж, комиссын даргаар Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга, комиссын нарийн бичгийн даргаар А ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга, гишүүдэд А ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Б.Ж, Б.М, Л.Г, Б.Т ... нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 

А ТӨҮГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-ыг ...шалгалтын комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж өгсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч байгууллагаас хэрэгт нотлох баримтаар өгсөн Мэргэшсэн жолоочийн системийн шалгалтын программын эрх нээсэн, хаасан лог гэх баримтаар 2022 оны 01дүгээр сарын 14-ний өдрийн 9:34-т Х.М-т шалгалт эхлүүлэх, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8:42, 9:15-д С.Б-т шалгалтанд бүртгэх, шалгалт эхлүүлэх эрх олгосон болох нь тогтоогдож байна.

 

Энэ талаар нэхэмжлэгч П.Б Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа ...Тасгийн ахлах мэргэжилтэнд ажил, үүргийн шаардлагаар тухайн эрх олгогддог болно. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шалгалтын мэргэжилтэн Б.М мэргэжилтэн С.Б-ийн ERP хаягаар нэвтэрч дүн тавьсан асуудал гарсныг тайлбар бичиж үлдээх чиглэл өгсөн. Харин шалгалт авах биш зөвхөн харах эрхтэй мэргэжилтэн С.Б-ийн эрх дээр уг дромын дүн яагаад тавигдсаныг Мэдээлэл технологийн хэлтсээс тодруулах шаардлагатай гэж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тайлбартаа ...Шалгалт авах эрх үүсээгүй хүнд шалгалт авах программын эрх олгох асуудал зөвхөн Х.М ахлах мэргэжилтэн дээр ажил, үүргийн шаардлагаар үүссэн. Харин өөр мэргэжилтэнд эрх олгосон зүйл нэгээхэн ч байхгүйг батална. Эрх олгоогүй мэргэжилтэн дээр дүн тавигдсан асуудал нь миний админ эрхээс давсан хүчин зүйл гэж ойлгож байна гэж тайлбарлажээ.

 

А ТӨҮГ-ын захирлын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/286 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам-ын 3.1.3-т Админ эрх бүхий хэрэглэгч гэж удирдах албан тушаалтнаас гарсан албан шийдвэрийн дагуу мэргэшсэн жолоочийн шалгалтын программд нэвтрэх мэргэжилтнүүдийн эрх нээх, хаах программын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг мэргэшсэн жолоочийн тасгийн дарга удирдан зохион байгуулна гэж, 6.1-т Шалгалтын программд оруулсан мэргэшсэн жолоочийн талаарх мэдээллийн үнэн зөвийг тухайн мэдээлэл оруулсан бүртгэл хөтлөх эрх бүхий мэргэжилтэн хариуцах, мөн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, асуудал хариуцсан удирдах албан тушаалтан хяналт тавина гэж тус тус заасан байна.

 

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/176 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн шалгалтын комиссын гишүүн бус, шалгалт авах эрхгүй Х.М, С.Б нарт шалгалтанд бүртгэх, шалгалт эхлүүлэх эрх олгож, Мэргэшсэн жолоочийн цахим программын үйл ажиллагааг зохицуулах журам-ын 3.1.3, 6.1-т заасан программын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

7.5. Тасгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2022 онд хийх ажлын төлөвлөгөө гаргасан боловч баталгаажуулаагүй, Нийт ажилтнуудад өгөх өдөр тутмын нийтлэг зааварчилгаа-ны дэвтэргүй, зочны зааварчилгааны дэвтэр байхгүй, гурван шатны хяналтын дэвтэр дээрх тэмдэглэгээ 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хөтлөөгүй зөрчлийн талаар:

 

А ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн дарга П.Б-ын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-ын 3 дугаар зорилтын 3.6-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, 3.8-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах үүрэгтэй байна.

 

А ТӨҮГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-ыг ...тасгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2022 онд хийх ажлын төлөвлөгөө гаргасан боловч баталгаажуулаагүй, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хяналт, шалгалтын үед ХАБЭА-н Нийт ажилтнуудад өгөх өдөр тутмын нийтлэг зааварчилгаа-ны дэвтэргүй, зочны зааварчилгааны дэвтэр байхгүй, гурван шатны хяналтын дэвтэр дээрх тэмдэглэгээ 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хөтлөөгүй, дээрх эрсдэлийн талаар тасгийн дарга П.Б-д анхааруулж зөвлөгөө өгсөн боловч 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шалгахад зөрчил дахин давтагдсан нь тогтоогдож байна.

 

Энэ талаар нэхэмжлэгч П.Б Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тайлбартаа ...Тасгийн нийт албан хаагчид Хөдөлмөрийн аюулгүй байдын үйл ажиллагаандаа тухай бүр бүртгэл хийж гарын үсэг зуруулаагүй зөрчил гарсан нь бид оффисын ажил гүйцэтгэж байгаа тул ERP-ийн зөвлөмжийг зөвшөөрснөө гарын үсэг зурсанд тооцно гэж ойлгож байснаас болсон гэж үзэж байгаа ба нөхөж дэвтэртээ гарын үсэг зуруулан ажиллаж байна гэж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны саналд өгөх тайлбартаа ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага бүхий шалгалтын мэргэжилтэнд давхар хариуцуулан ажиллаж байсан. Оффисын ажилтнууд ERP системийн ХАБ-ын зааварчилгаатай танилцан зөвшөөрөх үйлдэл хийснээр өдөр тутмын зааварчилгаа авсан гэж ойлгож байсан тул дэвтрийн хөтлөлтөд тавих хяналт суларсан, ХАБЭА-н төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Одоогийн байдлаар дээрх алдаа дутагдлуудыг бүрэн арилгасан гэж тайлбарлажээ.

Иймд дээрх зөрчил нь мөн тогтоогдсон гэж үзнэ.

 

8. Хариуцагч А ТӨҮГ нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.7, 11.8-д зааснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоож, зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулжээ.

 

Мөн хариуцагч А ТӨҮГ нь Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга П.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар П.Б-д мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан мөн хуулийн 123.4-т заасан хугацааны дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүчингүй болсон дүрэм, журмыг баримтлан тушаал гаргасан гэж тайлбарласан боловч хариуцагч А ТӨҮГ нь зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй үйл баримттай талууд хэн аль нь маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль /2001 он/ үйлчилж эхэлсэнтэй холбоотой тус байгууллагын дүрмийг өөрчлөх ёстой байсан гэх нэхэмлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч П.Б-ын хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан гаргасан А газрын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А ТӨҮГ-ын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ