Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00516

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын хариуцагч А- ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А-ийн мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шинэ Хөдөлмөрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, ажлын байрны тодорхойлолтын 1.1, 2.1, 3.1, 3.8, 3.12-т заасан үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажлаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй, шалгалтын комиссын гишүүдийн шалгалт авах журмын дагуу баталж ажиллуулаагүй, комиссын гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж, өгсөн зэрэг зөрчил гаргасан нь өөрийнх нь гаргасан тайлбар болон хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны мэргэшсэн жолоочийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн санал дүгнэлтээр тогтоогдсон тул 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж. мэргэшсэн жолоочийн тасгийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгон албан тушаал бууруулсан. Ийнхүү албан тушаал бууруулж сахилгын шийтгэл ногдуулан мэргэшсэн жолоочийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Надад холбогдуулан ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх үйлдлийг хууль ёсны дагуу шалгаж, тогтоогоогүй талаар дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Ажилчдын цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг байсан ба ковид-19 цар тахлын улмаас уг төхөөрөмжөөр цаг бүртгэлгүй, ЕRP системд тэмдэглэл хөтөлж ирсэн. Тухайн нэгжийн ажиллагсад системд тэмдэглэл хийж, нилээд хугацаагаар ажиллаж ирсэн ба энэ зохицуулалтыг албан ёсоор цуцлаагүй тул гар бүртгэлийг ашигладаггүй байсан. Шалгалтын хуваарийг батлуулан ажиллахад шалгалтын мэргэжилтэнг авилга, ашиг сонирхлын зөрчилд холбогдуулах магадлал ихэсч, хэн нэгний захиалгат шалгалт болох эрсдэл гардаг тул урьдчилан сэргийлэх үүднээс шалгалт авах мэргэжилтнийг тухайн өглөө нь хуваарилан ажиллаж байсан. Харин ур чадварын шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу авдаг. Шалгалтын мэргэжилтнүүдийн ажлын ачааллын хувьд цөөн өдрөөр харахад тухайн өдөр танхимын шалгалт авсан хүн хамгийн их, орон нутгийн шалгалт, ур чадварын шалгалт авсан хүн цөөн шалгалт авсан байдалтай харагдах боломжгой. Энэ талаар тайлбарыг амаар болон бичгээр өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр туршлага бүхий шалгалтын мэргэжилтэнд давхар хариуцуулан ажиллаж байсан. Оффисийн ажилтнууд ЕRP системийн зааварчилгаатай танилцан зөвшөөрөх үйлдэл хийснээр өдөр тутмын зааварчилгаа авсан гэж ойлгож байсан тул дэвтрийн хөтлөлтөд тавих хяналт суларсан, төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Одоогийн байдлаар дээрх алдаа дутагдлуудыг бүрэн арилгасан. Шалгалт авах эрх нь сайдын тушаалаар баталгаажсан комиссын гишүүдэд шалгалт авах эрхийг нээдэг, харин ажлын байрны тодорхойлолтын шаардлага, дотоод ажлыг зохион байгуулан ажиллах чиг үүргийн дагуу ахлах мэргэжилтэнд дээрх эрхийг нээсэн. Мэдээлэл, судалгаа бүртгэлийн мэргэжилтэнд олгосон эрх нь шалгалтыг харах статустай эрх гэж ойлгож байгаа ба МТХ-ээс нарийвчлан тодруулах шаардлагатайг удаа дараа тайлбарласан. Энд ямар нэгэн ашиг сонирхол байхгүйн логик гаргалгааг ч мөн тайлбарласан. Төрийн үйлчилгээний чиг үүргийн байгууллагад дотоод хяналтыг нэг талыг барьсан, ялгавартай, захиалгатай мэт ойлгогдохуйцаар хэт кримнал арга барилаар явуулах нь хир зохистой талаар бодохоос аргагүй байдалд хүрч байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шаадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: П.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үйл явц нь мэргэшсэн жолоочийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар П.Б- нь үндсэн чиг үүргээ биелүүлэхгүй, үйл ажиллагаанд буруу хандсан, шалгалт авах хуваарийг журмын дагуу баталж ажиллуулаагүй, гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээж өгсөн зэрэг зөрчил гаргасан. Энэ нь өөрийнх нь гаргасан би шалгалтын комиссыг батлаагүй. Авлига, ашиг сонирхлоос сэргийлж, шалгалтын комиссыг батлаагүй гэсэн тайлбараар нотлогдоно. Комиссын гишүүн биш хүнд шалгалтын эрх нээж өгсөн. Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. 2016 онд Авто тээврийн үндэсний төвийн дүрмийг 55 дугаар тогтоолоор баталсан. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны зарчмыг тогтоож өгсөн эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм байгаа. Ажлын байрны тодорхойлолтод тасгийн үйл ажиллагаа, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, үр дүнг тайлагнах гэж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гэж зааж өгсөн байхад ажилчдын цаг бүртгэл дээр хяналт тавьж ажилладаггүй байсан. Зам тээврийн хөгжлийн сайдаас шалгалт авах эрх бүхий албан тушаалтныг баталж өгсөн байхад П.Б- шалгалт авах албан тушаалтан биш өөр хүнд шалгалт авах эрх нээж өгсөн. Комиссын шалгалтын хуваарь батлах ёстой байтал батлаагүй. Үүнийг П.Б- тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. П.Б- сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Дотоод хяналт шалгалтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А- ТӨҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай сайн үнэлээгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй бөгөөд утга, агуулга, шийдвэрийн хувьд алдаатай, зөрчилдөөнтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаалаар тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байнгын комиссыг байгуулсан гэж дүгнэсэн. Гэтэл миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад харуйцагч манайд маргаан таслах зөвлөл байхгүй гэж хариу өгч байсан. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа маргаан таслах зөвлөлийг нөхөн байгуулсан. Авто тээврийн үндэсний төв ажилчдын цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг байсан ба ковид-19 цар тахлын улмаас уг төхөөрөмжөөр цаг бүртгэлгүй, ERP системд тэмдэглэл хөтлөн явж ирсэн. Нисдэг машин төв дээр ажилладаг бүртгэлийн салбар, өөр бусад салбарт ч энэ жишгээр цаг бүртгэн ажиллаж байгаа. Тухайн нэгжийн ажиллагсад системд тэмдэглэл хийж нилээд хугацаагаар ажиллаж ирсэн ба энэ зохицуулалтыг албан ёсоор цуцлаагүй тул гар бүртгэлийг ашигладаггүй байсан. ERP системийн тэмдэглэлийг бодит бус гэж үзээд байгаа тайлбар авахыг хүсч байгаа ба ERP системд хяналт тавих субъект биш байсан. Шалгалтын хуваарийг батлуулан ажиллахад шалгалтын мэргэжилтэнг авилга, ашиг сонирхлын зөрчилд холбогдуулах магадлал ихэсч, хэн нэгний захиалгат шалгалт болох эрсдэл гардаг тул урьдчилан сэргийлэх үүднээс шалгалт авах мэргэжилтнийг тухайн өглөө нь хуваарилан ажиллаж байсан. Шалгалт авах эрх нь сайдын тушаалаар баталгаажсан, комиссын гишүүдэд шалгалт авах эрхийг нээдэг, харин ажлын байрны тодорхойлолтын шаардлага, дотоод ажлыг зохион байгуулан ажиллах чиг үүргийн дагуу ахлах мэргэжилтэнд дээрх эрхийг нээсэн. Мэдээлэл судалгаа бүртгэлийн мэргэжилтэнд олгосон эрх нь шалгалтыг харах статустай эрх байсан. Түүнийг мэдээлэл технологийн хэлтэс хариуцах үүрэгтэй байсан.

4.а.Хууль буруу хэрэглэсэн. Мөн шинэ Хөдөлмөрийн хууль тогтоомж батлагдан, дагаж мөрдөж эхэлснээс хойш Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шинээр байгуулсан боловч ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, танилцуулаагүйгээр маргаан бүхий 198 дугаар тушаалыг гаргасан. Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, шинээр байтлуулаагүй, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад үүнээс 19 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалттай зөрчилдаж байгаа юм. Иймд Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, хууль дээдлэх, зарчмыг баримтлалгүйгээр миний эрхийг зөрчиж, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: А- 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулсан. Нэхэмжлэгч талаас А-д хандсан тухай баримт хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн байгуулаагүй байна гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч мэргэшсэн жолоочийн тасгийн дарга байсан. Мэргэжлийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт батлагдсан. Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж байгаатай холбогдуулан заавал ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт тодорхой заалтууд орсонтой холбогдуулан хөдөлмөрийн дотоод журмыг өөрчилсөн. Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм танилцуулаагүй гэдэг боловч Д.Батжаргалын гарын үсэгтэй танилцуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч А- ТӨААТҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 тоот албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч А- ТӨААТҮГ-ын захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтсийн даргатай 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар ажиллаж байгаад тус газрын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр мэргэшсэн жолоочийн тасгийн мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн болгож, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 5-р тал/

 

4.а.Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн эсэх талаар талууд маргасан ба А- ТӨААТҮГ-ын хяналт, шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар П.Б- нь ажилчдын цаг бүртгэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, шалгалт авах ажлын хуваарь батлуулаагүй, тасгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг баталгаажуулаагүй, ажилтнуудад өгөх өдөр тутмын зааварчилгааны дэвтэргүй, зөрчлийг арилгах талаар сануулсан боловч арга хэмжээ аваагүй, мэргэжлийн шалгалтын комиссийн гишүүн бус ажилтнуудад шалгалтын эрх нээсэн зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. /хх-ийн 68-69-р тал/

 

4.б.Нэхэмжлэгч П.Б- нь дээрх зөрчлүүдээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллаагүйгээ хүлээн зөвшөөрсөн, мөн шалгалт авах ажлын хуваарь батлуулаагүй үндэслэлээ мэргэжилтнүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, ажил эхлэхэд шалгалтын хуваарийг хийж байгаа учраас хуваарь батлан мөрдөх боломжгүй гэж тайлбарлан, бусад зөрчлийг эс зөвшөөрсөн тайлбарыг ажил олгогчид хандан гаргажээ. /хх-ийн 82-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Б- нь А- ТӨААТҮГ-ын хяналт, шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг үгүйсгээгүй байна.

 

4.в.Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын гүйцэтгэвэл зохих ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан заасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Б-ын гаргасан гэх зөрчлүүдээс ажилчдын цаг бүртгэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх зөрчлөөс бусад зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

 

4.г.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4-т зааснаар ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахад ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад хэд хэдэн зөрчил гаргасан байхыг шаардахгүй.

 

4.д.Нэхэмжлэгч П.Б-ын хувьд А- ТӨААТҮГ-ын хяналт, шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн, мөн зөрчил тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байх тул нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд А- ТӨААТҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/198 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ