Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/00951

 

 

 

 

 

 

 

 

2023 03 29

181/ШШ2023/00951

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.А-ийн хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, UB central residence .. дугаар байр, ... тоотод байрлах 94.86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б, Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Саранчимэг нар оролцов.

/Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, UB central residence **- дугаар байр, *** тоот байрлах 94.86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Атай №2018/01/25-114-157 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээгээр талууд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB central residence хотхоны ** байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг захиалах, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд өгөх үүргийг хүлээсэн байдаг.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 1.7-д Талууд орон сууцны төлбөрийг 432,374,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэхүү төлбөрт гүйцэтгэгчийн зүгээс 24,474,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дагуу орон сууцны гэрээний нийт төлбөр 407,900,000 төгрөг болсон гэж заасан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2018/01/025-114-157-НГ-01 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж орон сууцны төлбөр болох 407,900,000 төгрөгийг төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон.

Дээр дурдсан нэмэлт гэрээний 2.1, 2.2-т Захиалагч тал нь.... төлбөрийн дүн болох 407,900,000 төгрөгөөс тооцож сарын 1.2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү нэмэлт гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 2.2-т заасны дагуу Захиалагч нь орон сууцны төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтанд оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Гэтэл захиалагч Б.А нь манай компанитай гэрээ байгуулж, худалдан авсан орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг төлөх үндсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийсэнгүй.

Манай байгууллагын зүгээс Б.А-д орон сууцны төлбөрийг төлж барагдуулах хангалттай хугацаа, нөхцөл боломж олгосон төдийгүй, өнөөдрийг хүртэл орон сууцанд нь ямар нэгэн саадгүйгээр, төлбөр авахгүйгээр амьдруулсан. Гэтэл захиалагчийн зүгээс орон сууцны төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрснээс үзэхэд тэрээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулах хүсэл сонирхол байхгүй, цаашид ч төлөхгүй гэдэг нь тодорхой байна гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т Захиалагч тал Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээ болон энэхүү нэмэлт гэрээнд заасан хуваарьт төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар, дангаар гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Манай компанийн зүгээс Б.А-д удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн төдийгүй хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, UB central residence хотхоны **- дугаар байр, *** тоот байрлах 94.86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.А-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие тус компанийн барьсан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** байр, ** тоотыг худалдан авахаар гэрээ байгуулаад тус орон сууцанд амьдарч байна. Төлбөр тооцооны асуудлыг харилцан тохиролцсоны дагуу төлөх боломжтой. Гэвч тус компани нь миний болон манай байрны бүх оршин суугч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банк ХХК-д барьцаалсан шалтгаанаар одоо хүртэл байрны гэрчилгээ гаргаж шилжүүлж өгөхгүй байгаа ба одоо энэ асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Манай байрны бүх оршин суугч нар энэ асуудалд хамаарч байна. Хэрэв Г ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д зээлээ төлж барагдуулахгүй бол оршин суугч нар хохирох эрсдэлтэй байна. Г ХХК болон миний бие Худалдаа хөгжлийн банк ХХК-тай гурвалсан гэрээ байгуулаад төлбөр мөнгийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шууд миний нэр дээр шилжүүлж гаргаж өгнө гэх юм бол миний бие татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал тохирсон ёсоор төлбөр төлөхөд татгалзах зүйл байхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд төлбөр тооцоог дуусгахгүй бол миний эрх ашигт хохирол үүсээд байгаа болно. Миний орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Э, Д.М, П.Б нарт олгосон итгэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №2018/01/25-114-157 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/01/25-114-157-НГ-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/011 дугаар, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/116 дугаар Г ХХК-ийн албан бичиг, хавсралт, Ү-2203033221 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Г ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/273 дугаар албан бичиг, Ү-2203046520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01447 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/26 дугаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл Сүхбаатар дүүрэг, Юү Би Централ сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, Г ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/91 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Д.Т-т олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Т.Ч-т олгосон итгэмжлэл, Г ХХК руу төлбөр шилжүүлсэн баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Г ХХК-ийн дүрэм, эцсийн өмчлөгчийн талаарх лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, усны гудамж, 27 тоот хаягт байршилтай, Ү-2203033221 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө тус банкны барьцаанд байгаа эсэх лавлагаа, Г ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн бүртгэлийн газраас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 27 дугаар байрны 114 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгч бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол өмчлөгчийн талаар лавлагаа, нэхэмжлэгч Г ХХК-иас эд хөрөнгийг хариуцагч Б.А-д хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.А уг орон сууцыг хэзээнээс эхлээд эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Атай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB central residence хотхоны ** дугаар байр *** тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцсоны дагуу хариуцагч Б.А-д орон сууцыг хүлээлгэн өгсөн, тэрээр өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй тул тус орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Б.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.А миний бие Г ХХК-тай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB central residence хотхоны ** байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцсон боловч Г ХХК нь тус орон сууцыг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд тавьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Г ХХК, Б.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №2018/01/25-114-157 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 27 дугаар байрны 114 тоотод байрлах 94.86 м.кв, 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 407,900,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. /хх5-9/

 

4.2. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №20185/01/25-114-157-НГ-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний 1.9-д заасан хуваарьт төлбөрийн нийт дүн болох 407,900,000 төгрөгөөс тооцож сарын 1.2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх10-12/

 

4.3. Нэхэмжлэгч Г ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, усны гудамж 27 тоот хаягт байршилтай 32153.7 м.кв талбайтай, зочид буудал, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033221 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 27 дугаар байрны 114 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5/1606 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх38, 176/

 

4.4. Хариуцагч Б.А нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын маргаагүй тайлбар, Юу Би Централ Сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/26 тоот Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, UB Central residence хотхоны 27 дугаар байрны 114 тоот орон сууцанд оршин суугч иргэн Баатар овогтой Амарсанаа нь СӨХ-ийн төлбөрийг 2018 оны 01 сараас 2023 оны 02 сарыг дуустал 4,897,671.60 төгрөгийг төлөөгүй болохыг тодорхойлов гэх албан бичгээр тогтоогдож байна. /хх190/

 

4.5. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central residence хотхоны 27 дугаар байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033221 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк ХХК, Г ХХК нарын байгуулсан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/10958 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх76-103, 121/

 

4.6. Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Б.А-д 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/111 тоот албан бичгээр ...UB Central residence хотхоны 27 дугаар байрны 114 тоот байрны захиалагч Б.А таны 2018/01/25-114-157 тоот үндсэн гэрээний 1.9-д заасан хуваарьт төлбөрүүд, 2018/01/25-114-157-НГ-01 нэмэлт гэрээний 2.2-т заасан нэмэгдэл төлбөрүүд тус тус хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл огт төлөгдөөгүй байна. Та хугацаандаа төлөөгүй дээрх төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гүйцээн төлөх арга хэмжээ аваагүй тохиолдолд захиалгын гэрээ цуцлагдсанд тооцож, 114 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг үүгээр шаардаж байна гэж, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/116 тоот албан бичгээр ...UB Central residence хотхоны 27 дугаар байрны 114 тоот байрны захиалагч Б.А таны 2018/01/25-114-157 тоот үндсэн гэрээний 1.9-д болон 2018/01/25-114-157-НГ-01 нэмэлт гэрээний 2.2-т заасан хуваарт төлбөрөөс 407,900,000 төгрөг хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл огт төлөгдөөгүй байгаа тул үндсэн гэрээний 3.5 дугаар заалт нэмэлт гэрээний 2.4 дүгээр заалтыг үндэслэн Б.А тантай байгуулсан захиалгын гэрээг цуцалж байна. Захиалгын гэрээг цуцалсан тул нэмэлт гэрээний 2.7 дугаар заалтын дагуу Б.А таныг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор UB Central residence орон сууцны 114 тоот орон сууцыг Г ХХК-д хүлээлгэн өгөхийг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /хх15-16/

 

4.7. Хариуцагч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг Г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 8150000165 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. /хх129-130/

 

5. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №2018/01/25-114-157 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №20185/01/25-114-157-НГ-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулагдсан, хариуцагч Б.А дээрх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB central residence хотхоны 27 дугаар байр 114 тоот орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа үйл баримтын талаар болон хариуцагч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45,000,000 төгрөг төлсөнтэй маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Г ХХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл гэж үзэв.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №2018/01/25-114-157 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ээр Г ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах 94.86 м.кв, 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 407,900,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №20185/01/25-114-157-НГ-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний нэмэлт гэрээ-ээр захиалагч нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-114-157 тоот гэрээний 1.9-д заасан хуваарьт төлбөрийн нийт дүн болох 407,900,000 төгрөгөөс тооцож сарын 1.2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т тус тус зааснаар талууд орон сууцны үнийг мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлох журам зэргийг харилцан тохиролцож тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Г ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод байрлах 94.86 м.кв, 3 өрөө орон сууцыг Б.А-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигчийн тайлбарт дурдсанаар төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон талуудын тохиролцоог үгүйсгэх боломжгүйн зэрэгцээ Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/10958 тоот албан бичгээр байр захиалсан иргэд төлбөр тооцоогоо Г ХХК-тай бүрэн хийж дуусгасан, уг төлбөр тооцоо нь Г ХХК-ийн банкан дахь зээлд төлөгдөхөд зарцуулагдсан, эсхүл орон сууцны төлбөрөө Г ХХК-ийн зээлд бүрэн төлөх нөхцөлтэйгээр арилжааны банкны зээл олгох холбогдох шийдвэр гарсан зэрэг тохиолдолд худалдан авч буй хөрөнгийг зээлийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх тухай албан бичгийг Г ХХК-д өгөх байдлаар ажиллаж байгаа нь тогтоогдсон.

 

Харин хариуцагч Б.А нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45,000,000 төгрөгийг Г ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул түүнийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заажээ.

 

Хариуцагч Б.А нь гэрээгээр тохирсон төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Г ХХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид олгосон боловч үр дүн гараагүйн улмаас 2022 оны 01 дүгээр сарын 04, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн болох нь тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central residence хотхоны 27 дугаар байрны 114 тоот орон сууцыг Б.А-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central residence хотхоны ** дугаар байрны **** тоотод байрлах 94.86 м.кв, 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.А-д даалгаж, хариуцагч Б.А-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-иас гаргуулан хариуцагч Б.А-д олгохоор шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хариуцагч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрх үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. Улмаар 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-т, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-т тус тус итгэмжлэл олгосон. Шүүх хариуцагч талын гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хэргийн нотлох баримттай танилцах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, 2022 оны 7 дугаар сарын 06, 2022 оны 7 дугаар сарын 26, 2022 оны 9 дүгээр сарын 21, 2022 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 11 дүгээр сарын 01, 2022 оны 11 дүгээр сарын 16, 2022 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 20, 2023 оны 01 дүгээр сарын 03, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.А-д 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.А өөрөө гардаж авсан болох нь Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсаар тогтоогдсон. Шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11:07 минутад нээхэд хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай ямар нэг хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байсан тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ийн зүгээс тус шүүхийн тамгын газрын цахим шуудангаар шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 10 цаг 53 минутанд илгээснийг 11:00 цагт утсаар мэдэгдсэний дагуу Тамгын газрын цахим шууданг шүүлгэн 11 цаг 17 минутанд гаргаж, 11 цаг 18 минутанд шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэлийг Мэдээлэл, лавлагааны ажилтан Л.Мөнхзул, шүүгчийн туслах М.Мөнхцацрал нар тэмдэглэл үйлдсэнийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central residence хотхоны ** дугаар байрны **** тоотод байрлах 94.86 м.кв, 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.А-д даалгаж, нэхэмжлэгч Г ХХК-иас 45,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ