Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01204

 

2023 06 19 210/МА2023/01204

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00951 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А д холбогдох, *** орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани 2018 оны 01 сарын 02-ны өдөр иргэн Б.А тай *** тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний 1.7-д талууд орон сууцны төлбөрийг 407,900,000 төгрөг байхаар заасан. 2018 оны 01 сарын 02-ны өдөр *** дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай *** тоот гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж орон сууцны төлбөр болох 407,900,000 төгрөгийг төлөх хуваарийг тогтоосон. Дээр дурдсан нэмэлт гэрээний 2.1-т Захиалагч тал нь ... төлбөрийн дүн болох 407,900,000 төгрөгөөс тооцож сарын 1,2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү нэмэлт гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй гэж заасан ба 2.2-т зааснаар захиалагч нь орон сууцны төлбөрийг 2018 оны 12 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтад оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн. Б.А худалдан авсан орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг төлөх үндсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлтийг хийгээгүй. Б.А д орон сууцны төлбөрийг төлж барагдуулах хангалттай хугацаа өгч, нөхцөл боломж олгосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т ...гэрээнд заасан хуваарьт төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар, дангаар гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Б.А д удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна. Иймд Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, UB central recidense хотхоны 27-р байр, 114 тоот хаягт байрлах 94,86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.А гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие тус компанийн барьсан *** тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулаад тус орон сууцанд амьдарч байна. Төлбөр тооцооны асуудлыг харилцан тохиролцсоны дагуу төлөх боломжтой. Гэвч тус компани миний болон манай байрны бүх оршин суугчдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Х ХХК-д барьцаалсан шалтгаанаар одоог хүртэл байрны гэрчилгээ гаргаж шилжүүлж өгөөгүй байгаа. Хэрэв Г ХХК Х ХХК-д зээлээ төлж барагдуулахгүй бол оршин суугчид хохирох эрсдэлтэй байна. Орон сууцыг Х ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, гаргаж өгнө гэсэн тохиолдолд төлбөр мөнгөө төлөхөд татгалзах зүйл байхгүй. Дээрх арга хэмжээг аваагүй тохиолдолд миний эрх ашигт хохирол үүсэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *** тоот хаягт байрлах 94,86 м.кв, 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.А д даалгаж, нэхэмжлэгч Г ХХК-аас 45,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Миний бие 2023 оны 03 сарын 28-ны өдөр БНХАУ-ын хилээр гарсан ба гарахаасаа өмнө хүсэлтээ бичиж, гадаад паспортын зургаа явуулж, тус шүүхийн и-мэйл хаягаар илгээсэн. Энэ талаар шүүх шийдвэртээ бичсэн байхаас үзэхэд миний хүсэлтийг хүлээн авсан, мэдсэн нь илэрхий байхад хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.б.Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Нэмж гаргах нотлох баримт, хүсэлтүүд байх өндөр магадлалтай, маргаан бүхий асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Гомдол үндэслэлгүй. 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Б.А хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар, 2023 оны 01 сарын 18-ны өдөр мөн адил хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар хуралдааныг хойшлуулж байсан. Хариуцагч 2023 оны 03 сарын 14, 27-ны өдөр болон 2023 оны 02 сарын 02, 07-ны өдрүүдэд ямар нэгэн шалтгаан дурдаж хүрэлцэн ирэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Хариуцагч улсын хилээр гарсан байдлаа шүүхэд мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.А д холбогдуулан *** тоот хаягт байршилтай 94,86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Г ХХК нь орон сууцны барилгыг банкны барьцаанд тавьсан байгаа, барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлбөрийг төлөх боломжтой... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2018 оны 01 сарын 02-ны өдөр *** тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХХК дээр дурдсан орон сууцыг зураг төслийн дагуу техникийн шаардлагыг хангасан материалаар чанартай барих, Б.А 2018 оны 03 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацаанд орон сууцны үнэ нийт 407,900,000 төгрөгийг төлж барагдуулах, ийнхүү төлбөрийг бүрэн барагдуулсны дараа гүйцэтгэгч талтай тооцоо нийлж, орон сууцаа өмчлөлдөө хүлээн авах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-9/

Мөн өдөр талууд ***-НГ-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай *** тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр орон сууцны үнэ болох 407,900,000 төгрөгөөс сарын 1,2 хувийн нэмэлт төлбөр тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 10-12/

Маргаан бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр Г ХХК улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /хх 38/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Г ХХК маргаан бүхий орон сууцыг 2018 оны 01 сард Б.А гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн боловч Б.А нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр огт төлөөгүй, харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2022 оны 11 сарын 30-ны өдөр нийт 45,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 130-131/

Хариуцагч Б.А нь *** тоот гэрээний 1.8, 1.9, ***-НГ-01 тоот гэрээний 2.1, 2.2-т тус тус заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г ХХК *** тоот гэрээний 3.5, ***-НГ-01 тоот гэрээний 2.4-т тус тус заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй байна.

 

6.   2018 оны 01 сарын 02-ны өдрийн *** тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 4.1-д Захиалагч нь орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулж, гүйцэтгэгч талтай тооцоо нийлсний дараа гэрээгээр захиалсан орон сууцаа хүлээн авах...-аар тусгасан байх тул хариуцагч талын гаргасан ...Г ХХК нь орон сууцны барилгыг банкны барьцаанд тавьсан байгаа, барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлбөрийг төлөх боломжтой... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

7.   Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс 45,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

8.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх 60 хоног, нэмэлт 30 хоногийн хугацаа өнгөрсөн;

8.б.Анхан шатны шүүх 2022 оны 07 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр, 2022 оны 07 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр, 2022 оны 09 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангасан үндэслэлээр, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай үндэслэлээр, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, 2022 оны 11 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч хэргийн материалтай танилцах үндэслэлээр, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр, 2023 оны 01 сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон нутагт зорчсон үндэслэлээр, 2023 оны 01 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон нутагт ажилтай үндэслэлээр тус тус хойшлуулсан байна. /хх 34-35, 42-43, 50-52, 61-62, 104-105, 116-117, 135-136, 143-144, 147-148, 153-154/

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг нийт 10 удаа хойшлуулж, хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалттай эдлүүлсэн байна.

8.в. 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдрийн 10:57 минутад цахимаар илгээснийг боломжит хугацаанд шүүхэд ирүүлсэн гэж үзэхгүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд уг нөхцөл байдлыг даргалагч шүүгч мэдээгүй байсан тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

9.   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00951 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.