Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00665

 

 

 

 

 

 

 

 

2023 03 01

181/ШШ2023/00665

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.О,

 

Хариуцагч: Э.А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 91,417,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоотод байрлах 37.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Хариуцагч Э.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Л,

Хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ж.О, Н.А нарт холбогдуулан гаргасан 73,020,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18,396,200 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаар нэмэгдүүлж, хамтран хариуцагч Н.Э-оос татгалзаж, Э.А-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М ББСБ ХХК нь иргэн Ж.О, Н.А нартай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18/41 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 38,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн, жилийн 38.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Ингэхдээ 18/41 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хд-47в байрны 16 тоот хаягт байршилтай 37.3 мкв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалж, гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн нотариатаар гэрчлүүлсэн.

Гэтэл Ж.О, Н.А, Э.А нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөр, хүүг графикт заасан хугацаандаа нэг ч удаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Ж.О, Э.А нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 38,000,000 төгрөг, зээлийн хүүд 24 сарын хугацаанд 29,184,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,233,000 төгрөг, нийт 91,417,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.О нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Ж.О нь тус ББСБ-иас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 38,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47б байр 16 тоотод байрлах, 37.3 м.кв талбайтай орон сууцыг Э.А-ын олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалсан байдаг. Тухайн зээлийг авахад хариуцагчтай хамт ажилладаг байсан Н.Э нь хамтран зээлдэгчээр оролцсон.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагадаа хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 73,023,800 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 18,396,200 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 91,420,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй.

Учир нь, зээлийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Тухайн зээлийн гэрээг үргэлжлүүлж, сунгалт хийгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл 38,000,000 төгрөг, гэрээ байгуулахад тохиролцсон хугацааны буюу нийт 12 сарын хүү 15,504,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,100,800 төгрөг, нийт 56,604,800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсэг буюу 47,462,800 төгрөгийг төлөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Э.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.О, Э.А нар нь 2015 онд танилцсан бөгөөд найз нөхөд, хамтын амьдралын харилцаатай. Гэвч албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, тэдний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Э.А нь тухайн байрыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байхдаа Капитал банктай гуравласан зээлийн гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд 2014 оны 9 дүгээр сард зээлээ бүрэн төлж барагдуулан өөрийн нэр дээр шилжүүлсэн. Уг байрны үндсэн өртөг нь 27,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Э.А нь 2019 оны 10 дугаар сард түц машинаас лавлагаа авахдаа өөрийн байрыг барьцаанд байгаа талаар мэдээд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ хайгаад олоогүй. Ж.О-с асуухад мэдэхгүй гэсэн байдаг.

Э.А нь хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард Ж.О-тэй уулзсан. Ингээд Ж.О, Н.А нар нь үгсэн хуйвалдаж миний байрыг барьцаанд тавьсан тухай мэдээд Э.А М ББСБ ХХК-ийн захиралтай уулзахад захирал нь Би Ж.О-тэй найзууд. Ж.О манайд машин барьцаанд тавьсан байгаа. Бидний зүгээс хэдэн төгрөгөөр өмчийг үнэлэх нь бидний эрх гэсэн. Тус ББСБ-аас 2018 оны 6 дугаар сард байрыг барьцаанд тавьж Ж.О-д зээл олгосноос хойш нэг ч удаа Э.А-т мэдэгдээгүй, уулзаагүй, Ж.О-тэй ямар ч хамааралгүйг мэдсээр байж гэнэт шүүхэд хариуцагчаар татаж байгаад гомдолтой байгаа. Ж.О нь байрыг чөлөөлж өгнө гэсэн боловч одоо болтол холбоо байхгүй байна. Дээрх зээлээс Э.А нь нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Э.А-т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Э.А-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 47б байрны 16 тоотод байрлах 37.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь, Э.А, Ж.О нар нь хамтын амьдралтай байх үедээ шинэ оффисын түрээсийн баталгаанд өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ж.О-д олгосон. Ж.О 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг итгэмжлэлээр М ББСБ ХХК-иас 38,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед миний бие дээрх нөхцөл байдлын талаар огт мэдээгүй байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сард мэдсэн. Мэдсэн даруйдаа М ББСБ ХХК дээр очиж захирал н.Сэржмядаг гэдэг хүнтэй уулзаж Ж.О-д зээл олгохдоо барьцаанд тавьсан байрыг нэг ч удаа үзэж хараагүй. Барьцаанд тавьсан байрыг яагаад 38,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн яагаад хүү, алданги, зээлийн төлбөрөө төлөхгүй байхад нь нэхэмжлээгүй юм бэ? гэж асуухад Ж.О-тэй ажил хэргийн найзууд, манайд машин барьцаанд тавьсан байгаа. Бидний зүгээс хэдэн төгрөгөөр үнэлж авах нь бидний эрх гэж хариулт өгсөн.

М ББСБ ХХК нь Ж.О-д холбогдуулж гаргасан 91,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцахад Ж.О нь миний гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бус барьцааны гэрээ хийсэн байна. Иймд Ж.О намайг мэдээгүй байхад миний өмчлөлийн орон сууцыг М ББСБ ХХК-д барьцаанд тавьсан тул 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 47в байрын 16 тоотод байрлах 37.36 м.кв орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

5. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.А хүсэл зоригоо илэрхийлээд бүх эрхийг нь олгоод Ж.О-д итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлд гарын үсэг зурах, барьцаанд тавих гэх мэт бүх эрхийг Ж.О-д олгосон. Дээрх итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ хийгдсэн. Хариуцагч Э.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Гэвч Э.А-аас Ж.О-д олгосон итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээ хийгдсэн. Хэлцэл биш. Хэлцэл нь иргэн хооронд хийгдсэн гэрээний үр дагавар үүссэний дараа хэлцэл гэнэ. Зээл болон барьцааны гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Итгэмжлэл нь хуулийн дагуу хийгдсэн учир барьцаалбал дээр Э.А гэж бичсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 523,054+249,950+70,200 төгрөг төлсөн баримт, М ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Э.Э-т олгосон итгэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №18/41 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, барьцаалбар, Э.А-аас Ж.О-д олгосон итгэмжлэл, зээлийн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоот хаягт байршилтай, 37.3 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ж.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Н.Э-ын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагч Ж.О-с шүүхэд М.Б-т олгосон итгэмжлэл, Н.М-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагч Э.А-аас шүүхэд Ж.О-ийн гараар бичсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх тухай бичвэр, барьцаалбар, Хаан банкны 5099114542 тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2609040420 тоот дансны хуулга, Төрийн банкны 105300009820 тоот дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж 347,950 төгрөг төлсөн баримт, Н.Л-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Ж.О, Э.А нар нь М ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 91,417,000 төгрөгийн үлдэгдэлтэй учраас уг зээлийн үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч Ж.О-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 56,604,800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,462,800 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч Э.А-ын зүгээс тус зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

5. Хариуцагч Э.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.О-тэй хамтын амьдралтай байх үедээ шинэ оффисын түрээсийн баталгаанд өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Ж.О нь уг итгэмжлэлийг ашиглан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан байна. М ББСБ ХХК-иас уг үл хөдлөх эд хөрөнгийг ирж үзээгүй, 27,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 38,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

6. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Э.А-аас Ж.О-д олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан. Э.А нь уг итгэмжлэлээр бүх эрхийг Ж.О-д олгосон. Барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1. М ББСБ ХХК болон Ж.О, Н.А нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18/41 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М ББСБ ХХК нь 38,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн, жилийн 38.4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу Ж.О, Э нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ./1хх,7-10/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тус гэрээ нь мөн хуулийн 451.2-т заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

7.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Зээлдэгч Ж.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна.

 

7.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ., 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасан.

 

М ББСБ ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 18/41 дугаартай зээлийн гэрээнд Ж.О, Н.А нар гарын үсэг зурсан тул Ж.О, Н.А нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Хариуцагч Э.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах эрхийг Ж.О-д олгосон, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй байх тул хариуцагч Э.А-ыг зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.О-с нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасантай нийцсэн байна.

 

7.4. Хариуцагч Ж.О нь үндсэн зээлийн төлбөрт 38,000,000 төгрөг, зээлийн хүүд 15,504,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,100,800 төгрөг, нийт 56,604,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Зээлийн гэрээний 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Тухайн зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон бөгөөд талууд дээрх хязгаарын дотор нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцож, тогтоосноор нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүснэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.3.3-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Хавсралт №1-т дурдсан графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцээгүй, талуудыг нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч Ж.О-с зээлийн гэрээний үндсэн төлбөрт 38,000,000 төгрөг, зээлийн хүүд 29,184,000 төгрөг, нийт 67,184,000 төгрөгийг гаргуулан М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,236,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. М ББСБ ХХК болон Ж.О нар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18/41 тоот Барьцааны гэрээ байгуулж, Ж.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Э.А-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоот хаягт байрлах 37.3 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1хх, 12-14, 21/

 

Хариуцагч Э.А-аас Ж.О-д 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоот хаягт байрлах 37.3 метр квадрат орон сууцны зориулалтттай нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, уг эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түүнтэй холбоотой зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, бусад баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах, нотариатаар батлуулах, төлбөр тооцоо, лавлагаа авах, гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх хийх зэрэг үйлдэл хийх эрхийг 1 жилийн хугацаатай олгосон, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. /1хх, 15/

 

Э.А-аас олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч Ж.О нь уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан М ББСБ ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд дээрх барьцааны гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоотод байрлах 37.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай Э.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. М ББСБ ХХК, Ж.О нарын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 18/41 тоот Барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч Ж.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоот хаягт байрлах 37.3 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

10. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,204 төгрөг, хариуцагч Э.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-с 493,870 төгрөг, хариуцагч Э.А-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Оэс 67,184,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,236,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Э.А-аас зээлийн төлбөр гаргуулах шаардагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоотод байрлах 37.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай Э.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, хд-47в байр, 16 тоот хаягт байрлах 37.3 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ