Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01128

 

 

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00665 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК

Хариуцагч: Ж.О , Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: 91,417,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцааны зүйл *** дүүрэг, 18 дугаар хороо, **В дугаар байр, ** тоот хаягт байрлах, 37,3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Э.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М .Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхрийцэцэг, хариуцагч Э.А ын өмгөөлөгч П.Учралгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М ББСБ ХХК нь Ж.О , Н.Э нартай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18/41 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 38,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн буюу жилийн 38,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн 18/41 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон *** дүүрэг, 18 дугаар хороо, **В дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 37,3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлсэн.

1.2 Ж.О , Э.А нар нь зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд Ж.О , Э.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 38,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүүгийн төлбөрт 29,184,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,233,000 төгрөг, нийт 91,417,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч Ж.О нь М ББСБ ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 38,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, *** дүүрэг, 18 дугаар хороо, **В дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 37,3 м.кв талбайтай орон сууцыг Э.А ын олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй.

2.2 Нэхэмжлэлээс үндсэн зээл 38,000,000 төгрөг, 12 сарын хүү 15,504,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,100,800 төгрөг, нийт 56,604,800 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг төлөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Ж.О , Э.А нар нь 2015 онд танилцсан бөгөөд найз нөхөд, хамтын амьдралын харилцаатай. Гэвч албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, тэдний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Э.А нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан тухайн орон сууцыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байхдаа Капитал банктай гуравласан зээлийн гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сард зээлээ бүрэн төлж барагдуулан өөрийн нэр дээр шилжүүлсэн. Уг орон сууцны үндсэн өртөг нь 27,000,000 төгрөг. Э.А нь 2019 оны 10 дугаар сард түц машинаас лавлагаа авахдаа өөрийн орон сууцыг барьцаанд байгаа талаар мэдээд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ хайгаад олоогүй. Ж.О эс асуухад мэдэхгүй гэсэн.

3.2 Э.А нь хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард Ж.О тэй уулзсан. Ж.О , Н.Э нар нь үгсэн хуйвалдаж миний байрыг барьцаанд тавьсан тухай мэдээд Э.А М ББСБ ХХК-ийн захиралтай уулзахад захирал нь ...би Ж.О тэй найзууд. Ж.О манайд машин барьцаанд тавьсан. Бидний зүгээс хэдэн төгрөгөөр өмчийг үнэлэх нь бидний эрх гэсэн. Тус М ББСБ ХХК-аас 2018 оны 06 дугаар сард байрыг барьцаанд тавьж Ж.О д зээл олгосноос хойш нэг ч удаа Э.А т мэдэгдээгүй, уулзаагүй, Ж.О тэй ямар ч хамааралгүйг мэдсээр байж гэнэт шүүхэд хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна.

Ж.О нь байрыг чөлөөлж өгнө гэсэн боловч одоо болтол холбоо байхгүй байна. Дээрх зээлээс Э.А нь нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Э.А т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Э.А ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Э.А , Ж.О нар нь хамтын амьдралтай байх үедээ шинэ оффисын түрээсийн баталгаанд өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ж.О д олгосон. Ж.О нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг итгэмжлэлээр М ББСБ ХХК-аас 38,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед миний бие дээрх нөхцөл байдлын талаар огт мэдээгүй байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сард мэдсэн. Мэдсэн даруйдаа М ББСБ ХХК дээр очиж захирал н.Сэржмядаг гэдэг хүнтэй уулзаж ...Ж.О д зээл олгохдоо барьцаанд тавьсан байрыг нэг ч удаа үзэж хараагүй. Барьцаанд тавьсан байрыг яагаад 38,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн яагаад хүү, алданги, зээлийн төлбөрөө төлөхгүй байхад нь нэхэмжлээгүй юм бэ гэж асуухад ...Ж.О тэй ажил хэргийн найзууд, манайд машин барьцаанд тавьсан байгаа. Бидний зүгээс хэдэн төгрөгөөр үнэлж авах нь бидний эрх гэж хариулсан.

4.2 Ж.О нь миний гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бус барьцааны гэрээ хийсэн байна.

Иймд Ж.О намайг мэдээгүй байхад миний өмчлөлийн орон сууцыг М ББСБ ХХК-д барьцаанд тавьсан тул 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, *** дүүрэг, 18 дугаар хороо, **В дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 37,36 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Хариуцагч Э.А хүсэл зоригоо илэрхийлээд Ж.О д итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлд гарын үсэг зурах, барьцаанд тавих гэх мэт бүх эрхийг Ж.О д олгосон. Дээрх итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ хийгдсэн.

Хариуцагч Э.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Гэвч Э.А аас Ж.О д олгосон итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээ хийгдсэн, хэлцэл биш. Хэлцэл нь иргэн хооронд хийгдсэн гэрээний үр дагавар үүссэний дараа хэлцэл гэнэ. Зээл болон барьцааны гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Итгэмжлэл нь хуулийн дагуу хийгдсэн учир барьцаалбал дээр Э.А гэж бичсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.О эс 67,184,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,236,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Э.А аас зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18/41 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, **в байр, ** тоотод байрлах 37.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай Э.А ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.А ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 18 дугаар хороо, **в байр, ** тоот хаягт байрлах 37.3 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч Э.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 М ББСБ ХХК болон Ж.О нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Учир нь, Э.А нь анх Ж.О д итгэмжлэл олгохдоо өөрийн амьдарч байгаа орон сууцыг М ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавих бус, харин шинэ оффисын түрээсийн баталгаанд өөрийн нэр дээр дээрх орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийж өгсөн. Гэтэл Ж.О , Н.Э нар нь үгсэн тохиролцож, хуйвалдаж миний нэр дээрх орон сууцыг миний зөвшөөрөлгүй 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан.

7.2 Ж.О нь Э.А ын гарын үсгийг хуурамчаар зурж хууль бус барьцааны гэрээний байгуулсан.

7.3 Ж.О ийн М ББСБ ХХК-аас авсан зээл 38,000,000 төгрөгөөс Э.А нэг ч төгрөг аваагүй, зарцуулаагүй бөгөөд харин ч хуурч мэхлэгдэн байраа барьцаанд тавиулж орон гэргүй болох дээрээ тулаад байна.

7.4 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ж.О тэй уулзахад миний байрыг банк бус санхүүгийн байгууллагын буюу М ББСБ ХХК-ийн барьцаанд чөлөөлж суллаж өгнө гэж баталгаа бичиж гарын үсэг зурсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

8.1 Э.А аас Ж.О д олгосон итгэмжлэлээр 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18/41 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Э.А уг итгэмжлэлийг олгохдоо үр дагаврыг мэдэж байсан. Ж.О нь М ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулахдаа компанидаа менежерээр ажиллаж байсан Н.Э ыг хамтран зээлдэгчээр оролцуулсан. Зээлийн талаар Э.А мэдэж байсан.

8.2 Хариуцагч Э.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг Ж.О д олгосон тул хуулийн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Э.А аас Ж.О д олгосон итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд уг итгэмжлэлийг хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэх маргаангүй. Э.А аас Ж.О д итгэмжлэл олгохдоо бүрэн эрхийг олгосон тул уг итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК хариуцагч Ж.О , Э.А нарт холбогдуулан үндсэн зээл 38,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 29,184,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,233,000 төгрөг, нийт 91,417,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч Ж.О нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 15,504,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,100,800 төгрөг, нийт 56,604,800 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

3. М ББСБ ХХК болон Ж.О нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18/41 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч М ББСБ ХХК нь 38,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.О д нэг сарын 3,2 хувийн хүүтэй, нэг жилийн 38,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 7-10/

3.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Ж.О д шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Ж.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

3.2 Хариуцагч Ж.О эс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 38,000,000 төгрөг, зээлийн хүүд 29,184,000 төгрөг, нийт 67,184,000 төгрөгийг гаргуулан М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,236,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч Ж.О давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчим үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээв.

3.3 Хариуцагч Э.А нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 18 дугаар хороо, **В дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 37.3 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, уг эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түүнтэй холбоотой зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар бусад баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай хариуцагч Ж.О д олгосон байна. /хх 15/

Улмаар, дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч болон хариуцагч Ж.О нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18/41 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.А ын өмчлөлийн дээрх орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, улсын бүртгэлд бүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 12-14, 21/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн байх тул анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.А нь орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг хариуцагч Ж.О д итгэмжлэлээр олгосон байх тул уг итгэмжлэлийг үндэслэн хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд хариуцагч Э.А ын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, барьцааны гэрээнд хариуцагч Ж.О нь хариуцагч Э.А ын гарын үсгийг зурсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, барьцааны гэрээ нь нэхэмжлэгч болон хариуцагч Ж.О нарын хооронд байгуулагдсан байна. Иймд хариуцагч Э.А ын ...Ж.О нь Э.А ын гарын үсгийг хуурамчаар зурж хууль бус барьцааны гэрээ байгуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан зохицуулалтыг тусгаагүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан, 4 дэх заалтыг нэмж, уг заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Э.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

4 дэх заалтыг 5 гэж дугаарлан,

4 дэх заалтыг нэмж, уг заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,204 төгрөг, хариуцагч Э.А аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О эс 493,870 төгрөг, хариуцагч Э.А аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Э.А ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН