Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/00008

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 21

181/ШШ2023/00008

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ц газар,

 

Хариуцагч: М даатгал 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н, Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц газрын нь хариуцагч М даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Ц газрын нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №9001920054130 /ЦЕГ-2019/25/ дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г М даатгал ХК-тай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний хавсралтад заасны дагуу 2020 онд цагдаагийн байгууллагад шинээр орлогод авагдаж, Автобаазын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 10 ширхэг Хьюндай элентра маркийн автомашиныг даатгалд хамруулахаар холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 6/292 дугаартай албан бичгээр М даатгал ХК-д хүргүүлсэн.

Гэтэл дээрх 10 автомашины нэг болох Хьюндай элентра маркийн 74-61 УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 5 дугаар сарын 23-нд зам тээврийн осолд, Хьюндай элентра маркийн 74-31 УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота харриер маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осолд тус тус холбогдсон бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс М даатгал ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ- ний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг авах материалуудыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, М даатгал ХК-д гарган өгч нэхэмжилсэн боловч тус компани нь гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй, нөхөн төлбөрийг одоог хүртэл олгохгүй, цаг хугацаа алдагдуулсаар байна.

Улмаар М даатгал ХК нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1418, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1463 дугаартай албан бичгээр дээрх нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тухай хариуг өгсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг ийнхүү гэрээнд бичгээр оруулснаар хүчин төгөлдөр болно гэсэн. Манайх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Даатгалын гэрээний хавсралт 1-д авто тээврийн даатгалын багц гэдэг багцын хураамжгүй даатгуулах гэсэн зүйл заалтаа хэрэглэх шаардлага тавьж байгаа. Шинээр 10 машин даатгуулах гэж М даатгал ХК-д асуудал тавьж байгаа хэрэг биш. Тийм учраас даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан шиг бид нар ямар нэг гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал яриагүй. Даатгалын гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэх тухай ярьж байна. Цагдаагийн байгууллагаас гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.8-д зааснаар даатгалын зүйлд өөрчлөлт орсон бол 1 сарын дотор буюу 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Энэ үүргийн дагуу манай байгууллага шинээр ирсэн 10 машинаа багц үйлчилгээнд хамруулж өгөөч гэж хуульд заасан гэрээний дагуу хугацаандаа хүсэлтээ өгсөн.

Цагдаагийн байгууллага төрийн байгууллага учраас даатгалын компанитай гэрээ байгуулахдаа тендер зарлаж шалгаруулдаг. Тэр жилийн тендерт М даатгал ХК шалгарсан нь өмчлөлийн машин шинээр нэмэгдсэн тохиолдолд үнэгүй даатгана гэсэн нөхцөл нь бас тендерт ялахад нь нөлөөлсөн байх. Бид нар даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.8-д заасны дагуу даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэмэлт өөрчлөлт оруулсан тээврийн хэрэгслийн хүсэлтийг илгээсэн. М даатгал ХК хүлээж аваад бүртгэх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй.

1.2. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн тухайд хариуцагч тал Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж тайлбар гарсан. Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн хэрэг маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хангах ёстой гэдэг үүднээс нэхэмжлэлээ татаж аваад Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 9/1518 гэсэн дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх журмыг хангаад шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргаад шүүх хүсэлтийг хангаагүй болохоор захирамжид гомдол гаргасан. Ингээд асуудлаа шийдүүлээд одоо шүүх хуралдаан болж байна. Ямар ч байсан энэ даатгалын гэрээтэй холбоотой маргааныг шийдэх гэж байна.

Иймд Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу Монгол даатгал" ХК-иас Хьюндай элентра маркийн 74-61 УАВ улсын дугаартай автомашины даатгалын нөхөн төлбөр болох /техникийн байнгын комиссын актад заасан/ 17,786,000 төгрөг, 74-31 УАВ улсын дугаартай автомашины хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд тусгагдсан 37,209,190 төгрөг буюу нийт 54,995,190 төгрөгийг М даатгал ХК-иас нэхэмжилж байна. Даатгалын гэрээний хавсралтад заасны дагуу нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Ц газрын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 17,786,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 37,203,190 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 54,995,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авсан. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас татан авсан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дахин М даатгал ХК-д холбогдуулан гаргаснаар шүүхээс хэрэг үүсгэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар зөрчил болсон. Энэ зөрчлийг арилгуулахаар хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоол гарсан. Дээд шүүхийн 9 дүгээр тогтоол гарч уг тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адил утгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байна гэж заасан.  Иймд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээ татан авснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дүн, мөн тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй болох үр дагавар үүссэн.

Улсын Дээд Шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэлж тайлбарласан тохиолдолд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5б, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2.3-т тус тус заасан байдаг.

Иймд нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын өөрийн сонголтоор М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзсан хууль зүйн үр дагавар үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар үүсэх үр дагаврыг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараар нэг мөр тодорхой болгосон тул М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2. Шүүхээс хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж удаа, дараа хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаатай холбогдуулан тайлбар хэлье.

М даатгал ХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц газрынтай Авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний хавсралтын 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн даатгалын багц гэж сонгосон даатгалын хамааралтай холбогдох эрсдлүүдэд Цагдаагийн ерөнхий газрын холбогдох тээврийн хэрэгслүүдийг даатгаж, шинээр нэмэгдсэн авто машинуудыг ямар нэг хураамжгүйгээр даатгуулах нэмэлт үйлчилгээг Ц газрынт олгосон.

Даатгалын гэрээний хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын hyundai Elеntra маркийн 7461 УАВ улсын дугаартай авто машин 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, hyundai Elеntra маркийн 7431 УАВ авто машин 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн осол гарсны улмаас хохирол учирсан, даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр дээрх хоёр авто машинд учирсан хохирлын нийт 54,995,194 төгрөгийг М даатгал ХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Дээрх автомашинууд даатгалын гэрээ байгуулагдах үед Цагдаагийн ерөнхий газрын өмчлөлд байгаагүй. Тухайн үед талууд энэ тухай маргаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд энэ 2 машин хамаарахгүй. Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдсэн эдгээр машинууд нь ямар нэг хураамжгүйгээр даатгуулсны дараа даатгуулсан гэж үзэх үндэслэл байгаа эсэх талаар маргаан байгаа. Цагдаагийн ерөнхий газраас шинээр бүртгэж авсан 10 ширхэг hyundai Elеntra маркийн авто машинуудыг даатгалд хамруулахаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, хавсралтын хамт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгийг М даатгал ХК-д ирүүлсэн. Даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд бичгээр оруулсан нөхцөлд уг өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тодорхой заасан. Нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулаагүй. Уг авто машинуудыг даатгалын зүйл гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан тул дээрх авто машинууд даатгалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулаагүй нь бодит үйл баримтаар тодорхойлогдоно. Нэхэмжлэгч даатгалын зүйлийг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т талуудын хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан ч Ц газрын нь албан бичиг явуулсан үйл баримт нь гэрээ хийсэнд хамаарахгүй. Ц газрын болон М даатгал ХК нь дээрх авто машинтай холбоотой гэрээг бичгээр байгуулаагүй. Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ эрхлэх гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхгүй. Бид нөхөн төлбөр төлөх үүрэггүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Б.О, Л.Д, Б.А, Х.Н, Э.Б нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаар Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай тушаал, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1518 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/04640 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/19 дугаар Б.О, М.Д, Б.А нарт олгосон итгэмжлэл, Ц газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/59 дугаар Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6в/35 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, М даатгал ХК болон Ц газрын хооронд байгуулсан №90С1920054130 тоот гэрээ, гэрээний хавсралт №1, Ц газрын Авто баазын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 6в/292 дугаар албан бичиг, Даатгалд хамрагдах автомашины жагсаалт, Ц газрын Санхүү, аж ахуйн албаны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6/656 дугаар албан бичиг, Ц газрын Авто баазын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6в/422 дугаар албан тоот, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Техникийн байнгын комиссын акт, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Техникийн байнгын комиссын акт, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ос-110/114 дугаар Зам тээврийн ослыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Т.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 479/000940 дугаар Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл, автомашины гэрчилгээ, шийтгэлийн хуудас, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудас, М даатгал ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1418 дугаар Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1463 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/162 дугаар Хөрөнгө орлогод авах, балансаас балансад шилжүүлэх тухай тушаал, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материалын дансанд балансаас балансад шилжүүлэн, орлогод авах хөрөнгийн жагсаалт, зарлагын баримт, орлогын баримт, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022000074 дугаар Зөрчлийн хэрэг зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Н, Ө.О, Г.Д нарт олгосон итгэмжлэл, М даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/04295 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоол зэргийг ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Цагдаагийн ерөнхий газраас Хьюндэй элентра маркийн 74-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сэргээн завсарласантай холбоотой техникийн байнгын комиссын актад дурдагдсан сэлбэг хэрэгслийг худалдан авсан тухай төлбөрийн баримт, засварын зардалд төлсөн баримтыг нотлох баримтаар гаргуулсан.

Шүүхийн журмаар М даатгал ХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 90С1920054130 тоот Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хавсралт буюу даатгагдсан зүйлийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ц газрын нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №9001920054130 /ЦЕГ-2019/25/ дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцөлд шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулахаар тусгасан. Манай байгууллагын зүгээс даатгалын зүйлд өөрчлөлт орсон талаар даатгагч байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн. Иймд 74-31УАВ, 74-61УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирол 54,995,190 төгрөгийг шаардах эрхтэй гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ц газрын М даатгал ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авсныг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлээсээ татгалзсантай адил ойлгохоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн, Даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд хохирол учраагүй, гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний даатгалын зүйлд хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Нэхэмжлэгч Ц газрын нь М даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/04640 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/02102 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайханы зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/04602 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШТ2022/00194 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч Ц газрын, хариуцагч М даатгал ХК нар нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №90C1920054130-ЦЕГ-2019/251 дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ. /1хх,21-34/

 

Уг гэрээгээр даатгуулагч энэхүү гэрээний хавсралтад дурдсан даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүрэг хүлээжээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч даатгалын хураамж төлсөн үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5.2. Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний Автотээврийн хэрэгслийн даатгалын багц /гэрээний хавсралт №1/-д зааснаар даатгалын гэрээгээр хамгаалах эрсдэлд зам тээврийн хөдөлгөөний үеийн бүх төрлийн осол хамаарахаар, мөн шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулахаар заасан байна.

 

Талууд даатгалын гэрээ байгуулснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад 10 ширхэг Хьюндай Элентра маркийн автомашин шинээр орлогод авагдсан, гэрээ байгуулах үед 74-31 УАВ, 74-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Цагдаагийн ерөнхий газрын өмчлөлд бүртгэгдээгүй байсан талаар талууд маргаагүй.

 

Цагдаагийн ерөнхий газраас тус газрын Автобаазад шинээр орлогод авагдсан 10 ширхэг Хьюндай Элентра маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6/656 тоот албан бичгийг М даатгал ХК-д хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг хүлээн авсан талаар хариуцагч тал маргаагүй./1хх,35-38/

 

Иймд нэхэмжлэгчийг Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний тусгай нөхцөлийн 12.6 дугаар зүйлд заасан даатгуулагчийн хүлээх тусгай үүргийн 8-д заасан Даатгалын зүйлд өөрчлөлт орсон тухай даатгагчид 1 сар буюу 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

5.3. Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хьюндай Элентра маркийн 74-61УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын хойд зам дээр Ниссан Экстрал маркийн 27-80УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөн, 17,786,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Техникийн байнгын комиссын акт, Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаар, Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь дээрх автомашиныг засварлахаар 16,101,000 төгрөгийн сэлбэг, хэрэгслийг зээлээр авсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5г/1764 тоот албан бичиг, зарлагын баримт, Элетра 74-61 УАВ автомашинд захиалсан сэлбэг хэрэгслийг зээлээр олгосон жагсаалт гэх баримтаар тогтоогдож байна. /1хх,40-41, 59, 201-204, 247-249/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хьюндай Элентра маркийн 74-31УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 54-98ДУА улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн 37,209,190 төгрөгийн хохирол учирсан болох нь Зөрчлийн хэргийн материал, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар /1хх,83-144/ тогтоогдож байна.

 

5.4. Цагдаагийн ерөнхий газраас 74-31 УАВ, 74-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 54,995,190 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг хариуцагч М даатгал ХК-д гаргахад М даатгал ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1418 , 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1463 дугаар албан бичгүүдээр ...даатгуулагч талын ирүүлсэн албан тоот, баримтыг үзэхэд 7431УАВ, 7461УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 90С1920054130-ЦЕГ-2014/25 дугаар даатгалын гэрээний хавсралтад заасан даатгалын зүйлийн жагсаалтад байхгүй байна...Иймд гэрээгээр тохирсон даатгалын зүйл биш, уг авто тээврийг хэрэгслүүдийг даатгуулж, даатгалын хураамж төлөөгүй байх тул даатгалын нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж буйг үүгээр уламжилж байна гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороонд хандахад Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1518 дугаар албан бичгээр ...талуудын хооронд байгуулсан 2019 оны №90С1380054130 /ЦЕГ-2019/25/ тоот даатгалын гэрээний Хавсралт 1-ийн Нэмэлт үйлчилгээ болон хамгаалалтууд хэсэгт зааснаар Шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулах зохицуулалтыг тусгасан байх бөгөөд мөн даатгуулагчийн зүгээс 2020 онд шинээр авч, Автобаазын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 10 ширхэг Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг даатгалд хамруулахаар гэрээний 12.6.8-д Даатгалын зүйлд өөрчлөлт орсон тухай даатгагчид 1 сар буюу 30 хоногийн дотор мэдэгдэх тусгай үүргээ биелүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/656 тоот албан бичгийг танай компанид хүргүүлсэн байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн даатгалын гэрээд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн төлөөрх мэдээллийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид бичгээр хариу мэдэгдэх-ийг М даатгал ХК-д мэдэгдсэн байна.

 

6. Хариуцагч М даатгал ХК-ийн зүгээс 74-61 УАВ улсын дугаартай, Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгсэл, 74-31 УАВ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгсэл нь даатгалын зүйл биш, гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд бичгээр оруулсан нөхцөлд уг өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тодорхой заасан бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй учраас уг авто машинуудыг даатгалын зүйл гэж үзэх боломжгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд даатгуулагч Ц газрын нь Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 12.6-д заасны дагуу Даатгалын зүйлд өөрчлөлт орсон тухай даатгагчид 1 сар буюу 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын Автобаазын өмчлөлд бүртгэгдсэн 74-31 УАВ, 74-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд зам тээврийн ослын улмаас 54,995,190 төгрөгийн хохирол учирчээ.

 

Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсныг тухай бүр даатгагчид мэдэгдэж, холбогдох баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөрийг шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин М даатгал ХК нь даатгуулагч Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгах үүргээ биелүүлээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцагчид мэдэгдэх, харилцагчаа эрсдлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотолж чадаагүй тул уг автомашинуудыг хураамжгүй даатгах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч байгууллагын хувьд төрийн байгууллага учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж, М даатгал ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №90C1920054130-ЦЕГ-2019/251 дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан, дээрх хугацаанд өөр даатгалын байгууллагатай гэрээ байгуулах боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагч шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгах үүргээ биелүүлээгүйгээс даатгуулагчид хохирол учруулсан гэж үзэх тул М даатгал ХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар бодит хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар 7431 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17,786,000 төгрөгийн, 74-31 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 37,209,190 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс учирсан хохирлын хэмжээнд маргаагүй, даатгалын гэрээнд даатгуулагчийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг даатгуулагч хариуцах хувь байхгүй гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М даатгал ХК-иас 54,995,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц газрынт олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ц газрын нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч М даатгал ХК-иас 432,926 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч М даатгал ХК-иас 54,995,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц газрынт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ц газрын нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч М даатгал ХК-иас 432,926 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ