Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00502

 

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00008 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлтэй хариуцагч О ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Цагдаагийн ерөнхий газар нь О ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 9001920054130 /ЦЕГ-2019/25/ дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хавсралтад заасны дагуу 2020 онд цагдаагийн байгууллагад шинээр орлогод авагдаж, Авто баазын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 10 ширхэг Hyundai Elantra маркийн автомашиныг даатгалд хамруулахаар холбогдох мэдээллийг А-ын Санхүү, аж ахуйн албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/292 дугаартай албан бичгээр О ХК-д хүргүүлсэн.Гэтэл дээрх 10 автомашины нэг болох Hyundai Elantra маркийн 74-61 УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осолд, Hyundai Elantra маркийн 74-31 УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyota harrier маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осолд тус тус холбогдсон бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс О ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг авах материалуудыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, О ХК-д гарган өгч нэхэмжилсэн боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, нөхөн төлбөрийг олгоогүй.

Даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг ийнхүү гэрээнд бичгээр оруулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Манай байгууллага гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Даатгалын гэрээний хавсралт 1-д авто тээврийн даатгалын багц гэдэг багцын хураамжгүй даатгуулах гэж заасныг хэрэгжүүлэх шаардлага тавьж байгаа. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.8-д заасны дагуу даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэмэлт өөрчлөлт оруулсан тээврийн хэрэгслийн хүсэлтийг илгээсэн. О ХК хүлээж аваад бүртгэх ёстой үүргээ биелүүлээгүй.

Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн тухайд хариуцагч Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж тайлбар гарсан. Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн хэрэг маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хангах ёстой гэдэг үүднээс нэхэмжлэлээ татаж аваад Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 9/1518 гэсэн дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх журмыг хангаад шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд О" ХК-аас Hyundai Elantra маркийн 74-61 УАВ улсын дугаартай автомашины даатгалын нөхөн төлбөр 17,786,000 төгрөг, 74-31 УАВ улсын дугаартай автомашины хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд тусгагдсан 37,209,190 төгрөг, нийт 54,995,190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Цагдаагийн ерөнхий газар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр О ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 17,786,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 37,203,190 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 54,995,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авсан. 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл А-аас татан авсан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоол гарсан. Дээд шүүхийн 9 дүгээр тогтоол гарч уг тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адил утгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байна гэж заасан. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээ татан авснаар шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй болсон. Иймд О ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХК-аас 54,995,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газарт олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч О ХК-аас 432,926 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Цагдаагийн ерөнхий газар нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 74-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд буюу даатгалын нөхөн төлбөрт 17,786,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, уг шаардлагаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 74-31 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд буюу даатгалын нөхөн төлбөрт 37,203,190 төгрөг гаргуулах шаардлагаар нэмэгдүүлж, нийт О ХК-аас 2 тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 54,995,190 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авснаар 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар нь шүүхээс татан авсан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дахин О ХК-д холбогдуулан гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг зөрчсөн. Энэ зөрчлийг арилгуулахаар хариуцагч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс тухай бүрт нь хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх ... итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайханы зүгээс ... хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/Ш32022/04602 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШТ2022/00194 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоол гарч, уг тогтоолд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адил утгаар, нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэнэ гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэж, хариуцагчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, уг захирамжид гаргасан гомдлыг нь хангахгүй орхисон шүүхийн тогтоолыг хууль буруу хэрэглэсэн.

А-ыг шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь татан авах үед буюу 2021 оны 04 дүгээр сард Улсын Дээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлаагүй байсан нь үнэн боловч хуулийн уг заалт нь өөрөө 2002 оноос, түүний үр дагаврыг зохицуулсан 106.5 дахь заалт 2007 оноос /нэмэлт, өөрчлөлт орсон/ хойш тус тус ямар нэгэн өөрчлөлтгүйгээр, энэ хэвээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, зохицуулалтын агуулга, зорилго огт өөрчлөгдөөгүй буюу хуулийн шинэ заалтыг Улсын Дээд шүүхээс 2022 онд тайлбарласан явдал биш тул хуулийн албан ёсны тайлбар А-ыг нэхэмжлэлээ татан авч, дахин гаргаснаас хойно гарсан нь шүүх хуулийн 1 заалтыг 2 өөрөөр хэрэглэх үндэслэл болохгүй юм. Тиймээс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн дагуу нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход л мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон хууль зүйн үр дагавар үүссэн юм.

Цагдаагийн ерөнхий газар нь О ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үр дагаврыг үүссэн. Гэвч анхан шатны шүүх маргаанд хамаатай хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Анхан шатны шүүх ... О ХК нь даатгуулагч А-ын Авто баазад шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгах үүргээ биелүүлээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцагчид мэдэгдэх, харилцагчаа эрсдэлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотолж чадаагүй тул уг автомашинуудыг хураамжгүй даатгах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ, нэхэмжлэгч байгууллагын хувьд төрийн байгууллага учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж, О" ХК-тай ... гэрээ байгуулсан, дээрх хугацаанд өөр даатгалын байгууллагатай гэрээ байгуулах боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагч шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгах үүргээ биелүүлээгүйгээс даатгуулагчид хохирол учруулсан гэж үзэх тул О ХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар бодит хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэж, ЦЕГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

О ХК нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газартай 90С1920054130-ЦЕГ-2019/251 тоот Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ эрхлэх гэрээ-г 12 сарын хугацаагаар байгуулж, даатгалын гэрээний хавсралт №1-т заасан Авто тээврийн хэрэгслийн даатгалын багц хүснэгтээс сонгосон даатгалын хамгаалалтын төрөлд харгалзах эрсдэлүүдээс А-ын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг даатгаж, шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулах нэмэлт үйлчилгээг буюу боломжийг Цагдаагийн ерөнхий газарт олгосон. А-аас өөрсдийн хөрөнгөд шинээр бүртгэж авсан 2020 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Elantra маркийн 10 ширхэг автомашиныг даатгалд хамруулахаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 6в/292 тоот албан бичгийг /10 автомашины жагсаалт бүхий түүний хавсралтын хамт/, мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/656 тоот албан бичгийг О ХК-д ирүүлсэн нь үнэн боловч талууд даатгалын гэрээний 11.2-т Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт, өөрчлөлтийг энэхүү гэрээнд бичгээр оруулсан нөхцөлд уг өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ" гэж тодорхой заасны дагуу нэмэлт, өөрчлөлтийг бичгээр байгуулаагүй. Иймд 10 автомашинуудыг даатгалын гэрээний зүйл гэж үзэх боломжгүй.

Даатгалын гэрээгээр шинээр нэмэгдсэн автомашиныг ямар нэгэн хураамжгүйгээр даатгуулах нэмэлт үйлчилгээг Цагдаагийн ерөнхий газартай тохирсон нь үнэн, гэхдээ Цагдаагийн ерөнхий газарт олгосон энэхүү боломж нь гэрээг хуулийн хүрээнд байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх гэрээний заалтуудыг мөрдөх зэрэг үүргээс даатгуулагчийг чөлөөлөх, эсрэгээрээ даатгагчийг Иргэний хуулийн 219.1, 228, 229-р зүйлүүдээр буруутган, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байхад шүүх үүнийг анхаараагүйгээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй", даатгалын гэрээний 11.2 талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно..." гэсэн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1518 тоот албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгох эрх хуулиар олгогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Цагдаагийн ерөнхий газар нь нэхэмжлэлээ татан авсантай холбоотойгоор хариуцагч маргадаг. Улсын Дээд шүүхийн тайлбар нь хуулийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож хэрэглэх, хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэж байгааг арилгах зорилготой. Улсын Дээд шүүх энэ хуулийг тайлбарлах гэж байгаа талаар хариуцагч болон нэхэмжлэгч тал аль аль нь мэдэх боломжгүй байсан. Тухайн үед урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гарга гэсэн тул татаж аваад процессын зөрчлийг арилгаж дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаагүй. Зөвхөн хуулийн заалтыг хэрэгжүүлж шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгах хүсэлт гаргасан. Энэ даатгалын гэрээ үйлчилж байсан хугацаанд цагдаагийн байгууллага төсвийн мөнгөөр албаны үйл ажиллагаанд зориулж хэдэн тээврийн хэрэгсэл авч өгөх боломжтой байгааг тодорхойлох боломжгүй. Шинээр нэмэгдсэн 10 автомашины 2 автомашинд даатгалын тохиолдол үүссэн. Урьдчилан шийдвэрлүүлэхээр журмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар хариуцагч О ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 54,995,190 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч осолд орсон 2 автомашин нь даатгалын гэрээнд хамаарахгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

 

1.1. Цагдаагийн ерөнхий газар болон О ХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 90С1920054130-ЦЕГ-2019/251 дугаартай Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч О ХК нь авто тээврийн хэрэгслийн даатгалын багц буюу гэрээний хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдэд эрсдэл учирсан тохиолдолд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч Цагдаагийн ерөнхий газар даатгалын хураамжид 22,013,755,726 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. (1хх-21-34) Даатгуулагч Цагдаагийн ерөнхий газар нь даатгалын хураамжид 22,013,755,726 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

 

1.2. Талууд гэрээний хавсралт 1-д шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулахаар тохиролцсон ба даатгуулагч Цагдаагийн ерөнхий газар нь О ХК-д 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/656 дугаар албан бичгээр 90С1920054130-ЦЕГ-2019/251 дугаар Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу шинээр бүртгэгдсэн 10 автомашиныг даатгалд хамруулах талаар мэдэгдсэн байна. (1хх-ийн 37) Осолд орсон Hyundai Elantra маркийн 74-61 УАВ дугаартай болон Hyundai Elantra маркийн 74-31 УАВ улсын дугаартай автомашинууд даатгалд шинээр бүртгүүлэх дээрх 10 ширхэг тээврийн хэрэгсэлд багтсан тул уг 2 автомашиныг даатгалын гэрээний зүйл гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч О ХК-ийн даатгалын гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул осолд орсон хоёр автомашиныг даатгалын зүйлд хамаарахгүй учраас нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болгоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1.3. А-ын Авто баазын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Hyundai Elantra маркийн 74-61 УАВ улсын дугаартай автомашин 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А-ын хойд замд Nissan X-trail маркийн 27-80 УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөж 17,786,000 төгрөгийн хохирол учирсан, мөн Hyundai Elantra маркийн 74-31 УАВ маркийн автомашин 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 54-98 ДУА улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн 37,209,190 төгрөгийн хохирол учирсан болох нь Итгэлт-Эстимэйт ХХК, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тус тус тогтоогдсон ба энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна. (1хх-ийн 59,70)

 

Иймд хариуцагч О ХК дээрх 2 автомашинд учирсан хохирол 54,995,190 төгрөгийг нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газарт төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нь хариуцагч О ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 17,786,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргасан боловч уг нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/04640 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (1хх-ийн 9-10)

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээ, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан гэж тайлбарласан.

 

2.1. Хариуцагч О ХК нь нэхэмжлэл нэхэмжлэлээ татан авсныг нэхэмжлэлээсээ татгалзсантай адил ойлгохоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолд заасан тул нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргасан.

Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолын тэмдэглэх хэсэгт уг тайлбар гаргах болсон хэрэгцээ, шаардлагын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж зохицуулсан бөгөөд уг заалтын татан авч болно гэснийг шат шатны шүүхийн практикт хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсгэн хэрэглэж байгаа талаар дурдсан байна. Улмаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн зохицуулалтад албан ёсны тайлбар гаргасан.

 

Ийм учраас хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол гарахаас өмнөх харилцаанд нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж, шүүгч захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг уг тогтоолын үйлчлэлд хамааруулж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэхгүй. Нөгөө талаар шүүгчийн дээрх захирамжид нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг заасан тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.2. Талууд гэрээний хавсралт 1-д шинээр нэмэгдсэн автомашиныг хураамжгүйгээр даатгуулахаар нэгэнт тохиролцсон тул энэ талаар дахин гэрээнд нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийж тохиролцох шаардлагагүй болно.

 

Харин нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газар нь даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх уг маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00008 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 432,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ