Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 23

181/ШШ2023/00024

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Б,

 

Нэхэмжлэгч: Т.М

 

Нэхэмжлэгч: М.Л

 

Нэхэмжлэгч: Г.Т

 

Хариуцагч:М ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээг цуцалж, 47,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Л,

Нэхэмжлэгч: Т.М, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Л, Г.Т нарын өмгөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Л хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцалж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр М ХХК-тай Бүгд Найрамдах Хятад Ард улсын 1+4 бакалаврын хөтөлбөртэй сургуульд зуучлуулах зуучлалын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэлийн хураамж болох 114,400 төгрөгийг өгсөн. Мөн сургалтын төлбөрийн 50% болох 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 50% болох 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Юунан хотын сургуулиас ямар ч урилга ирээгүй. Иймд зуучлалын гэрээг цуцалж, хариуцагчаас төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг болон алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч Т.М хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцалж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлалын гэрээгээр нэг тал нь Хятад улсад суралцах, бакалаврын мэргэжлээр 1+4 хөтөлбөрийн дагуу 4 жилийн сургалттай сургуульд зуучилж, холбож өгөх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх, нөгөө тал нь түүний хөлсөнд тодорхой хэмжээний төлбөр төлөх үүрэг хүлээсэн байдаг. 2020 оны 9 дүгээр сард сургуульд орно гэж өөрийн зүгээс хариуцагч талд 2,700,000 төгрөг, 300,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 3,400,000 төгрөг, 600,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгийг төлсөн. 2020 оны өвлийн улиралд коронавирусын улмаас хэлний бэлтгэлийг Хятад улсад сурах байсныг больж, энд сурахаар болсон. 2020 оны 11 дүгээр сараас 1 сарын 150,000 төгрөгийн төлбөртэй хэлний бэлтгэлд суусан байдаг. Гэвч зуучлагч байгууллага үүргээ биелүүлээгүй. Гэрээг цуцлах тухай хүсэлт тавихад хүлээн аваагүй, төлбөрийг буцаан өгөхгүй байсан гэсэн тайлбар хэлдэг. Иймд гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцалж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие хариуцагч компанитай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юунан хот руу зуучилж, 1+4 хөтөлбөрөөр явуулна гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Ковидын нөхцөл байдлаас болоод тухайн хот руу явуулж чадаагүй юм чинь ядаж онлайнаар суръя гэж зөндөө хөөцөлдсөн. Гэтэл ямар ч хичээл оруулаагүй. Үүнтэй холбоотойгоор цаг хугацаа алдаж байгаа учир гэрээг цуцалъя гэсэн зорилготой шүүхэд хандсан. Хариуцагч компанид 8,000,000 төгрөг өгсөн ба алдангийг 3,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 11,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч Г.Т хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцалж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч компанитай Юунан хотын сургуульд сурах зуучлалын гэрээг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу тухайн сургуульд сургах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Мөн хичээлийг оруулж өгөөгүй учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг болон алдангийг нэмээд нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

5. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс тус шүүхэд М.Л, Г.Т, Э.Б, Т.М нар М ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээг цуцлах, гэрээний үүрэгт төлсөн мөнгө, алдангийг тооцон 47,000,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. М ХХК-иас нэхэмжлэгч нартай маргаан бүхий зуучлалын гэрээг байгуулсан талаар маргахгүй. Нэхэмжлэгч нараас гэрээнд заасан хугацаанд сургуульд оруулж өгөөгүй, зуучлалын гэрээгээр тус бүр 8,000,000 төгрөг төлсөн ба төлбөрийг буцаан гаргуулахыг шаардаж байна. М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож, зуучлалын гэрээ байгуулсан. Уг зуучлалын гэрээгээр М ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Юунан их сургуульд зуучилж өгөх гол үүргийг хүлээсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож, зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 4 хүүхдийн материалыг хамтран ажилладаг Өвөр Монголын Шүдэ боловсролын байгууллагад өгсөн байдаг. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс хилээ хаасан. Тиймээс тус сургуульд танхимаар хичээллэх боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож цахимаар орох, өөр сургуульд оруулж өгөхөөр тохиролцсон байдаг. Үүний дагуу хариуцагчийн зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуилин их суруульд суралцах урилгыг гаргаж өгсөн байдаг ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нараас гэрээнд заасан хугацаанд сургуульд оруулж өгөөгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцно гэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуилин их сургуульд суралцах урилгыг гаргаж өгснөөр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу учирсан хохирлыг шаардах эрхтэй. Иймд зуучлалын гэрээг цуцалж байгаа бол хохирол шаардах боломжтой байсан. Гэтэл учирсан хохирол биш, алданги шаардсан байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх шиг байна. Э.Б-с бусад оюутнууд 8,000,000 төгрөг төлсөн. Э.Б 2,000,000 төгрөг дутуу төлсөн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Э.Б 41 дүгээр хуудаст 1,000,000 төгрөг, 9 дүгээр хуудаст 1,315,000 төгрөг, 8 дугаар хуудсанд 4,000,000 төгрөг өгсөн байдаг. Нийт 6,000,000 төгрөг шилжүүлсэн.

Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт М ХХК нь тусгай зөвшөөрөлгүй гэсэн байгаа. Гэхдээ бид нар хуулийн хүрээнд асуудал шийдэх ёстой. 2020 оноос өнөөдрийг хүртэл Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдана гэж заасан боловч хууль 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 29, 2020 оны 5 дугаар сарын 01, 2020 оны 5 дугаар сарын 19, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан. Өөрөөр хэлбэл хуулийн уг зүйл заалтыг хүчин төгөлдөр болохоос өмнө зуучлалын гэрээг байгуулсан. Иймд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч нар шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 397,950 төгрөг төлсөн баримт, Э.Б-с Н.Э-д олгосон итгэмжлэл, Э.Б-ийн Хаан банк дахь 5075755017 тоот дансны хуулга, Ж.Б-ын Хаан банк дахь 50649638** тоот дансны хуулга, Э.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК, Э.Б нарын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №78 тоот Зуучлалын гэрээ, З.Түмэнцэцэгийн Хаан банк дахь 5076378308 тоот дансны хуулга, М.Л, Т.М, Б.Туяа, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалаас М ХХК-ийн захирал Б.Н-д 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн зуучлалын гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Т.М-аас Н.Э-д олгосон итгэмжлэл, Т.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК, Т.М нарын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан №67 тоот Зуучлалын гэрээ, М.Л-с Н.Э-д олгосон итгэмжлэл, Бэлэн мөнгөний орлогын баримт, М ХХК, М.Л нарын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №79 тоот Зуучлалын гэрээ, М.Лхагвын иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК, Г.Т нарын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №80 тоот Зуучлалын гэрээ, Г.Тгийн иргэний үнэмлэхний хуулбар, Г.Тгаас Н.Э-д олгосон итгэмжлэл, Л.Г-рын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 26020532** тоот дансны хуулга, Бэлэн мөнгөний орлогын баримт, Д.О-ийн Хаан банк дахь 50090406** тоот дансны хуулга, Э.Б-с Н.Э-д олгосон итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар М ХХК-иас Б.М-д олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гуилин технологийн их сургуулийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Элсэлтийн урилга, Өвөр Монголын Шүдэ боловсролын байгууллагын 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл, М ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г.Ц-аас гэрчийн мэдүүлэг авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас М ХХК гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөлтэй эсэх лавлагааг гаргуулсан. Хариуцагч М ХХК-иас Гуилин их сургуулиас ирсэн элсэлтийн урилгыг эх хувиар гаргуулахаар шүүгчийн захирамжаар шаардсан боловч хариуцагчаас захирамжид заасан баримтыг ирүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Нэхэмжлэгч нар хариуцагч М ХХК-тай Бүгд Найрамдах Хятад Ард улсад 1+4 хөтөлбөртэй суралцуулахаар зуучлалын гэрээ байгуулсан. Хариуцагч М ХХК зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зуучлалын гэрээг цуцалж, дээрх гэрээний дагуу төлсөн төлбөр, гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэв. Үүнд: Хариуцагч байгууллага зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн нэхэмжлэгч нар зуучлалын гэрээг цуцалж байгаа учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хохирол шаардах эрхтэй. Гэвч алданги шаардсан учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт М ХХК-ийг гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөлгүй гэсэн боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн, нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээнээс хойш хугацаанд хүчин төгөлдөр болсон заалтыг үндэслэн М ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. М ХХК, М.Л нар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №79 тоот Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь БНХАУ-ын Юннан хотын Юннан их сургуульд суралцахад нь зуучилж холбож өгөх, зуучлуулагч М.Л нь хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 28-30/

Нэхэмжлэгч М.Л нь дээрх гэрээний үүрэгт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 314,400 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,314,400 төгрөгийг М ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт, Д.О-ийн Хаан банк дахь 5009040**0 тоот дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 27, 91/

 

4.2. М ХХК, Т.М нар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №67 тоот Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь БНХАУ-ын Beijing Polytechnic сургуульд суралцахад нь зуучлах, зуучлуулагч Т.М нь хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 22-24/

Нэхэмжлэгч Т.М нь дээрх гэрээний үүрэгт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 3,400,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөг, 300,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,300,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгийг М ХХК-д төлсөн болох нь З.Т-ийн Хаан банк дахь 50763783** тоот дансны хуулга, Бэлэн мөнгөний орлогын баримт, Д.О-ийн Хаан банк дахь 50090406** тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 14, 65, 88-90, 132/

 

4.3. М ХХК, Э.Б нар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр №78 тоот Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь БНХАУ-ын Yunnan их сургуульд суралцахад нь зуучилж холбож өгөх, зуучлуулагч Э.Б нь хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 12-13/

 

Нэхэмжлэгч Э.Б нь дээрх гэрээний үүрэгт 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,315,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 6,315,000 төгрөгийг М ХХК-д төлсөн болох нь Э.Б-ийн Хаан банк дахь 50757550** тоот дансны хуулга, Ж.Б-ын 5064963**7 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх 8-10/

 

4.4. М ХХК, Г.Т нар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №80 тоот Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь БНХАУ-ын Юннан хотод суралцахад нь зуучилж холбож өгөх, зуучлуулагч Г.Т нь хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 12-13/

 

Нэхэмжлэгч Г.Т нь дээрх гэрээний үүрэгт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3,314,720 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,314,720 төгрөгийг М ХХК-д төлсөн болох нь Л.Г-ын Худалдаа хөгжлийн банк дахь 26020532** тоот дансны хуулга, Л.Г-ын Хаан банк дахь 50761944** тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 38-40/

 

4.5. Өвөр Монголын Шүдэ боловсролын байгууллагын 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл-д Өвөр Монголын Шүдэ боловсролын байгууллага нь 2017 оноос эхлэн Монгол Улсын Мон нар Идүкэйшн ХХК-тай хамтарч ажиллаж байна. Монгол оюутныг Хятад улсын их дээд сургууль, коллежид тэтгэлэгтэй суралцах болон Хятад оюутнуудыг Монгол Улсын их сургуульд сургах зэргээр хамтран ажилладаг. Э овогтой Б, Г овогтой Т, М овогтой Л, Товогтой М Эдгээр 4 оюутныг 2020 оны намар буюу 9 сард хичээл эхлэх бүртгэлээр Хятад улс Юннан их сургуульд 1+4 хөтөлбөрөөр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар материалыг нь хүлээн авсан бөгөөд хүүхдүүдийн хувийн имэйл хаягт сургуульд тэнцсэн болон тэтгэлгийн мэдээллүүд сургуулиас шууд очиж байсан. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэний дараахан цар тахлын /Ковид 19/ улмаас хичээлд танхимаар орох боломжгүй болсон. Цар тахлын үеийн давагдашгүй гэнэтийн өөрчлөлтүүд их гарсантай холбогдуулан гадаад оюутан хилээр нэвтрэх боломжгүй болсон. Ялангуяа Монгол Улсын цар тахлын нөхцөл байдал хүнд байсан тул Монгол сурагчдыг танхимаар авч хичээлийг эхлүүлэх боломжгүй болсон, мөн цахим сургалтууд ч явах боломжгүй болсон. Мон нар Идүкэйшн ХХК нь дээр дурдсан 4 сурагчдын материал, элсэлтийн төлбөрийг авч тухайн их сургуульд оруулахаар болсон нь үнэн бөгөөд хил нээгдэж, оюутнуудаа авах үед тухайн сургуулийн хичээл эхлэхээр хүлээгдэж байсан нь үнэн болно гэжээ. /хх 75, 95/

 

4.6. М ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6 дахь заалтад заасан гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ-нд тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/5204 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх 122/

 

5. Талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заажээ.

 

Хариуцагч М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн үйл ажиллагааны эрхлэх чиглэлийг гадаад хэлний чиглэлээр түр сургалт явуулах гэж заасан байна. Мөн Боловсрол Шинжлэх ухааны яамны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/5204 тоот албан бичгээр М ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д заасан гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь тогтоогдсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан гэсэн тайлбар гаргасан боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд уг заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмсэн, түүнчлэн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7-д гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байсан тул нэхэмжлэгч нартай гэрээ байгуулснаас хойш хуулийн уг заалт хэрэгжиж эхэлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд М ХХК-ийн М.Л, Г.Т, Э.Б, Т.М нартай байгуулсан Зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүргийг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч М ХХК-д нэхэмжлэгч М.Л 8,314,400 төгрөг, Т.М 8,300,000 төгрөг, Г.Т 8,314,720 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Э.Б-ийн зүгээс хариуцагч М ХХК-д 8,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар 6,315,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч М ХХК-иас 8,314,400 төгрөгийг гаргуулан М.Лд, 8,300,000 төгрөгийг гаргуулан Т.Мд, 8,314,720 төгрөгийг гаргуулан Г.Тд, 6,315,000 төгрөгийг гаргуулан Э.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,755,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 314,171 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан М ХХК-иас 8,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд, 8,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд, 6,315,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд, 8,314,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,755,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 314,171 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ